Сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрт 20 граммын савалгаатай пробиотек хэрэглүүлэх нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийг эрс бууруулна гэсэн судалгааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд хийжээ.
Эрдэмтэд шинэ бүтээлийн патент авч олон арван бүтээл гаргадаг ч үүнийхээ бизнес төлөвлөлтийг хийж чаддаггүй учир Монгол брэндийг бий болгож чадахгүй байгаа талаараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзсан уулзалтынхаа үеэр ярьсан байна.
Түүнчлэн мал эмнэлгийн хүрээлэнгээс зайлшгүй шаардлагатай, зах зээлд эрэлт ихтэй шинэ бүтээлийнхээ жагсаалтыг гаргаж, үүнийг нь бизнесийн байгууллагуудад танилцуулах, хамтарч эцсийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаар болжээ.
Тодотгоход, Мал эмнэлгийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан. 76 эрдэм шинжилгээний ажилтан, 11 үндсэн лабораторитой. Тус хүрээлэн дээр хийгдсэн судалгаа борлуулалтын ажлын үр дүнд гарсан инновацын бүртээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гарааны долоон компани байна. Манай улсын тухайд шүлхий, бог малын мялзангийн вакциныг гадаадаас авч байна. Бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг.
Монгол Улсад нэг жилд 10 сая хонь төллөж байгаагаас 5 сая нь эр төл байдаг байна. Төл мал өвчлөлд өртөх эрсдэл бага учир хурганы махыг экспортын бүтээгдэхүүн болгох боломжтойг эрдэмтэд онцолж байна. Мөн малын гаралтай исгэлэн бүтээгдэхүүний зах зээл ч өргөн байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )