Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах “OMC Hairworld” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож нүүр будалтын төрөлд анх удаа аваргын цомыг авчирсан нүүр будагч Б.Энхчимэгийг “Өглөөний зочин” буландаа урилаа. Тэрбээр дэлхийн тэмцээнд нүүр будалтын гурван төрөлд амжилттай оролцож, байр эзэлсэн бөгөөд "Diva beauty academy", “Ээгий косметикс” гоо сайхны брэндийг үүсгэн байгуулсан амжилттай яваа бүсгүй юм. Түүнтэй нүүр будалтын урлагийг сонирхсон түүхээс нь эхлүүлээд 2000 оролцогчийн 10 мянган бүтээл дундаас хэрхэн өрсөлдөж аварга болсон туршлага, 2021 оны трэнд нүүр будалт, охид бүсгүйчүүдэд хандсан нүүр будалтын зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Сайн байна уу. Дэлхийн гоо сайхны олимп “OMC Hairworld” шилдэг үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон танд баяр хүргэе. Юун түрүүнд та өөрийгаа манай уншигчидтай танилцуулж, тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сайн байна уу. Намайг Б.Энхчимэг гэдэг. Солонгос хэлний орчуулагч, нүүр будагч мэргэжилтэй. Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг “OMC Hair world” буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 74 дэх жилдээ өнгөрсөн онд Франц улсад зохион байгуулагдах байсан боловч коронавирусний улмаас хойшлогдож, анх удаа онлайнаар болоод удаагүй байна. Монгол Улс "OMC Mongolia" Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоогоор дамжуулан 15 дахь жилдээ үсчин, гоо сайханчдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд амжилттай оролцож, олон шагналын эзэд боллоо. Монгол Улсаас нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үс, хумс, нүүр будалт гэсэн төрлүүдэд хоёр сар гаруй хугацаанд бэлдэж 2000 гаруй хүний 10 мянга орчим бүтээлтэй өрсөлдсөн. Ингээд бид сая 2021 оны нэгдүгээр сарын 1-нд зарласан шалгаруулалтын дүнгээр хуримын нүүр будалтын төрлөөр Дэлхийн аваргын цом, Эрэгтэй үсний креатив төрлөөр нэг мөнгөн медаль, нэг хүрэл медаль, үсний эмэгтэй тайралтын төрлөөр нэг хүрэл медаль, хумсны фантазны төрлөөр хүрэл медаль, тусгай V байрыг эзэлсэн амжилттайгаар оролцлоо. Өмнө нь ч гэсэн мэргэжил нэгт найзууд, ах эгч нар яваад олон олон амжилт үзүүлсэн. Энэ жил бид залгамжлаад явлаа. Ингэхдээ Монгол Улс анх удаа нүүр будалтаараа аваргын цом, эмэгтэй үсний тайралтын төрөлд анхны хүрэл медалиа авсан. Мөн Дорноговь аймгаас улсаа төлөөлөн оролцсон. Хумс засалтын төрөлд ч анх удаа оролцоод хүрэл медаль авсан болохоор бусад улс Монголын талаар маш их сонирхож байгаа байх. Цаашид олон залуучууд бидэнтэй нэгдэж өөрсдийн ур чадвараа таниулна гэдэгт итгэж байна.
-Дэлхийн тэмцээнээс Монгол Улс анх удаа нүүр будалтаараа аваргын цом авсан гэхээр сайхан санагдаж байна. Тэмцээн онлайнаар болж, 2000 уран бүтээлчийн 10 мянган бүтээл оролцсон гэхээр нэлээд өрсөлдөөнтэй байжээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэр онцлогтой болов?
