С.Одонгэрэл: Хөгжим сонсож, бясалгал хийж, стрессийг тайлж болно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

“Стресс менежмент” сэдвээр СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн эрхлэгч С.Одонгэрэл зөвлөгөө, мэдээлэл өглөө.


 

-Стресс гэж юу вэ. Хүмүүс ихэвчлэн юунаас болж стресст өртдөг вэ?

-Гаднаас янз бүрийн таагүй цочролын улмаас хүн болон амьтны үзүүлж байгаа хариу урвалыг стресс гэдэг. Стрессийн хариу урвал болж биеийн бүх булчингууд чангарч хүчдэлийн байдалд ордог бөгөөд хүн бүр стресст өртдөгч боловч тэр бүр стресст өртөж байгаагаа мэддэггүй. Стресс нь хоёр янз байдаг. Нэг нь баярлах, хөөрч баясах үед илэрдэг эерэг стресс буюу эустресс. Нөгөө нь уурлах, гомдох, бухимдах, гуниглах, хилэгнэх үед үүсдэг сөрөг стресс буюу дистресс юм. Хүн бүр стресст өртдөг. Тухайлбал, дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд шинэ орчин нөхцөлд дасан зохицож чадахгүй хичээлдээ сурах гэх мэт зүйлүүдээс болж стресст ордог. Мөн өндөр настай хүмүүс маань тэтгэвэрт гарснаар ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, эдийн засгийн хувьд хүндрэлтэй болох, хамт олон найз нөхөдгүй болох зэргээс болж стресст өртөх тохиолдол бий.

-Стрессийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Стрессийн үед олон шинж тэмдгүүд илэрдэг. Үүнийг бие махбодийн өөрчлөлтүүд, төрх үйлийн өөрчлөлтүүд, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд, танин мэдэхүйн өөрчлөлтүүд, нийгмийн  өөрчлөлтүүд гэж таван бүлэгт хувааж авч үздэг. Тодруулбал, бие махбодийн өөрчлөлтүүдийн үед булчин чангарах, артерийн даралт ихсэх, хүүхэн хараа өргөсөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдийн үед уурлах, хилэгнэх, гомдох, харамсах шинж тэмдэг илэрдэг бол танин мэдэхүйн өөрчлөлтүүдийн үед танин мэдэхүйн үйл ажиллагааны хориг саадтай болох, шийдвэр гаргах чадваргүй болох шинж илэрдэг. Харин төрх үйлийн өөрчлөлтүүдийн үед амиа хорлох бодол төрөх, амиа хорлох төрх үйлийг гаргах, согтууруулах болон бусад мансууруулах бодист татагдах зэрэг шинж тэмдэг зонхилон илэрнэ.

-Стрессийг хэрхэн тайлах вэ?

-Стресс нь тухайн  хүнийг таагүй байдалд оруулж байдаг учраас үүссэн сөрөг мэдрэмжийг заавал гадагшлуулж байх ёстой. Тэдгээрийг гадагшлуулахгүй удвал сэтгэл зүйн шалтгаантай өвчин эмгэг үүсэх суурийг бий болгож байдаг. Стресс тайлах аргуудыг түр зуурын арга, урт хугацааны арга гэж хоёр ангилна. Түр зуурын аргуудад өөрийн дуртай зүйлээ хийж өөр зүйлд анхаарал хандуулах, хөгжим сонсох, ном унших, бясалгал иог, тайвшруулах амьсгалын дасгал хийх, тэмдэглэл хөтлөх, ажлаа төлөвлөж бичих, ойр дотнын хүнтэйгээ ярилцах зэрэг багтана. Урт хугацааны аргуудад хувьчилсан буюу ганцаарчилсан сэтгэл засал, бүлгийн сэтгэл засал, гэр бүлийн сэтгэл засал гээд аргууд хамаардаг. Тиймээс хүмүүс стресст өртөж ууртай бухимдалтай байгаа үедээ болон хөл хорионы үед стрессээ тайлах аргуудыг зөв эзэмшиж, стрессээ тайлж байх нь чухал. Жишээлбэл, цаашид хийх ажлуудаа төлөвлөж төлөвлөгөөний дагуу бага багаар ажлаа цэгцлэх хэрэгтэй. Мөн хүүхдүүдүүдийн хувьд эцэг эхтэйгээ нээлттэйгээр ярилцах,  гэрийн даалгавраа эцэг эхийн хамт хийх, гэр бүлээрээ хамтдаа дасгал хөдөлгөөн болон бүжиг бүжиглэх гээд гэр бүлийн хүрээнд халуун дотно амьд харилцааг үүсгэж стресс тайлах аргуудыг хэрэгжүүлээрэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top