Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах болон Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж “Төрийн соёрхол” хүртсэнд нь баяр хүргэж, тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий тэргүүтэй удирдлага хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий “1996 онд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх хийж эхэлснээр Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлдэг билээ. 2002 онд Эд нийцэл, молекул биологийн лаборатори үүсгэн байгуулагдсанаар эрхтэн шилжүүлэн суулгалтын дархлаа хяналтын асуудал шийдэгдсэн. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан одоогоор 240-өөд хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр бусад эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурь тавигдаж одоогоор 115 элэг, 20 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.
2011 онд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа БНСУ-ын Асан ЭМТ-ийн Lee профессороор ахлуулсан багтай хамтарч УНТЭ-т амжилттай гүйцэтгэснээр Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлсэн байдаг. Мөн түүнчлэн бөөр болон элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх, тархины үхэлтэй донорын тухай мэдлэгийг сайжруулах зорилгоор ард иргэдэд эрхтний донорын ариун үйлсийг сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн.
Манай Үндэсний багийн хамт олон “Донорын өдөрлөг”, “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын тоглолт” зэрэг олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Мэдлэг-оюун, Хичээл-зүтгэл, Шаргуу-хөдөлмөрөөрөө нэг баг болж ажиллаж байдаг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олны хөгжил дэвшлийн түүх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм. Бид эрүүл мэндийн салбартаа хэзээд АНХДАГЧ, МАНЛАЙЛАГЧ нь байна гэсэн эрхэм зорилгоо хадгалан, үргэлж манлайлагч байхыг эрмэлзэн, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлэн, нэр төрөл, бүтээмжийг нэмэгдүүлэн, МУ-ын иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах замаар салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.” гэлээ.
УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн: Төрийн шагнал хүртсэн бүх эмч нарт халуун баяр хүргэе. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг дахин байгуулагдан энэ богинохон хугацаанд өнөөдрийн байдлаар 233 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Багийн эмч нар маш чадварлаг ажиллаж байгаад талархаж байна. Өдрөөс өдөрт чадвар нь дээшилж, эрдэмлэг, судалгаа шинжилгээ хийдэг, алдсан оносон зүйлээ эргээд ажилладаг, улам төгөлдөржүүлэх алхмууд хийж байна. Манай улсын бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхийн жишигт хүрсэн. Гэхдээ бидэнд хийх зүйл олон байна.
УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн ахлагч, тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр: Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь манай эмнэлэгт төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт маш том хөгжил дэвшлийг авчирлаа. Нэгт, эмч, эмнэлгийн олон салбарын ажилчид эвлэлдэн нэгдэж ажиллаж чаддаг болсон. Хоёрт, нэг баг болж, бие биенээ сонсож, нэгэндээ удирдуулж ажиллаж чаддаг болсон. Гуравт, технологи шинэчлэлийн хувьд өөрсдийн захиалсан шинэ технологийг авч, нэвтрүүлэн нутагшуулж чадсан. Дөрөвт,эрхтэн шилжүүлэн суулгах суурийг нь тавьж өгсөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн зэрэг маш олон шинэчлэлийг бий болгосон гэж харж байна.
УНТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн: Өнөөдөр бид бүгдийн хувьд баяртай өдөр тохиож байна. Биднийг дэмжиж ажилласан ЭМЯ болон УНТЭ-ийн үе үеийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шагнал бол УНТЭ-ийн нийт хамт олны шагнал гэж харж байна. Элэг, Бөөр шилжүүлэн суулгахад лифтчинээс эхлээд, эм зүй, техникийн алба зэрэг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцоо чухал байдаг. Энэ бүх ажилчдын хүчин чармайлтын үндсэн дээр Анагаахын шинжлэх ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг нэвтрүүлж, олон улсын жишигт хүрч байна.
Сэтгэгдэл ( 4 )
энэ цагийн эгэл баатарууд шүү. баяр хүргэё
сайдаа нэг л олж чадахгүй салбар даа
Гоё.улам их амжилт баатруудаа.
gdgrhioo