ЭХЭМҮТ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай баг "Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь" бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол цол хүртэж байна.
Энэхүү бүтээл нь шинэ технологийг нэвтрүүлэн, нутагшуулсан сонгодог жишээ болж байна. Шүд, нүүр ам судлалын эмнэлзүйн анагаах ухаанд оношилгоо эмчилгээний иж бүрэн технологийг цогцоор нь нэвтрүүлж, олон жилийн турш тогтвортой үр дүнд хүртэл нь ашиглаж болдгийн бодит жишээ, үлгэр загвар болсон байна.
ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг үзүүлжээ.
Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр, 100 хувь Монгол улсдаа оношлогдож, эмчлэгдэх боломжтой болсон явдал юм.
Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэж чадсан байна.
Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мянъмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ улсад уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож, 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.
Монголын төр засаг, түмэн олон маань тус баг хамт олны ажлын амжилт, хөдөлмөр зүтгэлийг ийнхүү үнэлж хүндэтгэн "Төрийн соёрхол" цол хүртээсэнд ЭХЭМҮТ-ийн хамт олны зүгээс маш их баярлан, догдолж байгаагаа илэрхийллээ.
ЭХЭМҮТ-ийн хамт олон үүсч хөгжсөнийхөө 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд тус төвийн түүхэнд 2 дахь удаагаа "Төрийн соёрхолт баг" ийнхүү төрөн гарчээ.
Цохон тэмдэглэхэд, Монголын анагаах ухааны шүд, нүүр ам судлалын салбараас анх удаа Төрийн соёрхол хүртэж байгаа нь энэ ажээ.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Удирдлагын ШУ-ны магистр, Хүүхдийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ш.Энхтөр энэхүү баярт мэдээллийг хуваалцаж, Г.Аянга ахлагчтай баг хамт олондоо халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Аянгын баг гэдэгт тэгээд хэн хэн гэдэг эмч, сувилагч, асрагч байдаг юм бэ?
Та бүхэндээ баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе
Хүн засарнаа гэж Анагаахын овоо гөмбөөчдийн нэг байсан даа
Баяр хүргэе ээ. Ажлын амжилт хүсье.\n\n