Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХУАН ДОУ ЧҮНЬ ХОТОД ТЭНГЭРИЙН НОМ ГУРВАН ДЭВТРИЙГ ХҮРТЭХ
СҮН ЖЯН ЕСӨН ТЭНГЭРИЙГ ДАГАСАН БОДЬСАДВААТАЙ УЧРАХ
Өгүүлэх нь Сүн Жян олон ах дүү жанжин нарт энэ үгийг өгүүлье хэмээвээс эд намайг хориглон үл явуулах болов уу хэмээн зовнин байтал Чоу Кэй тэргүүлэн олон жанжин Сүн Жян-гийн чухам хаана ямар хэргээр очихыг асуусанд Сүн Жян аргагүй өөрийн бодлоо хэлэв. Мэргэн дүү нар бүү өөр санаа санагтун. Өчүүхэн ах уг нутаг Ён Чэн Хянь-аас хэрэг халдаж цөлөгдөн Жань Жоу-д ирээд ийм их хэрэг гаргасанд Жань Жоу-оос Дунжинь-д бичиг мэдүүлж миний урвасан явдлыг нэгд нэгнээр уламжлах Ён Чэн Хянь-ий ноёнд бичиг тушааж өчүүхэн хүмүүний гэрийн хотлоорыг хүйс тэмтрэхээс гадна миний ер гарсан настай эцэг Сүн Тай Гүн хөөрхий басхүү журмыг хадгалж эцгийг элбэрэх санаа балрагдах хэрэг тиймийн тул би эдүгээ уг нутагтаа буцаж өвгөн эцэг дүүгээ энэ ууланд авчирч бүгдээр нэгэн насыг өнгөрүүлбээс сайн хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Ахын энэ хэлэх нь хэдий зөв боловч бас хэдэн өдөр баахан амьдраад хэдэн цэрэг жанжин авч буцваас сайн хэмээхүйд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү чиний хэлэх мөн. Бас хэдэн өдөр өнгөрвөөс тэр бичиг Ён Чэн Хянь-д хүрвээс хожимдох хэрэг болмуй.
Одоо даруй явбаас үл хожимдох билээ. надад жанжин цэрэг хэрэггүй би мөн ганцаар явж чадмуй хэмээсэнд Чоу Кэй нар өгүүлрүүн: - Тийм бөгөөс ах чи замд хичээж сайтар болгоомжлон явагтун. Эдүгээ дахин хүмүүний гарт орвоос чамайг нигүүлсэж аврах хүмүүн хаана баймуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Гэм үгүй би сэмхэн явж Ён Чэн Хянь хотдоо орж үн Жань Зуань зээлээр шөнө ороод эцэг Сүн Тай Гүн дүү Сүн Гин хоёрыг аваад гарч ирвээс гүйцэх нь тэр бөлгөө. Өөр хэрэг огт үгүй хэмээгээд өөрийн биед хэдэн лан мөнгө авч уулнаас бууж ирсэн олон жанжин Чоу Кэй нар ёс ёсолж зам үдээд мөрний захад Жү Гүй-ийн архины пүүсэнд бууж нэгэн шөнө хоноод маргааш нь тэд нараас салж Ён Чэн Хянь хотын зам хөөн гарав. Өдөр шөнөгүй довтлон явж өөрийн хотын ойр хүрч ирээд нэгэн дянь-ий пүүсэнд сэмхэн хоноод маргааш нь Сүн Жянь Зуань хэмээх зээлийн тэртээ нэгэн ой шугуй модонд нууж шөнө болсон хойно харъяат зээлийн хаалгыг тогшиж ороод өөрийн үүд дээр очиж дуудсанд түүний дүү Сүн Жян гарч ирээд үүдээ нээж үзвээс Сүн Эр Лань ах ирсэнд дүү нь сэмхэн өгүүлрүүн: - Ах чи бас юунд ирэв.
