Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЯН СЮН СОГТСОН ХОЙНО ТҮҮНИЙ ЭМ ПАНЬ ЧЯО ЮНИЙГ ХАРААХ
ШИ СЮ УХААН ГАРГАЖ ПЭЙ РУХАЙГ АЛАХ
Өгүүлэх нь, Ши Сю энэ Паньгүнг гэрээс гарч явах хэмээн завдаж байтал Паньгүн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи юунд, ямар учирт буцаах хэрэгтэй болов. Гагцхүү бид бүгд нэгэн хамт аж төрөх хэмээн миний хүргэн Ян Сюн лугаа хүж барьсан учирт тийнхүү нэгэн доор сууж ажил хийсүгэй хэмээсэн билээ. Энэ нь гагцхүү мэргэн дүүгийн санаа бус гагц хүмүүнээс сэжиглэж энэ мэт болов. Би нарийн учрыг эдүгээ мэдэв. Тиймийн тул наймаа худалдаа эс хийсэн боловч зүгээр сууж аж төрөх ч бас болох буй за. Юунд уг нутагтаа буцах хэмээн үг хэлмүй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Би нь нэгэнтээ журмыг дагаж, тэнгэрт мөргөөд яахин буруугаар санаж болмуй. Гагцхүү хөгшин эцгээ санах нь маш хэцүү тул эцэг лүгээ авчирсан хойно эргэж ирвээс үл болох юу хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Эрхэм дүү явж болохгүй. Түр миний үгийг дагаж хэдэн хоног саатагтун.Манай энэ хүүхэн болбоос урьд энэ хотын Ван овогт цэргийн даргад нэгэнтээ богтолсон эм бөгөөд эдүгээ заяа нь барагдаж, эрд суух хувь үгүй тул, түүний бие наснаас нөгчөөд эдүгээ хоёр жил болов.Одоо арга буюу гэртээ буцаж ирээд энэ Ян Сюнийг хүчний хүргэн болгож, үүний хамт суулгав.Үүнд өчүүхэн өвгөн би Ван овогтын сайныг санаж, түүний хойноос бага буян үйлдэх хэмээн санасаар маш удав. Эдүгээ би “Бао Вэньсы” хэмээх сүмийн хуушан нараас залж, буян үйлдэж ном уншуулах хэмээсэн билээ. Үүнд эрхэм мэргэн дүү байж, элдэв хэргийг дааж өнгөрүүлэхээс гадна басхүү би нь насан буурай болж, өдөр шөнө зүдэрч нойр хүрэн тэсвэрлэхгүй хэмээн санаж, дүү чамаар гадаад дотоод явдлыг захируулмуй. Чи явж үл болмуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Зүй нь би даруй буцаж явбаас зохих бөлгөө. Эдүгээ өвгөн ах таны захиаг дагаж, би хэд хоног хэрэг дааж дууссан хойно жич явсугай хэмээсэнд Паньгүн даруй явж Бао Вэньсы хэмээх сүмд очиж, хуушан нарыг залж ирэхээр явав.Үүнд нэгэнтэйгүүр Ян Сюн даруй ирж, Ши Сю лугаа учран, үл явах учрыг нэгэнтээ хэлж, яамны алба хэрэг асар үлэмж ер чөлөө гарахгүй, гагцхүү чи гэрийн доторхи элдэв хэргийг дааж байгтун. Түүний гадна хуушан нар хурал ном хийх тул эдний цав цай зэрэг зүйл бэлдэж даагтун хэмээсэнд Ши Сю аргагүй “За хэмээн хүлээн авч хэдэн хоног суухаар тогтов.
Тэндээс Паньгүн даруй явж Бао Вэньсы сүмд хүрч хуушан нар залсанд тэдгээр хуушан нар номын зүйл судар тэргүүтнээр, хэнгэрэг цан, хонх дамраа нэгэн зардас хуушаанд дамнуулж Паньгүнтэй хамт илгээсний дараа нэгэн ном унших хэрэглэл бэлдэх зүс үзэсгэлэн, насан идэр хуушан Паньгүний гэрт ирж дотоод байшинд орж ирмэгц Ши Сю даруй ёсолж, “Номын багш таны лагшин амгалан уу? хэмээн ариун цэвэр дэвсгэр дээр залж суулгасанд тэр хуушан хоёр гараа наманчлан залбирч ийн өгүүлрүүн: - Өчүүхэн Бурханы шавь би олон та бүхний хүчээр бие мэнд, гагцхүү эрхэм өглөгийн эзний бие гэгээн тунгалан амгалан уу? хэмээсэнд Ши Сю хариу ёсолж, дотроо түүний байдлыг үзвээс нүд нь эм хүнээс илүү хурц, сэтгэл нь ариун боловч чанар чухам ямар хэмээн сэтгэж байв.
Тэндээс Ши Сю даруй гарч Паньгүнг дуудаж, ийн өгүүлрүүн: - Паньгүн ах, манай гэрт Бао Вэньсы сүмийн Пэй Рухай хэмээх нэгэн хуушаан багш морилон ирэв хэмээсэнд Паньгүн яаран гарч, Ши Сюгийн суух гэрт ирж орсонд, хуушаан даруй босож Паньгүнд ёслон өгүүлрүүн: - Хуурай эцэг Паньгүн таны лагшин амархан сайн уу? Өчүүхэн хүмүүний сүмд ер тасралтгүй очдог билээ. Энэ хэдэн өдөр ер очсонгүй яаваа? хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Өвгөн эцэг чинь сая нэгэн махны пүүс нээж гаргасан нь ер чөлөө олдсонгүй тул, очиж үл чадав хэмээсэнд тэр хуушаан өгүүлрүүн: - Эдүгээ бидний залсан учир нь Ян Сюн дарга Ван овогтын хойноос буян үйлдэж, ном уншуулах хэмээсэн нь эдүгээ хоногийн тоо гүйцэв үү? хэмээсэнд Паньгүн: - Үнэхээр тийм бөлгөө хэмээсэнд Пэй Рухай даруй нэгэн бага дамнуур авчирч хоёр хуушанаас гоймон ба Дунжин хотоос нэрийн чавгыг авчирч гаргаад, хоёр гараа наманчлан өгүүлрүүн: - Өчүүхэн хөвгүүн хуушаан би хуурай эцэг танд нэгэн хоосон бусын төдий бага бэлэг болгон авчирсан сонин юм гоймон чавга. Үүнийг олдвоос хураан авах болвуу хэмээгээд өгсөнд, Паньгүн өгүүлрүүн: - Энэ нь ямар ёс? Өчүүхэн над бэлэг хүргэж яахин болмуй хэмээсэнд Пэй Рухай хуушан эцэг хөвгүүний ёсоор бэлэг хүргэж авчирсан, өөр учир үгүй хэмээсэнд Паньгүн хүлээн авч Ши Сюд өгсөнд Ши Сю түүнийг хүлээн авч дээд давхарлиг нэгэн байшинд тавьсанд, Пань Цян Юнь мэдээд, ийн асууруун: - Бага авгай, энэ гоймон чавга хэн өгөв? Энэ чавга гоймон ер манай энд байх жимс гоймон бус хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Энэ чавга гоймонг Дунжин хотоос авчирсан сонин юм хэмээн Пэй Рухай хуушан хуурай эцэг Паньгүнд бэлэг хүргэн ирэв хэмээгээд, эм Пань Чяо Юнийг ажиглаж үзвээс тэр өдөр бэлэвсрэл хийж, цагаан өмсөж, чин үнэнээр сүжигтэй байваас зохих билээ.
