КОВИД-19: Эдгэрсэн хүмүүсийн 30 хувь дахин эмнэлэгт хүргэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Коронавирусний цар тахлын нэг дэх давлагааны үед халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 30 орчим хувь нь таван сарын дотор дахин эмнэлэгт хүргэгдсэнийг Их Британийн Лестерийн их сургууль, Үндэсний статистикийн товчооноос хамтран явуулсан судалгаа харуулжээ.

Судалгаанд халдвар авч, эдгэрсэн 47780 өвчтөнийг хамруулсан байна. Судалгаанаас үзвэл, тэдний 29.4 хувь эдгэрснээс хойш 140 хоногийн дотор эмнэлэгт дахин хүргэгдсэн бол 12.3 хувь нь нас баржээ. Ихэнх өвчтөнүүдэд зүрхний өвчин, чихрийн шижин, элэг, бөөрний архаг өвчин үүссэн эсвэл эдгээр өвчин нь хүндэрсэн байна.

Үүн дээр үндэслэн судлаачид нас баралтын статистикт илүү олон тохиолдлыг оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр Их Британид коронавирусний халдварын онош тавьснаас хойш 28 хоногийн дотор нас барсан тохиолдлыг коронавируснээс үүдэлтэй нас баралт гэж бүртгэдэг байна.

Тиймээс судлаачид халдвар авч, эдгэрсэн хүмүүст эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг уриалж байна. Лестерийн их сургуулийн профессор Камлеш Кумлигийн хэлснээр, халдвар авч, эдгэрсэн хүмүүст эмнэлгээс гарснаас хойш урт хугацааны шинж тэмдэг бий болж, улмаар дахин эмнэлэгт хүргэгдэн, нас барах тохиолдол гарч байна. Тиймээс бид “удаан ковид”-од бэлэн байх ёстой гэж судлаачид дүгнэжээ.

 

Top