Сүүлийн үед Монгол орны нутагт ойр ойрхон газар шилгээх болов. Дорнодын Матад, Өмнөговийн Номгонд хоёр, гуравхан хоногийн өмнө ийм үзэгдэл болсон. Хөвсгөл аймгийн Ханх сумынхан 2020 оны 12 дугаар сараас хойш мөнхийн чичиргээн дунд, галт тэргээр аялаж яваа юм шиг байдалд аж төрж байна. Эхний хэдэн удаагийн давтамжаар иргэдийн бие тавгүйрхэж, мал амьтан майлж мөөрч хямралын шинжтэй байсан бол одоо чичрэхгүй бол гайхахаар тийм байдалд нэгэнт хэвшсэн гэж нутгийнхан ярих болжээ. Гэхдээ энэ бол тоглоом шоглоом болгох хэрэг огт биш.
Дэлхийн хэмжээнд ХХ зуунд найман магнитудын газар хөдлөлт 33 удаа тохиосны дөрөв нь Монголд болжээ. Тэгэхээр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог эх орон маань тийм ч амар амгалан, номхон дөлгөөн газар биш гэдэг нь тодорхой.
1905 оны долоодугаар сард хоёр удаа Увс аймаг, Хөвсгөлийн баруун хэсэг, Завханы хойд талыг дамнан найман баллын хүчээр газар шилгээж Булнай, Хангай, Хан Хөхийн нуруу хооронд газрын гадаргад 130 км хагарал үүссэний “сорви” одоо ч бий. Тухайн үед тэр ангал руу хүн, мал унаж, хэд хоног дотор нь хонь, ямаа майлалдаж байсныг ярих хүн саяхан хүртэл байсан. 1931 оны наймдугаар сард Монгол Алтайн нуруунд мөн л найман баллын газар хөдлөлт болж 189 км урт хагарал үүсжээ. 1957 оны 12 дугаар сарын эхээр Говь-Алтайн нуруу, Гурван Богдод 8,3 баллын газар хөдлөлт болж, уулын орой тасарч нуран 270 км урт ангал, гуу тогтсон. 1967 онд Булган аймгийн Могод суманд мөн л найман баллын газар хөдөлж байшин барилга нурсан. 1957 оны газар хөдлөлтийн гэрч нагац ах маань ярьдаг байв. Завхан аймгийн Шилүүстэй сум, Алтайн нуруу цэнхэртэн дуниартаж харагддаг нутгийн хүн. Тэр өдөр идэшний хонь төхөөрч таарч. Гэдэс дотрыг нь түмпэн саванд гаргаж тавьчихаад махаа эвдэхээр сууж байтал гэнэт хонины мах бөмбөгнөж хөдөлсөн гэдэг. Тухайн үед 18 настай залуу “Өдий болтол хонины амь тасраагүй байсан гэж үү” хэмээн сүнсээ зайлтал айсан ч дороос нь нэг зүйл түлхэх шиг болоод өөрөө өнхрөөд унаад өгсөн гэдэг юм. Тэгтэл гэр гэрээс хүмүүс орилолдон гарч, бөөн үймээн бужигнаан, улаан майлаан болж, ноход гаслаж, бэлчээрт явсан мал талаар нэг тарж давхиж, тэр гэх тэмдэггүй юм болсон гэдэг.
Тэгвэл Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй Улаанбаатар хот яг тийм хэмжээний газар хөдлөх өндөр магадлал бүхий газар доорх таван том хагарлаар хүрээлүүлчихээд амар жимэр аж төрж сууна.
Сүүлийн жилүүдэд холбогдох байгууллагуудаас хийсэн судалгааны дүнд Улаанбаатар хот орчимд Хустай, Эмээлт, Шархай, Авдар, Гүнж, Мөнгөнморьт зэрэг газрын гүнд буй зургаан идэвхтэй хагарлын бүсийг илрүүлжээ. Эдгээрийг авч үзвэл:
Эмээлтийн 35 км урт хагарал: Мэргэжлийн хэллэгээр бол баруун гарын хэвтээ шилжилтийг агуулсан энэхүү огшилт төрлийн хагарлын бүсэд газар хөдөлбөл нийслэл хотод наймаас есөн баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,1-д хүрэх магадлалтай.
Хустайн 212 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт агуулсан бөгөөд нийслэлд дээрхийн адил наймаас есөн баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,8-д хүрч газар шилгээх магадлалтай.
Гүнжийн 20 км урт хагарал: Баруун гарын хэвтээ шилжилт бүхий огшоолт төрлийн төрлийн уг хагарлаас болж Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 6,5-д хүрч газар хөдлөх магадлалтай.
Авдар уулын 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүсэд Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох өндөр магадлал ажиглагддаг.
Шархайн 50 км урт хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилт төрлийн энэ хагарлын бүсэд нийслэлд найман баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох магадлал бий.
Мөнгөнморьтын 90 км урт хагарал: Баруун хойш уналттай хагарлын бүсэд нийслэлд 5-6 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,0 хүрэх газар хөдлөлт тохиох боломжтой гэжээ.
Ийм аюултай бүслэлт дунд нийслэлчүүд одоохондоо коронавирусээс өөр аюулгүй мэтээр налайж суугаа.
Гэтэл Улаанбаатарын орон сууцны 3100 орчим барилга байдаг. Дүн шинжилгээ хийж үзэхэд наад зах нь 166 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнийхөн өгчээ. Энэ бол бас хэдэн жилийн өмнөх тооцоо.
Улсын мэргэжлийн хяналтынхан 150 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй хэмээн дүгнэж оршин суугчдад нь мэдээлжээ. Сургуулийн 27, цэцэрлэгийн 51, эрүүл мэндийн найм, соёл урлагийн байгууллагын дөрвөн барилга байгууламж газар хөдлөлтөнд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ бол наад захын тав, зургаан баллын газар хөдлөлтөд учирч болох хохирол.
Гэтэл мөнөөх зургаан хагарал дахь голомт сэргэж газар шилгээхдээ тулбал нийслэлчүүдэд юу учирч болох вэ гэдгийг тунгаан, нураах барилгаа нурааж, хүчжүүлж болохыг нь хүчжүүлж, шинээр барих барилгууддаа зохих стандартыг мөрдүүлэх цаг нэгэнт болжээ. Найм есөн балл бол Алтайн нуруунд уулын орой тасарч нурсан хэмжээ шүү дээ.
Гай газар дороос гэдэг нь бараг газар хөдлөлтийг хэлсэн үг юм бус уу. Коронавирус намжих цаг ирэхдээ л ирнэ. Харин газар хөдлөлтийг урьдчилж мэдээд бултаж зугтсан улс орон одоогоор байхгүйг санах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Попрохгүйгээр мэргэжлийн хүн шиг нийтлэл бич. Эм бөгөөс арилж үз.
Газрын хагарлын зургыг тавьчихвал яасан юм бэ?! Мэдээлэл өгөх гэсэн юм бол гүйцэд өгчихөөч хө!! Ер нь бол бодууштай.
tui tui
Unen shuu yanaa
шархай авдар гүнж гэж хаана байдгийн бол. бас нууц юм болуу.
Тиймээ зураглал харуулаачээ нууц биш биздээ ард иргэд мэдэх эрхтэй
Haaya haay ogtson medregdej baigaa hugatsaa ni l bogini bolohoos bish
Хагарсан Зурагаа тавиачээ. Хий онолдоод байхаар.
ЯАХ АРГАГҮЙ АНХААРАХ АСУУДАЛ МӨН. НЭЭРЭЭ Л МЭДЭЭ ХАРААД БАЙХАД ӨНГӨРСӨН ӨВЛӨӨС ХОЙШ ОДООГ ХҮРТЭЛ БАЙГАЛИЙН ГЭНЭТИЙН ҮЗЭГДЛҮҮД ДЭЛХИЙГЭЭР НЭГ БОЛЖ БАЙНА. ГАЛТ УУЛНУУД, ИХ ЦАС, ХҮЙТРЭЛ, ТОРНАДО, . . . ЗА ТЭГЭЭД ХАВАР ЭХЭЛЛЭЭ, ШАР УСНЫ ҮЕР, ХӨРСНИЙ ГУЛСАЛТ ГЭЭД ЯВЖ ӨГӨХ ЮМ БАЙНА. ЭЦСИЙН ЭЦЭСТ ХҮН БҮР АРАНЗАА , ТӨР ЗАСАГ НЬ ХОРГОДОХ БАЙРАА ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЛЭСЭНБЭЛЭН БАЙЛГАХ ШААРДЛАГА ГАРЧ БАЙНА. ХАМГИЙН ЧУХАЛ ХЭЦҮҮ ЮМ НЬ АЛЬ Ч ҮЕД АРД ИРГЭДЭЭ ХҮНС ТЭЖЭЭЛЭЭР ТАСЛАХГҮЙ, ӨЛСГӨХГҮЙ БАЙХ УЛСЫН БИЕ ДААСАН ДОТООД ЧАДВАР, ЧАДАВХИ МУУТАЙ Л БАЙНА, МИНИЙ БОДЛООР
hotod ch gesen barag shunu bolgon chichirhiilel medregdeed baigaa shu ,manaih 15 davhart baidag