Шинэ засаг шинэ бүтээн байгуулалт хийх болсноо зарлалаа. Өчигдөр барилгын салбарынхантай уулзахдаа “Залуус” хороолол барихаар болж түүнийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр суусан “шинэ” бөгөөд хуучин сайд Ц.Нямдорж хариуцах юм байх. Түүнээс гадна чинээлэг дундаж давхарга бий болгохоос гадна бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ гэнэ. Олон жил ярьсаар лоозон төдий болсон энэ үгэнд итгэх хэр олон хүн байгаа нь өөрөө асуулт. Бүтээн байгуулалт өрнөж, чинээлэг дундаж давхарга бий болгох нэг хэрэг. Харин бүтээлч үйлдвэрлэл байхгүй, гаднын тусламжийг горьдож суудаг манайх шиг оронд бодит ажил хэрэг болгох өөр хэрэг. Ядаж байхад шил, шилээ дарсан олон арван өр биднийг хүлээж байдаг. Эхлээд өр дарах, дарах мөнгө олох хэрэгтэй. Харин дараа нь олон арван бүтээн байгуулалтаа ярьж болох юм. Шинэ засгийн өмнө буй олон сорилтын хамгийн чухал нь басхүү хамгийн ноцтой нь шилээ дарсан олон өр. Үүнийг шийдэх, эс шийдэхээс засгийн цулбуураа атгах, Монгол Улс дампуурчихгүй үлдэх эсэх шууд хамаарна.
Өр хөврөл
Засгийн толгой дүрээ өөрчилсөн ч өмнө ч байсан, одоо ч байгаа нэг асуудал бол өр. Нэг ёсондоо ардчиллыг тулгандаа ноцоосноос хойш Монгол Улс өр хөвөрсөөр хөвөрсөөр өр хөврөл болж хувирчихаад байна. Магадгүй энэ засгийн эдийн засгийн бодлогыг гурван үгээр тодорхойл гэвэл өр, өр, өр ч гэж тодорхойлж болно. Уул уурхайгаа дагасан эдийн засагтай, түүнийгээ дагасан улс төртэй Монгол Улсад цар тахал дэндүү хангалттай сүүдрээ тусгасан. Одоо ч тэр сүүдэр арилаагүй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4 хувиар буурчээ. Тэр дундаа манай эдийн засгийг нуруун дээрээ үүрч байдаг нүүрсний салбар 5.6 хувиар буурсан нь эдийн засгийн үзүүлэлтийг бууруулахад хангалттай байлаа. Улс төрийн сэдвүүд саарал ордон дотор эд өрнөж байхтай зэрэгцэн цар тахлын улмаас бидний зээлсэн бондуудын ханш савлагаатай байсан. Одоо гол асуудалдаа оръё. Энэ онд бид 500 сая ам.долларын гадаад бондын өр төлнө. Энэ бол бидний төлөх өр төлбөрүүдийн ердөө эхлэл нь Манай улс 2021 оноос эхлэн дөрвөн жил дараалж нийт 2.9 тэрбум ам.доллартой тэнцэх дөрвөн том бондын өрийг төлөх ёстой. Дээрээс нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрийн зургаан их наяд төгрөгийн асуудал бий. Бондуудын өр гээд л яригдаад байгаа болохоос хамгийн эрсдэлтэй, магадгүй сөхрөөд уначих боломжтой өр бол Ардын банкын байгуулсан своп хэлцэл. Энэ гэрээний хугацаа 2023 онд дуусна.Яг есөн жилийн өмнө своп хэлцэл хийх гэрээнд гарын үсэг зурж байлаа. Энэ хугацаанд манай талаас хугацааг гурван ч удаа сунгаж, мөнгөн дүнг ч мөн адил гурван удаа нэмэгдүүлсэн юм. Анх своп хэлцэлд гарын үсэг зурснаас яг нэг жилийн дараа 2012 онд мөнгөн дүнг манай талаас хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон юм. Дараа нь дахиад хоёр жилийн дараа хэлэлцээрийн хугацаа дуусах болоход гурван жилээр сунгаад, нэмээд таван тэрбум юань нэмсэн байдаг. Ингээд нийт өрийн хэмжээ 15 тэрбум юань болсон гэсэн үг. Гурван жилийн хугацаа 2017 онд дуусахад манай талаас дахин гурван жил сунгах хүсэлт гаргаж үүнийг нь Хятадууд нэлээд дурамжхан, уцаартайхан хүлээж авав. Бүр дахин сунгах тухай асуудал байхгүй гэж хүртэл мэдэгдэж байлаа. Гэхдээ нэгэнт нэг тал нь чадамжгүй учраас энэ жил дахин хэлэлцээд хугацааг нь 2023 он хүртэл сунгаж орхисон билээ.
