Д.Нарангэрэл: Нэгдүгээр улиралд багтааж, эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар төлөвлөсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

-Нийслэлчүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогоох 12 хоногийн хугацаанд халдварын тархалтыг хумих нөхцөл, боломж хэр байгаа вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын үеийн гол зорилго бол өвчлөлийг тахалт тархалтад хүргэхгүй байх, өвчлөлийн тархалтыг бууруулах, далд хэлбэрээр буюу шинж тэмдэггүй хэлбэрээр байгаа хүмүүсийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлууд хийгдэнэ. Үүний үр дүнд коронавируст халдварын өвчлөлийн тархалтыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж төлөвлөж байгаа.

-Хөл хорионы үед эмнэлэгт өвчтний сахиур хийх хүмүүсийг хэрхэн зохицуулах вэ?

-Хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа өвчтөн, тэдгээрийн сахиурыг хэрхэн солих талаар зөвлөмж, зааварчилгаа гарч байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үед эрүүл мэндийн байгууллагууд яаж ажиллах уу, ялангуяа архаг хууч өвчтэй, байнгын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн судалгааг гаргаж, ямар унаагаар, хаашаа, хэдэн удаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг нарийн төлөвлөж явж байна.

-Монгол Улсад вакцин оруулж ирэх үйл ажиллагаа аль шатандаа явж байгаа бол?

-2021 оны нэгдүгээр улиралд багтааж, эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар төлөвлөсөн. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд, ДЭМБ-ын шугамаар, хандивлагч бусад орнуудын хэлэлцээрийг судалсны дагуу дархлаажуулалтыг энэ улиралд багтаан явагдана гэж үзэж байгаа. Дэлхийн нийтэд хамгийн эрсдэлт бүлэг буюу коронавирусний халдвартай нүүр тулан ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цэрэг, цагдаагийн албан хаагчид, 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй хүмүүс гэсэн дарааллаар вакцин хийгдэж байна. Үүнийг ч манай улс баримтлан дархлаажуулах арга хэмжээг хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.98.76.21) 2021 оны 02 сарын 10

Жаахан хурдтай ажилламаар байна. 1-р улирал дууслаа. \n

0  |  0
Top