Танин мэдэхүй: Үхээд сэхсэн хүмүүсийн тухай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Америкийн эрдэмтэн Р.Муди "Үхлийн дараах амьдрал" гэдэг сонирхолтой ном бичжээ. Энэ эрдэмтэн клиник үхлийн дараа сэхэж амьдарсан олон хүнтэй уулзаж маш сонин яриа сонссоноо номондоо бичсэн байна. Клиник үхэл нь жинхэнэ үхлийн өмнөх хугацаа аж. Яг энэ үед тэр хүн эргэн тойрондоо болж байсан бүгдийг харж, сонсож байдаг ажээ. Үхэж буй үед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бүдэг гэрэл харагддаг бөгөөд түүнд ойртох бүр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нүд гялбахгүйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна. Клиник үхлийг туулаад амьд үлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. "Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гүйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бүрхүүлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгүй хэвтэх юм. Нэг сувилагч "Бурхан минь энэ хүн өнгөрчихлөө" гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гүйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж, гар хөлөнд массаж хийж байхыг хараад "Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ гэж би бодож байлаа" гэсэн байх юм. Мөн клиникээр үхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхыг ярьжээ. "Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг л санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагүй, маш тайван сайхан байлаа. Түгших, айх ямар ч зүйлгүй нам гүм байв” гэжээ. Түр зуурын үхэл гэгч ийм байх нь ээ. Аймаар гайхмаар юм. Даанч клиник үхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Туулсан амьдралтайгаа ахин нүүр учирч байгаа нь маш чухал зүйл юм. Түүний дотоод харцны өмнүүр нисэн өнгөрөх амьдралаас юу ч түүнийг салгаж чадахгүй, юу ч түүний тайван бодол санааг үймүүлж чадахгүй. Харин түүний хойноос төрөл төрөгсөд маш нам гүм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь түүнд буцан эргэж очих хүслийг үүсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн үг бололтой/ хийх аялалд саад үүсгэдэг аж. Үхэж буй хүн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хүн мэт хардаг байна. Монголчууд үхэгсдийг нулимсаар, уйлаанаар үдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ. Магадгүй сүнс нь хоргодож ч болох. "Алтан хайрцаг" нээлгэнэ гэдэг үүнтэй холбоотой ер нь ч чухал үйл ажээ. Үхлийн ертөнц хоёр үе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник үхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих биз. Гэвч ямар ч үхлийг хэн хүсэх билээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top