УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.31) хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн гэв.
Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг 6 сараар сунгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр боллоо
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсэн аж ахуйн нэгжүүдийг эл хуулийн үйлчлэлд хамруулахгүй байх санал нь тусгагдсан эсэхийг лавласан. 2020 оны 11, 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тайланг үнэн зөвөөр мэдүүлсэн ч төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон эсэхээр аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах нь зохисгүй хэмээн үзсэн тул бүх байгууллага хамруулахаар зохицуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, төслийг танилцуулж байхад 10 аж ахуйн нэгжийг хамруулан 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн гэж байсныг дурдаад байгууллагуудаас энэ төрлийн хүсэлт ирүүлсэн эсэхийг тодрууллаа. Дээрх төрлийн зохицуулалт бүхий хууль өмнө нь 2020 оны 4 дүгээр сард батлагдахдаа 2 болон 3 дугаар сарын тайланд үндэслэн хэрэгжсэн. Ингэснээр 6.1 мянган байгууллага 13.9 тэрбум төгрөгийн алданги, торгуулиас чөлөөлөгдсөн. Мөн 4-10 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 10.01-ний өдрөөс тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар төлөгдөх бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүдээс бүрэн чөлөөлөгдөх юм байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хуулийн үйлчлэлийн хугацаанд холбогдох дүн шинжилгээ хийж, дээрх тооцооллыг гаргасан байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 2 дугаар зүйлийг хасах уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 нь дэмжив. Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Ингээд нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 53 нь 88.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх дэмжин, баталлаа.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцож, 72.5 хувь нь буюу 50 гишүүн дэмжсэнээр хууль батлагдав.
Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!
Сэтгэгдэл ( 0 )