Токиогийн Олимп гаднын үзэгчгүй болж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Токиогийн зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид гадаадаас үзэгч авахаас татгалзах магадлал өндөр байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Энэ тухай шийдвэрийг Олимпыг зохион байгуулах хороо, Японы Засгийн газар Токио хотын захиргаа, Олон улсын олимпын хороо болон Олон улсын паралимпын хорооны хамтарсан хуралдаанаар энэ сарын дундуур гаргана гэж Киодо агентлаг эх сурвалж дурдан тодруулжээ.

Гаднын сурвалжлагчдын тоог хязгаарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Коронавирусний шинэ хувилбар гарч ирсэнтэй холбоотой халдварын тархалт хэрхэхийг таамаглах боломжгүй болж байгаа тул зохион байгуулагчид гаднаас үзэгчид авах нь Олимпыг аюулгүй зохион байгуулахад хүндрэл учирна гэж үзэж байна. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото гаднын үзэгчдийг хүлээн авах эсэх асуудлыг энэ сарын 25-наас өмнө буюу Олимпын бамбарын буухиа эхлэхээс өмнө шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Их Британид коронавирусний шинэ хувилбар дэлгэрсэнтэй холбогдуулан Япон улс гаднын иргэдэд виз шинээр олгохоо зогсоогоод байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд хүчин төгөлдөр болсон энэхүү хязгаарлалт нэгдүгээр сарын сүүлч гэхэд цуцлагдах ёстой байсан ч сунгасан юм. Өдгөө Японд зөвхөн Японы иргэд болон урт хугацааны визтэй болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гаднын иргэд нэвтрэх боломжтой байгаа.

Японы “Yomiuri” сониноос явуулсан судалгаанаас үзвэл, япончуудын 90 гаруй хувь нь Олимпын наадмыг үзэгчгүй эсвэл маш цөөн тооны үзэгчтэй явуулахыг дэмжиж байна.

2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний өдөр болох ёстой байсан Токиогийн Олимпын наадмыг цар тахлын улмаас 2021 оны долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Ингэхдээ Олимпын наадам “Токио-2020” гэсэн нэрийн доор явах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top