-Миний хувьд өмнөх жилийн өөрийн хувийн амжилтаа дээшлүүлж чадсан тэмцээн боллоо. Би нийт гурван төрөлд оролцсон. Bridal make up буюу хуримын нүүр будалтаар Дэлхийн аварга, Stage make up буюу тайзны нүүр будалт төрөлд 10 дугаар байр, Smokey make up -гоёлын смоки будалтын төрөлд 11 дүгээр байр гэсэн амжилтууд үзүүлсэн. Үнэхээр олон улсын олон оролцогч оролцсон гэхэд чамлахааргүй том амжилт үзүүллээ. Онлайнаар олон хүн орно гэж тооцоолж байсан ч төсөөлснөөс олон оролцогч оролцсон байсан. Нэг талаараа маш том давуу тал байлаа. Зардал мөнгөний тухайд ч тэр очиж оролцохоос хамаагүй бага зардалтай байсан. Ер нь гоо сайхны төрөлд улсаас дэмжлэг үзүүлдэггүй учраас зардлаа бид өөрсдөө даадаг. Олон улсын тэмцээнд явж очиж оролцоход хувь хүнээс асар өндөр зардал гардаг. Хувцас, модель, будаг хэрэгсэл, тийз, буудлын зардал гээд л. Өнгөрсөн жилийн Парист болсон тэмцээний зардал гэхэд 30 сая орчим төгрөг болсон. Бүтэн жилжингээ ажиллаад л улсаа төлөөлж тэмцээнд явах боломжтой болдог гэсэн үг. Улсаас дэмжих бодлого одоогоор байхгүй боловч удахгүй гоо сайхны салбарыг үнэлдэг, дэмждэг болно байх. Холбооноос ч энэ тал дээр ажлууд хийж байгаа.
-Аливаа тэмцээнд шагнал урамшуулал авахаас гадна суралцах гэж, чадвараа батлах гэж оролцдог шүү дээ. Тэмцээнд оролцоод бусад улсын артистуудаас юу суралцсан бэ?
-Нүүр будалтын урлаг ямар түвшинд хөгжиж байгааг энэ тэмцээнээс харж болно. Ер нь хамгийн үнэтэй сургалт, туршлагыг тэмцээнээр дамжуулан олж авсан. Тэр олон хүнтэй, нэг тайзан дээр, тодорхой хугацаанд өрсөлдөхийн тулд өөрөөсөө маш их ур чадвар, мэдрэмжийг гаргах шаардлагатай болдог. Өнгөрсөн жилийн тэмцээнээс хуримтлуулсан туршлага их байсан учраас энэ жил бас амжилт үзүүлж чадсан гэж бодож байгаа.
Нүүр будалтаар хүнийг яаж л бол яаж хувиргаж болно
-Таны хувьд нүүр будалтыг хэзээнээс сонирхсон бэ. Будалт сурсан түүхээсээ ярьж өгөөч?
-Бага байхын л ээжийнхээ нүүрээ будахыг нь хараад зогсож байдаг охин байлаа. Долоон жилийн өмнөөс яг нүүр будалтын урлагт эргэлт буцалтгүйгээр орж, Монголдоо суралцаж эхлээд, сонирхол нэгт найзуудаараа "Diva beauty academy"-г үүсгэн байгуулж нүүр будалтын сургалт, үйлчилгээг явуулаад мөн долоон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэх зорилгоор Солонгос, Тайвань улсыг зорьж байсан нь нэг талаараа олон улсад гарах бидний хүслийг улам бадрааж өгсөн. Миний хувьд орчин тойронд байдаг бүх бодит зүйлсийг шинжлэн судалж, өнгөний зохицол, хэлбэр дүрсийг нь харж нүүр будалтын шинэ санаануудаа гаргаж авдаг, олдог.
-Мөн таныг нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ээгий косметикс”-ийн үүсгэн байгуулагч гэдгээр нь охид, бүсгүйчүүд танина. Өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын тулд юуг хамгийн их чухалчилсан бэ?
-Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний брэнд “Ээгий косметикс” байгуулагдаад гурван жил болсон байна. Анх залуу хүний хийж бүтээх хүслээр зориглон, удаан судалж, өөрийн зургаан жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээгдэхүүнүүдээ шат дараалан үйлдвэрлэж эхэлсэн. Гаднын нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэх чанартай мөртлөө яг л хэрэглээнд тохирсон хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх нь гол зорилго байсан. Одоо ч хэвээрээ. Бүсгүйчүүдийнхээ хэрэглээнд тохирсон нийт зургаан төрлийн багсны сет, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд, нүүр будалтын “Илүү тод, илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт” дөрвөн цуврал бүтээгдэхүүн, арьс арчилгааны “Грэйс Дэй” цуврал гээд 15 төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаж, долоон нэрийн дэлгүүрээрээ борлуулдаг.
-Таны туршлагаас харахад Монголд нүүр будалтын урлаг хэр хөгжсөн гэж боддог вэ?
-Гоо сайхан нүүр будалтын салбар 10 орчим жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж эхлээд одоо бол дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бардам хэлнэ. Гоо сайханч, артистуудын чадвар дэлхийд үнэлэгдэж байна. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Эмэгтэйчүүд бид өөртөө тохирсон будалт хийхэд юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн, маш гоё буддаг болсон. Дээрээс нь мундаг артистууд, багш нар ч их болжээ. Бид ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байгаа. Бидний дийлэнхдээ хийдэг амьдралын буюу энгийн гэж хэлж болох нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр танихгүй болгох биш. Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж боддог. Тиймээс өөрийн байгаа орчиндоо тохируулан будалтаа хийдэг байгаарай. Өдөр тутамдаа байнгын баяр ёслолын үеийнх шиг будалт хийгээд байж болохгүй л гэсэн үг. Мөн дан ганц нүүр будахаас илүүтэйгээр арьсаа хэрхэн зөв арчлах, бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгож хэрэглэх тал дээр илүү анхаарж байгаарай.
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгох ёстой вэ. Бүтээгдэхүүний үнэ чанарыг нь илэрхийлдэг үү?
-Бүтээгдэхүүн үнэтэй байвал л сайн гэсэн ойлголт байхаа больж байна. Үнэтэй бүтээгдэхүүн зар сурталчилгаа, сав баглаа боодолдоо дийлэнх ашиг орлогоо зарцуулдаг гэсэн судалгаа ч байдаг. Хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний орц, найрлага байх ёстой. Бид нэг үеэ бодоход харьцангуй сайн мэдээлэлтэй болсон, өөрсдийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн, түүний найрлагад нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай. Гол нь өөрийн арьсны онцлогоо тодорхойлж мэдэж аваад түүнд тохирсон найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн чухал.
-Таны бодлоор зах, худалдааны төвийн бүтээгдэхүүн, гоо сайхны төрөлжсөн дэлгүүрийн бүтээгдэхүүн хэр ялгаатай вэ?
-Дэлгүүр, захын ялгаатай тал нь худалдан авагчдын санхүүгийн чадвараас хамаардаг санагддаг. Дээрээс нь бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт гээд л ялгаатай талууд мэдээж байгаа. Гэхдээ зах дээр зарагдаж байгаа бүхэн чанаргүй, дэлгүүрийнх нь чанартай гэсэн ойлголттой байж болохгүй. Хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй, бүтээгдэхүүнээ сайн судалж авдаг болчих хэрэгтэй байна. Аль болох органик, байгалийн гаралтай найрлагуудыг ашигласан бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүн арьсанд цочрол өгөх, янз бүрийн сөрөг нөлөө үзүүлэх, таарж тохирохгүй байх магадлал хамгийн бага байдаг.
Цэвэрлэгээ дутуу хийснээс арьсны асуудлуудын 80 хувь үүсдэг
-Нүүр будах дараалал ямар байдаг вэ. Охид, бүсгүйчүүд маань нүүрээ будахдаа ямар алдааг түгээмэл гаргадаг бол?
-Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж элдэв асуудалгүй арьсан дээр будалт хийх мэдрэмж ямар гоё байдаг билээ. Манай бүсгүйчүүдийн гол анхаарах зүйлүүд гэвэл арьсаа дутуу цэвэрлэдэг, буруу бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг. Нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй. Өөрөө судалж биш хүмүүсийн ам дамжсан яриагаар худалдан авалт хийдэг гэх мэт олон шалтгаан байдаг. Цэвэрлэгээ дутуу хийснээс болж арьсны асуудлуудын 80 хувь үүсдэг гэж үздэг. Мөн арьс эрүүл байдлаа алдаж маш хурдан хөгшрөлтийн процесс явагдана. Манай орны цаг агаарын онцлог эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, орчны бохирдол гээд олон хүчин зүйлээс болоод байнгын хамгаалалт, арчилгаа шаардагддаг шүү дээ. Арьсаа эрүүл болгоод араас нь өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн ашиглан будалтаа хийж байгаарай.
-Онлайнаар нүүр будалт сурдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Нүүр будалтын онлайн болон танхимын сургалт хэр ялгаатай вэ?
