"Мөнгөн гүүр" эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Б.Гандолгортой ярилцлаа.
-Бага аарцгийн үрэвсэлт өвчин гэж юуг хэлдэг вэ?
-Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтнүүдийг хамарсан үрэвсэл юм. Энэ нь өндгөвч, умай, үрийн хоолой, гялтан зэргийг хамарна. Энэ нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг эмгэг төрөгчдөөс үүснэ. Эдгээр эмгэг төрөгчид нь үтрээгээр дамжин өгсөх замаар эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоог хямруулан шинж тэмдэг, зовуур өгдөг.
-Бага аарцгийн эрхтний үрэвсэл гэдэг нь өргөн хүрээнд яригдах өвчлөл юм байна. Сүүлийн үед энэ төрлийн өвчлөл хэр тохиолдож байна вэ?
-Эмчид хандах голлох шалтгаан нь нөхөн үржихүйн үрэвсэлт өвчин болж, жил ирэх тусам нэмэгдэж байна. Бэлгийн идэвхтэй насны 18-44 насны эмэгтэйчүүдийн 4.4% амьдралынхаа аль нэг үед бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргаж байсан.
-Танд хандаж байгаа эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь энэ төрлийн өвчлөлд өртсөн байна вэ?
-Ихэнх нь хэвлийн доогуур өвдөх, доошоо ялгадас гарах, бэлгийн харьцаанд ороход өвдөх зэрэг шинж тэмдэгтэй ирдэг. Ингээд шинжилгээ хийгээд үзэхэд ямар нэг байдлаар бага аарцагны үрэвсэлд өртсөн байдаг.
-Голлох шалтгаан нь юу вэ?
-Бэлгийн замын өвчлөл бол голлох шалтгаан юм. Тэр дундаа 30-80% нь заг хүйтэн өвчний үүсгэгч n.gonorrhoeae ,20-40% нь трихомониаз үүсгэгч c.trochomatis, 25-75% нь энэ хоёр үүсгэгчээр хавсарч тохиолддог байна.Үүнээс гадна бичил биетэн,грам эерэг,сөрөг агаартан болон агааргүйтэн нянгууд, сүүлийн жилүүдэд микоплазмын халдварууд бэлэг эрхтний салстыг гэмтээн халдварлаж байна.
-Үүнээс гадна нөлөөлөх хүчин зүйлүүд юу байх вэ?
Маш олон зүйл үрэвсэл үүсч даамжрахад нөлөөлдөг.Амьдралын хэв маягаас ихээхэн хамаарна. Тухайлбал, олон бэлгийн хамтрагчтай байх, хэт эрт буюу 15-19 насандаа бэлгийн харьцаанд орох, үр хөндөлт хийлгэх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох,умайн хөндийд ямар нэгэн ажилбар хийлгэх, өмнө нь нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөр өвчилж байсан, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, архаг стресстэй байх нь илүү эрсдэлтэй болсон. Мөн жирэмснээс хамгаалах хэрэгсэл тэр дундаа спираль тавихдаа анхаарах хэрэгтэй. Урьдчилж үзүүлэх, шинжилгээ өгөх шаардлагатай. Өвдөлт, үрэвсэлтэй хүн гадны биет суулгуулахаар үрэвсэл хүндэрч даамжрах эрсдэлтэй.
-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Үтрээнээс эмгэг ялгадас гарах, ялгадасны хэмжээ нь нэмэгдэх, өнгө үнэртэй болох /хөөсөрхөг, ногоон өнгөтэй, ээдэмцэр төстэй байх гэх мэт/. Мөн бага аарцаг буюу хэвлийн доогуур өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөлт өгөх, сарын тэмдэгийн мөчлөгийн өөрчлөлт, сарын тэмдэгийн үеийн өвдөлт, шээс дамжуулах замын зовиур өгөх, зарим тохиолдолд халуурах ерөнхий биеийн хордлогийн зовиур, ядарч сульдах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих гэх мэт зовиур илэрдэг. Эдгээр зовиур илэрсээр байхад эмчид хандах ёстой байхад үл тоож хугацаа алдсан байдаг.
-Оношилгооны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дээрх шинж тэмдэг илэрвэл их бага гэлтгүй заавал эмчид хандах ёстой. ДЭМБ-аас бага аарцгийн үрэвсэлт өвчнийг оношлох их, бага шалгуур гэж гаргасан байдаг. Энэ нь бага шалгуураас хэд нь байна, их шалгуураас хэд нь байгааг мэргэжлийн эмч тогтоогоод түүндээ тохирсон онош тавина. Үүнээс гадна эхо, лабораторийн шинжилгээнүүд хийнэ. Хүндэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авч болно. Мөн дурангийн оношилгоо гэж бий. Ерөнхий онош тавьсны дараа яаралтай эмчилгээ хийх шаардлагатай.
-Хэрэв эмчлэхгүй бол ямар сөрөг үр дагавартай вэ?
Оношилгоо эмчилгээ хийлгээгүй удаснаар даамжран хүндрэл үүснэ. Умайн гаднах жирэмслэлт, үргүйдэл, өндгөвч-үрийн хоолойн буглаа, наалдац, өндгөвч мушгирах, бага аарцгийн архаг дахилтат өвдөлт үүсгэдэг.
-Умайн гадуурх жирэмслэлт болсон хүн дахин жирэмсэн болох магадлал хэр байдаг вэ?
