Хоёрдугаар сарын 23 гэхэд нийслэлийн бүх өрхөөс ШИНЖИЛГЭЭ авч дуусгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж байна.

Энэ сарын 11-нд 46202, өчигдөр буюу 12-нд 36069 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.13/  "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өгөх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хөл хорио тогтоосон хоёр хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр халдварын 40 тохиолдол илэрсэн. Тэдний 38 нь тусгаарлагдсан иргэдээс илэрсэн бол хоёр нь иргэдийн дундаас илэрсэн юм. Харин өнөөдөр халдварын 46 тохиолдол бүртгэгдлээ. Мөн халдварын хоёр тохиолдол массын дундаас илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний үеэр дөрвөн хүнээс халдвар илрээд байна. Хоёр өдрийн хугацаанд гурван голомтыг илрүүллээ. Хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж байна. Өнөөдөр 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна" гэж мэдээлсэн юм. 

Дээрх дөрвөн тохиолдол нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг иргэдээс илэрчээ.

Одоогоор тандалт, судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд халдварын шинэ голомт гэж үзэж байгаа аж. 

Хөл хорио тогтоосон 12 хоногт буюу хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн бүх өрхөөс (410 мянга гаруй өрх) халдварын шинжилгээ авах юм. 

Ингэснээр Улаанбаатар хотод голомтлоод байгаа халдварын 30 гаруй голомтыг хумина гэж Засгийн газраас үзэж байгаа билээ.

Нийслэлийн дүүргүүдэд шинжилгээнд хамрагдсан байдал
 

  • Сонгинохайрхан- 9343
  • Баянзүрх- 9301
  • Баянгол- 7701
  • Сүхбаатар- 2968
  • Хан-Уул- 3515
  • Чингэлтэй дүүрэг- 3224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1.414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top