Шинжээч: Жил бүр КОВИД-ийн эсрэг тариа хийлгэх боломжгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Эрүүл мэндийн ямар ч систем жил бүр коронавирусний эсрэг вакцинаар хангаж дийлэхгүй гэж Италийн Падуи их сургуулийн микро биологич, халдварт болон вируст өвчний мэргэжилтэн Адреа Кризанти үзэж байна.

Судлаачийн хэлснээр, томуугийн нөхөн үржихүйн индекс R0 1.4 байдаг бөгөөд жилд долоон мянган хүнийн аминд хүрдэг. Италид жилд 10 сая орчим хүн томуугийн эсрэг вакцин хийлгэдэг. Харин коронавирусний эсрэг вакциныг жил бүр хийх хэрэгтэй болбол 40 сая хүнийг хамруулах шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн ямар ч систем ийм ачааллыг даахгүй гэж Кризанти үзэж байна. Итали улсын хүн ам 70 сая ба сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70 хувийг вакцинжуулах шаардлагатай гэж шинжээч онцолжээ.

Их Британид илэрсэн коронавирусний шинэ омгийн талаар Адреа Кризанти энэ омгийн гол аюул нь хурдан тархах чадварт нь оршиж байна гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, ийм шинж чанар бусад мутацад ч бий болохыг үгүйсгэх аргагүй хэдий ч “британи мутац”-тай ижил мутац өөр газар бий болох магадлал бага аж. Селекцийн онцгой дарааллын үр дүнд бий болсон энэхүү мутац нь вирусний нөхөн үржихүйн чадварыг нэмэгдүүлснийг математикийн зарим загвар харуулж байна. Өөрөөр хэлбэл R0 индекс өндөр байна гэж шинжээч онцолсон байна.

Италид цар тахал дэгдсэнээс хойш хоёр сая орчим хүн халдвар авч, 70 мянга орчим хүн эндээд байна.

Top