Чи Жань Жоу хотод цөлөгдөн ямар хэрэг дэгдээсэн яахин урваж Жань Жоу-ын Ү Фэй Жюнь цэргийг Лянь Шань-ий Чоу Кэй нар лугаа алсан ба Хуа Фэнь Бань хэмээх ноёныг амьд барьж түүний махыг шулсан уушги зүрхийг идсэн зэрэг хэрэг гаргаж урвасан хулгай Сүн Жян хэмээх манай Сүн овогтын гэрийн хотлоор барьж аваачихаар хэдэн албаны хүмүүн ирээд эдүгээ гэрт буй дээр бас таныг барих хэмээн газар газар бичиг наалдуулж зарлав. Мөн өдөр шөнийн үргэлж хэдэн зуун цэрэг манай Сүн Жян Зуань зээлийг цагдан манаж буй. Чи бүү орогтун одоо түргэн зайлагтун. Эс бөгөөс цэрэг ирж баримуй хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсоод сүнс нь зайлсан мэт болж даруй дүүдээ хариу ёслоод тийм бөгөөс эцэг дүү та хоёрыг авах аргагүй болов. Би эдүгээ явж Лян Шань ууланд очоод тэдгээр олон жанжин цэргүүдэд энэ учрыг хэлж та хоёрын амийг аврах хэмээн шууд нууж сэмхэн хотоос гарч үзвээс тэр шөнө тэнгэр бүрхэг харанхуй тул Сүн Жян нэгэн хэсэг нисэх мэт явж байтал хойноос их л чимээ дуу гарч Сүн Жян чи бүү явагтун хэмээсэнд Сүн Жян хойш харж үзвээс нэгэн их гал дэнлүү болсон олон хүмүүн маш довтлон ирэх барааг харж зугтан гүйсээр Хуан Доу Чүн хэмээх хотын ойр ирэв. Энэ Хуан Доу Чүнь хэмээх хот болбоос угаас эргэн тойрон ус мод шугуй орох зам нь их бага хоёр зам бий, өөр газраар явж болохгүй.
Тэр шөнө тэнгэр бүрхэг арилж сар гарсанд Сүн Жян яаран Хуан Доу Чүнь-ий бага замыг эрж дотроо ийн сэтгэрүүн: Би эдүгээ үхэх цаг болов. Лян Шань Пү-ийн мэргэн дүү Чоу Кэй нарын үгийг дагасан бөгөөс яахин ийм зовлонд орох буюу хэмээн бурхан тэнгэрт залбирч тэр бага замаар явж Хуан Доу Чүнь хотод орж аргагүй нуух газар эрэн явтал нэгэн сүм баймуй. Тэр сүмийг үзвээс ер хүмүүн халхлах газар үгүй тул даруй тэр сүмийн галын бурханы сүмийн дотор орж түүнийг агуулсан бурханы ажууд хоргодон байтал, тэдгээр олон хүмүүн ирж Сүн Жян эрхгүй энэ сүмд буй хэмээлцэх үгийг сонсвоос тэр нь ах дүү хоёр цэргийн дарга Я И Жоу Янь Жоу Дэ хоёр дөчин хэдэн цэрэг авч Сүн Жян-ыг барих хэмээн явж цэргээ сүмийн үүд сахиулж Жоу Янь Жоу Дэ хоёр дэнлүүгээ авч сүм бүгд нэгжиж үзээд ер олсонгүй. Гагцхүү галын бурханы сүмд орж үзэх хэмээн үүдийг нээмэгц дээр цугларсан шороо тоосго нурж Жоу Дэ-ийн хоёр нүдэнд орсонд Жоу Дэ уур нь хүрч дэнлүүгээ газар хаяж дүү Жоу Янь-аа харааж тэр сүмээс гарч олон цэргийн дэргэд очиж ийн өгүүлрүүн: - Сүн Жян энэ сүмд үгүй. Эдүгээ бид явж хотод эрье. Цэргийн ард та хоёр замыг сайтар харгалзагтун хэмээн тэр шөнө сүмийн дэргэд манаж хоноод үүр цайх хэрд нэгэн цэргийн хүмүүн өгүүлрүүн: - Үзвээс энэ сүмийн үүдийг хоёр гараар түлхэж нээсэн ором буй амуй.
Сүн Жян лав энэ сүмд баймуй. Бид бүгдээр орж сайтар нэгжиж үзсүгэй хэмээсэнд Жоу Янь, Жоу Дэ хоёр аргагүй дахин тэр сүмийн галын бурханы сүмийн үүдийг нээж эрхгүй энэ сүмд бий хэмээн тэр сүмийн үүдийг нэгэн төмөр дэгээгээр өргөж үзэхэд Сүн Жян-ы бүхий бие чичрэн дагжиж амь гарах шахаад тэр галын бурханд ийн хэмээн залбирав. Өчүүхэн мунхаг харанхуй амьтны амийг түргэн аварч өршөөгтүн. Хэрэв эд нарын гараас гарваас би чиний бие ба сүмийг шинэтгэн сэлбэж засахаас гадна басхүү олон бурхадыг сэлбэж буян санасугай хэмээн чанд залбирсанд тэр Жоу Дэ, Жоу Янь нарын барьсан дэнлүү нь гэнэт салхинд унтарч хав харанхуй болсонд Жоу Янь, Жоу Дэ хоёр ийн өгүүлэлдрүүн: Энэ ямар жигтэй чөтгөрийн салхи ирж бидний дэнлүүг унтраав хэмээлцэн гайхаж тэр галын бурханы сүмд эрхбиш Сүн Жян буй хэмээн дахин дэнлүүгээ шатааж тэр сүмийн бурхан агуулсан тавцангийн дээр гарч бага гүнгарвааг Жоу Янь сэлмээр хатгах хэмээсэнд бас нэгэн их салхи болж дэнлүүг унтрааж тэр хоёрын толгойн тус тоосго чулуугаар цохих мэт болсонд Жоу Янь өгүүлрүүн: - Дүү энэ сүмийн сахиус тун хэцүү. Эдүгээ бидэнд маш хилэгнэж ийнхүү сүрхий загнав. Бид түргэн явсугай эс бөгөөс амь бие алдах болно хэмээсэнд Жоу Дэ үг үл даган ах Жоу Янь-ий барьсан сэлмийг аваад галын бурханы ойр хүрч сэлмээр хатгах хэмээсэнд нэгэн их үүл дэгдэж хуй салхи болж хүмүүний биеийг хийсгэх мэт болсонд тэр хоёр хэрхэвч үл болмуй. Бид маргааш сайтар үзсүгэй хэмээн тэр сүмээс гарахад цэргийн ард зарим нь хөл гараа хугарах зарим нь өргөст модонд дээл хувцсаа хатгаж үл яван чадах тул тэр хоёр дарга мөнөө хөлтэй хөлгүй цэргээ арайхийн дамжилж сүмээс гарав. Үүнд Сүн Жян бүхий бие нь чичрэн дагжиж айсан боловч аргагүй эдний сандрахыг үзэж инээд нь хүрч байв.
Тэндээс тэдгээр дарга цэргүүд энэ сүмийн сахиус шүтээн нь нэн догшин хэцүү эдүгээ бид халдах арга нэг ч үгүй. Гагцхүү Сүн Жян энэ сүмд байхгүй хотын дотор орж оросон болой хэмээн цэргүүдээ хотын дөрвөн зүгийг цагдан мануулж Жоу Янь, Жоу Дэ хоёр хотод орж Сүн Жян-ыг эрэв. Үүнийг бүү өгүүлэн өгүүлэх нь, Сүн Жян тэр сүмийн галын бурханы асарт сууринд хэвээр хоргодон байтал гэнэт хаалга дуугарах чимээ гарсанд Сүн Жян маш айж зүрх нь догдолж түгшин байтал хоёр хар дээлтэй оохин хүрч ирээд ийн өгүүлрүүн: - Одны эзнийг энд буй хэмээн манай дара эх бурхан бид хоёрыг илгээж таныг уриулав хэмээсэнд Сүн Жян дотроо гайхаж маш сэжиглэн энэ нь дара эх бурханы шавь нар бус гагцхүү намайг хууран гаргаж барих хэмээн охин хүмүүний дүрээр ирэв хэмээн сэтгэж байтал тэр хоёр бас өгүүлрүүн: - Одны эзэн чи түргэн гарч ирэгтүн. Цаг хожимдвоос үл болмуй хэмээн гурван удаа дуудсанд Сүн Жян даруй тэр сүмээс гарч хоёр бурханы шавь охины дэргэд ирж сөгдөн өгүүлрүүн: - -Би Ён Чэн хотын Сүн Жян хэмээгч хүмүүн юуны одны эзний болох буюу хэмээсэнд тэр хоёр өгүүлрүүн: - Манай дара эх Нин Нян чамайг дуудаж учрах гэнэм. Чи түргэн очсугай хэмээсэнд Сүн Жян аргагүй тэр хоёроор зам удирдуулан сүмээс гарч хойд зүг даган очвоос нэгэн бага хэрэм буй. Тэр хэрэмд бага хаалга буй дотор нь ой цэцэрлэг мод хэт чулуу маш гүн чухам хүмүүн оргож суух газар хэмээн санаж байтал тэр хоёр одны эзэн бушуу явагтун хэмээн Сүн Жян-ыг дагуулж явбаас үнэхээр сайн газар модны бүдүүн маш үзэсгэлтэй дээр дэлгэрсэн цэцэг нь ер нүдэнд үзэж ханашгүй тийм сайхан замаар явж байтал нэгэн улаан шунхаар будсан улаан гүүр тэр гүүрийн доор урссан ус нь цалин мөнгөний мэт цагаан болгон ус урсаад бас нэгэн агуйд хадны хөндийд орж баймуй.
Тэндээс бас цааш явж үзвээс өнгө бүрийн цэцэг мод ургаан нэгэн улаан хайстай хас чулуун байшин буй. Тэр хоёр шавийг дагаж тэр хас байшинд орж үзвээс ертөнцөд үгүй сайхан газар тул Сүн Жян дотроо магтан ийш тийш харж байтал тэр хоёр шавь өгүүлрүүн: - Одны эзэн эдүгээ манай багш дара эх бурхан лугаа учрах болов. Энэ бага хаалга орсон төдий билээ бушуу явагтун хэмээсэнд Сүн Жян урагш алхаж явах хэмээсэн билээ. хоёр хөл нь тушсан адил үл яван чадахыг үүнд тэр хоёр шавь охин Сүн Жян-ыг өргөн авч дотогш оруулан индэр исэр дээр авчирсанд Сүн Жян-ы толгойн үс нь өрвийж бүхий бие нь манарч ухаан нь самуурч тэр индэрийн зүг харваас нэлээд хэдэн дагинис нар буй. Үүнд тэр хоёр ийн мэдүүлрүүн: Сүн овгийн одны эзэн ирэв хэмээсэнд тэр дара эх зарлиг болруун: Одны эзэн ирсэн бөгөөс түүнийг нэгэн сандал засаж суулгагтун хэмээн зарлиг болонд тэр дөрвөн хар дээлтэй шавь нар Сүн Жян-ыг дээш босгож нэгэн сандал дээр суулгасанд дара эх зарлиг болруун: Одны эзэн чи одоо хаанаас ирэв.
Эрхэмсэг биед өвчин зовлон харшлах зүйл үгүй буй за хэмээн зарлиг болсонд Сүн Жян нь дээш харж үзье хэмээвч нүд нь гялбаж үл үзэн чадахад дара эх зарлиг болруун: Миний өмнөөр татсан хөшгийг дээш болгогтун хэмээсэнд тэр дөрвөн хар дээлт шавь нар охид зэргээр хөшгийг өргөж дара эхийн лагшиныг илт үзүүлсэнд Сүн Жян-ы хоёр нүдэнд таван өнгийн солонго татаж дээш мандах ба бас элдэв үнэрт хүж цэцэг дүүрсэнд Сүн Жян толгойгоо уруу хандуулж дара эх бурханы өмнө сөгдөж өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн угаас цэргийн нэгэн мунхаг ард бөлгөө хэмээсэнд дара эх зарлиг болруун: Эрхэм одны эзэн чи бүү айгтун. Толгойгоо дээш хандуулж миний зүг нэгэн удаа нүдээ нээж үзэгтүн хэмээсэнд Сүн Жян аргагүй дээш харж үзвээс лагшиндаа хүрэн торгон баринтаг гартаа есөн эрдэнийн зүйл, алтан луу сийлсэн тавцан түүний дээр арслан луу хоёр ороолгон бүтээсэн хүжийн суурь лааны хатгуур зэрэг ба, бас хоёр талаар дөрвөн дагинис мэт охидд жагсаж цөм эрдэнийн зүйл юм гартаа барьжээ. Үүнд дара эх зарлиг болруун: Одны эзэн чи нь урьд тэнгэрийн од бүхнийг тэргүүлэгч хаан бөлгөө.
Тэр цагт ял хийсний харгаагаар дэлхийд бууж хүмүүн болон төрөв. Эдүгээ би чамд энд нэгэнт ирсэн тул архи гурван хундага чавга жимс нэгэн таваг өргөе хэмээн хар дээлтэй дөрвөн охиныг дуудаж цэцэг жимс нарийн сайн архи нэгэн лонх, чавга жимс нэгэн таваг авчирч одны эзэнд барьсугай хэмээсэнд тэр дөрөв яаран гарч архи бага авчраад Сүн Жян-д өгсөнд Сүн Жян архинаас гурав хундага дараагаар ууснаас үнэхээр маш сайн бас чавгаас гурвыг авч идсэн нь үнэр амт маш сайн үүнд Сүн Жян гурван хундага архи уугаад гэдэс нь халуун болж нэлээд согтсонд дара эх зарлиг болруун: Одны эзэн чи энэ нэгэн бага лонх архийг ууж дуусагтун хэмээн зарлиг болсонд Сүн Жян яахин цэцэг жимсийн шимийн архийг ууж чадмуй. Иймийн тул Сүн Жян дахин хүртэж чадахгүй хэмээгээд мөргөсөнд дара эх зарлиг болруун: Одны эзэн би чамд гурван дэвтэр чухал ном шагная хэмээн дөрвөн дэвтэр ном гаргаж шагнаад ийн зарлиг болруун: Эдүгээ чи тэнгэрийн оронд байх цагтаа одны хаан алтан сугар гараг байсан одоо нэгэнт ертөнцөд бууж ирсэн тул чи энэ хаан суух учиртай. Энэ гурван дэвтэр номыг өөр бусад хүмүүнд үзүүлэх ба задруулж үл болмуй. Хэрвээ хүмүүн үзвээс ертөнцөд гал тавих лугаа адил болмуй.
Чи сайтар хэвийг сахиж шударга замаар явж хаан сууж өнгөрсний хойно дахин тэнгэрийн орондоо буцмуй. Хуучныг халж шинийг журамлаж хаан ширээгээ хүлээн авч олныг захиран сайн замд удирдагтун хэмээн зарлиг болсонд Сүн Жян даруй хүлээн авч мөргөсөнд бас дахин захьж зарлиг болруун: Чи энэ номыг өдөр шөнөгүй учрыг нээж сайтар хянан үзээд өчүүхэн төдий нэгэн үсэг үгнээс гажуу явж үл болмуй. Хэрвээ утасны төдий гажуудваас чиний амийг би дахин аварч үл чадмуй. Гагцхүү үзэж дуусаад галд шатааж түлэгтүн. Хүмүүнд бүү үлдээ. Хэрвээ тэнгэрээс бууж ирсэн одны хувилгаан буй болбоос үзэж болмуй. Бусад энгийн хүмүүнд ер үзүүлж болохгүй. Хожим хурмаст тэнгэрийн оронд учиръя. Эдүгээ чи буцсугай надад баахан хэрэг буй хэмээсэнд Сүн Жян тэсгэлгүй баярлан даруй сөгдөн мөргөөд тэр дара эхийн сүмээс гарч хуучин замаар явж мөн ус урссан гүүрийн дээр хоёр шавь охиноор хүргүүлэн ирэв. Үүнд тэр хоёр шавь охин дагинис өгүүлрүүн: - Одны эзэн чи нь маш өндөр их заяатай хүмүүн бид лүгээ эс учирсан болбоос манай дара эх дагинис лугаа яахин учирч амь гарах буюу. Эдүгээ чамд айх зүйл үгүй чи одоо үзэв үү.
Энэ гүүрийн доор хоёр алтан луу усны дотор тоглон наадаж баймуй хэмээсэнд Сүн Жян гүүрийн түшиж тэр хоёр алтан луу наадахыг үзэх хэмээн бөхийж харсанд мөнөө хоёр хар дээлт дагинис шавь Сүн Жян-ыг усны дотор түлхэж орхив. Үүнд Сүн Жян сүнс нь зайлж маш айн арайхийн уснаас мөлхөн гарч үзвээс өөрийн бие нь хуурай тул эдүгээ би сая усанд унаж үхэв хэмээн санасан билээ, энэ ямар жигтэй хэмээн гайхаж ийш тийш харваас мөн хуучин галын бурханы гүнгарвааны дотор сууж баймуй. Үүнд их л гайхаж энэ ер ямар хэрэг миний бие бурханы шавь дагинис лугаа учирч гурван дэвтэр ном аваад номлосон айлдвар нь цээжинд тодорхой атал эдүгээ харин мөн энд хоргодон суумуй. Би юу ч болов өгсөн гурван дэвтэр авч үзсүгэй хэмээн авах гэтэл үнэхээр гурван дэвтэр ном өвөрлөжээ. Бас гурван чавганы ясыг гартаа атгаж, бас хайрласан цэцэг жимсний архи нь аманд шингэж үнэртмүй. Иймийн тул энэ сүмийн бурхан шүтээн сүм суваргыг шинэтгэн сэлбэх хэмээн нэгэнт ам авсны харгаагаар бурхан намайг туслах би эдүгээ гарч шөнө хэдий цаг болсныг үзсүгэй хэмээн гарч үзвээс шөнө эрт сар жинхэнэ үд болжээ. Үүнд Сүн Жян тэр сүмийн их гол шүтээний сүмд орж үзвээс мөнөө гурван дэвтэр хайрласан дагинис мөнхүү хэдэн шавь охидын хамтаар хөрөглөж будсан баймуй. Үүнд Сүн Жян басхүү хэдэн удаа мөргөөд баахан сууж байтал тэнгэр үүр цайж тэр сүмээс гарч их хаалганы дэргэд ирж үзвээс тэр хаалганы дэргэд дээр доор дөрвөн алтан үсэг бичжээ. Тэр үсэг нь Юань Юй Жи Мяо хэмээмүй. Үүний тайлбар нь есөн тэнгэрийн дара эхийн сүм хэмээжээ.
Үүнд Сүн Жян бас тангараг тавьж ийн өгүүлрүүн: - Нэгэнт миний амийг аварч тусалсан бурханы орон мөн тул би амь биеийг хадгалж тэнгэрийн наран саран үзэж явсан цагт энэхүү сүмийг эрхбиш эргэж ирээд тайж тахих ба зул хүж өргөж чин үнэнээр залбиръя хэмээн мөргөж одоо явах хэмээн Хуан Доу Чүнь хотын дотор орохыг завдсанд тэр хотоос Жоу Янь, Жоу Дэ хоёр олон цэргээ авч Сүн Жян-ыг үзээд их дуунаар хашхиран өгүүлрүүн: - Сүн Жян чи эдүгээ бас хаана явмуй, түр хүлээж байгтун хэмээсэнд Сүн Жян аяа би бас бурханы авралаар амь гарав хэмээн санасан бөлгөө. Эдүгээ үхэх цаг хүрч ирэв хэмээн зугтан явж нэгэн хэсэг шугуй модонд орж нуун харж байтал, тэдгээр цэргийн өмнөөс хаанаас ирснийг мэдэхгүй тосож байлдахад албаны дөчин хэдэн цэрэг зүг бүр амь буруулан зугтав. Тэндээс Жоу Янь бас буруулан явж Сүн Жян-ы нууж байсан сүмийн үүдэнд очиж амь аврагтун хэмээн мөргөж байтал, үүнийг Сүн Жян үзвээс Жоу Янь-ийг хөөж яваа хүмүүний дуу нь маш өндөр бүхий бие нь нүцгэн хоёр гартаа балт их сүх барьсан хүмүүн буй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, тэр цаг Сүн Жян-ы хойноос Лян Шань уулын Чоу Кэй нар Ли Гүй нарыг илгээж зам угтуулсан нь эдүгээ албаны цэрэг нартай учирч байлдсан билээ.
Тэндээс Ли Гүй тэр албаны цэргийг их төлөв зугтаж явсныг мэдээд Жоу Янь-ий хойноос тэр сүмд ирж даруй барин авч бие толгойг салгав. Үүнд бас хэдэн сайн эрс Ли Гүй тэд нар лугаа байлдахыг үзэж бүгдээр хавсран алах хамт тус тус цэргийн ардыг хөөж их төлөв алж дуусаад бага төлөвийг алдав. Үүнд эдүгээ бид нэг цэргийн даргыг Ли Гүй алав. Одоо бид цэргийг алж дуусав. Гагцхүү Сүн Жян ахын бие хаана буй хэмээн хэлэлцэж эрэн явав. Энэ бүгд Лян Шань уулнаас бууж ирсэн чухам хэнэ хэн буй хэмээвээс Пан, Доу Ён Фань, Лю Тан, Ши Ён, Ли Ли энэ зургаа билээ. энэ ах дүү нар Сүн Жян-ыг эрж явтал Ши Ён өгүүлрүүн: - Дүү нар та байз энэ шугуй модны дотор нэгэн хүмүүн харагдмуй. Тэр юун хүмүүн буй очиж үзсүгэй хэмээгээд очиж үзвээс Сүн Жян ах мөн тул шууд довтлон очиход Сүн Жян эднийг уулнаас бууж ирснийг яахин мэдмүй. Тиймийн тул маш айж байтал Ши Ён өгүүлрүүн: - Эрхэм ах чи бүү айгтун. Бид нь чиний дүү нар хэмээсэнд Сүн Жян даруй хойш харж үзвээс тэр нь Ши Ён, түүний хойно нь бас таван сайн эрс бүгдээр ирж Сүн Жян-д ёсолж өгүүлрүүн: - Бид нь Чоу Кэй ахын зарлигаар ах таны хойноос ирээд чимээг сонсвоос энэ Хуан Доу Чүнь хотод оров хэмээн сонсоод эрж явтал харин таны хойноос Ён Чэнь Хянь-ий яамнаас ах дүү Жоу Янь, Жоу Дэ хоёр дөчин хэдэн цэрэгтэй хөөж яваа учрыг мэдээд бид Жоу Янь энэ сүмийн дэргэд алав. Цэргийг их төлөв алаад багыг алдав. Бас Жоу Дэ хулгайг олж чадсангүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү нар эс ирсэн бөгөөс энэ өдөр миний амь гэтлэх ёс үгүй тэнгэр намайг өршөөж тусалсан нь дээр Дара эх бурхан аврав хэмээсэнд тэдгээр зургаан ах дүү өгүүлрүүн: - Бид нэгэн салаа замаар явж энд ирэв. Дай Жүн ах баруун замаар явж таны Ён Чэн Хянь хотод очиж таны биеийг тагнаж явсан хэмээсэнд Сүн Жян яахин сүмд буруулан орж суусан ба, бас дара эх бурхан лугаа зүүдээр учирсныг тэдгээр зургаан дүү нартаа хэлэхийг нарийнд өгүүлж яахим. Өгүүлэх нь, Дай Жүн тагнуулаар Ён Чэн Хянь-д очсон эл учрыг бүрнээ сонсоод Лян Шань Пү уулнаа нисэх мэт өдөр шөнөгүй довтлон явж Чоу Кэй нарт хэлсэнд тэдгээр сонсоод маш айн цочиж бүгдээр цэрэглэн уулнаас бууж ирэв.
Тэндээс удалгүй довтлон ирж Хуан Доу Чүнь хэмээх хотын гадуур хүмүүнээс зангилж асууж явтал нэгэн хүмүүн өгүүлрүүн: - Урьд өдөр ямар учир болсныг мэдэхгүй гэв гэнэт манай энэ хотын дотор хоёр талаа үл таних цэрэг жанжин нар байлдаж нэлээд хүмүүн алав гэнэм хэмээсэнд Чоу Кэй энэ үгийг сонсоод шууд Хуан Доу Чүнь хотод орж Сүн Жян нарыг эрж явтал тэдгээр долоон ах дүү нэгэн шугуй модонд нуун сууж баймуй. Үүнийг Чоу Кэй нар үзээд даруй ирж Сүн Жян-д ёслон өгүүлрүүн: - Ах чи ер хүмүүний үгийг ямагт үл дагамуй. Би чамайг эс уулнаас бууж Ён Чэн Хянь-д очих тухайд би эс хэлэв үү. Ганцаар явж болохгүй хэдэн жанжин авч очигтун хэмээсэн биш үү одоо ямар болов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Би нь гагцхүү журам дагаж эцэг дүү хоёроо авах хэмээсэн билээ. Арга буюу ийм хэрэг тохиолдов. Эдүгээ сайн дүү нарын ачаар амь гарав хэмэсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Ах чиний эцэг Сүн Тай Гүн, дүү Сүн Гин хоёрыг бид Дай Жүн-ийг илгээж нэгэнт уулнаа аваачсан хэмээсэнд Сүн Жянь маш баярлан тэнгэр дэлхий ба дара эхийн сүмд дөрвөн зүг мөргөж морин дээрээ унаж Лян Шань уулнаа явав. Удсангүй Лян Шань Пү уулын алт хуваах хороонд ойр болмогц ууланд үлдсэн Ү Сюай Гоу нарын хэдэн Жюнь Ши бууж ирээд тэнд угтав. Цөм тэнд учраад уулын орой дээр гарч орд харшдаа орж их танхим дээр Сүн Жян-ыг суулгаж ёсолсонд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар над ёслох нь юу. Гагцхүү эцэг Сүн Тай Гүн, дүү Сүн Гин хоёр хаана буй хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Ахын эцэг Сүн Тай Гүн, Сүн Гин хоёрыг авчирч Сүн ахад учруулъя хэмээсэнд залж авчраад танхим дээр ирсэнд Сүн Жян даруй босож өвгөн эцгээ дээр суулгаж ёслон мөргөсөнд олон жанжин Чоу Кэй тэргүүлэн бүгдээр сөгдөн мөргөв. Үүнд Сүн Жян дүү Сүн Гин-ээ олон жанжин дарга нарт ёслон мөргүүлж тус тус ширээ сандал дээр сууж энгийн үг хэлэлцэн Сүн Жян ахыг олж Ён Чэн Хянь-ий дарга Жоу Янь-ийг алсан ба, бас цэргийг их төлөв алсан учрыг хэлэлцэхийн улам Сүн Тай Гүн ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү нар бүгдээр сонс. Миний хөвгүүн Сүн Жян урьд хотод байх цагт эмээ алж оргон гараад үүн лүгээ гурван удаа амь алдахад хүрэв. Гагцхүү эрхэм дүү нарын хүч чадлаар амь нь гарч эцэг хөвгүүн бид гурав энд учрав. Түүнээс гадна Жань Жоу-д цөлөгдөхөөр ирж урвасан бичиг бичсэн нь Дунжинь-д мэдүүлж манай эцэг хөвгүүн хоёрыг өдөр шөнийн цаг Жоу Янь, Жоу Дэ энэ хоёр ах дүү хэдэн цэргийн хамт сахиж гагцхүү Жань Жоу-гоос бичиг ирэхийг хүлээн байтал, энэ Сүн Жян бид хоёрыг авахаар очсоныг олон цэрэг мэдэж барих хэмээтэл үүнийг бид хоёр хөөж явуулав. Тэндээс тэр ах дүү хоёр Я И хотын цэргийг бүгд авч Сүн Жян-ы хойноос хөөж хотод цэрэг үгүй болмогц энэ Дай Жүн даруй очиж бид хоёрыг үг хэлгүй өдөр шөнөд довтлон явж гэрийн доторх хогшлыг хураан аваад орон хашааг гал тавьж ирэв. Эдүгээ эцэг хөвгүүн бид гурав ба, бас та бүхэн лүгээ эртний хувь зохиолоор энд учрах хэрэгтэй ажгуу хэмээн бүгдээрт ёсолсонд Чоу Кэй тэргүүлэн олноор хариу ёсолж мөргөв. Үүнд одоо баярын хөгжим хийх хэмээн үхэр хонь, гахай, нугас тахиа тэргүүтнийг алж их ширээ засаж хурим бэлтгэв.
Тэндээс гурван өдөр найрлаад жарган сууж байтал, урьд Жань Жоу-оос авчирсан Гүн Сүн Шэн хэмээх Шянь Шан гэнэт санаа алдаж ийн өгүүлрүүн: - Эрхэм ах нарт би нэгэн үг айлтгая. Эдүгээ миний нутаг Ги Жоу хотод гагцхүү хөгшин эцэг эх хоёр үлдсэн нь өчүүхэн би энд ирээд ах нарын өршөөлд шүтэж нэлээд хэдэн жил болов. Эдүгээ би уг нутагтаа буцаж хөгшин эцэг эхээ эргэж ирвээс зохимуй. Ах нар өршөөвөөс хэдэн сарын хугацаа өгвөөс болох уу хэмээсэнд Чоу Кэй Сүн Жян нар зөв зөв хэмээн ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм дүү хэдэн жанжин авч хамт очиж үзээд зуу хоногт эргэж ирэгтүн. Хэрвээ зуу хоногт эргэж ирж эс чадваас бид таны хойноос цэрэглэн очиж хөгшин эцэг эхийг авчиръя хэмээсэнд Гүн Сүн Шэн өгүүлрүүн: - Ах нар бүү сэжиг санагтун. Дүү би ганцаар очиж эцэг эх лүгээгээ учраад удалгүй ирмүй. Түүний гадна миний эх олон хүмүүний бараа харахгүй зүрх нь түгших эр хүмүүнээс айх тийм хүмүүн тэднийг авчирч яахим. Тэндээ тариалан тарьж амь зуудаг. Гагцхүү эцэг эх хөвгүүн болсон нь маш хүнд тул тэд намайг мөрөөдөн санах төдийгүй би басхүү өдөр шөнийн бодлого эдүгээ би явъя хэмээсэнд Чоу Кэй, Сүн Жян олон жанжин мөн хэмээн дахин ширээ засаж хундага бариад уулнаас даруй бууж алт хуваах харшид бүгдээр үдэж архи барин дахин дахин бушуу ирэгтүн хэмээн захив.
Тэндээс тэр Гүн Сүн Шэн-д Чоу Кэй замдаа хүнс хийгтүн хэмээн нэлээд алт мөнгө өгсөнд Гүн Сүн Шэн авахгүй хэмээсэнд Сүн Жян эрхбиш хагас хувийг авагтун хэмээсэнд аргагүй бага авч ёс ёслоод Ги Жоу-ын зам хөөж ганцаар явав. Тэдгээр Чоу Кэй нар ууландаа харьж ирэв. Үүнд Ли Гүй хэмээх Си Сюай ван харанхуй хуй салхи тэр өдөр Гүн Сүн Шэн-ийг үдэж гаргаад буцах замд сэтгэл нь хөдөлж маш их уйлан явахад Чоу Кэй өгүүлрүүн: - Эрхэм дүү чи ямар учирт яахин ийнхүү уйлав хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Хүмүүнд эцэг эх буй атал надад яахин үл байх буюу. Би газар дэлхийн шорооноос гарсан хүмүүн бус надад нэгэн хөгшин эх буй тэр нь уг нутагтаа хүмүүний ажил хийж зарцлагдан сууж маш их зовлон эдэлж байгаа. Тиймийн тул би очиж хөгшин эхээ энд авчирч хэдэн хоног боловч сэтгэлийг нь амар байлгаж өнгөрүүлбээс сайн асан хэмээхэд Чоу Кэй өгүүлрүүн: - Энэ хэрэгт юу зовох. Дүү чи бүү уйл. Бид олноор зөвлөн чиний биеийг хэдэн жанжинтай явуулж хөгшин эхийг чинь авчруулъя хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү энэ Ли Гүй-г тавин явуулж үл болмуй. Учир юу хэмээвээс үүний зан нь догшин харгис ер хүмүүний үгэнд үл ормуй. Үлгэрлэвээс хуурай модонд гал тавих лугаа адил. Дээр Жань Жоу-оос газар газар бичиг тараасан Ли Гүй-г үл таних хүмүүн цөөн. Хэрвээ баригдваас тэр цагт бид яахин үүний амийг авч чадмуй бас уг нутаг нь алсалсан бөглүү хол дээр энэ очиж ямар хэрэг дэгдээхийг болзвоос болохгүй хэмээсэнд Ли Гүйийн уур нь хүрч өгүүлрүүн: - Сүн Жян ах чи өөрийн эцэг дүг авчраад сэтгэл амран жаргаж бөгөөтөл би яахин хөгшин эхээ авчирч үл болмуй хэмээх зэрэг олон үг хэлж маш уурссанд Сүн Жян аргагүй өгүүлрүүн: - Мэргэн дүү чи эрхбиш явна хэмээх ахул би чамд гурван зүйлийн үг өгүүлье хэмээсэнд Ли Гүй-ийн уур нь гал адил бадарч гэдэсний дотор багтахгүй болов. Энэ нь чадлаар тэнгэрээс гар гаргаж газрын хөрсийг хөдөлгөх ба, Шань ууланд ирж барс лугаа ноцолдох хэмээсэн лүгээ адил болжээ. Сүн Жян, Ли Гүй-д чухам ямар зүйлийн гурван үг холбож хэлэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 1 )
Хэнд хэрэгтэй хүйтэн зохиол вэ