Коронавирус эмэгтэйчүүдийг эрт цэвэршилт, эрчүүдийг үргүйдэлд хүргэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Их Британид коронавирусний халдвар авч, эдгэрсэн эмэгтэйчүүдэд эрт цэвэрших шинж тэмдэг илэрч буй тухай “Daily Mail” хэвлэлд бичжээ.

Ийм шинж тэмдэг удаан хугацаанд өвчилж, эдгэрсэн эмэгтэйчүүдэд гол төлөв илэрсэн байна. Ингэхдээ эмэгтэйчүүдийн эстроген, прогестерон зэрэг нөхөн үржихүйн дааврын хэмжээ нь цэвэршилтийн үеийн хэмжээнд хүртэл буурсан байжээ.

Түүнчлэн КОВИД-19 халдвар авсан эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг алдагдах шинж тэмдэг дэлхийн хэмжээнд түгээмэл ажиглагдаж байна. Ингэхдээ урт хугацаанд үргэлжилж буй зовуурь сарын тэмдгийн үед хурцдах нь ажиглагдаж байжээ.
Их Британийн эмч Луиза Ньюсоны мэдэгдсэнээр, толгой эргэх, сульдах, ухаан балартах зэрэг удаан хугацаанд КОВИД-19 өвчилж буй хүмүүст түгээмэл ажиглагддаг шинж тэмдэг мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илэрдэг тул эдгээр нь холбоотойг илтгэж байна. Гэхдээ вирус өндгөн эсийг гэмтээснээс үүдэлтэй эсэхийг тогтоох шаардлагатай гэж мэргэжилтэн онцолжээ.

Израилийн эрдэмтэд халдвар авсан эрчүүдийн 13 хувьд эр бэлгийн эсэд коронавирус илрүүлсэн бөгөөд хөнгөн хэлбэрээр өвчилсөн эрчүүдийн хүртэл эр бэлгийн эсүүдийн идэвх 50 хувиар буурсан болохыг мөн тогтоосон байна. Коронавирусний халдварын хүндрэлийн улмаас эндсэн эрчүүдийн цогцост задлан шинжилгээ хийхэд 12 цогцост нөхөн үржихүйн эрхтэн болон эр бэлгийн эс болон тестостерон дааврыг ялгаруулдаг эрхтнүүдийн эсэд ноцтой өөрчлөлт гарсныг илрүүлжээ. Судалгааны багийг тэргүүлсэн эрдэмтэн Дэн Адерк коронавирус эсийг гэмтээснээр үргүйдэл үүсгэдэг гэж үзэж байна. Энгийн үед эр бэлгийн эс боловсроход 70-75 хоног шаардагддаг бөгөөд өвчтөн эдгэрснээс хойш хоёр гаруй сарын дараа шинжилгээ хийхэд эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар илүү багассан байна.

Top