-Умайн гаднах жирэмслэлт буюу савны гадуурх жирэмслэлт гэдэг нь умайн хөндийгөөс өөр газар үр хөврөл бэхлэгдэн жирэмслэхийг хэлнэ. Үүний дотор дийлэнх хувь буюу 90 орчим % нь үрийн хоолойд байрладаг. Хаана байрласан мөн жирэмсний хугацаанаас хамаарч тавилан өөр өөр байдаг. Умайн гадуурх жирэмслэлт болсон эмэгтэй нэг жилийн дотор жирэмсэн болж болохгүй гэж зөвлөдөг. Учир нь дахин умайн гадуурх жирэмслэлт болох эрсдэлтэй. Нэгэнт умайн гадуурх жирэмсэн болсон бол үүний шалтгааныг оношлуулах ёстой. Тиймээс дараагийн жирэмслэлтээс өмнө мэргэжлийн эмчид хандаж,сайтар бэлдэх шаардлагатай. Ингээд шалтгаан эмгэг жамдаа тохирсон эмчилгээг хийлгэсний дараа хэвийн жирэмслэх боломжтой.
-Сарын тэмдэг ирэхэд зовиуртай байх нь бага аарцагны үрэвсэлд хамаарах уу?
- Мэдээж үрэвслийн үед энэ зовиур илэрч болно. Мөн өөр бусад шалтгаантай ч байж болдог. Анх сарын тэмдэг ирэх үеэс өвддөг байсан уу, эсвэл 25-аас хойш насанд өвдөж эхэлсэн үү, өвдөлтийн хүч, эрчим нь жил ирэх тусам даамжирч, амьдралын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байна уу гэх зэргээс хамаарна. Тийм болохоор зайлшгүй эмчид хандан зөв оношилгоог хийлгэн тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь чухал.
-Үрийн суваг нь бөглөрсөн эмэгтэйчүүд хагалгаанд орсны дараа зургаан сарын дотор жирэмсэн болохгүй бол буцаад бөглөрдөг гэсэн ойлголт байдаг. Энэ нь хэр зөв ойлголт вэ?
- Үрийн хоолойн нь дунджаар 10 см урт, 1см орчим диаметртэй, өндгөн эс, эр бэлгийн эсийг зөөвөрлөх үүрэгтэй хос эрхтэн юм. Ямар шалтгаанаас болоод үрийн хоолой бөглөрсөн, ямар хагалгаа хийсэн бэ гэдгээс тавилан өөр өөр байна. Хламид зарим нэг шилбүүртэн нь өөрөө үрийн хоолойг сонгомлоор гэмтээдэг. Ингэснээр үрийн хоолойны хэвийн бүтэц алдагдан үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрдэг. Халдвар,үрэвсэл наалдацаас болоод үндсэн үйл ажиллагаа нь алдагдаад нарийсах, битүүрэх зэрэг өөрчлөлт орно. Иймд шалтгаан нөхцөлийг тодруулах хэрэгтэй. Ингэхгүй бол буцаад битүүрэх эрсдэлтэй. Ингэхдээ 6 сараас ч богино хугацаанд битүүрч болно. Тиймээс үрийн хоолой битүүрсэн гол шалтгааныг тодруулахын тулд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Зургаан сар гэдэг яриа ам дамжин яригддаг учир нь үрийн хоолойг 6 сараас нэг жилийн хугацаатай шалгуулж болно гэж зөвлөдөг. Үүнээс үүдэж зургаан сарын дараа битүүрэх юм байна гэсэн буруу ойлголт яваад байдаг. Энэ бол харьцангуй ойлголт юм.
-Зарим эмэгтэйчүүд үтрээний угаалга байнга хийдэг. Энэ нь ашигтай бактеруудыг устгахаас гадна өөр ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Үтрээнд өөрийнх нь хамгаалах механизм байдаг. Үтрээ хүчиллэг буюу pH 3.8-4.5 орчинтой, хэвийн бичил биетэнтэй тэдгээрийн 90-95%-ийг лактобактер эзэлнэ. Гэтэл тусгай саван ашиглаж байнга үтрээний угаалга хийгээд байхаар ашигтай бактераа дарангуйлаад үтрээний орчны тэнцвэртэй байдлыг нь алдагдуулдаг. Үүнээс болоод эмгэг төрөгч нянгууд өсч үржих таатай нөхцөл болдог. Тэгэхээр тусгай зориулалтын бодисоор үтрээний угаалга байнга хийх шаардлагагүй. Мөн өдөр тутам байнга хэрэглэх нь тэр хэсгийн орчныг өөрчилж, эмгэг төрөгч нянгууд үүсгэх эрсдэлтэй юм.
-Зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед тампон хэрэглэхийг илүүд үздэг. Энэ нь ямар нэг сөрөг нөлөөтэй юу?
-Тампоныг 4 цаг тутамд соливол зохимжтой гэж зөвлөдөг. Гэхдээ зааврын дагуу хэрэглэх нь ховор. Хэрэв хэмжээ нь их ирж байвал түүнээс ч ойрхон хугацаанд солих шаардлагатай. Харин бага ирвэл хугацааг нь уртасгаж болно. Тампоныг удаан хугацаанд солихгүй явснаар бас л эмгэг төрөг нян үүсгэх эрсдэлтэй.
-Байгальд ээлтэй байхыг уриалдаг бүсгүйчүүд сарын тэмдгийн аяга хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Үүний сөрөг нөлөө гэж бий юу?
Сарын тэмдгийн аяга нь 6-12 цаг байлгах нь тохиромжтой. Дахин хэрэглэх боломжтой юм. Тэгэхээр хамгийн гол нь аягаа зориулалтын бодисоор сайтар ариутгаад, нян бактери үржихгүй нөхцөлд хадгалах ёстой. Ариун цэврийн дэглэм барьж хэрэглэхгүй бол эмгэг төрөгч нян үржих эрсдэлтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Халдвар авч эрүүл мэндээ сүйтгэе гэвэл жүжиг, концерт үзэж баяр тэмдэглээд явах хэрэгтэй шүү эмэгтэйчүүд, эхчүүд ээ.