-Хүн бүрийн царай төрх ондоо. Танд байгалиас заяасан давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Цаанаасаа мэдрэмжтэй өөртөө тохируулаад буддаг хүн ч байна, огт чаддаггүй хүн ч байна. Нэг будалт өөр хүнд гоё харагдлаа гээд би яг ингэж харагдана гэсэн үг бас биш. Тэгэхээр өөрийн онцлог, нүүрний хэлбэр, зохидог өнгө гэх мэт зүйлүүдээ мэдэж авах хэрэгтэй. Сүүлийн үед интернэт орчноор дамжуулан олон төрлийн хичээл, бичлэг, мэдээллүүд хийгддэг болсон. Дуурайгаад будаж чадаж байгаа бол дуурайх л хэрэгтэй. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод байвал алхам алхмаар сайжраад байна. Онлайн сургалтууд нэг талаараа авууштай боловч практик сургалтыг хэзээ ч гүйцэхгүй. Суурь мэдлэг гэдэг хамгийн чухал учраас мэргэжлийн хүнээс нэг удаадаа зөвлөгөө авахыг санал болгомоор байна. Яг өөрийн царай төрхөд чинь тохируулан будалт хийж өгөх, заах нь нүүр будагчдын гол зорилго байдаг.
Хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээрээ байна
-Бүх л эмэгтэйчүүд гоё, сайхан харагдахыг хүсдэг. Тэгвэл таны хийдэг будалтын онцлог юу вэ. Өөрийнхөө хийсэн нүүр будалтаар эмэгтэйчүүддээ юуг амлаж чадах вэ?
-Яг би тийм төрлийн будалтаар дагнадаг гэж хэлэхэд хэцүү. Нүүр будалт дотроо олон төрөлтэй. Бүгд өөр өөрийн гэсэн утга агуулга онцлог шинжүүдтэй. Нүүр будалтаар та яаж л бол яаж хувирч болно. Нэг ёсны шидэт дохиур гэлтэй. Тухайн орчин, нөхцөл байдалд нь тохируулж будах нь хамгаас чухал. Тайзны, хуримын, гоёлын, кино хувиргалтын, өдөр тутмын гээд олон төрлөөр ажилладаг. Хамгийн гол нь таны байгалын гоо үзэсгэлэнг хэт их хэтрүүлэггүйгээр гэрэлтүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-2021 онд ямар нүүр будалт трэнд болохоор байна вэ?
-Гоо сайхны салбар ерөөсөө л цаг минутаар шинэчлэгдэж хөгжиж, шинэ шинэ трэндүүд гарч байдаг салбарын нэг. Миний оролцсон дэлхийн аваргын тэмцээн өөрөө тухайн жилийн нүүр будалтын өнгө төрхийг илэрхийлдэг. Энэ жил неон өнгөнүүд нүүр будалтад хүчтэй орж ирж байгаа. Мөн хэзээ ч моданаас гарахгүй хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээрээ байна. Өнгөний хувьд зөөлөн дулаан, завсрын өнгөнүүд их ашиглагдаж байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд 2021 оны зорилгоосоо манай уншигчидтай хуваалцана уу?
-2021 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ой ирэх есдүгээр сард Япон улсад зохиогдоно. Тус тэмцээнд Монгол Улсынхаа шилдгүүдтэй оролцож аваргын цомоо бататгана гэсэн том зорилготой боллоо. “Ээгий косметикс” брэндийн бүтээгдэхүүнээ илүү олон төрөл болгож, салбаруудаа нэмэх, олон улсад салбартай болох, “Дива” академийн шинэ салбартаа сургалт үйлчилгээнүүдээ явуулж эхлэх гэх мэт зорилгуудаа биелүүлэхийн тулд хичээнэ. 2020 онд бид ээжүүд хүүхдүүдийн төлөөх сайн дурын “Есүй” санг байгуулж, сайн дурын үйл ажиллагаа, хандивын аянд нэлээд оролцсон. Энэ ондоо ч гэсэн нийт хэрэглэгчийнхээ худалдан авалтын тодорхой хувийг сандаа хандивлаж, худалдан авалтаараа дамжуулан бусдад туслах боломжийг бүрдүүлэн олон сайн үйлсийн үйл ажиллагаа хийнэ гэсэн зорилготой байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр гоё буджээ. Баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Нүүр будах ч яах вэ, хэт хичээчихбэл бохир харагдана. Агуулгаараа хөгжих юмсан даа.