Коронавирус Өмнөд туйлд бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Коронавирус Өмнөд туйлд хүрснээр, дэлхийн бүх тивд КОВИД-19 халдвар тархлаа.

ВВС агентлагийн мэдээлснээр, Антарктидын хойг дахь Чилийн армийн судалгааны “Bernardo O'Higgins” станц дээр халдварын 36 тохиолдол бүртгэгдсэн тухай Чилийн арми мэдэгджээ. Халдвар авсан 26 цэргийн алба хаагч, үйлчилгээний 10 ажилчныг Чили рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Судалгааны станцад хангамж, алба хаагчдыг хүргэж өгсөн хөлөг онгоцны багийн гишүүдээс халдварын гурван тохиолдол батлагдсан талаар Чилийн арми мэдээлснээс хойш хэдэн хоногийн дараа ийнхүү шинэ халдварын тохиолдлууд нэмж бүртгэгджээ.

“Sargento Aldea” хөлөг онгоц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд тус станц дээр хүрэлцэн ирж, энэ сарын 10-нд Чили руугаа буцсан байна. Талкахуано бааз дээр буцаж ирсний дараа хөлгийн багийн гурван гишүүнээс халдвар илэрчээ. Чилийн тэнгисийн цэргийн хүчний мэдэгдсэнээр, хөлөг онгоцны гишүүд Өмнөд туйл руу аялалд гарахаасаа өмнө бүгд шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан аж.

“Bernardo O'Higgins” судалгааны станц нь Өмнөд туйлд байрлаж буй Чилийн дөрвөн станцын нэг бөгөөд Чилийн армид харьяалагддаг байна.

Чили улсад цар тахал дэгдсэнээс хойш нийт 585 000 халдвар бүртгэгдээд байна.

 

Top