Харин нүүрэндээн оо энгэсэг тавьж, биеийн зассан нь үнэхээр жигтэй хэрэг хэмээн гайхаж байтал Пань Чяо Юнь эм ийн өгүүлрүүн: - Бага авгай, энэ Пэй Рухай хэмээх хуушаан угаас Зижоү хотын хүмүүн. Эсэн мяндас худалдаж, пүүс нээж байгаад, одоо гэрээс гарч Бао Вэньсы хэмээх сүмд хуушаан болов. Эдүгээ түүний багш нь миний эцгийн шавь . Иймийн тул тэр Пэй Рухай хэмээх хуушаан миний эцгийг хуурай эцэг хэмээн дуудмуй. Түүний гадна тэр хуушаан надаас хоёр нас илүү, би түүнээс хоёр нас дүү тул ах хэмээн дуудмуй. Иймийн тул би очиж учрах хэмээн, дээд давхарлигаас гарч шууд Пэй Рухай хуушааны гэрт ирэв. Үүний хойноос Ши Сю сэмхэн дагаж, гэрийн гадна нь зогсож чагнав. Үүнд Ши Сю Пань Чяо Юнийн хэлэх үгийг их төлөв сэжиглэж мэдээд, эдүгээ юу хэмээхийг сонсох хэмээн ирсэн билээ.Үүнд Пань Чяо Юнь эм даруй орж, тэр хуушаанд ёсолж өргүүлрүүн: - Мэргэн ах хуушаан эдүгээ энэ өдөр өчүүхэн манай гэрт гийгүүлэн ирсэн нь маш сайн. Өчүүхэн дүү би маш баярлав. Гагцхүү гэрийн дотор хэрэг үлэмж болоод би таны сүмд хүж шатааж, бурханд мөргөж чадсангүй хэмээсэнд тэр Пэй Рухай хуушаан өгүүлрүүн: - Мунхаг хуушаан би сүмээс ер гадагш гарах завдал үл олдох тул таны гэрт ирж чадсангүй. Гагцхүү Яаша даргын төлөөнөө түүний хойноос буян үйлдэх, ном унших хэмээн энэ өдөр ирэв. Түүнийы гадна басхүү чамайг Ян Сюн хэмээх шинэ даргатай сэтгэл нэгдэж суув хэмээн сонсоод бас ирэхийг байв хэмээсэнд Пань Чяо Юнь эм өгүүлрүүн: - Тэр нь манай гэрт энгийн хүмүүн лугаа адил.Хэдүй миний зүг нэр холбогдсон боловч ёслон богтолж авсан эр бус хэмээсэнд тэр Пэй Рухай хуушаан өгүүлрүүн: - Нэгэнтээ нэр холбогдсон болбоос эр нь болох тэр бөлгөө. Юунд эр бус хэмээн санаж болох буюу. Гагцхүү би харъяат сүмийн ойр нэгэн их булаг нуурын хөвөөнд сэрүүний байшин барьж, халуун цагт суух хэмээн бэлтгэн, басхүү олон зочид залж ном унших, хурим бэлтгэж, хөгжим үүсгэж хэдэн өдөр найр тавив.Үүнд чамайг дуудах хэмээн их санасан боловч Ян Сюн даргаас баахан зовж дуудан чадсангүй хэмээн хэлэлцээд бас Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Эрхэм ах хуушаан бас миний эцгийн хойноос баахан ном уншиж буян үйлдэхийг мэдээрэй хэмээгээд зардсаа дуудаж, өвөр ханцуйгаар шаазангийн амсар арчиж цэвэрлээд, цай хийж хоёр гараар барьсанд, тэр хуушаан нэгэн гараар цай тосож аваад нэгэн гараар тэр эхнэрийн гараас хошигнон наадаж барьсанд, эхнэр сэтэгэл нь гал мэт дэгдэж, хоёр нүдний хараа нь хялар болоод, хоёр биеэн ширтэж тачаангуйн гал нь бадарч ухаан санаа үгүй болов. Энэ нь үлгэрлэвээс, газрын уур амьсгал дэгдэж тэнгэрийн тунгалаг гэрлийг халхлах лугаа адил болжихуй. Үүнд энэ хоёр үг дуун үгүй байхад Ши Сю сэмхэн үүдний цонхоор харж үзвээс тэр хоёр бие биесийг ширтэж маш ухаан мэдрэлгүй мэт болсонд Ши Сю уур нь хүрч тэсэн ядан даруй сэвхийтэл орж ирэв. Үүнд Пэй Рухай хуушаан даруй шаазантай цайгаан ууж, ийн өгүүлрүүн: - Эрхэм ах юунд ямар хэргээр ирэв? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Би нь ертөнцийн хэрэг учир ах дүү ёс журам, түүний гадна таны унших номын аялгууг сонсохоор ирэв хэмээсэнд, тэр хуушаан өгүүлрүүн: - Би нь гагцаар урьд ирж бурхан шүтээний тахил таваглал зэргийг бэлдэхээр ирэв. Маргааш өглөө олон хуушаан ирж бүгдээр ном уншимуй хэмээсэнд зальхай эм Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Бага авгай чи зоолдогтун хэмээсэнд, тэр хуушаан өгүүлрүүн: - Мэргэн дүү Пань Чяо Юнь чиний энэ бага авгай хэмээгч чамтай ямар төрлийн хүмүүн буй? хэмээсэнд Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Энэ нь миний эдүгээ сууж буй нөхөр Ян Сюн лугаа тэнгэрт мөргөж сүж барьсан ах дүү хэмээсэнд, тэр хуушаан яаран босож ийн асууруун: - Тийм бөгөөс эрхэм ахын уг нутаг, гэр орон, нэр овог, чухам хаана суудаг, хэн хэмээдэг? хэмээсэнд Ши Сю уур нь хүрсэн боловч нэгэн удаа хүлцэж, тэр хуушаанд ийн өгүүлрүүн: - Чи нь гэрээс гарсан хуушаан хувраг бөгөөд ертөнцийн хүмүүний ёс журмыг дагаж ном унших буяныг үйлдвээс зохих билээ.Юунд хамаагүй хүний нэр овог, нутгийг асуумуй.Би нь нутаг Зинжоуд, нэр Нэр Ши, овог Сю, алдаршсан цол Пинмин хэмээмүй. Бага цагаас цэргийн эрдэм сурч сайн эр хэмээн алдаршиж, энд хүрч ирээд хүмүүн лугаа нэлээд танилцсан боловч гагцхүү над лугаа ханилсан бүгд амь сөнөмүй. Зүгээр өнгөрүүлэх ёс үгүй. Тиймийн тул хүмүүний ёс журмыг тэмдэглэж шударгыг нь авармуй, зальхайг нь алмуй хэмээсэнд зальхай эмийн нүүр нь ув улаан болж, гал гарах мэт болов. Тачъаангуйт хуушааны сэтгэл нь сүнс самуурч маш айн, ийн өгүүлрүүн: - Мэргэн ах чи бүү ийм үг над өгүүлэгтүн. Өчүүхэн хуушаан багаас номын журам мэдэж, ямагт амьтныг тусалмуй. Энэ өдөр Паньгүн хүргэнийхээ хойноос буян хийх хэмээн өчүүхэн намайг залж ирсэн бөлгөө. Эдүгээ бид маргааш өглөө олноор ирж ном унших хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Хэрвээ зальхай сэтгэл нь буй болоод миний гарт мэдэгдэвээс үхэх нь тэр.
Хэрвээ үнэн шударга болоод буян хийх болбоос түүнийг би бас тусалж мөргөмү хэмээсэнд, тэр хуушааны хөлс нь чив чив дуслан, даруй маргааш олноор ирэх хэмээн шууд үүд гарч сүмдээ харив. Үүнд Ши Сю дотроо ийм сэтгэрүүн: - Эдүгээ би хэрэггүй үг өгүүлж хэрэг хашигдуулав. Энэ нь зан түргэн, уур ихтийн харгаагаар ийм болов. Би сэмхэн үзэж хэргийг эцэс болгож Ян Сюн ахад нүдний өмнө үзүүлбээс сайн асан. Эдүгээ гэвч хожигдохгүй. Энэ зальхай эмийн сэтгэл хэзээд хурьцаж байх тул эрхгүй хэрэг гармуй. Тэр ч байтугай над лугаа бас ийн тийн хэмээн заншилж үзсэнд би нь журам дагасан тул үүний сэтгэлийг эс дагаж хэрэг хийсэнгүйд намайг өсөлж гэрээс хөөх санаатай. Худалдаа хураасан нь илэрхий дээр.Эдүгээ бас хэдэн давхар мэдэгдэв хэмээн бодоод, өөрийн суух гэртээ оров.
Тэндээс тэр хуушаан Паньгүнгийн гэрээс гарч явсанд зальхай эм үдэж хаалга гаргаж өгөөд ийн хэмээн өгүүлрүүн: - Эрхэм хуушаан ах чи хариад бас түргэн ирэгтүн, удаж үл болмуй хэмээн хэлсэнд нэгэнтээ сэтгэл нь самуурсан тул түүн лугаа яахин үг хариу хэлж чадмуй. Шууд толгойгоо дохиж явав.Үүнд зальхай эм Пань Чяо Юнь аргагүй сэтгэлээ хураан аваад гэртээ орж суув.Маргааш нь Ши Сю маш их бодол бодож, хаалганы гадна зогсож байтал нэгэн хуушаан зул хүж тэргүүтнийг барьж орж ирэв. Түүний хойноос олон хуушаан нар дагалдан ирж. Паньгүнгийн харьж ирсэнд Ши Сю даруй орж Паньгүнд хэлсэнд Паньгүн угтаж ёслоод, цэвэрлэсэн гэрт залж, олбог ширэг дээр суулгав. Тэр хуушаан нарын дотор урьд шөнийн ирэгч хуушаан Пэй Рухай өөрийн бие байдал царай дүрс лугаа ав адилхан нэгэн залуу идэр хуушаантай хамт нэгэн олбог дээр толгой холбон бие зэрэгцэж суув. Тэндээс Паньгүн тэр хуушаан нарт цай ба таваг идээ тавьж дуусаад, Ши Сюд өгүүлрүүн: - Чи эдүгээ эдгээрийн цав элдэв зүйлийг дааж харж үзэж байгтун хэмээв. Үүнд тэдгээр хуушаан нар цөм цай идээгээ идэж ууж дууссаны хойно Бурхан тэнгэрийг залж ном уншиж суув. Тэндээс Ши Сю эдгээрийн байдлыг үзэж, зарим нэгэн нь үнэхээр бурханы шавь мөн зарим нэгэн нь ном уншихаас зоос эд санах нь олон, зарим нэгэн Пэй Ру хуушаанаас тэргүүлэн хоёр хүн зэрэгцэн сууж ном унших байтугай ямагт зальхай эмийн зүг санаа бодлого мөрөөдсөн тул худлаар ийн тийн хэмээх байдал гаргаж баймуй.Үүнд өвгөн Паньгүн бяцхан сууж залбиран буй агаад шөнө орой болж, хуушаан нарт цав цаг болсонд даруй номоо хурааж цав барихаар дотоод гэрт залав. Олон хуушаан зэргээр очиж цав бариад бага архи зооглож дууссаны хойно биений алжаахыг гаргах хэмээн гадагш зугаалаар одов. Үүнд хоёр бага хуушаан гадагш явсангүй дээд давхарлиг дээр нөгөө бага хуушаанаа биедээ дагуулж, тэр эмийн дэргэд хүрч очсоныг Ши Сю сэмхэн дагаж очоод гаднах цонхны хажууд зогсон чагнаваас үг дуу ер мэдэгдэж өгөхгүй, сэмхэн цонхны нүхээр харваас харин хоёр нүдээр тачаангуй хайж сэтгэлийн тайлбарыг гаргаж баймуй. Үүнд Ши Сю уур нь хүрч, их дуунаар хашхирч орох хэмээн завдсан боловч уур татаж, энэ болохгүй хэрэг. Гагцхүү өдий олон хуушааны дэргэд яахин ийм хэрэг гаргаж болмуй, байсугай хэмээн бууж ирсэнд, тэдгээр зугаацаар явсан хуушаан нар бүгдээр цуглаж ирэв. Бас тэр хоёр бага хуушаан ирж, цөм суудал дээрээн суув.
Тэндээс номоо уншиж цөм залбиран бясалгал хийж байтал, өвгөн Паньгүн бие зүдэрч Ши Сюд эдгээр хуушаан нарын цай зэргийг сайн бэлтгэ. Би эдүгээ явж унтсугай хэмээсэнд Ши Сю дуртайяа хүлээн авч даан суув. Тэндээс тэр эм өөрийн суух гэрээс гарч хуушаан нарын дэргэд ирж бурханд залбирах хэмээсэн билээ. Харин хоёр хуушаанд залбирахаар ирэв.Үүнд тэр эм хуушаан нарт цай хийж бариад басхүү нэрийн жимс тэргүүтнийг өргөн барьсанд тэдгээр хуушаан нар хүлээн авч байтал хоёр бага хуушааныг үзвээс есөн сүв долоон сүнс нь зайлж, ном унших байтугай бие тэсвэрлэн суух арга үгүйд нөгөө олон хуушаан энэ учрыг мэдэж маш айн, өөр өөрийн өмнө байсан номын эх тэргүүтнийг мэдэхгүй цухалдаж байхыг Ши Сю үзээд хуурамчаар гэдэс өвдөжүхүй хэмээн бэргэнээс чөлөө авч түр унтах хэмээн хуушан нарт хэлээд Янбай хэмээх саравчны доор нуун хэвтэж суув. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Олон хуушаан ном уншиж суугаад, тэр цаг нь гурван жин болж, олон хуушаан цөм нойр нь хүрч үүрэглэн сууж, ном уншиж чадахгүй болов. Үүнд гагцхүү зальхай эм Пань Чяо Юнь маш тачаангуй нь хөдөлж тэсэн хүлээж чадахгүй тул, аргагүй нэгэн зардасаа илгээж хуушааныг дуудсанд, тэр хоёр даруй гар гараас барьж суув. Тэндээс тэр элдэв аашлахыг Ши Сю цөм нарийн үзээд уур нь хүрсэн боловч бас хүлээж долоон хувь болов.Үүнд энэ зальхай эмийг яахин залхаах буй хэмээн маш их бодлого бодож, дотроон сэтгэрүүн: - Миний журмын ах болбоос үнэхээр шударга сайн эр бөлгөө. Яахин энэ мэт нохой адил эм тохиолдов хэмээн өөрийн байшиндаа орж хэвтэв. Үүнд тэр хуушаан нар цөм унтаж, гагцхүү бага Пэй хуушаан өндөр давхарлиг дээр гарч, зальхай эм лугаа ийн тийн хэмээн наадан хошигнож, хуушаан зоригоор гарч явах хэмээсэнд, тэр зальхай эхнэр яахин явуулму.
Юун ч үүн лүгээ нэгэн шөнө жаргаж үзье хэмээн дээд нүдээ аниж, доорд нүдээн нээж амьсгал нь үгүй болтол хуушааныг татаж, үүд цонхоо ягшуулж өлгөсөн даавуугаа буулгахыг үл өгүүлмү.
Тэндээс тэр хуушаан нар унтаж, таван жингийн цаг болсонд цөм босож тус тус номоо уншиж, үүнд тэр Пэй хуушаан босож ирэх хэмээсэнд эхнэрийн сэтгэл амраагүй тул баахан сэртэгнэн ядавч арга буюу олон хуушаан зэргээр ном уншиж байхад тэр яахин үл очиж болмуй. Иймийн тул даруй хоёул босож, эхнэр өгүүлрүүн: - Чи маргааш зэдээн авахаар ирэгтүн. Би чамд энэ өдөр барилга хүрэлцсэнгүй хэмээн олны дунд өгүүлье хэмээн доорд олон хуушаанууд дэргэд хүрч ирээд цай идээ барьсны хойно тэр олон хуушаан нар Ван овогтын сүнсийг бурханы оронд илгээх ном уншиж, цаас шатаан дууссаны хойно Пань Чяо Юнь даруй зоос мөнгө задалж дууссаны хойно цөм хүлээн авч, бага ном уншсаны хойно наран гарч, тэдгээр хуушаан нар сүмдээ буцав.
Тэндээс марагааш нь Ян Сюн ирж, энэ хуушаан нарын ном уншсан, зэд зэдэлснийг эмээс ба хадам эцэг Паньгүэ, Ши Сю нараас сонсож, даруй гэртээ сууж будаа идээд явав. Үүнд Ши Сюд шүд зууж ахдаа энэ учрыг одоо хэлэхгүй, цаг гүйцсэн хойно хэлэх хэмээн санаж, ахаа үдэж яамны зүг гаргаж илгээв. Тэндээс тэр Пэй хуушан сүмдээ буцаад удсангүй Паньгүнгийнд ирж зэдээн авах хэмээн нисэх мэт ирэв. Удсангүй Паньгүнгийн үүдэн дээр ирж дотогш орж, Паньгүнгийн дэргэд ирээд ёс ёсолж зэдээн авах хэмээсэнд зэд даасан Ши Сю, хүүхэн хоёрт учирч “авагтун хэмээсэнд, тэр Пэй хуушаан даруй дотоод гэрт орж эм Пань Чяо Юнийн дэргэд орж ирсэнд зальхай эм Пань Чяо Юнь хэдүйнээ мэдэж хүлээн байсан билээ. Үүнд тэр хуушааныг орсон хойно цай барьу дуусгаад, зэд мөнгө барих хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Зэд барих хэрэг юун. Би чамаас гуйх нэгэн хэрэг буй. Би усан дээр суух байшин барьсан нь гагцхүү найр хурим хийж гүйцээгүй. Чи түүнд очиж нэгэн хөгжим өргөж, наадам болгож өргөвөөс болох ажааму.
Хэрвээ очвоос чамаас авахыг байтугай хожим басхүү чиний гэрийн хэрэгт би бас хамааран баймуй хэмээсэнд тэр зальхай эхнэр маш баярлан, “би даруй очъё хэмээв. Үүнд хуушаан өгүүлрүүн: - Тийм бөгөөс өвгөн Паньгүн хуурай эцгийн хамт очвоос сайн. Тэр Ши овгийн хүмүүнийг гэрээ сахиулж очигтун хэмээсэнд, өвгөн Паньгүн: - Хуушаан байна уу хэмээн дээд давхарлиг гэрт орж ирсэн хуушаанд дахин өгүүлрүүн: - Өчигдөр манай гэрт ном уншихаар ирсэнд би нь насан болсон өвгөн бөгөөд бас бие зүдэрч нойр хүрээд хүлээж чадсангүй их буруу болов. Бүү сэтгэлдээ юм санагтун хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Хуурай эцэг та сонс, бид нь гэрээс гарч бурханы шавь тойн санваар хүртсэн атал яахин атгаг санаж болох буюу.
Тэр ч энгийн хэрэг. Гагцхүү маргааш их буянт өдөр. Өглөгийн эзэд сүмд очиж буян ном үйлдэх ба өглөг өгөх, өнгөрсөн хүний хойноос амлах тэргүүтнийг сүжиглэвээс мянга түмэн хувь буян нэмэгдмүй хэмээн номд гарчухуй хэмээсэнд зальхай эм өгүүлрүүн: - Тийм бөгөөс би эхээн үхсэний хойно буян үйлдэх хэмээн нэгэнт ам авсан тул түүний сүмд очиж гүйцэтгэе хэмээн хэлсэнд өвгөн Паньгүн өгүүлрүүн: - Хүүхэн чи үнэхээр эхийн төлөөнөө сүмд очиж буян үйлдэх нь маш зөв. Гагцхүү гэрт сахих хүн үгүй яахимуй? хэмээсэнд зальхай эм Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Яахин гэр сахих хүн үгүй билээ. Манай Ши Сю дүү сахимуй хэмээсэнд Паньгүн юу ч хэлсэн үг үгүй байхад, зальхай эм Хай хуушаанд зэдний мөнгө хэмээн нэгэн хэсэг мөнгө гаргаж өгөв.Үүнд тэр хуушаанд зальхай эм Пан Чяо Юнь ийн өгүүлрүүн: - Ах хуушаан би маргааш эрт очмуй. Нэгэн заваан будаа чанаж өгвөөс сайн хэмээсэнд, тэр хуушаан өгүүлрүүн: - Мэргэн гэргий чи заваан будаа идэх байтугай ямар сайн юм идэх боловч би чамд шагная хэмээсэнд Пань Чяо Юнь маш баярлан үдэж явуулав.
Тэндээс тэр өдөр нэгэнт хэлэлцэж тогтоод маргааш болохыг хүлээн байтал нөхөр Ян Сюн үдэш харьж ирэв. Эм нь өгүүлрүүн: - Нөхөр чамайг эцэг дуудсан билээ. Чи очиж учрах хэрэгтэй хэмээсэнд Ян Сюн очиж өвгөн Паньгүн эцэгтээ учирсанд өвгөн өгүүлрүүн: - Мэргэн хүргэн харьж ирсэн нь маш сайн. Би чам лугаа зөвлөх нэгэн чухал хэрэг буй билээ. Чиний эм Пань Чяо Юнь төрсөн эхийн хойноос буян үйлдэх хэмээн амласан тул маргааш маш сайн өдөр гэнэ.Тиймийн тул Бао Вэнь Сы сүмд очиж буян үйлдэх хэмээн тогтов. Чи эм лугаа хамтран очиж буян үйлдвээс сайн хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ хэргийг над та хэлэх юу. Пань Юнь өөрөө хэлвээс болох буй за хэмээсэнд өвгөн Паньгүн өгүүлрүүн: - Тэр эм хүмүүн тул яахин нөхөртөө аймшиг үгүй сүмд очмуй хэмээж чадмуй. Тиймийн тул надаар хэлүүлсэн учир тэр хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Би нь албан хэрэг чөлөө үгүй, өвгөн эцэг та дагаж очвоос барав хэмээсэнд өвгөн: - Ийн аваас би маргааш хүүхнийг дагаж очъё хэмээн тэр шөнө нам гүм унтаж, эм нь хэзээ үүр цайж наран гарахыг хүлээж Ян Сюнийн дэргэд нэгэн шөнө хэд босож, нойр нь хүрсэнгүй байсанд үүр цайж таван жин цохимогц Ян Сюн босож нүүр гараа угаан яамандаа явав. Тэндээс зальхай эм нөхрөө яаран явуулаад үс зүсээ засаж элдэв сайхан хувцсаа өмсөж, маш үзэсгэлэн чимж, одоо явах хэмээн өвгөн эцгийн дэргэд ирэв. Үүнд Ши Сю бэргэн Пань Чяо Юньий биеэн чимсэн ба оо энгэсэг тавьсныг үзэж дотроо занаж бодсныг бүү өгүүл.
Тэндээс Ши Сю өөрийн мах худалдах байшиндаа харьж, пүүсээ нээж гагцаар байв. Үүнд Пань Чяо Юнь яаран будаа идэж, нэг сагсанд элдэв жимс хийж басхүү хэдэн лан мөнгө аваад, өвгөн Паньгүн шатаах цаас ба зул хүж тэргүүтнийг бэлдэж, Ши Сюг дуудав. Ши Сю удсангүй хүрч ирэв. Өвгөн Паньгүн өгүүлрүүн: - Мэргэн дүү наймөаа худалдаа хийх завсар гэр орноо харгацааж байгтун. Бид хоёр Бао вэньсы сүмд очиж үүний төрсөн эхийн хойноос буян үйлдээд, бурханд залбирч зул хүж өргөж, цаас шатааж ирье хэмээсэнд Ши Сю маш хүйтнээр инээн өгүүлрүүн: - Мэргэн ах бэргэн хоёр сүмд очиж буян үйлдэх нь маш их зөв. Харин үнэхээр миний санаа лугаа тохиров. Гагцхүү чин үнэнийг барьж шатаах олон улаан лаагаа бурханы ширээн дээр хатгуурт сайн хатгажөргөх хүжээ хүжний алтан бойпорт гурван голыг олж хатгаад дээш үнэрийг мандуулагтун. Бурханы өмнө ширээний хоёр хөлний хооронд нэг төмөр сийлсэн ширмэн тогоо буй. Түүнд гал дэгдээж шар цаасаа сайхан шатааж, тэнгэр дэлхийг баярлуулан. Түүний гадна олон хуушанд өргөх идээ будаагаа урьхан сэтгэлийг бодож зөөлөн зангаар өргөгтүн.
Түүний хойно мацаг барьж, заваан мянтууз хэмээх нарийн цагаан гурилын шөлийг хамт ууж дуусгаад, бүгдийн мэндийг мэдэж, хожим дахин ирэх ерөөл тавигтун хэмээн захисанд тэр хоёр үүний хэлэх үгийг яахин мэдмүй. Даруй нэг цэвэрхэн сүйх тэрэг хөлсөлж аваад эцэг хүүхэн хоёр дотор нь сууж, нэг зарцаар тэрэг дагуулгаж Бао Вэнь Сы сүмд ирэв. Удсангүй үүдний дэргэд очоод сүйхээс бууж байтал, гайхал хуушан хэдүйд ирэхийг хүлээж, байн сууж чадахгүй байсанд тэд нарыг ирэв хэмээх чимээ сонсоод санд мэнд гарч угтан очиж, усан дээр байгуулсан Диша хэмээх сүмд аваачих замд өгүүлрүүн: - Та нар энэ өдөр ирэх хэмээн олон хуушаанд зарлаж, олон хүж бэлдэн хурал хурахаар цуглав.
Гагцхүү та нарыг хүлээж баймуй хэмээн өвгөн Паньгүн, хүүхэн Пань Чяо Юнь хоёрыг дагуулан аваачиж, тэр сүмд оруулж хурал хуруулан, гурван эрдэнэд залбиран мөргүүлж, тэр сүмийн залгаа нэг бага сүмд Хоншим бодисадвагийн сүм. Түүнд оруулж хүж өргүүлж дууссаны хойноном төгсч, олон хуушаан цаваа идэхээр сүмдээ ирэв. Тэр усан сүминй нэг бага сургуулийн шавиар сахиулж, Хай хуушаан өвгөн Паньгүн нарыг дагуулан өөрөө суух байшиндаа оруулсанд, тэр гурав орж ийн тийн харж үзвээс, өнгө бүрийн эдлэл цөм бүрэн тэгш, хэрэгэлэсмэн шаазан нь алт мөнгө тавьсан, ширээ нь улаан шунхаар будаж алт ялгасан сийлбэр тавьсан, шатаасан хүжний үнэр нь үнэхээр сайхан.
Энэ хуушаан хэдүйнээ тэд нэр ирмүй хэмээн бэлтгэж, байшингаа цэвэрлэн засаж, ширээ ногоо элдэв жимс зассан нь үнэхээр хүний сэтгэл булаах тийм сайхан засаж бэлтгэн байв. Үүнд зальхай эм хуушаанд ийн өгүүлрүүн: - Мэргэн хуушаан ахын энэ нь чухам гэрээс гарсан хувраг тойдын ёс мөн чинь үү? хэмээсэнд тэр хуушаан өгүүлрүүн: - Өчүүхэн ах хуушаанаа юунд ийнхүү хошигнон наадмуй. Эрхэм дүү чиний өгүүлснээс яахин дээр байж болол буюу хэмээн харилцан нүдээ зөөлөн харж эелдгээ гаргаж хэлэлцэн байтал, цай авчирч бариад басхүү зардсыг дуудаж: - Нэг лонх сайн амттай архи бэлтгэж ирэгтүн. Түүний гадна нарийн ногоо хуурч авчрагтун хэмээсэнд Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Бидэнд архи ногоо бүү өгөгтүн. Гэрээс гарсан хуушаан хүн зочдыг хэдий хүндлэх мөн боловч бид нь гэр гэрийн хүнээс өөргүй хэмээсэнд өүүлрүүн: - Архи үгүй болбоос зочид дайлах ёс гүйцэх үгүй.
Зоос үгүй болбоос буян үйлдэж болох үгүй хэмээсэн билээ. Тиймийн тул олон хуушаан танай гэрт очиж ном уншихад нарийн цав, амтат архи тэргүүтнийг хүртсэн атал, эдүгээ өглөгийн эздийг яахин зүгээр өнгөрүүлж болох буюу хэмээгээд ширээ засаж таваг тавьж, элэдэв нарийн ногоо авчирч, архи халуулж, дээд этгээдэд хуурай эцэг Паньгүнг суулгаж түүний доор этгээдэд Пань Чяо Юнийг суулгаж, түүний дараа Ин Арь хэмээх зардас охиныг суулгаж, өөрийн тусгаар зэргээс нэг сандал авч суугаад архи хундаганд хийж Паньгүнд барьсанд, үл авах болбоос тойн хүний сэтгэлийг гажуудуулбаас басхүү нүгэл болох хэмээн санаж, аргагүй үлээн авч уусанд тэр хуушаан дараагаар гурван хундага ёслон бариад, бас Пань Чяо Юньд барьсанд, Пань Чяо Юнь бас мөн хүлээн авч уув.
Тэндээс зардас Ин Арьд сүмийн бага хуушаан хөвгүүн архи барив. Энэ гурав архи ууж, ногоо идсээр байж өвгөн Паньгүн баахан согтож, ийн өгүүлрүүн: - Эрхэм хөвгүүн хуушаан би хариад энэ ачийг хариулахыг санаж, хэдэн шуудай будаа бас хэдэн лонх сайн архи хүргэж барья. Түүний гадна хүргэн Ян Сюнд хэлж, чам лугаа танилцуулан тал болгосугай хэмээсэнд Хай хуушаан өгүүлрүүн: - Үүнд юуны ач хариулах гэнэм. Бүү будаа архи өгөгтүн. Харин Ян Сюн лугаа тал болговоос би маш их баярламуй хэмээсэнд өвгөн архийг ууж согтоод даруй хэвтэв. Тэндээс Пань Чяо Юнь: - Архи уухгүй, одоо зогссугай хэмээсэнд Хай хуушаан өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энэ архинаас баахан уухад гэмгүй хэмээн бас нэг хундага архи хийж өгсөнд тэр зальхай эм хурьцангуйн сэтгэл гаргаж, нүдний нулимсаа цувируулан ийн өгүүлрүүн: - Ах чи ямар учирт намайг ийнхүү архиар шаардмуй? хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Архи үгүй болбоос найрлан сууж болохгүй, амтат идээ ногоо үгүй болбоос амраг сэтгэл яахин байж болох буюу хэмээсэнд Пань Чяо Юнь угаас учирч учирч нийлсэн удаа удаа буй бөгөөд түүний дээр Хай хуушааныг мөрөөдөн санасан боловч, зоргоор түүнийг нэгэн цаг үзэх хэмээн үл болоход, хуушаан даруй шээс нт цувирч, өвгөн эцгийг нэг цэвэрхэн дэр дэвсгэр дээр хэвтүүлээд, хуушаан Пань Чяо Юньд өгүүлрүүн: - Эдүгээ чи архи эс ууваас өөр газар очиж элдэв сайхан бурхан үзэхгүй буюу? хэмээсэнд энэ үгийг Пань Чяо Юнь яахин үл мэдмүй. Хэдүйнээ өөрийн сэтгэл хуушаанаас урьд хөдөлсөн тул, маш баярлан сонин бурхан үзэх хэмээн, шат дамжиж нэгэн цэвэрхэн байшинд зарц Ин Ариан дагуулан гарч очив. Үүнд Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Ах чи бурхан үзүүлэх хэмээсэн билээ. Тэр бурхан хаана амуй? хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Би нь тачаангуйгаас гарч үл чадах тул, чам лугаа сэтгэл маш хөдлөв.
Үүнд чи Ин Ариан доор буулгаж, өвгөн эцгийн дэргэд байлгагтун. Түүний хойно би чамд бурханаа үзүүлэх хэмээсэнд Пань Чяо Юнь яаран Ин Ариан дуудаж: - Доор бууж өвгөн эцгийн дэргэд очиж халуун цай өгч, архийг сэргээгтүн хэмээсэнд Ин Арь даруй учир мэдэж доор буув. Үүнд Пань Чяо Юнь: - Чи тийм тачаангуйгаас үл гарч чадах ахул даруй нэг эм олж ававаас зохих буюу? хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Гэрээс гарсан хүнд өөр зүйлээр буян хийхээс бус ийм хэрэгт буян хийх ёсгүй хэмээгээд даруй үүд хаалгыг ягшуулж, цонхыг битүүлж, зальхай эмийг тэврэн авч ийн тийн хэмээн хошигнон наадсанд, эмийн сэтгэл гал мэд дэгдэж, харин өөрөө дээл хувцсаа тайлж, дэр тавин хэвтэв.
Тэндээс хуушаан бас дээл хувцсаа тайлж нэг хамт хэвтэхэд хуушааны тачаангуйн гал бадарч даруй зальхай эмийн дотоожийг тайлах хэмээсэнд, тэр эм бас хошигнон, түүний сээтгэлийг улам дэгдүүлэх хэмээн санаж: -Чи эхтэйгээ ийм хэрэг хийж болох буюу? Би чам лугаа ийм хрэг үл хиймүй хэмээн толгойг нь алгаараа цохиж, ийн өгүүлрүүн: - Чи над лугаа бүү ийм хэрэг үйлдэгтүн. Намайг эх хэмээн дуудагтун хэмээсэнд хуушаан өгүүлрүүн: - Чамайг эх хэмээн дуудах нь энгийн хэрэг. Чи намайг занчих байтугай алавч яахийм хэмээсэнд зальхай эм өөрөө яахин тэсмүй. Үүнд хуушааныг наадаж өаймуй хэмээн даруй ам хүргэн, дотоож хувцсаа тайлав. Тэндээс энэ хэрэг үйлдээд, хагас өдөр дэрний наадам хийж, маш цэнгэж жаргасанд, аргагүй нар орой болсонд даруй босож ирэв.
Тэндээс хуушаан өгүүлрүүн: - Эдүгээ би чам лугаа даруй сэтгэл амраг болж салж чадахгүй болов. Хожим яахин учирч байх буй? хэмээсэнд зальхай эхнэр өгүүлрүүн: - Чи хожим очих болбоос манай хүрээлэнгийн хойд хаалга нэгэн нууц газар буй. Би тэнд орой бүр цаас шатааж, эх ба эрийн хойноос буян өргөх хэмээн тэмдэг өгч байсугай. Тэр цаг хожимдох аваас хэрхэвч ороход хэцүү хэмээсэнд: - Би тэр цагт очиж болно. Гагцхүү гарах цагт чам лугаа сайн ханилсан нөхөр хуушаан байваас түүн лугаа зөвлөж, ирэх цагт түүнд захиж, таван жин цохихын урьд очиж, хойд хаалганд тогшуур тогшиж манаа манасан хүн болж, их дуугаар чимээ гаргаваас түүний чимээгээр сонсгож, түүн лугаа хамт таван жинд сүмд хариваас хүн яахин мэдмүй. Түүний гадна тэр мэт яваваас энэ нэгэн насан байтугай эцэс хойдод ч дахин ханилж болмуй хэмээсэнд тэр хуушаан: - Маш сайн. Би нэг хуушаан олж үзье. Энэ нь үнэхээр уран арга мөн хэмээн хоёул салан ядан, аргагүй тэр өдөр нар орой болсонд эм өгүүлрүүн: - Эдүгээ би энд ийнхүү удаан сууж үл болмуй. Эдүгээ би явсугай хэмээн хэлээд дээд гэрээс бууж, доод байшинд бууж ирээд үзвээс, өвгөн Паньгүн хэдийнээ уусан архи нь сэргэж босоод өгүүлрүүн: - Ин Арь, чиний эгч Пань Чяо Юнь хаашаа очив? хэмээсэнд Ин Арь өгүүлрүүн: - Эгя няня бурхан үзэхээр сүмд ах хуушааныг дагаж явав хэмээсэнд тэр эхнэр хуушаан хоёр орж ирээд даруй цай уугаад тэр хуушааны гэрээс гарч, сүмийн үүдэнд жууз тэрэгний дэргэд ирсэнд хуушаан үүд гаргаж үдээд явуулав. Тэр гурвуул явж гэртээ харьж ирэхийг хуушаан ер сүмд орохгүй хойноос нь нүдээ ус цувиртал харж, бараа үл гармагц орж ирэв.
Тэндээс Паньгүн, Пань Чяо Юнь гэртээ харьсныг үл өгүүлэн өгүүлэх нь: Хай хуушаан гэдрэг буцаж сүмдээ ороод, даруй зарц хуушаан Ху Даодуань хэмээх хуушааныг дуудаж ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чамтай нэгэн хэрэг зөвлөе хэмээн чамайг дуудав. Чи нь олон хуушаан нарыг өглөө бүр сэрээж тогшуур мод тогшиж, үүр цаймагц босмуй. Тиймийн тул, чи над таван жингийн үед Паньгүн өвгөний хойд хүрээний бага хаалганд очиж, тогшуураа тогшиж, өглөгийн эздээс бурхан номын зүйл ба олон хуушан нарын өглөг бадар гуйхаар Зижоу хотод очиж намайг дагуулан ирж байваас чамд би их тус хийхээс гадна чиний сангарсва үсийг авч, жинхэнэ хуушаан болгохоос гадна бам чамд хэдэн лан мөнгө шагная хэмээсэнд тэр Ху Даодуань маш баярлан: - Энэ нь энгийн хэрэг. Хэзээд таны тушаасныг дагаж явъя хэмээсэнд Хай хуушаан баярлан даруй түүнд архи шагнаж сүслэв.
