Эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

2021 оны 02 сарын 18

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг  энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургалтыг нээж үг хэлэхдээ“Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаар танилцуулж,  “Өнгөрсөн оны 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу  Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стртатегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх гээд томоохон ажлууд бидний өмнө хүлээж байна.Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь АХБ-ны төслийн техникийн туслалцаатайгаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг төлөвлөгөөтэйгөөр, үе шаттайгаар хийж гүйцэтгэж ирлээ. Тухайлбал: Стратегийн худалдан авагч байгууллага болгох зорилгоор ЭМДЕГ-ын бүтэц, орон тоог нь шинэчиллээ; 2021 оны төсвийн тухай хуулиар өмнө нь улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэлээ; ингээд ЭМДЕГ нь энэ онд нийт 1.02 их наяд төгрөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болсон талаар ярьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, даатгуулагчдад түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэхийг онцолж хэллээ.

Энэ удаагийн  сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд  хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар  эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариуллаа.

Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар  болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр  хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өгөх юм.

Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын Захирал, дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, стратеги эрхэлсэн орлогч дарга, эрүүл мэндийн даатгалын албаны дарга, санхүүгийн албаны дарга, эдийн засаг зэрэг удирдлага, эмч, мэргэжилтнүүд доорх хуваарийн дагуу оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top