Цар тахлын үед засаг солигдож, шинэ засгийн газар бүрдээд байна. Засаг солигдох нэг хэрэг. Буурахгүй эрчээ авсаар буй цар тахал гэдэг бол өөр хэрэг. Ялангуяа хүн ам багатай, нийслэл хотод төвлөрөл их, эдийн засаг чадуу Монгол Улсад тахлын ерөндөг болсон вакцин гэдэг бол чухал асуудал. Засаг солигдохоос зүг өмнө монголчууд бид америкийн хоёр, Их Британийн нэг вакцин авахаар бүртгүүлчихсэн. Pfizer, Moderna, Astrazeneca компанийн дээрх вакцинууд COVAX хөтөлбөрт багтсан болохоор тусламжаар авах манайх шиг улс бүртгүүлэхээс өөр сонголтгүй байлаа. Гэхдээ ямар ч улс бүх нийтийг вакцинжуулахаас өмнө клиникийн туршилтад хамруулж, хэдэн үе шаттайгаар, хэдий хугацаанд иргэдээ хамруулах вэ гэдгээ нарийн судалж байгааг сануулах нь зүй. Хөгжингүй европын голдуу зарим улс вакцинжуулах асуудлыг Засгийн газар нь хариуцаж байгаа бол азийн ихэнх орнууд эрхлэх асуудлынх нь хүрээнд Эрүүл мэндийн яам нь хариуцаж байна. Нийлүүлэх эхний тунг клиникийн туршилтад хамруулж үр дүнг нь нийтэд мэдээлсний дараа вакцинжуулах товоо зарлаж байгаа аж. Нийтэд мэдээлээгүй тохиолдолд гарах үр дагаварыг нь эрхэлсэн субъект нь хариуцдаг нийтлэг жишиг байна. Олныг үл нуршин бидний сонгоод буй вакцин, вакцинжуулалтын талаар өгүүлье
БИД ЧУХАМ ЯМАР ВАКЦИН СОНГОВ
Засгийн газар цулбуураа шилжүүлэх яг долоо хоногийн өмнө бүр тодруулбал нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улс Pfizer, Moderna, Astrazeneca гэсэн гурван вакциныг албан ёсоор бүртгэсэн. Тухайн цаг үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан “Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна" гэж байв. Улсын онцгой комиссын дэргэд коронвавирусний вакциныг судлах, халдварт хэрхэн нөлөөлж байгааг харьцуулах үүднээс эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд байгуулагдсан уг зөвлөл вакцины тайлангуудыг харьцуулан судалж буй бөгөөд вакцин ирсний дараа тандалт судалгаа хийх аж.
PFIZER
Бид л нэг нэршилээр бүртгэж авсан болохоос энэ бол хоёр улсын, хоёр өөр компанийн хамтран хөгжүүлж буй вакцин юм. АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн уг вакцин нь 90 хувийн үр дүнтэй байгааг клиникийн туршилтын үеэр дэлхий нийтэд зарлаж байв.
Эхэндээ 100 хүрэхгүй хүн дээр туршиж байсан ч туршилтын явцыг хурдасгаж, яаралтай үед ашиглаж болох эсэхийг судлахад эерэг үр дүнтэй гарсан тул он солигдохын өмнөхөн ДЭМБ албан ёсоор бүртгэж авсан юм. Вакцины тайлан мэдээллээс харахад 2021 оны нэгдүгээр сарын байдлаар 95 хувийн үр дүн байгааг дурджээ.
Вакциныг 21 хоногийн зайтай хоёр удаа гарын булчинд тарих ёстой. Вакцин хийлгэсэн хэсэгт улайх, хавдах, шархирч өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бол тухайн хүний биед хүйт оргих, ядрах, толгой хүчтэй өвдөх зовуурь мэдрэгдэж байгаа аж. Дээрх шинж тэмдгүүд бүгд хоёр тун вакциныг хийсний дараа гарч байгааг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан дээрх шинж тэмдэгүүд 3-5 хоног мэдрэгддэг гэж судалгаанд дурдсан байна. Маш бага тохиолдолд тухайн хүний бие эрс муудах, амьсгалын дутагдалд орох шинж тэмдэг илэрдэг аж. Бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул 16-аас дээш насны хүмүүст уг вакциныг тарих зөвлөмжийг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Европын холбооны эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Одоогоор дэлхийн 54 улс дээрх вакциныг сонгож клиникийн туршилтад хамруулан, эхнээсээ вакцинжуулаад эхэлжээ. Вакцины хадгалах нөхцөл хүнд тул тээвэрлэлтийн зардал нэмэгдээд нэг тун вакцины үнэ анх төлөвлөж байсан 30-аад ам.доллароос ч нэмэгдэх магадлалтай.
MODERNA
АНУ-ын “Moderna” компанийн дээрх вакцин бүтцийн хувьд Pfizer компанийн вакцинтай төстэй “mRNA” төрлийн вакцин юм. Аденовирус дээр суурилсан хүний дархлаанд нөлөөлдгөөрөө онцлогтой. Долоодугаар сарын сүүлээр гурав дахь шатны туршилт эхэлж 30 гаруй мянган сайн дурынхан хамрагджээ. Компанийн зүгээс гурав дахь шатны судалгааг залуу болон хөгшин насныханд харьцуулсан байдлаар тарьж судалгаа хийсэн байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн тал хувьд шинж тэмдэг буурах, тайвшрах шинж тэмдэг илэрч байжээ. Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст харьцуулсан шинжилгээ авахад хийлгэсэн хүмүүсийн эдгэрэлтийн хугацаа дунджаар гурав хоногоор наашилсан дүн гарсан байна. Уг вакциныг 28 хоногийн зайтай хоёр тунгаар булчинд тарих бөгөөд вакцин хийлгэсний дараах сөрөг нөлөөлөл нь “Pfizer” компанийнхтай төстэй. Вакцин хийлгэсэн хэсэгт улайх, хавдах, шархирч өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бол тухайн хүний биед хүйт оргих, ядрах, толгой хүчтэй өвдөх зовуурь мэдрэгдэж байгаа аж. Маш бага тохиолдолд буюу 3-4 хувьд таталт өгөх зэргээр сөрөг нөлөөлөл хүндэрч байгааг тайланд дурджээ. Элэгний бүх төрлийн өвчтэй болон чихрийн шинжин, зүрх судасны эмгэг, уушгины бүх төрлийн өвчинтэй хүнд вакциныг хийвэл аминд халтай гэдгийг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв зөвлөмждөө онцолсон байна. Одоогоор АНУ, Канад, Дани, Болгар тэргүүтэй дэлхийн 13 улс дээрх вакциныг клиникийн туршилтад хамруулаад вакцинжуулахаар болжээ.
ASTRAZENECA
Их Британи, Шведийн хувь нийлүүлсэн AstraZeneca болон Оксфордын их сургуулийн дээрх вакцин нь аденовирус дээр суурилсан гэдгээрээ дээрх хоёр вакцинтай төстэй ч зарим талаараа өөр. Дээрх вакциныг мөн адил хоёр тун хийх бөгөөд эхний тунг хийснээс 4-12 долоо хоногийн дотор дараагийн тунг хийх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хоёр дахь тунг хийх хугацаа харилцан адилгүй байна гэсэн үг. Тус вакцинд агуулагдаж буй аденовирус нь дотроо коронавирусний генийг агуулсан байх бөгөөд хүний биед ормогцоо үржиж улмаар эсрэг биет үүсгэдэг аж. Энэ процесс нь дээр дурдсан хоёр вакцинд ч адилхан явагддаг. Вакцины үр дүнгийн хувьд дээр дурдсан хоёр вакцинаас арай бага буюу 50-62 хувийн үр дүнтэй ажээ. Вакциныг европ, латин америкийн ихэнх улсуудад 18-аас дээш насны хүмүүст хийхийг зөвлөж байгаа. Эмнэлзүйн хувьд хэдий хугацаанд дархлаа тогтоодгыг тодорхойлоогүй бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүсийг нэг жилийн турш ажиглах замаар дархлааны үргэлжлэх хугацааг тодорхойлох ажээ. Бразилд тус вакцины клиникийн туршилтын үеэр хүний амь нас хохирсон удаатай. Гэхдээ вакцин хөгжүүлэгчдийн зүгээс энэ нь тухайн вакцинтай холбоогүй гэж мэдэгдсэн нь олон хүний эргэлзээг дагуулсан. Вакцин хийлгэсний дараа тухайн хэсэгт загатнах, хавдах шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн цээж хөндүүрлэх шинж тэмдэг ажиглагдсан байна. Хавсарсан хүнд өвчтэй хүнд дээрх вакциныг хийвэл сөрөг нөлөөлөл илүү хүндэрч болзошгүйг тайланд дурджээ. Одоогоор Энэтхэг, Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Англи, Шотланд, Умард Ирланд, Уэльс, Бразил, Марокко, Мьянмар, Сейшелийн арлууд, Шри Ланка улсууд вакцинжуулахаар сонгоод байна.
БИДНИЙ ТҮШИХ COVAX
Вирус дэгдэж, дэлхий дахиныг хамарсан цар тахал болж эхэлмэгц вакцины талаар ярьж, дуугарч эхэлсэн. Хөрөнгө чинээ ихтэй улсууд 2020 оны хоёрдугаар сараас судалгааны ажилдаа орж хагас жил хүрэхгүй хугацаанд клиникийн туршилтад шилжжээ. Энэ бол урьд хожид дэлхий хэмээх гарагт байгаагүй үзэгдэл. Үүнд хөгжингүй орнууд манлайлал үзүүлж оролцохын зэрэгцээ ядуу буурай орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор COVAX хөтөлбөрийг үүтгэжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ оны эцэс гэхэд дэлхийн 92 ядуу буурай улс оронд 1.8 тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвлөгөөтэй. Ингэхдээ тухайн улс орнуудын хүн амын 20 хувьд хамруулахаар тооцоолжээ. Хөтөлбөрийн удирдамжид заасны дагуу галын фронтод, тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын, төрийн бусад алба хаагчдад, түүнчлэн 65-аас дээш насны өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амд вакцин хийлгэх тухай заажээ. Одоогоор Их Британи улс уг хөтөлбөрт 734 сая ам.доллар хандивласан бол АНУ дөрвөн тэрбум ам.доллар хандивлаад байна. Хөтөлбөр анх байгуулагдахдаа Pfizer-BioNTech болон Astrazeneca компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт Pfizer-BioNTech компаниуд 40 сая тун вакцин COVAX хөтөлбөрт нийлүүлнэ гэдгээ албан ёсоор зарласан. У.Хүрэлсүхийн засгийн газар ч, шинээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ч эхний улиралд багтаан вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж яриад байгаа. Гэвч бодит байдлыг харвал хэцүү бололтой. Учир нь вакцины эрэлт нэмэгдэхийн хэрээр хомстол үүсэж буйтай холбоотой юм. Алдарт The Economist сэтгүүл вакцины нийлүүлэлт, нэгж вакцины тээвэрлэлтийн зардал зэргээс шалтгаалан 2022 оны сүүл гэхэд Монгол Улс бүрэн вакцинжуулж дуусгана гэх тооцоолол гаргаад байна.
ВАКЦИНЫ ХОМСТОЛ ҮҮСЭХ ҮҮ
Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны зүгээс вакцины эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан вакцины хомстол үүснэ гэдгийг анхааруулсан. Өвчлөл, нас баралт зэргээрээ дэлхийд тэргүүлж буй АНУ-д вакцины хомстол бодит аюул болоод эхэлжээ. Тиймээс вакцин үйлвэрлэлийг нэмэгдүүлэх уриалгыг эрх баригчдын зүгээс тодорхой компаниудад өгч буй. Британийн зарим муж, Польшийн зарим нутагт вакцины хомстол үүссэн гэдгийг Financial Times мэдээлээд байна. Энэ нь ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэх зорилготой COVAX хөтөлбөрт сөргөөр тусаж болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Учир нь энэ хөтөлбөрийн хүрээнд Индонези улс 23.1 сая тун, Пакистан улс 17 сая тун, Латин Америкийн улс орнуудад 35.3 сая тун вакцин нийлүүлнэ. Манайхны эмийн бүртгэлд хамруулсан Astrazeneca компанийн вакцин ДЭМБ-аас албан ёсны зөвшөөрөл аваагүй байгаа тул вакцины нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Энэ долоо хоногт багтан ДЭМБ-аас албан ёсны зөвшөөрөл олгох хүлээлттэй байгаа ч асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа тул Латин Америкт нийлүүлэх 35.3 сая тун вакцин ДЭМБ-ын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн үг.
