Эх орончдын өдөр гэж нэг том гарчиг олоод нийтээр тэмдэглэх болсон намын 100 жил хуучраагүй байна. Намын 100 жилээр хэлсэн нэгэн үг олны анхаарлыг эрхгүй татсан. Энэ бол Япон лугаа хөгжье гэх үг байлаа. Цуурай нь одоо ч намдаагүй байна.
Швейцарь лугаа хөгжье гэж хэлсэн намын даргаа хойд ахтайгаа нийлээд буудан хороож, өнөө хэр нь харлуулсан киногоо зогсоо зайгүй нүдэж байгааг нь харвал хувь заяаны тоглоом гэлтэй. Гэвч түүний хэлсэн үг өнөөдөр Япон лугаа хөгжье болж өөрчлөгджээ. Япон лугаа хөгжихөд учир бий. Японы соёл бол өөр байсан. Олон жил магадгүй христээс ч өмнө тогтсон хаант ёстой үүнийгээ тойрсон нийгмийн олон давхарга бүхий бүлэгтэй, зөвхөн Японы онцлог шингэсэн нийгмийн байгуулал энэ арал улсад оршин тогтнож байсан, одоо ч оршин тогтносоор байгаа.
Нөгөө талаар Япон хүний за гэвэл ёогүй, хэлсэндээ хүрдэг, хүрэхийн төлөө хичээдэг тэр их тэмүүлэл 1990 оныг хүртэл Наран улсыг үсрэнгүй хөгжилд хүргэсэн. Их хөгжлийн хөөс хагарахтай зэрэгцсэн олон арван сорилт, бэрхшээлийг ч энэ улс одоо туулж яваа. Магадгүй 20 жилийн дараа Энэтхэг, БНХАУ, Индонез, Филиппин зэрэг хүн ам нь өсөн нэмэгдсээр байгаа өөдрөг тэмүүлэлтэй улсуудад гүйцэгдэнэ гэж Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурджээ. Ирэх 100 жилээ Япон лугаа хөгжинө гэж томъёолсон сүрт үгийг чухам яагаад хэлэх болов, чухам яагаад Япон улс үсрэнгүй хөгжив гэдгийг хамтдаа зураглая.
Галт шувуутай адил тавилан
Японы хөгжлийг товчоор илэрхийлбэл яг л галт шувуу гэлтэй. Өөрийгөө шатаагаад үнсэн дундаас төрдөг энэхүү домгийн амьтан өрнөөс дорно, дорноос өрнө зүгт өөр, өөрийн хэв шинжээрээ мөнхөрчээ. Тэгвэл ирэх 100 жилийнхээ загвар болгоод буй Япон улс яг л ийм тавилан туулсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнд дайсагнагч талтай нэгдэн Ази тивийг бүхэлд нь эзлэх “романтик” магадгүй утопи мөрөөдөл нь эгээтэй л энэ улсыг сүйд хийсэнгүй. Хирошима, Нагасаки хотууд нь цөмийн аюулаар сүйтгэгдэж, Токио зэрэг ихэнх томоохон хотууд нь агаарын дайралтад өртөв. Үүнийхээ төлөөсийг тэд 60-аад он хүртэл төлөх хэрэгтэй болсон. Японы харьяанд нэгэн цагт байсан нутгуудаас хэдэн сая хүн эх нутгаадаа харьж, дайны хохиролд нөхөн төлбөр төлж, аж үйлдвэрийн систем нь дайны хөлд сүйдсэн учраас мөн л хэдэн саяар тооцогдох хүн дайны тэтгэмж авах болов. Тэртээ тэргүй улайгаад байсан Японы данс ийнхүү хувхай хоосрох дээрээ тулсан юм. Түүнчлэн холбоотон гүрнүүд Япон улсад бааз байгуулах нэрийдлээр хяналтаа тогтоож байлаа. Үүнтэй зэрэгцэн өөр нэг асуудал үүссэн нь инфляц тэнгэрт тулсан явдал. Засгийн газар нь зах зээлд эргэлтэд орох мөнгийг хүчээр бууруулах замаар йений ханш уналтыг зогсоох бодлого баримталж байлаа.
Хүний гараас ниссэн галт шувуу
Японы тухайн үеийн хөгжлийн загварыг илүү нээлттэй, ардчилсан гэж тодотгож болно. Тухайн үед Япон улсад байсан холбоотон гүрнүүдийн ерөнхий штаб ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгохоор дараах таван зүйлийг хэрэгжүүлэв.
Далд нууц үйл ажиллагаа явуулдаг хянан цагдах тогтолцоог халах: Олон нийтийг хянан цагдаж, үзэл бодлыг нь хянах нууц байгууллага Япон улсад дайны жилүүдэд хүчтэй хөгжсөн байлаа. Нэг ёсондоо даган дуурайж байсан Нацистын Германы “СС” шиг бүтэцтэй цагдаагийн нууц байгууллага ажиллаж байлаа. Үүнийг нь холбоотон гүрнүүд үндсээр нь үгүй хийхээр шийдсэн юм.
Хүчтэй үйлдвэрчний эвлэл: Хөдөлмөр эрхлэгчдийг хүчтэй болгох, ажлын байрыг орчин цагт нийцүүлэх, хөдөлмөрчдийн эрхийг хангах зорилгоор нийгмийн хөгжлийн хурдыг түргэтгэх зорилтыг холбоотон гүрнүүд тавив. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлүүдийг жагсаал цуглаан зохион байгуулах, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх эрх олгосон юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хангах: Холбоотон гүрнүүд Япон улсад тогтсон эмэгтэйчүүдийн талаарх үзэл баримтлалыг зөөлрүүлэх, сонгох, сонгогдох эрхээр хангах зорилт дэвшүүлэв.
Боловсролын системийг нээлттэй, ардчилсан хэв шинжтэй болгох: Эзэн хаанаа тахих үзлийг халж, барууны чиг баримжаатай боловсролын тогтолцоог Япон улсад нэвтрүүлэхээр холбоотон гүрнүүд шийдэв. Нэг ёсондоо бүр багаас нь олон ургалч үзлийг түгээх зорилготой байсан гэхэд болно.
Эдийн засгийг чөлөөтэй ардчилсан болгох: Нэн түрүүнд монополь давамгайлсан бүтцийг халахад холбоотон гүрнүүд анхаарч байлаа. Тухайн үед эзэн хааны ойрын хүрээллийн хүмүүсийн атгадаг томоохон бүлэглэлүүд мөнгө хүүлэх явдал ажиглагдсан тул үүнийг халж, тухайн бүлэглэлүүдэд хуримтлагдсан их хэмжээний хөрөнгийг жижиг компани, хувийн аж ахуйнуудад хуваан тараах зорилго агуулж байлаа. Феодалын системийг халах зорилготой байв.
Холбоотон гүрнүүдээс хамгийн их нөлөөллөө тусгах гэж оролдсон нь АНУ байлаа. Сувдан эрэг, цөмийн бөмбөг зэргээр дайны цагт нэгэн сэжмээр холбогдсон нь үүнийг тайлбарлах нэг шалтгаан байж мэднэ. Гэвч Япон улсын засгийн газар нэгэн зүйлийг орж харсан нь тэртээ тэргүй бүтээн байгуулалтын эрин эхэлнэ гэдгийг гадарлаж байсан тул улсынхаа хөгжлийн тулгуурыг ган, төмөрлөгийн үйлдвэрлэл гэж олж харжээ. Холбоотон гүрнүүдийн дээр дурдсан таван зорилт бүхий арга хэмжээ үр дүнгээ өгч ард иргэд өөрийн гэсэн хөрөнгөтэй болж, хүнсний хомстол ч тодорхой хэмжээнд арилаад байсан цаг үе. Төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр уул уурхай тэр дундаа нүүрсний салбар ч нэмэгдэв. Зах зээлд эрэлт нэмэгдсэн учраас эдийн засгийн бусад салбарууд нь ч дагаад хөгжжээ.
Дээш ниссэн галт шувуу
АНУ-ын Тагнуулын төв газрын тайланд дурдсанаар Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дөрвөн үе шатад хуваасан байдаг. Эхний үе нь 1955-1957 оны зурвас үе. Энэ он бол АНУ-ын Засгийн газраас Япон улсын хөгжил цэцэглэлтэд зориулж их хэмжээний зээл, буцалтгүй тусламж олгосон байна. Тухайн цаг үед нөгөө талд Солонгос улсад дайн дэгдэж байсан нь ган, төмрийн эрэлтийг нэмэгдүүлсэн нь Японы эдийн засгийн хөгжлийг өрдсөн үйл явдал байсан юм. АНУ нэгэн цагийн дайсан Япон улсыг ойрын холбоотноо болгон ирэх жилүүдэд стратегийн томоохон түнш болгох зорилт тавиад байв. АНУ-ын хийсэн ганц чухал зүйл нь йений ханшийг “гайгүй” тогтоосон явдал. Нэгэн баримт дурдахад тухайн цаг үед нэг ам.долларыг 360 йентэй тэнцүү гэж тогтоож байв.
Удаах үе нь 1958-1961 оны үе. Энэ үед төмөрлөг болон нүүрсний салбар үсрэнгүй хөгжиж үүнээс шалтгаалан эдийн засгийн бусад салбарууд ч одоогийн хэв шинжээ олж эхэлж байлаа. Дотоодын эдийн засгийн нөхцөл байдал 15 жилийн өмнөхтэйгөө огт адилгүй болжээ. Масс үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь ч дагаад нэмэгдэв. Энэ үед одоо цагт Япон улсын нэгэн имиж болсон электрон барааны үйлдвэрлэл ч өсөлтийн хурдаа олоод байжээ.
Гурав дахь үе нь 1963-1964 оны үе. Энэ үе бол Токио хотод зуны олимпын наадам зохион байгуулагдсан давхацдаг. Үүнийг дагаад дэлхий дахинд Японы талаарх стереотайп огцом өөрчлөгдөн гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм. Үүнээс шалтгааалн эдийн засаг нь төрөлжиж, аялал жуулчлалын салбар орчин цагаа даган өөчрлөгджээ.
Дөрөв дэх үе нь 1966-1970 он. Энэ бол Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе. 1960 онд Японы Засгийн газрын боловсруулсан “Орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө” гэгч үр дүнгээ өгөөд байлаа. Үүнийхээ тулд дэд бүтцээ хөгжүүлж, “Японд үйлдвэрлэв” санаачилга дэвшүүлж үүнийхээ дэд хөтөлбөр болгож электрон бараа, бэлэн хувцас, машин тоног төхөөрөмжөө дотооддоо үйлдвэрлэх дэд зорил дэвшүүлэв. Засгийн газрынх нь дэвшүүлсэн зорилт ердөө долоон жилийн дотор бүрнээ утгаа олж 1967 он гэхэд Япон өрхийн сарын дундаж орлого хоёр дахин нэмэгдсэн байлаа. Тухайн үед Японы урд зөвхөн АНУ л байлаа.
Бид юу сурах вэ
Намынхаа 100 жилийн ой дээр гэнэтхэн Япон лугаа хөгжихөө санасан манай улс хөгжиж чадах уу. Нэгдүгээрт Монгол Улсад эдийн засаг хөгжих бодитой түлхэц, түүхэн нөхцөл алга. Японы хөгжилд нэг талаас дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон Холбоотон гүрнүүдийн штаб, нөгөө талаас дөнгөж хурцдаж байсан Солонгосын хойгийн хямрал сайнаар нөлөөлсөн. Тэгж байж Япон улс хөгжсөн. Бас нэгэн зүйл бол дотоодын мөнгөн тэмдэгтэй хүчтэй байлгасан явдал. Дэлхийн зах зээл дээр нэг зүйл хөдлөхөд л ханш нь дагаад дээш, доош болдог тийм мөнгөн тэмдэгттэй байсан бол Япон улс өнөөдөр хөгжих ч үгүй байсан. Японы үсрэнгүй хөгжлийг хадгалсан бас нэгэн зүйл бол АНУ болон холбоотон гүрнүүдээс олгосон буцалтгүй тусламж, зээлийг зөв зүйлд зарцуулсан явдал. Намаа хүчирхэгжүүлэх бус иргэнээ хүчирхэгжүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд анхаарсан нь хөгжлийн бас нэгэн жор нь байлаа. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэдгийг холбоотон АНУ улс нь дайн дууссан цагаас хойш Японд сануулж байсан. Түүнийхээ хүчинд нийгмийн бусад салбарууд нь 20 жилийн дотор хөгжлийн дээд цэгтээ хүрч өсжээ. Хоёрдугаарт Японы нийгэм болон эдийн засгийн бүтэц байлаа. Манайхыг бодвол хүн ам ихтэй, хоёр зуун жил дотоод, гадаадын нөхцөл байдлаас шалтгаалан зовлон үзсэн улс. Дайны өмнө дотоодын нөхцөл нь гайгүй байсан тулдаа дайны дараах хүндрэлийг тэд саадгүй давсан. Дайны дараах геополитикийн нөхцөл байдал ч Японы хөгжилд сайнаар нөлөөлжээ. Гуравдугаарт сонгуулийн цикл бүрээр өөрчлөгддөггүй хөгжлийн бодлого тэднийг хөгжүүлсэн. Очих зүгээ нэгэнт тодорхойлоод түүндээ хүрэхийн тул 2-3 жилээр дэд зорилт дэвшүүлсэн нь ердөө 20 жилийн дотор үсрэнгүй хөгжилд хүрсэн нэг нууц нь байжээ. Дөрөвдүгээрт дурдах зүйл бол хамгийн чухал нь. Энэ бол Япон хүнд өөртөө итгэх итгэл бий болгосон явдал. Тэд дайнаас өмнө ч, дайны дараа ч технологийн нууцуудыг, нарийн ажиллагаатай үйлдвэрлэлийг мэддэггүй байсан. “Японд үйлдвэрлэв” санаачилгыг анх дэвшүүлж байсан 1960-аад онд иргэд нь итгэдэггүй байсан бол нийгмийн хөгжлийн хувьд асар богино хугацаа гэгдэх зургаахан жилийн дотор тэд өөрсдөдөө дэндүү итгэдэг болсон байлаа.
Япон лугаа хөгжих...!!
Ирэх 100 жилээ бид Япон лугаа хөгжинө гэж арай боломгүй санагдана. Учир нь Япон улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил эцэслээд 30 жилийн нүүр үзэж байна. Биднийг нийгэм журмаа өөрчлөөд ардчилсан чиг баримжааг сонгож байхад Япон улсын үсрэнгүй хөгжил зогсчихсон байлаа. Нэг ёсондоо “Японд үйлдвэрлэв” гэх санаачилга аль хэдийнээ түүхийн хуудаст үлдэж үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрийн салбарын асар их хөөс 1990-ээд онд хага үсэрсэн юм. Нэг талд хүйтэн дайн эцэс болж, нөгөө талд АНУ Ази тивд Японыг түшсэн эдийн засгийн бодлогоо түр зогсоосон нь энэ бүхний нэг шалтгаан байв. Түүнчлэн дэндүү үсэрсэн эдийн засгийн хөгжлийн золиосонд бүтэн нийгмээ тавиад туусан гэхэд хилс болохгүй. Японы хүн амын насны бүтэц хэтэрхий хөгширсөн нь компаниудын өвчин болж ажлын байр ч залуучуудад хомстож эхэлсэн. Асар их ажилласан Япон түмэн стресс, зүрхний өвчин, амиа хорлолтоор дэлхийд тэргүүлэх боллоо. Газар нутаг багатай, галт уулын хөрстэй энэ улсад байгалийн бохирдол нэмэгдсэн нь асар том асуудал араасаа дагуулав. Цэвэр усны нөөц нь саарч байгаа нь асар том аюулыг араасаа дагуулж байна. Японы нэр хүнд бүхий электрон бараа үйлдвэрлэгчид Солонгосын Samsung, АНУ-ын Apple-д, бэлэн хувцас, аж үйлдвэрийн салбарууд нь БНХАУ-д хол хаягдан хоцрох болов. Эдийн засгийн даац, багтаамж зэргээрээ БНХАУ 2011 онд Японыг гүйцэж түрүүлсэн билээ. Япончууд 1990-2020 он хүртэлх энэ гучин жилийг “Алдагдсан 30 жил” гэж нэрлэдэг ажээ. Нэг талаас нийгмийн нөхцөл байдал, нөгөө талаас хөрш орнуудын эдийн засгийн талаарх бодлого үндсээрээ өөрчлөгдсөн нь Японы хөгжлийг сааруулсан гэж дүгнэдэг. Одоо тэд цаашдын 30 жилийн тодорхойлохоор эд хөдөлмөрлөж байна. Тэд эдийн засгийн бүтцийн суурь өөрчлөлтүүдийг зайлшгүй хийхээр болж, татварын систем, хөрөнгө оруулалтын бодлого, бизнесийн орчин нөхцөлөө сайжруулахаар бодлогын судалгааны хүрээлэн байгуулжээ.
Ийм байхад Монголчууд бид ирэх 100 жилд Япон лугаа хөгжих үү, эс хөгжих үү!?
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ypon shig hogjij chadahgui l dee gehdee neg tugjrel utaa bohirdolgui hot bariad aytaihan amidarchij bolohoor l bgaan daanch ehneesee buh yumaa buruu hiichlee hot tolovlolt n buruu oyutolgoin geree n buruu hiisen yum n dan hulhi nasgui demii ih mongo urdeg hunsnii uildver gehees oor oligtoi hiideg yum alga neg bodlogoo ydaj todorhoilmoor yum ypon lugaa gej bhaar iim horoolol barij zaluuchddaa ogno iim zamiig ingeed tugjrelgui bolgono gedeg ch yumu
Үг хэлэх хямд. Бодит байдалд худалч. Хор зутгагч, Хүсэл, шунал\nдүүрсэн хүмүүс материаллаг сонирхол хэзээ хөгжилгүй.\n
Монголын коммунистуудын ээлжит хоосон цэцэрхэл, үл гүйцэлдэх амлалт. Одоо залхаж байна монголчууд.