Энхрий хайрт Орос ах нар социализм гэх чамин хөшигнийхөө ард Монгол Улсыг 70 жил нууж чадсан шигээ энэ удаад дахиад л биднийг хошхируулаад хойно оо үлдээх нь. Тэртээ тэргүй хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс хөрш хоёр гүрнийхээ геополитикийн бодлогын бай болсоор ирсэн. Гэхдээ бид их гүрнүүдийн бодлогыг сөрж, өөрийн гэсэн бодлого боловсруулах ёстой. “Тэнгэр заяат монголчууд” бид энэ хоёрын бодлоготой уялдсан, эсвэл сөрсөн стратегийн бодлоготой юу, энэ асуултыг эрхэм уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Асуултын хариуг бодож байх хооронд чинь ОХУ зэсийн салбартаа мань хэдийгээ ардаа орхиод урд гарч цойлох Удоканы зэсийн ордыг цухас танилуулъя.
Удокан бол 40 жилийн өмнө гологдол байлаа. Чилийн засгийн эрхэнд Пиночет гэнэт гарсан шигээ социалист лагерийн орнуудад зэсийн салбар үүдээ тасхийтэл хаасан 1970-аад оны эх. Чухамдаа энэ гэнэтийн шилжилт л өнөө хэр нь Монгол Улсыг тэжээж буй Эрдэнэт үйлдвэр бий болох үндсийн үндэс байсан юм. Социалист лагерийн орнуудад хамгийн том зэсийн нийлүүлэгч байсан Чили улсад 1973 оны есдүгээр сарын 11-нд хэт барууны хүчнийхэн АНУ-ын оролцоотой төрийн эргэлт хийж Сальвадор Альенде түлхэн унагаагүй бол “Саалийн үнээ” маань хашаандаа байхгүй байх байлаа. Чилийн эрхэнд гарсан Августо Пиночет тухайн үед ЗХУ болон социалист лагерийн орнуудтай байгуулах ашигт малтмалын бүх гэрээгээ цуцалсан юм. Чилийн зэсийн нөөц дээр түшиглэж байсан социалист системийн орнууд зэсийн асар том дутагдалд орох бодит нөхцөлтэй тулж ирсэн нь энэ. Тухайн үед хэдийгээр Зөвлөлтийн Чита хотын Удоканы орд, Афганистаны Кандагарын ордыг эргэлтэд оруулахаар ярилцаж байсан ч Удоканы орд нь байгалийн нөхцөл, Кандагарын орд нь улс төрийн нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй болжээ. Удоканы ордод тухайн үед уулын тэсэлгээ хийхэд тэр их утаа арилахгүй хэдэн сар болдог байж. Харин Кандагарын орд нь талибанчуудын сөргөлдөөнөөс болоод хэрэгжих бараг боломжгүй байв.
Ийнхүү социализмын жилүүд ард хоцорч ЗХУ задран унахад социализмын цурман дээр нь бий болсон ОХУ зэсийн нийлүүлэлтээ хаанаас хангах билээ гэдэг толгойн өвчинтэй болсон. Яахав социализмын үед байгуулаад байсан “Эрдэнэт”-ийг хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр ашиглаж болох ч өсөн нэмэгдэх эрэлт, хэрэгцээг хэрхэх вэ гэдэг асуулт амьдралаас урган гарч ирсэн. Борис Ельцин засгийн эрхэнд гармагцаа социализмын жилүүдэд ашиглах боломжгүй ордын жагсаалтад орсон Удоканы ордыг судлах зарлиг буулгав. Гэхдээ тухай цаг үеийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Оросын дотоодод үүссэн шилжилтийн цаг үе Удоканы ордыг зөвхөн цаасан дээрх төсөл төдий болгосон билээ. Цаасан дээр үлдэж хоцрох нь уу гэтэл засгийн эрхэнд Владимир Путин гарч улмаар Удоканы судалгааг дахин үргэлжлүүлэхээр болов. Хойд Америкаас сэвэлзэж эхэлсэн дипломат харилцааны хар салхи ОХУ-ыг хааж боох дээрээ тулж ирмэгц Владимир Путин хамгийн түрүүнд Удоканаа хөдөлгөж эхэлсэн юм. Одоогоос яг арван жилийн өмнө Монгол Улсад “Оюу Толгой” гэрээ байгуулаад, байгалийн баялгаараа дэлхийд гайхагдаж байхад Удоканы төсөл эхэлчихээд гараанаас хөдлөхөө хүлээж байв. Улмаар 2015 оноос эхлэн төсөл албан ёсоор гараанаас хөдлөх боломжоо зассан билээ.
