Хүнд хүүхдэд эмчилгээ хийхгүй байх үндэслэл байхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас тархины цус харвалт гэсэн оноштой ирсэн 10 настай хүүхдэд PCR шинжилгээ хийлгээгүй гэсэн үндэслэлээр эрүүл мэндийн үйлчилгээ цаг алдан үзүүлсний улмаас хүүхэд нас барсан гэх мэдээлэл өчигдөр (2020.12.09) сошиал орчинд гарсан.

ЭМЯ-ны зүгээс энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Иргэд ямар ч үед эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй” гэв.

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг уг асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 10 настай хүүхэд ЭХЭМҮТ-д 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд ирсэн. Товчоон дээр эрүүл мэндийн байдал хүнд хүүхэд ирсэн байгаа тухай дуудлагын дагуу манай эмч мэргэжилтэн очсон. Эндээс очиж байх үед хүүхдийг 22-ын товчоогоор оруулж ирсэн байсан. Хүүхэд 20-ны 20:00 цагт ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Олон улсын дүрмийн дагуу халдварт өвчин гарсан үед эмнэлгийн байранд тусгаарлах өрөө байдаг. Тэр дагуу Яаралтай тусламжийн тасаг дахь тусгаарлах өрөөнд хүүхдийг оруулж, эмч, сувилагчийг тусад нь гаргаж ажиллуулсан. Эмч, сувилагчдыг ээлжээр, бүтэн багаар ажиллуулсан. ЭХО, компьютер томограф хийсэн. 

Хүүхдээс PCR шинжилгээ авсан. Хариу нь 21-ний 17:15 цагт гарсан. Улмаар хүүхдийг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Мөн олон улсын дүрмийн дагуу Сэхээний тасаг дахь тусгаарлах өрөөнд хүүхдийг оруулсан. Хүүхдийн ээжийн шинжилгээний тухайд манайд хийгдээгүй, тусдаа хийгдсэн. Хүүхэд цус харвасан, маш хүнд  байсан. Баасан гарагийн орой ирснээс эхлээд хагас, бүтэн сайн өдөр эмч, сувилагчид бүтэн ээлжээр тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байсан. Хүүхдийг хүлээж авангуутаа эмчилгээ хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Ялангуяа хүнд хүүхэд тээвэрлэгдээд ирэхэд эмчилгээ хийхгүй байх үндэслэл байхгүй. Хүүхдийн ээж арваннэгдүгээр сарын 22-ны 10:00 цагт шинжилгээний хариу гарснаа мэдэгдээд 12:00 цагт эмнэлэг дээр ирсэн. Арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд сэхээний тасгийн сахиур яаж байдаг вэ, яг л тэр шугамаар байсан. Хүүхдэд хийсэн эмчилгээ, онош стандартын дагуу байсан гэдэг нь задлан шинжилгээгээр тогтоогдсон" гэв.

Сануулахад, уг мэдээлэлтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа өчигдөр "Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай" дараах тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм. 

Арван настай охины эцэг, эхийн өгсөн мэдээллээс: Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруун хараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовуурь намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовуурь хэлээгүй, тоглож өнжсөн.

Арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Түргэн дуудаж Зүүнхараагийн эмнэлэгт хэвтсэн.

Арваннэгдүгээр сарын 20-ны 17.35 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож "Хүнд хүүхэд 22-ын товчоонд ирээд байна" гэсэн мэдээллийг өгсөн. Гуравдугаар эмнэлэгт ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17 цаг 54 минутанд, ерөнхий захирал 18.34 минутад Яаралтай тусламжийн төвд /ЯТТ/-д ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээг авсан. PСR  хийлгэхээр шинжилгээг ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21-ний 17.15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компьютер томографийн шинжилгээ хийсэн. Тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон.  Хүүхдийг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж  тусгаарлах палатанд авсан.

Арваннэгдүгээр сарын 21-23-ныг хүртэл өдөр бүр ээлжийн эмч нар хариуцан 24 цагаар тусламж үзүүлсэн. 23-ны  өдөр давтан PСR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул арваннэгдүгээр  сарын 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр  сарын 23-ны 16.00 цагаас амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн, 25-ны өдөр 13.45 цагт эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд: Лабораторийн  бүх шинжилгээ, ЭХО, Компьютер томограф, нүдний уг багажаар шинжлэх, ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Эцэг эхтэй холбогдож мэдээлэл өгч байсан тухай: Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь  утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургуульд очиж өгнө гэсэн байна. Гэвч арваннэгдүгээр  сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн  байна. 22-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш  өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

Зүүнхараагийн эмнэлэгт үзүүлсэн тусламжийн талаар: 2020 оны арваннэгдүгээр  сарын 20-ны өглөө 07 цаг 30 минут, 10 цаг 38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж  огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт  нугасны ус авсан гэсэн тайлбарыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа өгсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.40.105) 2020 оны 12 сарын 10

Хүүхдүүдээ орны ар руу уначих вий гэж болгоомжилж хөндийг нь \nтагламаар юм. Зөөж болохгүй гээд байхад зөөвөрлөөд л. Ар гэрийнхэн сэжигтэй санагдаад болдоггүй ээ.

0  |  0
Top