Өнгөрсөн есдүгээр сард У.Хүрэлсүхийн кабинет өрийг өрөөр дарах болсноо палхийтэл зарласан. Сонгуулиар өрийг өрөөр дарахгүй гэж байсан ч бодит байдал дээр май гээд сарвайж бэнчин байхгүй тул энэ замыг сонгохоос өөр арга байгаагүй. Энэ удаад HSBC, JP Morgan, Morgan Stanley, Nomura компаниудтай хамтарч зах зээлээс бонд босгохоор төлөвлөж байгаа. Энэ санхүүжилтээр 2021 онд төлөх 500 сая ам.долларын “Мазаалай” бондын өрийг дарахад зарцуулна.
Тэгэхээр цулбуураа өөр нэгэнд шилжүүлсэн манай Засгийн газар хоёр фронтод зэрэг дайтах хэрэгтэй болж байна. Нэг нь бондын өр төлбөрийг ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдэг асуудал бол нөгөө нь коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг асуудал. Хоёуланд нь Дүрээ сольж, дүрсээ өөрчилсөн ч манай Засгийн газар бэлтгэлгүй. Өмнө нь ч ийм байсаар ирсэн. Бүр гал алдах гээд ирэхийн цагт мөнгө ихтэй түрийвч зузаантай гаднынхныг бараадна. Дээрээс нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн даван туулах, түүнд суурилсан эдийн засгийн бодлого боловсруулах туршлагагүй улс гэж үзэж болно. Тийм туршлага байгаагүйн улмаас бид хөгжлийнхөө оргилд хүрчих улс гүрнүүдийн хямралын үед авч хэрэгжүүлж байгаа бодлогыг даган дуурайх, зарим талаар хуулахаас өөр юуг ч үл хийж байна. Үнэхээр бид дотоод нөөц бололцоогоороо төлөх боломжгүй байсан уу, дандаа л өр тавих юм гэж элдэв өнгөөр өөрсдийгөө тодорхойлсон эх орончид бодож байж болох. Гэхдээ бид үнэхээр чадамжгүй. Учир нь эдийн засаг нь уул уурхайгаа тойрдог, улс төр нь ч уул уурхайгаа тойрдог болохоор тэр. Дээрээс нь экспортын бараа бүтээгдэхүүний төрөлжилт байхгүй. Хамгийн сүүлийн экспортын мэдээллээр 68.5 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаагаас дийлэнхийг нь буюу мөн л 60-аас дээш хувийг нь БНХАУ эзэлж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн нь ч үнэндээ нүүрс, зэс гэсэн хоёр зүйл дээр тогтдог. Дээрээс нь бид чадамжгүйгээ мэдэхгүй баахан халамж, тэтгэмжийн бодлого баримтлаад тараахыг нь тараачихсан учраас ирээдүйн өв санд баялаг биш өр хуримтлагдсан нь энэ. Нэгэнт нэг хөл дээрээ дэнжигнэж буй эдийн засаг тийм их хэмжээний мөнгийг гаргаад байх чадамжгүй гэсэн үг.
Өр хөврөлийн үр дүн
Яг бидэн шиг өрөөс өрийн хооронд, улс төрийн салхинд хийссээр ирсэн Ливан улс дефольт зарлаад удаагүй байна. Дефольт зарласнаас хойш Ливан улс өөдлөөгүй. Нэгэн цагт колоничилж байсан Франц улс нь тусламжийн гараа сунгана гэж ч мэдэгдсэн. Хэрэв хямралаас гаргаж чадахгүй бол Франц улс эдийн засгийг нь сэргэтэл Засгийн эрхийг нь ч авна гэж мэдэгдэв. Гадаадаас тусламж авсаар байгаад сүүлийн 10-аадхан жилийн дотор энэ улсын өр 90 тэрбум ам.доллар болчихсон. Дээр нь энэ онд евро бондын 1.2 тэрбум ам.долларын өр төлбөр төлөх байсан тул ийнхүү аргагүйн эрхэнд дефолт зарлахад хүрсэн юм. Арга ч үгүй юм даа. Гаднын элдэв бонд босгож өр цуглуулсан энэ ард түмэн хэтэрхий ойлгомжгүй газрын тосны салбараа ч, өдрөөс өдөрт төсөвт өртөг нь нэмэгдэж буй эрчим хүчний салбараа ч өндийлгөж чадаагүй. Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб дефолт зарласан шалтгаанаа улс орныхоо тулганы галыг унтраачихгүй, ард түмнээ хоослохоос урьдчилан сэргийлсэн үйлдэл гэж тайлбарласан. Хэдийгээр Ливаны банк санхүү, худалдаа, тээвэр, харилцаа холбооны томоохон компаниуд дефолт зарлахаа азнаад хувийн компани, санхүүгийн нэгдлүүдтэй хамтран зээлдэгч орнуудтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж үзэж байсан ч Засгийн газар нь эцсийн мөчид дээрх шийдвэрийг гаргалаа. Улс орныхоо эдийн засагтай адилаар Ливаны хувийн компаниуд ч мөн адил гаднын хөрөнгө оруулагчдын халаасан дахь хэдээр л хэтэрхий зөрчилтэй улсдаа оршин тогтнож байгаа. Тус улсын арилжааны банкнууд нэгж хадгаламж эзэмшигчийн авах ёстой дээд дүнг тогтоон, валютын шилжүүлэг хийхийг түр хугацаанд зогсоожээ. Ийм албан бус капиталыг хязгаарлах оролдлого нь эдийн засгийн хүнд байдалд орсон улс гүрнүүдэд л хэрэгждэг гэдгийг санахад илүүдэхгүй.Хэрэв дефольт зарлалаа гэхэд Засгийн тэргүүн нь хэн байхаас үл хамаараад лайг нь ард түмэн бид үүрнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Энэ улсыг ямар болгосноо Нямдорж чи хар.Мэдээж чи ганцаараа биш,хань татах ,тэр бас тэгсэн шдээ гэж барьцах олон нүгэлтэн АН,МАН дотор арзаганаж байгаа.Тэр олон хулгайч одоо энэ их хэл аман дотроос Нямдорж маань увайгүй зан уран аргаараа биднийг хаацайлж аргална гээд орьдон харж байна.Нөгөө талд та бүхэнд талуулж тонуулсан арчаагүй ард түмэн та нарын гэм хэргийн замаар олсон мөнгөний дэргэд хүчгүй гэдгээ мэдээд чамайг яахыг харж Нямка сайд арай ч луй варчдын хэргийг баллахгүй байх гээд горьдож байна
Хоосон цэцэрхэл коммунистуудын бусдаас ялгарах онцлог юм даа.
Аль болох өрийг өрөөр дарахгүй байх боломжоо шинэ ЗГ яаралтай судалж энэ жил 500 саяа дарах хэрэгтэй