Энхрий хайрт Орос ах нар социализм гэх чамин хөшигнийхөө ард Монгол Улсыг 70 жил нууж чадсан шигээ энэ удаад дахиад л биднийг хошхируулаад хойно оо үлдээх нь. Орос, Хятад гэх хоёр гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс тэртээ тэргүй их гүрнүүдийн геополитикийн тоглоомон дунд “амьдрах” болно. Гэхдээ их гүрнүүдийн бодлогыг сөрж чаддаггүй юм аа гэхэд ядахдаа уялдаад явах бодлого тодорхойлдоггүй нь даанч гачлантай. Их гүрний хаялгаар байгуулагдсан “Эрдэнэт”-тэй 40 илүү жил, улс төрийн тоглоом болох дээрээ тулаад байгаа “Оюу Толгой”-той 10 илүү жил зууралдсаар ирсэн Монгол Улс уул уурхайн салбарт тэр дундаа коксжих нүүрсний салбарт хойд хөршийнхөө хойно үлдэх үү. Энэ асуултыг уншигч танд нээлттэй үлдээе. Харин асуултын хариуг бодож байх хооронд ОХУ нүүрсний салбартаа тэргүүлэх Элгагийн коксжих нүүрсний ордыг цухас танилцуулъя.
Элга бол 60 жилийн түүхтэй уурхай. Одоогоос яг 60 жилийн өмнө 1961 онд ЗХУ-ын Ардын их хурлын шийдвэрээр Өмнөд Якутын орчимд уул уурхайн судалгаа хийх шийд гарч байжээ. Өмнөд Якутын экспедиц 1961-1962 оны хооронд Ундыткан, Укикит, Элга голуудын сав газарт уул уурхайн томоохон хайгуулс хийсэн юм. Цэрдийн галавын үед хамаарах томоохон ойн үлдэгдэл болох энэ газарт нүүрсний арвин их нөөц байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Чухамхүү хэдий хэр хэмжээний нөөц байгааг тогтоохын тулд дахиад зургаан жилийг зарцуулсан юм. Улмаар 1968 онд Элгинская орчимд 2.0 м ба түүнээс дээш зузаантай нүүрсний давхаргын нөөцийг ойролцоогоор 2.6 тэрбум орчим тонн гэж тооцоолсон юм. Арвин нөөц байгаа нь ийнхүү ил болсон ч судалгаа тодорхойгүй шалтгаанаар зогссон байна. 20 орчим жил судлагдаагүй байсны эцэст 1981-1984 онд геологийн нарийвчилсан судалгаа хийсэн билээ. Улмаар өмнөх судалгааг улам бататгаж 2.6 тэрбум тонноос их хэмжээний нөөц байх боломжтой гэх дүгнэлт гарсан юм.
Өөрчлөн байгуулалтын салхи Зөвлөлт даяар сэвэлзэж эхлэхэд уг судалгааг зогсоосон ч 1990 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын эрдэс баялгийн зөвлөл Элгагийн ордыг стратегийн нөөц гэж бүртгэжээ. ОХУ шилжилтийн үед байхдаа буюу 1996 онд тухайн үеийн Нүүрсний аж үйлдвэрийн яам Якут орчимд томоохон үйлдвэр байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ. Нэгэнт судалгаа эхлээд үйлдвэр барих ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн тул 2000 онд Элга-Улакыг холбосон төмөр замыг Төмөр замын яамны шийдвэрээр барьж эхэлсэн юм. Төмөр зам тавигдснаас хоёр жилийн дараа 2002 онд “Якутуголь” нэртэй 100 хувь төрийн өмчийн компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Бодит ажил хэрэг болох найдвар харагдаж эхэлсэн тул 2005-2007 оны хооронд эзэмшлийн асуудал дээр шилжилт хийж улмаар Элга төслийн 51 хувийг “Мечел” компани эзэмших болжээ. Харин өнгөрсөн жил “Мечел” компани эзэмшлийн 51 хувиа “А-Проперти” компанид 89 тэрбум рублиэр худалдсан юм. Энэ тухай хожим дурдах болохоор түр завсарлая. Одоогоос яг арван жилийн өмнө биднийг эндээ “баялаг ихтэй улс” гэж цээжээ дэлдэж байхтай зэрэгцэн Элга төсөл олборлолтоо эхлүүлсэн билээ.
Нэгэнт худалдан авах хэрэгцээ, хамтын ажиллагаа гэдэг зүйл үүсэх тул газар зүйн байршлаараа ойр БНХАУ-тай харилцан ашигтай хамтрах аргыг сүвэгчилж эхэлсэн. Тиймдээ ч Владимир Путин БНХАУ-ын даргатай уулзахдаа дөрвөн ч удаа энэ асуудлыг тавьж байлаа. Уулзалтууд ч үр дүнгээ өгч БНХАУ-ын “GH-Shipping” компанитай хамтарсан компани байгуулахаар болжээ. Одоо бараг байгуулчихсан ч биз. Ингэснээр нүүрсний экспортын тээвэр, ложистикийн найдвартай сүлжээ бий болно гэсэн үг. Бид Гашуунсухайтаар хэдхэн мянган тонныг гаргах гээд “ухнатаж” байх хооронд хоёр хөрш маань илүү найдвартай сүлжээ бүхий коксжих нүүрсний хамтарсан компани байгуулахаар болсон гэсэн үг. Хамтарсан компанийг Шанхай хотод байгуулахаар гэрээнд заажээ. Урьдчилан төлөвлөснөөр, Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. Хамтарсан компани нь Элга ордын коксжих нүүрсийг угааж, баяжуулахад анхаарах бөгөөд ирээдүйд Хятадын зах зээл дээр Австрали, АНУ-ын коксжих нүүрсийг орлуулахаар зорьж байна.
“Эльгауголь”-ийн толгой компани “А-Проперти”-ийн танилцуулснаар, 2023 он хүртэлх ордын коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, Баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ.
ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын 51 хувийг “А-Проперти” компани 89 тэрбум рублиэр “Мечел”-ээс (2020.04) худалдан авахдаа 107 сая ам.долларын өрийг нь давхар барагдуулсан. Өөрөөр хэлбэл, “А-Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын гол хувь эзэмшигч болсон юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49 хувийн эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг байгуулсан билээ. Тэгэхээр “А-Проперти” компани Элга ордын төслийг 100 хувь эзэмшинэ гэсэн үг. Элга орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Ордын 51 хувийг эзэмшиж байсан “Мечел” компанийн хувьд төслийг сүүлийн 10 жил хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт хоёр гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Монголчууд бид гэтэл “Эрдэнэс-Тавантолгой”-тойгоо зууралдаад гаднын хөрөнгийн бирж дээр гарна гэсэн бүтэл муутай төсөл хэрэгжүүлэх гээд сууж байна. Бас дээр нь энэ ордоо хурдан хөдөлгөхийн оронд сонгууль бүрээр оноо болгох хэрэгсэл мэт харсаар ирсэн нь харамсалтай. Хойд хөрш Элгатай, Удокантай гэдгийг бодлого боловсруулагчид маань өдөр бүр санаж, алсын хараа гэж тодотгосон сүртэй нэртэй төлөвлөгөөнөө тусгах нь зүй. Эс анхаарч, тусгаваас хойд хөршийнхөө тоосонд дарагдаад үлдэх вий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )