Томуу, томуу төст өвчний тохиолдол 1.8 хувийг эзэлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 14-ний байдлаар, амбулаторийн 53.611 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 973 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 39.8 хувийг 0-1 нас, 19.5 хувийг 2-4 нас, 8.0 хувийг 5-9 нас, 5.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 557 дуудлага ирснээс 33.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Мөн энэ сарын 15-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 47 буюу 17.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 12 буюу 15.8 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, мөн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top