Үүнд Ху Даодуань хэмээх хуушаан чухам ямар учирт намайг бурхан номын зүйлд өглөг бадар гуйсугай хэмээмүй. Эрхбиш үүний дотор учир буй хэмээгээд асууруун: - Эрхэм дүү хуушаан чи намайг Паньгүнгийн хойд хаалганд илгээх учир нь чухам юуны тул билээ. Би нь гүйцэж мэдэхгүй хэмээсэнд Хай хуушаан өгүүлрүүн: - Эрхэм ах чамаас нуух хэрэг юун. Гагцхүү өчүүхэн дүү нь Паньгүнгийн хүүхэн Пань Чяо Юньтай нэгэнт сэтгэл нэгдэж, янаг амраг болсон тул, би тэдний гэрт очих учирт нэгэн бат тэмдэг хэлэлцсэн билээ. Үүнд таны биеийг үдэш илгээж, өглөө таван жинд очуулах нь түүний нөхөр Ян Сюн хэмээх яамны дарга.Тэр гэртээ ямагт үгүй, хааяа гэртээ ирмүй. Тиймийн тул эхнэр нь хойд хүрээнд нэгэн цаас шатааж, ширээ тавиад хүжний баавар тавих хэмээсэн. Хэрвээ Ян Сюн байваас тэр тавьсан ширээгээ авч, далд хаалганы дотор оруулах. Ян Сюн үгүй болбоос хаалганы гадна ширээгээ тавихаар хэлэлцсэн. Түүний гадна чи өглөө таван жинд тэр үүдэнд очиж “Амь аврах ба амьтныг туслагтун хэмээн тогшуур модоороо тогшиж, өндөр дуугаар хашхиран надад мэдээ өгөгтүн. Үдэш болбоос тэр ширээ дотор буй үгүй хоёрыг сэмхэн үзэж, надад хэлсний хойно би очих хэмээсэнд Ху Даодуань хэмээх хазгар хуушаан: - Өчүүхэн ах юунд энэ хэргийг осолдмуй. Гагцхүү таны өндөр их хишгийг цаг тасралтгүй хүртэх атал, яахин тэр ачийг хариулж үл чадмуй хэмээсэнд Хай хуушаан өгүүлрүүн: - Тийм бөгөөс чи эдүгээ явж энэ шөнө чимээ мэдээ авч ирэгтүн хэмээсэнд тэр Ху Даодуань хуушаан даруй сүмээс гарч Паньгүний хойд үүдэн дээр ирж ном уншин бадар барьсанд тэр хуушааныг Ин Арь хэмээх охин үзээд өгүүлрүүн: - Чи юун зальхай хуушаан бэлхэнээ манай өмнө их хаалга байсаар атал, тэнд очиж бадар барьж гуйхгүй энэ бага хаалганы энд дэмий бадар хэмээн өгүүлэх нь юу? хэмээсэнд тэр хуушаан ер мэдээ ч үгүй хэвээр ном уншин бүхийд, энэ учрыг Пань Чяо Юнь мэдэж гараад, тэр хуушааны дэргэд ирж учрыг асууваас, тэр хуушаан өгүүлрүүн: - Би нь үдэш өглөгийн эзний зул хүжээ өргөж, бурхан тэнгэрт залбирагтун хэмээмүй. Өглөө эрт өглөгийн эздийг эрт босгож буйн номоо үйлдэгтүн хэмээх зэргээр явдаг билээ хэмээсэнд Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Тийм бөгөөс үнэхээр сайн.
Чамд би нэг хэлхээ зоос өгье хэмээгээд Ин Арь охиноо дуудаж нэг хэлхээ зоос авчруулж шагнаж өгөв. Үүнд тэр хуушаан маш баярлан хүлээн авав. Үүнд Пань Чяо Юнь өгүүлрүн: - Чи эдүгээ харьж Пэй Рухайг илгээгтүн хэмээсэнд тэр Ху Даодуань хазгар явж сүмдээ харьж, учрыг Хай хуушаанд хэлснийг үл өгүүлмүй. Өгүүлэх нь: Тэр Пань Чяо Юнь дээд давхарлиг дээр гарч Ин Арь охиноо дуудан өгүүлрүүн: - Би чамайг бага насан үрчлэн авч тэжээсэн гагц охин хэмээн санадаг билээ. Чи энэ өдөр юуны учир мэдэж тэр хуушааныг элдэв үгээр мохоов? Үүнээс хойш ер болохгүй. Гагцхүү Ян Сюн гяндангийн ээлж тохиолдсон арав хоноод халалцмуй. Тиймийн тул хөнжил дэвсгэрээ авахаар ирэх буй за. Түүний даруй хөнжил дэвсгэрийг авч өгөөд түргэн явуулагтун. Үүнээс гадна бас хойд бага хаалганд нэг ширээ тавигтун. Би үдэш бүрт цаас түлж, хүж барих чуха хэрэг буй хэмээсэнд Ин Арь учрыг даруй мэдэж: - Ачит эхийн хэлснийг яахин үл дагах буюу. Цөм дагамуй хэмээсэнд Пань Чяо Юнь өгүүлрүүн: - Тийм бөгөөс чи энэ үдэш хойд хаалганы гадна зогсож хүн ирэхийг хүлээж надад мэдээ хүргэгтүн хэмээгээд Ин Арийг хаалганы дэргэд сахиулж хүлээлгэв. Үүдн удсангүй Хай хуушаан хүрч ирээд, ширээ тавьсныг үзэж бага хаалгаар дотогш орж ирэхүйд, энэ хүнийг Ин Арь үзээд маш айн, дотор гэрт орж Пань Чяо Юньд хэлсэнд Пань Чяо Юнь даруй гарч ирээд Пэй Рухайг үзвээс, толгойдоо тоорцог өмсөж, хуурамч гэзэг хийж ирснийг Пань Чяо Юнь үзээд түүний тоорцгийг шүүрэн авч өгүүлрүүн: - Чи хулгай хийхдээ басхүү өөр дүрээр хувилган явах нь юутай мэргэн хэмээн хоёр биеэ хүндлэн дээд гэрттээ оров. Ин Арь ширээгээ хураажөөрийн суух гэртээ очиж унтав. Тэндээс тэр хуушаан эм хоёр тэр шөнийн хэрэг хийсэн нь үлгэрлэвээс, цавуугаар модыг наах, бал чихэр бурмыг амталж идээд улам аманд шингэх хөхсөн цагаан сүү нь чөмөг сорж идэх лугаа адил. Бас их усанд бүдүүн алтан загас зоргоор явах мэт болжихуй.
Тэндээс тэр хоёр нэг шөнө долоо найман удаа тачаангуйн хэрэг үйлдэж дуусаад унтах хэмээтэл, хойд үүдэнд тогшуур ирж мэдээ хүргэвэй. Үүнд аргагүй эр эм хоёр босож, хуушааны толгой дээр тоорцог өмсүүлж өгүүлрүүн: - Чи энэ үдэш бас ирэгтүн. Ян Сюн гяндангийн ээлж тохиолдсон тул, шөнө ер гэртээ хонохгүй. Гагцхүү хааяа нэг ирээд гарах бөлгөө. Гагцхүү хэлэлцсэн үг, тавьсан ширээг огт мартаж болохгүй хэмээсэнд хуушаан тэр үгийг яахин мартмуй.Даруй хазгар хуушаанаа дагаж сүмдээ харив. Тэндээс тэр эхнэр хуушааныг үдэж гаргаад өндөр давхарлиг дээр гарч бага унтаад босов. Эд нарын ийм хэрэг хийснийг өвгөн Паньгүн яахин мэдмүй. Үдэш эрт унтах, өглөө орой босмуй. Ши Сю болбоос нэг залгаа хүрээлэнд пүүс нээж тэндээ хономуй. Гагцхүү Ин Арь мэдэхээс өөр мэдэх хүнгүй. Үүнд Ин Арь бас бага хаалганы дэргэд нэг бага байшинг засаж тэр дотор шөнө бүр хуушааныг ирэх ба гарахад ширээг хурааж үүдийг хаах зэрэгт тэнд суув. Үүнд тэр эм хуушааны хурьцангуй хишгийг бүхэл нэг шөнө хүртсэн нь үнэхээр ханашгүй. Харин гэртээ сууж үл чадах болоод өдөр тутам үүдний гадна зогсох болов. Сэтгэл нь хөдлөх тэргүүтэн маш их зүрхний зовлон болов. Тэндээс тэр хуушаан садар эм хоёр нууц хэрэг хийсээр нэг сар болжихуй. Эдүгээ энэ цаг нь арван хоёр сарын арван тавны өдөр. Ши Сю урьд энэ зальхай эмийн элдэв хэрэг хийж найман хувь мэдэгдсэн нь цээжинд ер багтахгүй маш уур нь хүрсэн боловч хүлцэн байсаар байтал, гэнэт нэг шөнө таван жингийн үед хуушаан бололтой хүн бурханы ном уншиж олон амьтны тул залбирч, басхүү өглөн бадар гуйх ба амь аврах зэрэг шөнө айлын үүдэн дээр бархирах нь жигтэй хэрэг. Энэ нь эрхбиш учир буй. Өглөг гуйх аваас өдөр гуйх билээ. Өдий орой шөнө таван жинд бадар барих, өглөг гуйх ёс хаана? хэмээн есөн хувь сэжиг төрж даруй бусад цонхны цаасыг цоолж нуун хараваас тэр тогшуур тогшиж өглөг гуйгч нь нэг тоорцог өмссөн гэзэгтэй хүн дагаж бага хаалганаас гараад Ши Сюгийн үүдний өмнөөр өнгөрөн явсанд Ши Сю арван хувь сэжиг төрж үзэн мэдээд, дотроо маш уурлаж. Үүр цайж нэр гарахыг хүлээв.
Тэндээс тэр Хай хуушааныг Ин Арь охин гаргаж өгөөд өөрийн байшиндаа орж унтав. Үүнд удсангүй нар гарч бүхүйд Ши Сю өвгөн Паньгүнд учирч өгүүлрүүн: - Би энэ өдөр бага гадагш зээлд очих хэрэг буй тул, эдүгээ будаагаа идээд дэлгүүрээ хааж явмуй хэмээсэнд өвгөн: - Тийм бөгөөс эртхэн яваад бушуу ирэгтүн хэмээсэнд Ши Сю явж Жоугийн хотод орж Ян Сюн ахдаа учирсанд, Ян Сюн өгүүлрүүн: - Мэргэн дүү ямар хэргээр энд ирэв? хэмээсэнд Ши Сю тэр хэргийг хэлсэнгүй: - энгийн ирэв хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Мэргэн дүүтэй учраагүй нэлээд өдөр болов. Гагцхүү очиж хэдэн үг хэлэлцье гэтэл, аливаа хэрэг үлэмж тул, чадсангүй бөлгөө. Эдүгээ ирсэн нь маш сайн хэмээн дүү Ши Сю лугаа хоёул маш баярлан архины пүүсэд ирэв. Тэндээс тэр ах дүү хоёр архины пүүсээс архи авчруулан ууж буй атал, дүү Ши Сю аргагүй энэ учрыг хэлэх нэг зовлон, үл хэлэх гэдсэнд агуулж тогтоохгүй тул, их зовнин доош ширтэж санаа зовсон мэд байхуйд ах Ян Сюн өгүүлрүүн: - Дүү чи энэ өдөр юу болов? Урьд ер ийнхүү сэтгэл зовсон байдалгүй бөлгөө. Үүнийг үзэхүл, чамд эрхбиш нэг учир буй ажгуу. Чамайг манай гэрийн хүмүүн нар зовоов уу? Эс бөгөөс сэтгэл тохирохгүй болов уу? Яахин ийнхүү байдал гаргав? хэмээсэнд Ши Сю шүүрс алдаж өгүүлрүүн: - Мунхаг дүү хэдий тэнэг боловч, ар биедээ нүдтэй, чи хэдий мэргэн цэцэн боловч ардаан нүдгүй болжихуй. Чиний гэрийн дотор ямар хэрэг болсон, яахин самуурсныг чи мэднэ үү? Та яахин ийм зальхай эмийг агуулан суулгаж болох буюу. Түүний хийсэн хэрэг маш үзэмжгүй. Үнэхээр ертөнцөд ийм хүн байдаг ажгуу. Тэр өдөр таны гэрт урьд Ван овогтын хойноос ном буян үйлдэх хэмээн Бао Вэньсы сүмийн олон хуушааныг залж ирээд бурханд зул хүж өргөж эрдээ цаас шатаах хэмээсэн нь харин Хай овогт хуушаан лугаа нүдээр инээлцэн маш таашааж байв. Түүний хойно гурван өдрийн эцэс Бао Вэньсы сүмд бас эхийн төлөөнөө буян хийж, олон хуушаанд цав барих хэмээн биеэ чимж, маш үзэсгэлэнгээр жууз хөлслөн сууж очоод харин архи ууж согтоод үдэш цаг ирэв. Бас манай хүрээлэнгийн гадна урьд ер тийнхүү хуушаан явдаггүй. Ойрноос нэг хуушаан таван жингийн үе шөнө бүр ирж, буян үйлдэх, өглөгийн эздээс юм бадарлах ба бурхан тэнгэрт залбирах, ном унших, тогшуур огшиж явахуйд би маш гайхаж, энэ шөнө босож сэмхэн цонхоо цоолж харваас нэг хазгар хуушаан, нэг мухар толгойт хуушаан мэт хүн тоорцог өмсөж, хуурамч гэзэг хийж хамт таны дээд гэрээс гарч явсан нь зальхай эм Пань Чяо Юнь, Ин Арь хоёр хойд бага үүдийг нээж гаргаж өгөв. Та үүнийг яахин мэдмүй хэмээн маш уурсан хэлэхэд Ян Сюнгийн зүрх нь сугарсан мэт болж өгүүлрүүн: - Би эдүгээ энэ зальхай эмийн ийм хэрэг хийж буйг яахин мэдмүй. Харин эдүгээ сонсов хэмээн шүдээ хавиран архийг залгилж: - Эдүгээ гэрт очиж зальхай эм лугаа учрах хэмээсэнд дүү Ши Сю хориглон өгүүлрүүн: - Ах чи бүү яарагтун. Энэ хэргийг үзүүрээр хийж сэжиг авахуулж болохгүй. Чи мөн энэ шөнө гэртээ харьж, ер юу хэмээн хэлэлгүй байж гараад гурван жингийн хэрд миний мэт хойд бага хаалганы гадна нэг нууц газар зогсож байваас учир нь сар мэт тодорхой мэдэгдмүй. Тэр цагт болбоос сайн хэмээсэнд Ян Сюн: - Дүүгийн хэлэх зөв хэмээн архи уув.
Тэндээс ах дүү хоёр энэ үгийг зөвлөөд, архины пүүсний мөнгө зоосыг өгч байтал, гаднаас хэдэн хүн орж ирээд Ян Сюнд өгүүлрүүн: - Эрхэм даргыг эрж хагас өдөр болов. Эдүгээ энд баймуй хэмээн сонсоод ирэв. Манай Зифү энэ өдөр цэргийн хүрээлэнд наадаж, чиний сэлэм жад эргүүлэхийг үзэх хэмээн чамайг дуудав хэмээсэнд Ян Сюн аргагүй харъяат ноён дуудсан тул, тэр хоёр салж, Ян Сюн даруй цэцгийн хүрээлэнд очиж ноёнд учраад сэлэм жадаа эргүүлэн үзүүлэхүйд, тэр ноён нь маш сайшаан хэдэн хундага архи шагнав. Үүнд Ян Сюн арга буюу урьд архи уусан тул, маш их согтсон тул, хотын хэрэм түшсээр гэртээ харьж ирэв. Үүнд Ян Сюнийг маш согтуу харьж ирэхийг Ин Арь мэдээд угтан гарч, дээд гэрт нь оруулж, орны дээр хэвтүүлж гутал хувцсыг тайлав. Тэр Ян Сюн архиндаа согтсон нь ам нь түргэн тул, ийн өгүүлрүүн: - Зальхай эм чи сахил авч чавганц болж сүмд суух гэнэ үү? Бас чи хэдий зальхай санаа санасан боловч амь чинь миний гарт буй. Хэрвээ миний гараас гарах болбоос тэр цагт сул тавих эсэхийг би мэдье хэмээсэнд тэр зальхай эм маш сэжиглэн хариу өгүүлье хэмээтэл ер хариу хэлж чадсангүй, нүүрээ улайлган байв. Үүнд зальхай эм Ян Сюнийг урьхан аргаар унтуулж. Тэр шөнө Ян Сюнийг унтсан хойно басхүү сэтгэл нь хуушааныг санах тул, арга буюу таван жин цохиж баймуй. Тэр цагт нөхөр Ян Сюнгийн хажууд нэг хэсэг бүхлээр хэвтэж байтал, Ян Сюн уусан архи нь сэргэж, ийн өгүүлрүүн: - Энэ шөнө архи ууж маш их согтов. Гагцхүү та бүгдэд ийм тийм хэмээн үг хэлэв үү? хэмээсэнд зальхай эм өгүүлрүүн: - Чи урьд архи уугаад өөр үг хэлдэггүй бөлгөө. Энэ шөнө илүү дутуу үг өгүүлэхээр үл барам, дэмий донгодох галзуу өвчин тохиолдож элдэв хэлээд нэг шөнө үймүүлэв хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Би урьд ер ийм их согтож явсангүй. Энэ өдөр Ши Сю дүүтэй зээлд учирч архины пүүсэнд архи уув. Маргааш өглөө дүү Ши Сю лугаа ширээ засаж архи ууя хэмээсэнд зальхай эм энэ үгийг сонсоод маш айж босон, өгүүлрүүн: - Чиний энэ зальхай хулгай Ши Сю. Ямар хүн чамд хэлвээс, хайран миний амны гарз хэмээн газар дэвхцэн, хоёр нүднээс нулимс асгаруулан уйлахуйд Ян Сюн ямар учрыг асууваасер үг хэлэхгүй байв. Үүнд Ян Сюн өгүүлрүүн: - Чи нарийн учрыг байваас над хэлэх нь зүй. Чиний гэдэсний доторхи зовлонг би би битүүлэг яахин мэдмүй хэмээсэнд Пань Чяо Юнь өгүүлрүүнг: - Би нь анхнаас журам дагаж Ван овогтын авааль гэргийг болсноос хойш заяа муугийн эрхээр нөхрөө алдав. Эдүгээ харин чамайг сайн нөхөр хэмээн санаж, чам лугаа янаг амраг сэтгэлийг барьж, үнэн шударгаар явж бүхүйд чи над харин элдэв үг өгүүлэх буюу. Энэ нь гагцхүү Ши Сю хулгайгаас худал үг сонсож, чи намайг бурангуйлав. Тэр ч байтугай чи Ши Сютэй журмын ах дүү болж гэртээ авчирснаас хойш чиний зальхай хулгай над лугаа ямагт элдэв үг өгүүлж сэртэгнэх дээр басхүү өдөр бүр надаас ах энэ шөнө ирсэн үгүй, бэргэн чи яахингагцаар хүйтэн хөнжил нөмөрч хэмээх зэргээр хошигнохоор үл барам, өчигдөр би нүүр гараа угаан байтал миний дэргэд ирж хоёр гараа хөхний тус илж наадсанд, би нь уур хүрч бархиръя хэмээтэл нэгд, айлын хүнээс ичив.
Хоёрт, чиний нүүрийг хайрлав хэмээсэнд Ян Сюн энэ үгийг сонсоод маш уур нь хүрч, харайн дэвхцэж, барсыг зурахад зүс байдлыг зурахаас бус ясыг зурж үл болмуй. Хүмүүнийг танихуйд нүүр царайг танихаас зүрхийг таньж болохгүй хэмээсэн билээ. Харин Ши Сюг би сайн журамтай дүү хэмээн санадаг билээ. Эдүгээ өөрийн зальхай хэргийг баллаж бүрхэгдүүлэн, Хай хуушаан лугаа миний журамтай эмийг холбож надад өгүүлсэн нь бус болов. Би харин заяатай хилсгүй Хай хуушааныг алахуйд тулав. Энэ хэдүй миний журмын дүү боловч, ийм хэрэг хийсэн тул, эдүгээ түүнийг хөөж зайлуулбаас зохимуй. Миний төрсөн дүү буё хэмээн маш хилэгнэн, Паньгүн өвгөний гэрт ирж өгүүлрүүн: - Өвгөн эцэг эдүгээ Ши Сюгийн худалдаж бүхүй махыг хураан авч давслан хатааж идье. Түүний хэрэглэл зүйлийг эдүгээ даруй хураан авч худалдааны дэлгүүрийг хаая. Тэр Ши Сю өөрөө ичиж явах буй за хэмээсэнд өвгөн юу ч учрыг мэдсэнгүй тул гайхав. Үүнд аргагүй өвгөн нэг хүн илгээж Ши Сюгийн худалдсан махыг авчраад бас дэлгүүр хааж, хэрэглэл зэргийг хураасанд Ши Сю угаас сэргэлэн ухаантай хүн тул учрыг мэдэж, зальхай эхнэрийн үгийг тэнэг ах Ян Сюн үхширтэл баримталж ийм хэрэг болжихуй. Эдүгээ энэ нь түүний нэрд муу болохоос гадна басхүү миний бие хагас хувиар муу нэр олмуй хэмээн санаж өөрийн хэрэглэл, дээл хувцсаа вааданд боож, нэг сэлэм аваад, Паньгүн өвгөний гэрт орж ирээд ёслон өгүүлрүүн: - Эдүгээ мунхаг дүү явах цаг болжихуй. Эрхэм эцгийн гэрт олон сар сууж их л зовоов. Хожим ач хариулъя хэмээсэнд өвгөн юу хэмээн хэлмүй. Хориглоё хэмээтэл хүргэн тийм үг өгүүлсэн, юм зүйлийг хураасан тул, юу ч хэлж чадсангүй, “Өөрийн дураар бологтун хэмээсэнд Ши Сю мөргөж ёслоод гарч, нэгэн зээлийн дяньнсюнд бууж, байшин хөлслөн суув.
Тэндээс энэ Ши Сю дотроо ийн сэтгэрүүн: - Миний ах зальхай эмийн үгэнд хууртаж, өчүүхэн дүү намайг журам санасангүй ийм хэрэг болжээ. Тэр Ян Сюн над гомдовч би түүнд гомдож үл болмуй. Гагцхүү нарийн учрыг үл мэдэх дээр басхүү уур хүрч тэр мэт буруу санажухуй. Эдүгээ би эс нэгэн арга бодож, хэргийн эх адгийг үл ялгаруулж ахул тэнгэрийн журамд нийлэлцэхгүй учирт, би нэг санаа үүсгэж илрүүлье. Түүний гадна зальхай эм намайг элдэв өсөөр ховолж хөөсний хойно Ян Сюн ахыг хорлох нь лав гармуй. Тиймийн тул, эдүгээ аль цагийг хүлээмүй. Энэ шөнө эрхбиш хэргийн эхийг уудлая хэмээн бодоод дяниас гарч зээл дээр явж байтал, Ян Сюнгийн хөнжил дэвсгэрийг нэг зардас үүрч, гяндангийн дэргэд Ян Сюнгийн суух байшинд хүргэв. Үүнийг Ши Сю үзээд маш баярлан, даруй дяньдаа харьж хоолоо идээд, хэдийд дөрвөн жин цохих, ямар цагт хуушаанд учрах хэмээн санасан нь нойр хүрэхгүй тул, гагцаар архи ууж дөрвөн жингийн цагийг хүлээв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Хай хуушаан тэр шөнө Ян Сюнгийн явсныг тагнуулж мэдээд даруй ирж хонов. Үүнд мөн хуучин хэвээр таван жин цохих хэрд хазгар хуушаан тогшуураа авч сүмээс гарав.
Тэндээс Ши Сю тэр шөнө дөрвөн жин цохимогц биедээ хар хувцас өмсөөд, гартаа нэг хурц сэлэм барьж, дяний үүдийг сэмхэн нээж гараад, сүүдэр газрыг эрж, Паньгүний хойд бага хаалгыг отож нуун суув. Удсангүй зүүн зүгээс мөнөө хазгар хуушаан тогшуураа тогшиж ирээд, бага хаалганы гадна зогсож, тогшуураа тогшиж, ном уншихыг завдаж байтал, гэнэт Ши Сю гарч ирээд толгойноос нь бариад өгүүлрүүн: - Чи ямар хүн, яахин өдөр бүр энд ирж тогшуур тогшиж ном уншин, бадар баримуй. Учраа сэмхэн хэлэгтүн. Их дуунаар хэлвээс энэ сэлмээр толгой биеийг салгамуй хэмээсэнд тэр хазгар хуушаан эхнээс адаг хүртэл учрыг хэлсэнд Ши Сю учрыг цөм сонсож, түүний өмсөж явсан дээл малгайг авч өмсөөд түүний бие толгойг салгаж, замаас гадагш хаяад, мөн тэр үүдний дэргэд очиж, тогшуурыг маш чанга цохисонд Хай хуушаан гарч ирээд өгүүлрүүн: - Чи эдүгээ бас намайг ирж бүхийд тогшуурыг чанга цохих юу хэмээсэнд Ши Сю ер үг дуугүйгээр тогшуурыг цохисоор явж гудамжны аманд хүрч ирээд, тогшуураа газар хаяад, Хай хуушааныг нэг өшиглөж газар унагав. Үүнд Хай хуушаан даруй босч үзвээс, тэр нь Ши Сю тул, зүрх нь хагарах мэт болж хамаг биеэс хөлс гарч, чичрэн дагжин байхад Ши Сю өгүүлрүүн: - Чамаас олон үг асуухгүй. Гагцхүү энэ өмссөн хувцсаа түргэн тайлагтун хэмээсэнд Хай хуушаан яаран дээл хувцсаа тайлж чармай нүцгэн болов. Үүнд Ши Сю нэг сэлэм далайж хүзүү толгойг салгаж алаад, дээл хувцсыг авч дяньдаа харьж ирээд, үүдээ сэмхэн хааж унтав. Үүнийг үл өгүүлэх өгүүлэх нь, Энэ Зижоу хэрэмд хау хэмээх боов, шижу хэмээх будаа худалдах нэг Вангүн хэмээх хүн нэг хүнээр тэдгээр хау, шижугаа дамнуулан өөрөө хажууд дагаж гэртээс гарч таван жин цохисон дараа гарч, зээлд худалдах хэмээн явж, тэр хуушааны алсан гудамжны аман дээр иртэл, тэр дамнуур дамнасан хүн тэр үхсэн хуушааны биед хөл нь торж ойчоод өөрөө унаж басхүү боов, будаагаа газар асгаж цөм үгүй болгосон. Тэр хүн сандарч босон, тэр үхсэн уушааныг тэмтрэн үзвээс нэг хоёр тарган хуушаан бололтой хүн архи ууж согтоод энд унаж унтав хэмээсэнд тэр Вангүн түүнийг тэмтрэн үзвээс, гарт нь муу үнэртэй цус наалдаж ирэв. Үүнд тэр Вангүн их дуунаар “Хоёр хуушаан үхэв хэмээн бэрхэрэн бархирсанд олон айлын хүн босож, дэн лаа барин гарч ирээд үзвээс хоёр чармай нүцгэн хуушаан бие толгой нь сэлмийн ирэнд салсан учирт, олон хүн өгүүлрүүн: - Энэ жигтэй хэрэг энэ өвгөн шижу будаагаа хауны хамт улаан цусанд хольсныг үзвээс, энэ Вангүн алсан. Үүнийг барьж яаманд хүргэх хэмээлцэв. Энэ үг учир ялгавартай. Хүний гай тохиолдох нь тэнгэрээс ирдэггүй, газраас гарч ирэх хэмээжихүй. Энэ Вангүн ийм хилсгүй хэрэгт баригдаж яаманд хүргэгдсэн хойно яахин зовох ба амь гэтлэн гарах, үл гарахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )