Даваа гарагийн 23:30 цагийн үеэс нэн ширүүн орсон бороо мягмар гарагт ч үргэлжлэн орсон бөгөөд НОБГ-аас лавлавал Сонгинохайрхан дүүрэгт байдал нэлээд хүнд байна гэсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд ахмад А.Дугардоржтой утсаар холбогдвол “Тийм ээ. Бороо үргэлжлэн орсоор
байгаа тул бид бүх бүрэлдэхүүнээ дайчлан ажиллаж байна. Одоогоор /17:45 цагийн үед/ манай 26 дугаар анги “Таван шар”-ын чиглэлд, 29 дугаар анги Баянхошууны чиглэлд, харин 11 дугаар анги дүүргийн 22 дугаар хорооны чиглэлд тус тус явган болон машинтэй эргүүлд гараад байна. Үер усны далан зэрэг газарт буусан айлууд нэлээд зутарч байна. Одоогоор хүний амь нас алдсан зэрэг томоохон хохирол гараагүй байна” хэмээн хариулав.
Алтайн нуруунаас урсах Ховдын Булган, Буянт, Ховд голын усны түвшин 25-45 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10-30 см, Дунд цэнхэр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин 10-52 см нэмэгдэж, үерийн түвшин 15-25 см даван үерлэж байна.
Завхан аймгийн Шилүүстэй сумын “Тал булагийн ам” гэдэг газар Завхан голын арал дээр зусаж байгаа 3 айлын 11 хүн, 1000 гаруй тооны мал /тус сумын 1, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 2/ үерийн усанд боогдсон байсныг Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албан хаагчид 20-ны өдөр аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Булган аймагт Эгийн гол, Эрингийн гол, Тавтын голууд үерлэж, Тэшиг сумын Эгийн голын гүүрний урд талын далангийн үерийн ус өнгөрөөх зориулалтаар намсгаж бетондсон далан сэтэрсний улмаас Эгийн голоор гарах боломжгүй болсон, өндөр хүчдэлийн шугам дамжуулах шон унасны улмаас сумын хэмжээнд 19-нөөс цахилгаан эрчим хүч тасарчээ. Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас засварласнаар 20-нд цахилгаан эрчим хүчийг өгсөн байна.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрээр зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00-04 цагийн хооронд усархаг аадар бороо орсны улмаас тус сумын нэгдүгээр багийн нутаг, “Холбоо”, “Адуун чулуун”, “Хөвийн аман ус” гэдэг газруудаар уулын үер буусны улмаас 1, 2 дугаар багийн нийт 11 айлын 5 ханатай гэр, эд хогшил, нэг мотоциклийн хамт үерт урссан байна.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын голын төмөр бетонон гүүрний тулгуур баганад суулт үүсч, хотойж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын алба гаргажээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Асаатын ам, Бэрхийн амны гол дээгүүрх 2 модон гүүр зургадугаар сарын 18-ны өдрийн үерийн улмаас нурж эвдэрчээ. Мөн аймгийн Цагаан Үүр сумын нутаг, Халхан, Дарьхинтын, Аригийн, Уйлган, Үүрийн голууд үерлэж зам хаагдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )