Б.Алтанцэцэг: Мөнгөний тэлэх бодлого эрчимтэй явах юм бол инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй

2021 оны 03 сарын 11

Коронавируст халдвараас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд жил гаруйн хугацаанд төрөөс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээний нөгөө талд эдийн засаг амаргүй сорилттой тулсан билээ. Эдийн засгийн гол салбаруудын хөдөлгөөн хумигдсан нь нийгэмд тодорхой бус байдлуудыг бий болгож буйг өнгөрсөн хугацаанд бид харсан.

Түүнчлэн Засгийн газраас нийгмийн эрүүл мэнд хийгээд эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэхгүйгээр хамтад нь анхаарах “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г хэрэгжүүлнэ гэдгээ нэг сарын өмнө зарласан.

Төлөвлөгөөний хүрээнд банкууд ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээл олголтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Уг хөтөлбөр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дорвитой нөлөөллийг хэдий хугацаанд үзүүлэх бол гэсэн хүлээлтээс гадна үр дүнтэй хэрэгжиж чадах болов уу, өмнөх алдаанууд давтагдах вий гэсэн болгоомжлол дагуулж буйг хэлэх нь зөв болов уу.

Засгийн газраас зарлан, хэрэгжүүлж эхэлсэн 10 их наядын төлөвлөгөөний талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгийн байр суурийг тодрууллаа.


-Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө хэрэгжиж эхэлж буй цаг хугацааг оройтоогүй бас эртдээгүй гэж Сангийн сайд хэлж байна. Та судлаачийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Одоогийн байдлаар хэрэгжүүлж эхэлж буй энэ бодлогыг миний хувьд эрсдэлтэй байж магадгүй гэж харж байгаа. Оройтсон, оройтоогүй гэж маргахад хэцүү байна. Цаг хугацааны хувьд асуудал болгон, маргах сонирхол алга байна. Оройтсон, оройтоогүй гэдгийг Засгийн газар чухам юугаар, хэдий хэмжээний зардалтай харьцуулж, хэмжиж байгаа юм гээд авч үзэхээр асуудалтай шүү дээ. Энэ бодлогын хүрээнд маш өндөр дүнтэй санхүүжилтийн хөтөлбөрүүд зарлагдаад явж байна.

-Ковидын эдийн засаг дахь сөрөг нөлөө санхүүгийн салбараар дамжин их хүчтэй нөлөөлж байгааг олон улсын түвшинд судалгаа харуулж байгаа. Манай тухайд ч эдийн засгийн идэвхжил унаад, тодорхой бус байдлууд нэмэгдэнгүүт банкууд зээлээ хумьсан. Одоо энэ хөтөлбөрийн хүрээнд аль аль талдаа хөдөлгөөнд орж, эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж засгаас мэдэгдэж байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал тааруу ийм үед ямар нэг хэмжээгээр эдийн засгийг халаах, хөдөлгөөнд оруулах бодлого явуулах нь тохиромжтой байж болох юм. Гэхдээ хэмжээний хувьд ийм далайцтай байх ёстой юу, үгүй юу гэдэг нь бас асуудал. Мөн нөхцлүүд нь манай эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд тохирч байгаа юу гэдэг асуудал байна. Маш өндөр дүнтэй зээлүүд яригдаж байна. Миний хувьд юунд санаа зовж байна вэ гэхээр одоогийн байдлаар өгч буй мэдээллүүд дээр тулгуурлан харахад мөнгөний тэлэх бодлого явах юм байна гэж ойлгож байгаа. Засгийн газраас төлөвлөгөөг батлан, зарлаад, хэрэгжүүлж эхэллээ гэж мэдэгдэж байгаа ч түрүүн хэлсэнчлэн эдийн засаг тааруухан байгаа үед эдийн засгийг халаах зорилгоор, зээлийг өргөтгөх мөнгөний бодлого явах гэж байна л гэж харж байна. Мөнгөний хэмжээ нь арай л хэтрэхгүй байгаа гэж санаа зовж байна. Яагаад гэхээр манайхаас хэрэглэгчдийн дунд явуулдаг судалгаагаар өргөн нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болгоомжлох болгоомжлол их байгаа. Хүлээгдэж буй инфляцын түвшин өмнөх улирлуудтай харьцуулахад дөрөвдүгээр улиралд өндөр гарсан. Ирэх саруудад иргэд гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх байх гэдэгт хамгийн их санаа зовж байгааг судалгаа харуулж байна. Ийм үед мөнгөний тэлэх бодлого эрчимтэй явах юм бол инфляцыг хөөрөгдөх эрсдэл байна гэж харж байгаа. Тэгэхээр ямар хэмжээнд, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш чухал асуудал байх болов уу.

-Сангийн сайд хэлэхдээ 10 их наядын төлөвлөгөө төсөв, мөнгөний бодлогын бүхий л зорилтуудтай уялдаатай, нийцтэй хэрэгжинэ гээд байгаа?

-Инфляц гэдэг чинь нөгөө талдаа татвар шүү дээ. Иргэдийн халаасан дахь мөнгөний бодит худалдан авах чадвар буурах аюул байна. Үнэ өснө гэсэн хүлээлт байна шүү гэдгийг сэрэмжлүүлж хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байгаа юм. Ийм үед тэлэх бодлого гаргачихаар эрсдэлтэй байж болох юм гэж харж байна.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн тодотголтой хэд хэдэн хөтөлбөрийг төрөөс зарлаж л байсан. Хэрэгжилт, үр дүн нь бол асуудал дагуулдаг л даа. Улс төрийн нөлөөлөлтэй, авлигаас хамааралтай нөхцөл байдалд эдийн засаг руу чиглэсэн эрүүл бодлого хэрэгжих боломж ер нь хумигдмал байсаар өнөөдрийг хүрчээ. Энэ удаагийн 10 их наядын гэх төлөвлөгөө ч хэрхэх бол гэдэг асуудал анхаарал татаж байна?

-Үнэн л дээ. Их мөнгөний, өндөр дүнтэй төсөл, хөтөлбөр зарим хэсэг хүмүүсийн хувьд боломж гэж харагдаж байгаа шүү дээ. Тиймээс магадгүй, энэ боломжийг буруу замаар ашиглах гэсэн сэдэл дагаад өсөх байх л даа. Уг нь хамгийн чухал арга зам бол ил тод байдал юм шиг байгаа юм. Нэн тэргүүнд төсөл, хөтөлбөрийн тендерийн үйл явц, шалгаруулсан арга зам, хэн хэн оролцсон, чухам яагаад тухайн төслүүдэд өгсөн нь, ямар үндэслэлээр тухайн төслүүдээс татгалзсан зэрэг бүх мэдээлэл дор хаяж ил тод байх ёстой байх аа. Өөрөөр бид яаж хянах уу, яах ч арга байхгүй шүү дээ. Бүх үйл явц нь тунгалаг, хүн бүрт ил тод байвал сонирхсон хүмүүс тийш нь орж, мэдээллээ авч, юу нь буруу, юу нь зөв явагдаад байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Мөн нэг зүйлийг хэлэхэд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой зээлтэй холбоотой саяхны скандал дуусаагүй л байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг хэн авсан бэ гэдгийг мартаж амжаагүй байтал бүр өшөө их хэмжээний санхүүжилт хийгдэж эхэлж байна л даа.

Одоо хэрэгжиж эхэлж буй энэ хөтөлбөрийн тухайд хэлэхэд жижиг, дундын тодорхойлолтыг юу гэж гаргах вэ гэдэг нь чухал байх. Нэг талаас илүү найдвартай зээлдэгчдэд хүргэнэ гэсэн хувилбар байгаа байх. Тэгж харах юм бол зорилгодоо хүрэхгүй байх эрсдэлтэй. Манай улсын нийт бизнесийн 90-ээд хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байна. Тэдгээр бизнесүүд чинь дор бүрнээ арав хүрэхгүй ажилтантай байгаа шүү дээ. Хэрвээ санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх гэж буй бол тэдгээр бизнесүүдэд туслах ёстой. Жижиг, бүр микро хэсэгтээ яаж хүрэх вэ. Тэдгээр бизнесүүдэд ямар ил тод процессоор зээлийг хүргэх вэ гэдэгт гол анхаарах ёстой гэж бодож байна.

Тэгэхгүйгээр хуучин тодорхойлолтоороо 50 юм уу, 100-гаас дээш ажилтантай бизнесүүдэд зээл олгоно гээд явчих юм бол Монгол Улсын стандарт, дата мэдээллээр харахад дан том аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн зээл болж хүрэхээр харагдаж байна. Үнэндээ жижиг бизнес эрхэлж буй хүмүүст санхүүжилт дутагдалтай, эх үүсвэр маш үнэтэй болоод байна. Ажил олгогч талаас нь харвал хамгийн олон хүний амьжиргаанд нөлөөлөх байж магадгүй. Нэгэнт ийм бодлого хэрэгжүүлнэ гээд зарлаад, эхлүүлээд явж байгаа үед өөр юу хэлэх вэ. Ямар ч байсан хэрэгжүүлэхдээ ил тод байдлыг хангах, зорилтот бүлгээ зөв тодорхойлох хэрэгтэй.

Түрүүн чиний хэлсэн яаж энэ бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хэлэхэд хөтөлбөр бодлого болгон зорилтот үзүүлэлтүүдтэй байх ёстой. Гэтэл энэ төлөвлөгөөнд тодорхой зорилтот үзүүлэлтүүд байхгүй. Жишээлбэл, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж байгаа юм бол хэд байгаа ажлын байрыг хэд болгох юм. Хэдийнэ энэ тооцоо хийгдсэн байгаа гэсэн үг. Гурван их наядыг зарцуулна гэж байгаа бол Засгийн газар цаанаа нэг зорилт тавьсан байх ёстой. Тэгэхийн тулд ийм мөнгө хэрэгтэй байна гэж тооцсон байлгүй дээ. Тийм бол тэр тоонуудаа ил гаргаач ээ. Ямар зорилготой, ямар тооцоо хийгээд, хэчнээн тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэсэн мэдээлэл тодорхой байвал энэ талаар ярьж, шүүмжилж байгаа аль аль талдаа ижил мэдээлэлтэй баймаар байна. Жишээ нь цагаа олсон, олоогүй гэдэг дээр би юу ч хэлж чадахгүй байгаа нэг шалтгаан нь надад мэдээлэл байхгүйтэй холбоотой. Том том их наядын дүн л яриад байна. Хаашаа, хэрхэн яаж зарцуулагдах гэж байгаа юм бэ гэдэг талаас мэдээллээ гаргаж тавих нь хөтөлбөр эхлэхийн өмнө энэ арга хэмжээ зөв гольдиролоор явах уу гэдэг дохио өгөх байх аа.

Мөн мэргэжлийн хүмүүс мэдээлэлтэй, мэдлэгтэй оролцох, өөрсдийн саналаа хэлэх нь хөтөлбөрийн үр дүнг сайжруулахад хэрэгтэй. Яг одоо яагаад ийм үнийн дүн байгаа юм. Ямар зорилгоор ийм өндөр үнийн дүн шаардлагатай гэж гарсан юм бэ гэдгийг гаргаж тавих нь зөв болов уу. Одоогоор би иймэрхүү мэдээллийг олж хараагүй байна.

-Хямралтай зэрэгцээд боломж бий болдог гэдэг шүү дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ЖДҮ-ийг дэмжих санхүүжилт үр дүнтэй хэрэгжвэл эдийн засгийн бүтцийн төрөлжилтөд бага ч гэсэн үр дүн дагуулах боломжтой болов уу?

-Нэг юм хийх гээд санаа олчихоод, хэрэгжүүлж чадахгүй хүнд байдалд ороод байгаа хүмүүс жижиг бизнесийнхэн болов уу гэж бодож байна. Түрүүн хэлсэнчлэн тийшээ хүрч чадах болов уу гэдэг нь чухал. Шалгуур гээд зөндөө юмнууд ярьж байгаа л юм байна лээ. Мэдээж ажил хийж байгаа, энэ их мөнгийг зарцуулахад хариуцлагатай хандах ёстой болохоор дор дороо тооцоо хийж байгаа байх л даа.

Засгийн газар мөнгөөр асуудлыг шийдээд, тэр асуудал нь шийдэгдээд явсан жишээ бараг байдаггүй. Олон төрлийн бүтээгдэхүүн экспортолдог болох нь хэрэгтэйг бүгдээрээ л мэдэж байгаа. Гучаад жил яригдаж байна шүү дээ. Ярихгүй биш ярьдаг, мэдэхгүй биш мэдэж байгаа. Мөн үүнд маш их хэмжээний мөнгө оруулж байгаа. Засгийн газрын том хөтөлбөрүүдэд нэг зүйл заавал дурдагддаг нь төрөлжилтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн бус экспортыг нэмэгдүүлэх гээд байж л байдаг. Өдийг хүртэл гарсан үр дүнг нь гээд аваад үзэхээр хэцүү л байна шүү дээ.

-Асуудлаа эрэмбэлж ярьдаг хэрнээ хэрэгжүүлэхдээ хийдүүлдэгтэй холбоотой юу?

-Асуудалд эрэмбэ тогтоодог бол манай төрд нэг том асуудал байгаа л гэж харж байна. Тэр нь манай төрийн удирдлагын үр ашиг гэх юм уу. Үүнд олон юм орох байх л даа. Нэн тэргүүний үндсэн үүрэг нь хуулийг шударгаар, чанд хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Энэ бол хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой чухал үүрэг нь. Төр өөрийнхөө үндсэн үүргээ эхлээд сайн биелүүлчихвэл эдийн засгийн бодлогуудын хэрэгжилт ядаж үр ашигтай, арай сайжрах болов уу даа. Одоо энэ их мөнгөний дүнтэй хөтөлбөр яриад байдаг. Энэ нь хэрэгтэй хүндээ очих уу. Хэлээд байгаа үр дүнг нь авчрах уу гэдэг асуудал байна. Тэгэхгүй бол маш харамсалтай л юм болох байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.72.159) 2021 оны 03 сарын 13

ИНФЛЯЦИ Ч БҮР ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧИХЭЭД БАЙНА Л ДАА.

0  |  0
ajil(192.82.68.39) 2021 оны 03 сарын 11

gobi uildber ajiltan abna. tsalin ondor hool unaani mongo olgolno. uramshuulaltai. oodr hool unegui. abtobus shugamt ajild tosoj abnaa.

0  |  0
Top