ҮСХ-ны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс болон албаны хүмүүстэй цахимаар уулзлаа.
Тус уулзалтад ҮСХ-ноос Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа, Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа нар оролцов.
Уулзалтын эхэнд ҮСХ-ны дарга Б.Батдаваа НҮБ-ын Хүүхдийн сан нь “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Мөн ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй Хүүхэдтэй төрийн албан хаагчдын нөхцөл байдлын судалгаа, 2020-2021 онд хэрэгжүүлж буй “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС+) -г хийж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтойг онцолж харилцан санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтод аймгууд болох Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт 3 жилийн хугацаатай “Өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламж”-ийг тодорхойлох судалгааг хамтран 2019, 2020 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд 2021 онд үргэлжлүүлж ажиллах юм.
“Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдын хүүхдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг сайжруулах, өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудал дээр анхаарах шаардлагатай байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас тэмдэглэн хэллээ.
Мөн тоон мэдээллийн чанарыг сайжруулах, хүүхэд хамгаалал болон Тогтвортой хөгжлийн зорилгын хүүхэдтэй холбоотой шалгуур үзүүлэлтийн холбогдох мэдээллийг сайжруулж хамтран ажиллах саналаа солилцлоо гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )