Г.Батжаргал: Үйлдвэрийн витаминаас илүү баталгаатай хүнсээр хүүхдийнхээ амин дэмийг нөхөөрэй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Сургууль, цэцэрлэгт танхимын сургалт орохгүй байгаа учраас хүүхдүүд хөл хорионд хэдэн сарыг өнгөрөөж байна. Хөл хорио хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон хүүхдийн витамины хэрэглээний талаар Хүүхдийн их эмч Г.Батжаргалтай ярилцлаа.


-Эцэг, эхчүүд хүүхэддээ ямар витамин өгөх нь зөв бэ?

-Хүүхдийн витамины хэрэглээ маш чухал. Манай улсад БНХАУ, ОХУ-аас гадна гуравдагч, дөрөвдөгч орны эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг боловч хоёр том гүрний эмийн компаниудын нөлөөгөөр хуурамч эмийн зах зээлийг хянахад хэцүү. Тийм болохоор үйлдвэрийн витамин гэхээс илүү баталгаатай хүнсээр аминдэмээ нөхөх шиг сайн зүйл үгүй. Аминдэм бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Бидний эрүүл оршихын үндэс гэж хэлж болно. Хүүхэд А, Д, В-гийн төрлийн витаминууд болон фосфор, витамин С гээд аминдэмүүдийг тогтмол авч байх хэрэгтэй. Тухайн витамин дутагдлыг заавал шинжилгээ өгч мэдэх албагүй. Танд болон таны хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч байгаагаас шалтгаалан хоол хүнсний сонголтоо хийхэд болно. Харин ямар витамин ямар хоол хүнсэнд байдаг нь интернэтэд түгээмэл бий. Тэр дутагдсан хүнсээ түлхүү хэрэглээд яваарай. Жишээлбэл, А аминдэм дутагдахад үс гандах, нүд аргах, арьс хуурайших, В аминдэм дутагдахад хоолны дуршил, шингэц муудах, ядрах гээд шинж тэмдэг илэрдэг.

-Сургууль, цэцэрлэгт танхимын сургалт орохгүй байгаа учраас 2020 оноос эхлээд хүүхдүүд нэлээд удаан хөл хорионд байлаа. Энэ нөхцөл байдал эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Коронавирусний халдвар дотооддоо гарснаас хойш хөл хорионы үе өвөл буюу томуу, томуу төст өвчний улирлын дэгдэлттэй таарч байгаад сайн тал бий. Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт орохгүй, гарч орохдоо дандаа амны хаалт зүүж байгаа нь хүүхдийн өвчлөл буурахад нөлөөлж байгаа. Дүүргийн эмнэлгүүд 20-30 орны л дүүргэлттэй ажиллаж байна. Өмнөх үеэсээ бараг 8-10 дахин бага ачаалалтай гэж ойлгож болно. Жилийн жилд хөндөгддөг асуудлын нэг нь орны ачаалал байсан. Нөгөө талаараа хүүхдүүд гэртээ удаан байхаар хөдөлгөөний хомстол, түүнээс шалтгаалсан биеийн жингийн илүүдэл, өтгөн хаталт, дэлгэцийн хэт хамааралт байдал, харааны асуудал үүсэж байна. Ер нь хөл хорионы дараах бага насны хүүхдүүдийн өвчлөл, биеийн байдлын судалгааг хийвэл сонирхолтой баримт гарч ирнэ дээ. Хэдий хөл хориотой байгаа ч ялангуяа гэр хороололд хүүхдүүд ууланд гулхах, гудмандаа бөөгнөрч уулзах гээд л байдлууд харагдаж байна. Энэ нь нэг талаараа сайн ч коронавирусний халдварт өртөх эрсдэлтэйг мартаж болохгүй.

-Заавал витамин уухгүйгээр дутагдсан аминдэмээ нөхөх аргуудаас хэлж өгөөч?

-Хоол хүнсээ л зөв сонгож хэрэглэх ёстой. Аль болох олон төрлийн жимс, хүнсний ногоо агуулсан баялаг хоол хийж өгч байх нь хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Монголчуудын хооллолтод мах, гурил зонхилдог учраас хэт орой хооллохгүй, өглөө, өдөр сайн хооллож байх нь зүйтэй. Бид энэ хэвшилд бага багаар суралцмаар санагддаг. Хэт орой хоол идэхгүй байх нь эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөх дадал болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.103) 2021 оны 01 сарын 17

Хөл хорионд байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар байхыг таашгүй, хэсэг хугацааны дараа дэлхий, бас монголд судлаж тогтоох байх гэж найдахаас, сурлага мэдлэг, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, агаар витамин дутагдал гэх мэт

0  |  0
Top