Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан өнөөдөр (2021.01.13) УГТЭ-т ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламжаа тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж эсэхийг шалгаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ.
Коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн байгууллагууд зогсолтгүй ажиллаж байгаа учраас халдвартай хүн үйлчлүүлэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ цаг үед ард иргэддээ шаардлагатай бүх талын тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байгаа билээ. Тиймээс эмнэлгүүд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх, яаралтай тусламж болон амбулаторийн хэсэгт халдвартай хүн үйлчлүүлсэн тохиолдолд хэрхэн шуурхай арга хэмжээ авах талаар зураглал нь тодорхой байх ёстой.
Өмнө нь УГТЭ-ээр Ковид-19 халдвартай иргэн үйлчлүүлэхэд богино хугацаанд тухайн иргэнийг олж тогтоон, шуурхай хариу арга хэмжээ авч чадсан. УГТЭ-ийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж “Улаан”, “Шар”, “Ногоон” бүсийг үүсгэсэн. Энэ нь олон улсын стандартын халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа илрэл юм.
Эрүүл мэндийн сайд УГТЭ-т ажиллах үеэрээ өнөөгийн нөхцөлд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулж байгаа ч бусад төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ тасралтгүй үргэлжилж, хөгжих ёстой. Эрүүл мэндийн салбарт өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлэх бодлогыг барьж байна. Тиймээс иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах “эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нийслэл, орон нутгуудад байгуулах ажлууд хийгдэж байгаа. Одоогоор төрөлжсөн төв эмнэлгүүдийн хувьд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт дэмжих төвийг байгуулсан бол үргэлжлүүлэн УГТЭ-т байгуулахаар төлөвлөж байна.
Цар тахлын нөхцөл байдал дээрдэх үед УГТЭ-т эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах ажлууд эхэлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилт болон тоног төхөөрөмжийн асуудлыг ЭМЯ-аас шийдвэрлэсэн хэмээн онцоллоо.
Энэ үеэр УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай эмнэлгийн хувьд УОК, НОК, Салбар яам, Сайдын тушаалын шийдвэрийн дагуу бүх зөвлөмж анхааруулгыг мөрдөж ажиллаж байна. Бид халдварын маш эрсдэлтэй бүсэд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулж байна. Учир нь Мөнгөн Гүүр, Ачтан, 10 дугаар хороолол гэсэн халдвар гарсан бүсэд манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл өндөр хариуцлага шаардсан нөхцөлд иргэдэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УГТЭ-т эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах асуудлыг шийдвэрлэж өглөө. Дэмжих төв байгуулагдсанаар зүрхний болон мэдрэлийн чиглэлийн оношилгоо шинжилгээ хийлгэх, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Ялангуяа Монголчуудын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон зүрх судас, цусны даралт ихсэх өвчин, мэдрэлийн чиглэлийн өвчнийг эрт үед нь оношилж, урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө өгөх боломжтой болж байгаа юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
УГТЭ гэж хэнийг хэлээд байгаа ухаантай юм бол доо.