Дархлааны ойд коронавирус хэр удаан хадгалагдаж буйг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн дархлааны ойд халдварт өвчин үүсгэгчийн талаарх мэдээлэл халдвар авснаас хойш найман сарын дараа хадгалагдан үлддэг болохыг Австралийн Монаша их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Тиймээс энэ судалгаа SARS-CoV-2 вирусний эсрэг вакцин урт хугацаанд үйлчилнэ гэдгийн нотолгоо болох талтай гэж тус их сургуулиас мэдэгдсэн байна. Үүнээс өмнө явуулсан олон судалгаа коронавирусний эсрэг үүссэн эсрэг биет хэдхэн сарын дараа алга болж байгаа нь вакцины үйлчилгээний талаар болгоомжлол төрүүлж байсан. Австралийн Монаша их сургууль, Альфредын эмнэлэг болон Бернетийн хүрээлэнгийн вирус судлаачдын явуулсан судалгааны дүнг “Science Immunology” сэтгүүлд нийтэлсэн байна.

Дархлааны онцгой В-эсүүд вирусний талаарх мэдээллийг хадгалдаг бөгөөд өвчин үүсгэгч биед дахин нэвтрэхэд эдгээр эсүүд эсрэг биет гаргаж эхэлдэг байна. Судалгаанд КОВИД-19-тэй 25 өвчтөнийг хамруулсан ба халдвар авснаас хойш 4-242 хоногийн турш 36 цусны дээж авчээ. Бусад судалгаатай адил, халдвар авснаас хойш 20 дахь хоногт эсрэг биет үүсэж эхэлсэн байна. Гэхдээ бүх өвчтөнд вирусний хоёр уургийг таньж, илрүүлдэг дархлааны ойн В-эсүүд хадгалагдан үлдсэн байна. Эдгээр онцгой В-эс дархлааны ойд халдвар авснаас хойш найман сарын дараа хадгалагдан үлдсэн байна. Энэхүү шинэ судалгаа коронавирусний эсрэг гаргаж авсан вакцин удаан хугацаанд хамгаалалт болно гэсэн найдварыг төрүүлж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Top