Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын 6045 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн байна. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 51.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
2010-2019 онд нийт 54,607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20,200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлжээ.
Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 онд дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарсан.
Хүн амын хавдар өвчний тархалтын түвшинг насны бүлгээр, сүүлийн 10 жилийн дунджаар харвал бүх насанд тохиолдож байгаа хэдий ч 20-44 насанд нийт тохиолдлын 24.3 хувь, 45-аас дээш насанд 71.3 хувийг эзэлж байна.
Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 15.7 байсан бол сүүлийн 2015-2019 оны дунджаар 18.8 болж, 3.1-ээр өссөн бол 2041-2045 оны дунджаар 29.2 болж, 10.5-аар өсөхөөр байгаа аж.
Хорт хавдрын шинэ өвчлөлийн оношлогдсон үе шатыг сүүлийн 10 жилийн дунджаар харвал 10 хүний 2 нь эрт үедээ, 8 нь хожуу үедээ оношлуулж байна.
2010-2019 оны байдлаар хорт хавдар оношлогдсон хүн амын 77 хувь нь өвчнийхөө III, IV үе шатанд оношлогдож, хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан нийт хүн амын 73 хувь нь анх оношлогдсоноосоо хойш 1 жил хүртэлх хугацаанд амьдарчээ.
2019 онд хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 27.5 хувь нь эрт үедээ оношлогдож, сүүлийн 10 жилийн дунджаас 4.7 пунктээр, өмнөх оноос 3.6 пунктээр тус тус нэмэгдсэнийг Хавдрын өвчлөл, нас баралтын сүүлийн арван жилийн баримтын судалгаанд бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )