Бүгд Найрамдах Франц болон Европын холбооноос олгох тусламжийн ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Траян Лауренцю Христей,Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Филипп Мэрлин нар оролцлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжиж байгаад, ялангуяа ГССҮТ болон Франц Улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад миний бие баяртай байна гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Траян Лауренцю Христей онцоллоо.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй жилийн турш Франц Улсын эмч, мэргэжилтнүүд ирж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг монгол эмч нарт зааж сургах, Франц Улсад дадлагажуулах, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, сэхээн амьдруулах тасаг, яаралтай тусламжийн тасгуудыг шинэчлэх зэрэг бодитой олон ажлуудыг хийсэн байна.
Өнөөдөр Европын Холбоогоор дамжуулан Бүгд Найрамдах Франц Улсаас “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зориулан 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг манай улсад олгож байна. Энэхүү тусламж нь цар тахалтай тэмцэхэд төдийгүй өвчтөнүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэхэд цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд хэцүү үед Монгол Улсад үүсч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тусламж үзүүлж буй Европын холбоо, Бүгд Найрамдах Франц Улс болон Францын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )