2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн хуулиудад өөрчлөлт орж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас шийддэг болсон билээ.
Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм. Эмнэлгүүдийг төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй хөнгөлөлт үйлчлэх аж.
Мөн "Сонгдо" эмнэлэгт хийгдсэн 4, 5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж эхэлжээ.
Дашрамд сонирхуулахад, "Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны тавдугаар сараас "Зүрх мартахгүй" төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэх хүүхдэдээ зүрхний хагалгааг амжилтай хийсэн байна.
"Зүрх мартахгүй" төслийн багт талархал илэрхийлж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулжээ.
"Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь сар орчмын өмнө БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орж, өнгөрсөн сарын 19-нд эх орондоо ирсэн юм. Тэрбээр химийн эмчилгээ хийлгэхийн хажуугаар "Зүрх мартахгүй" төслөө үргэлжлүүлэхээр ийн ажилдаа шуурхайлан оржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Болдсайхан эмчээ ажиллах гэж бүү яар, гам сайн барих хэрэгтэй шүү дээ. Та монгол улсад хэрэгтэй хүн шүү
Болдсайхан эмч болон багынханд нь ажлын амжилт хүсье.