ШИНЭ ЗАСГИЙН САНАХ ЁСТОЙ ЗҮЙЛ
Олон улсын туршлагыг харахад манайх шиг улсууд вакцинжуулалтын асуудлаа Эрүүл мэндийн яамандаа хариуцуулдаг жишиг байна. Вакцинжуулалт эхлүүлэхээс өмнө нийлүүлэлтээр ирсэн вакцинуудыг клиникийн туршилтад хамруулж, 2-3 долоо хоногийн дотор вакцины сөрөг нөлөө, биед үзүүлэх нөлөөлөл, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тайлан мэдээг олон нийтэд ил мэдээлдэг аж. Хэрэв тухайн вакциныг хийлгэхэд сөрөг нөлөөлөл үүссэн бол мэдээлэл ирүүлэх тусгай цахим хуудас хүртэл ажиллуулж байна. Клиникийн туршилт хэр зэрэг хурдан хугацаанд хийхээс шалтгаалан вакцинжуулалтын товыг тогтооно. Ялангуяа бидний сонгоод буй Pfizer, Moderna, Astrazeneca компанийн вакцинууд зарим тохиолдол хүний биед маш сөрөг нөлөөтэй гэх дүгнэлт гарсан тул Монгол Улсад клиникийн туршилт зайлшгүй хийх ёстой. Дурдах ёстой бас нэг зүйл байгаа нь COVAX хөтөлбөрт багтсан орнууд хүн амынхаа 20 хувийг вакцинжуулна гэж тооцсон. Ингэхдээ тэргүүн эгнээнд зүтгэж буй эмнэлгийн болон төрийн бусад алба хаагчид, 65-аас дээш насны хүмүүст вакцинжуулна гэж тооцож буй. Манай улс нэгэнт гурван вакцин сонгоод бүртгэлжүүлсэн тул дээрх гурван вакцинаар бүх нийтийг вакцинжуулна гэж ойлгогдохоор байна. Тиймээс вакцинжуулалт удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Энэ тохиолдолд The Economist сэтгүүлийн тооцоолол үнэний ортой байж мэдэх юм. Өмнө өгүүлсэнчлэн тэд биднийг 2022 он сүүл гэхэд бүх нийтийн вакцинжуулалт эцэслэнэ гэж тооцоолсон билээ. Одоогоор вакцинжуулалт хийхээр болсон 60 гаруй улсаас гагц Серби л манайх шиг гурван төрлийн вакцин сонгоод байна. Улс орнуудыг харахад вакцинжуулалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах, COVAX хөтөлбөр болон хомстол үүсэх зэрэг эрсдлээс шалтгаалан вакцин нийлүүлэх стратегиа шинэчлэн, бодлогоо өөрчилж байна. Вакцинжуулалт, түүнийг хэрхэн төлөвлөх нь шинэ Засгийн газрын өмнө буй хамгийн том сорилт юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
уНГАР УЛС ЭМ ҮЙЛДВЭРЛЭХ ТАЛААРАА ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ОРДОГ ОРОН ТЭД ОРСЫН ВАКЦИНЫ СОНГОСОН БАЙГАА ТЭДНИЙ БАЙДАЛ УЧРЫГ СОНИРХМООР БАЙНА
Энэ нэг балай юм вакцин хийнэ гээд байгаа ч юм шиг хийхгүй гээд байгаа ч юм шиг хийх гэж байгаа вакцин нь ирэх гэж байгаа ч юм шиг ирэхгүй хомсдолд орсон ч юм шиг ирсэн хойноо сөрөг нөлөөтэй ч вм шиг зүгээр ч юм шиг хүмүүсийн толгой эргүүлэх айдас төрүүлэх маягаар бичсэн байна. Хаанахын ямар даалгавартай нийтлэл болохыг шалгачихад гэмгүй гол нь хэн бичсэнийг тодруул.