Засаг захиргааны хувьд шинээр эмхлэгдэн байгуулагдсан Өвөр Байгалийн хязгаар нутагт байрших Удоканы зэсийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил 2019 оноос эхэлсэн юм. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 747 мянган катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж, үйлдвэрийнхээ суурийг аль хэдийнээ тавьжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт 2020 оны зургаадугаар сард эхэлж, эхний ээлжид тус бүр зургаан сая тонн хүчин чадалтай хоёр тээрэм ашиглалтад орчихсон. Уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлж 2022 оны эхний улиралд багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Удоканы ордын төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар. Төсөлтэй холбогдуулж “Газпромбанк”, “Сбербанк” зэрэг банкуудтай 2019 онд харилцаа тогтоож, “Байгалийн уул уурхайн компани”-тай 1.79 тэрбум ам.доллар синдикат зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн санхүүжилтийг “ВЭБ” банкнаас 490 сая ам.доллар, “Газпромбанк”, “Сбербанк”-наас тус бүр 650 сая ам.долларыг олгох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 12 жил ажээ. Дээр дурдсан “Байгалийн уул уурхайн компани” гэдэг нь тэрбумтан Алишер Усмановын “УСМ Холдинг” корпорацын бүрэлдэхүүнд багтдаг салбар компани юм. Үйлдвэрийн гадна дэд бүтцийн хүрээнд төслийн талбай хүртэлх зайд 25 км 220 КВт эрчим хүч дамжуулах шугмыг татаж ерөнхийдөө дуусаад байна. Өндөр хүчдэлийн дэд станцын эхний ээлжийг 2019 онд хүлээлгэн өгсөн бол энэ онд багтан бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох юм. Төсөл эдийн засгийн эргэлтэд орсноор ОХУ-ын дотоодын зэсийн нийт хэрэглээний 15 хувийг дангаар хангахаар тооцжээ. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр ОХУ-д нэгдүгээрт, дэлхийд гуравт орох том ордод тооцогддог.
Хойд хөршид хэрэгжиж байгаа нэгэн шинэ төсөл гэвэл энэ. Яахав манай хэд ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр ханхийсэн энэ цагт Удоканыг дурсаад байгаа болохоос аль 10 жилийн өмнөөс хөдлөөд эхэлчихсэн төсөл. Харин бид хэд эндээ гаднынханы өгсөн баялагтай орон гэх пайзтай, дээрээс нь хурдан өсөлт рүү тэмүүлж байгаа гэх цаасан малгайтай байсан болохоор Удокан манатай байсан байх л даа. Чилийн засгийн эрхэнд Пиночет гарсан 1970-аад оны эхэнд Удокан бол гологдол байлаа. Гологдол болсон учраас Эрдэнэт бий болоод тэр Эрдэнэтийгээ бид 30 гаруй жил саасаар өдийг хүрсэн. Дэлхийд дөрөвт орох ерөөлтэй “Оюу Толгой” төслийг 10 жилийн өмнө эхлүүлсэн ч улстөрчид, хөрөнгө оруулагчдын маргаанаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр гарч өгөхгүй Өмнийн говьдоо хий эргэлдсээр байна. Харин “социализм энүүхэд байна ах нь бүгдийг нь мэднэ” гээд зэрэглээ харуулж байсан Оросууд Удоканаа 2022 онд ашиглалтаад оруулахаар төлөвлөөд байна. Арван жилийн өмнө эхэлсэн арван таван толгойноос илүү асуудалтай байгаа “Оюу Толгой” 2022 оны аравдугаар сард эхэлнэ. Хэрэв иймээ тиймээ асуудал гарахгүй бол шүү дээ...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
шал худлаа Оюутолгойд зориулсан мэдээ байна\n
Өөрсдөө ашиглаж чадахгүй байж өрөөл туслаад хийхээр хий дэмий харамлаж давхисаар байтал удахгүй тэр зэс нүүрс маань хэнд ч хэрэггүй болоод дуусах байхаа
Ерөнхийлөгч болон газар шороогоо хамгаалан тэмцэгчид гэсэн дээрэмчдийнхээ ачаар аль хэдийн хоцорсон байхаа
ОТ бол гүний уурхай тэгээл удаад байгаа Удокон бол ил тэслээл болоо ялгаа их бий шүү
nuhen jorlongiinhoo asuudliig shiidej chadaagui baij Sansart ayaldag ornii umnu gishgej chadah uu ta ene tuhai bodoj uzsen uu
atsand tursun zerleguudiin zaya hol yawqee. 20 jiliin daraa gadaadaad gatsan heden ork jalgand aluulj bgaa hdn orkoo awii geed uls ch gui iu ch gui bj bh bolno.