Н.Энхбаяр: Эдийн засгийг сэргээх хөтөлбөр 2-3 сарын дотор лав үр дүн өгөхгүй

2021 оны 03 сарын 15

Макро түвшний гоё зорилт  хөрсөн дээр бууж,  үр дүнд хүрэхийн тулд олон нөхцөл шаардлагатай байна.

Засгийн газраас зарлан, хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” хийгээд нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар Эдийн засагч Н.Энхбаярын байр суурийг  тодруулан, ярилцлаа.


 

-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байрыг дэмжих”  тодотголтой зээл олгогдож  эхэлсэнтэй зэрэгцээд зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг  хязгаарлах арга хэмжээ өнөөдрөөс дахин хэрэгжиж эхэллээ.  Нэг талаас эдийн засгаа идэвхжүүлэх гээд байдаг, нөгөө талаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хязгаарлалт хийх нөхцөл байдал үүсээд байна л даа. Та нөхцөл байдалд хэрхэн үнэлэлт, дүгнэлт хийж байна вэ?

- Нэгдүгээрт, өнгөрсөн хавар ковидын эсрэг арга хэмжээ авахдаа манайх ямар хуулийн дагуу удирдан зохион байгуулах вэ гэдгээ анхааралтай шийдээгүй, цочмог байдлаар яаран хандсан. Өнгөрсөн оны  нэгдүгээр сараас хөл хорио тогтоон, Улсын Онцгой Комисс  үүссэн асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж эхэлсэн.  Гэтэл Засгийн газар хуулиа дагаж ажиллах ёстой. Бид эргээд хуулиа анхааралтай үзвэл Гамшигаас хамгаалах  тухай хуулиас гадна Эрүүл мэндийн тухай хууль гэж байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг удирдах ёстой үүрэг нь Улсын Онцгой Комисст  биш Эрүүл мэндийн яам, Засгийн газарт байдаг. 2017 онд баталсан Гамшигаас хамгаалах  тухай хуульд онцгой нөхцөлд Улсын Онцгой Комисс  тодорхой байдлаар оролцож болно гэсэн заалт байдаг. Түүнээс биш удирд гэсэн үүрэг байхгүй. Гэтэл сая ковидын үед нөхцөл байдлаа ойлголгүйгээр, энэ гамшигтай асуудлыг хариуц гээд Улсын Онцгой Комисст даалгасан нь ямар ч судалгаагүй шийдвэр болсны үр дагавар нь одоо  ингэж гараад байгаа юм.

Ковидтой тэмцэх  ажлыг хуулийн дагуу, шинжлэх ухааны үндэслэлээрээ Эрүүл мэндийн  яам  хариуцаж, үндсэн ажлаа хийх ёстой. Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, яаж хязгаарлах вэ, яаж төлөвлөх вэ гэдгийг хариуцан ажиллах ёстой. Гэтэл одоо ингээд нэг бол хориод, нэг бол сул тавиад, тэгснээ дахиад хөл хорьё гээд байна шүү дээ. Энэ нь арга хэмжээнүүд “бай”-гаа онохгүй байна гэдгийг харуулж буй юм. Яагаад “бай”-гаа онохгүй байна гэхээр урьдчилсан судалгааг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн мэргэжлийн хүмүүс маш сайн хийх ёстой. Өнгөрсөн намар би үүнийг олон удаа хэлсэн. Тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, дараагийн Шадар сайд Я.Содбаатар сайдад ч хэлж байсан.

Сүүлд арваннэгдүгээр сард Улсын Онцгой Комиссийн дэргэд судлаачдын баг гэж байгуулагдсан. Тэгэхээр  Эрүүл мэндийн яам удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаггүй юмаа гэхэд судалгааны баг нь аль өнгөрсөн хавар, зунаас ажиллаж байх ёстой байсан.  Судалгааны баг өдөр тутмын гал унтраах ажил хийхгүй, халдварын хавьтлыг тогтооно гэж хөөцөлдөөд гүйгээд байхгүй,  зөвхөн судалгааны ажил хийгээд сууж байх ёстой. Халдварын тархалт, дэгдэлтийн явцыг судалж, угтсан ямар арга хэмжээнүүд авах вэ гэсэн ядаж дунд хугацааны 3-6 сарын төлөвлөгөөг гаргаад байж байх ёстой байсан. Би өнгөрсөн намар есдүгээр сард тухайн үеийн ОБЕГ, ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын агентлагуудын удирдлагуудад энэ саналыг танилцуулсан. Тэр үед вакцин гараагүй байсан. Хөрш орнуудын халдварын тархалт буурах яагаа ч үгүй байна гэдгийг хэлж байв. Ковидын эрсдэл ийм урт хугацаанд үргэлжлэх гэж байгаа нөхцөлд бид хилээ нээж болохгүй, онцгой гол боомтууд дээрээ хяналтаа сайжруулж, илүү хүчин чадлаа төвлөрүүлж ажиллах ёстой байна гэдгийг хэлж байтал тэрнээс хойш хоёрхон сарын дараа  Алтанбулаг боомтоор дотооддоо халдвар алдчихсан. Аравдугаар сарын сүүлийн долоо хоногт хойд хилээр орж ирсэн  халдвартай жолооч нарын тоо өдөрт 2-3-аар нэмэгдэж байсан. Тэгэхээр судалгааны баг ажиллаж байсан бол эрсдэлтэй цэг тэнд байхад урьдчилан судалж мэдээд, нэмэлт арга хэмжээ авах ёстой байсан. Тэгж байгаагүйн улмаас үүдэн гарсан алдаа одоо хүртэл үргэлжилж байна.

Эдийн засгаа дэмжих  арга хэмжээ авч эхэлж байгаа  нь бол  зөв. Зарим байгууллагууд олон сар ажиллаж чадсангүй. Ийм хохирол учрахгүй байх боломж нөхцлийг мэргэжилтнүүдээс бүрдсэн судалгааны багийн судалгаа, тооцооллууд бий болгох ёстой байсан. Эрүүл мэндийн яамны судалгааны баг урьдчилсан судалгаа хийснээр дагаад авах арга арга хэмжээ нь дандаа урьдчилсан байдлаар явагдах ёстой. Гэтэл хуучны Улсын Онцгой Комисс, ОБЕГ-ын гамшиг болсны дараа л авдаг арга хэмжээ, арга барил нь хэвээрээ яваад байна.

-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс ковидын эрсдэлийг удирдах чиглэлд төдийлөн ахиц гаргасангүй, тийм үү?

-2010 оны зуднаас хойш  2014-2015 онд ОБЕГ-ын дэргэд НҮБ-ын тусламжаар Гамшиг судлалын төв гэж байгуулсан. Гэхдээ тэр Гамшиг судлалын байгууллагын судалдаг асуудал нь байгалийн гамшиг болохоос халдварт өвчний асуудал биш. ОБЕГ-т одоо ч гэсэн ганц ч халдварын мэргэжилтэн байхгүй шүү дээ. Энэ судалгааг хийдэг эрдэм шинжилгээний газар Монголд хоёр, гурав л байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мал, эмнэлгийн хүрээлэнд л бий. Эдгээр газруудын мэргэжилтнүүд болон АШУҮИС-ийн эмч, судлаачдаас бүрдсэн баг  Улсын Онцгой Комиссийн дэргэд биш Засгийн газрын дэргэд байх ёстой.  Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Засгийн газрын дэргэд Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэж байдаг. Салбар хоорондын асуудлыг удирдах ёстой хүн  нь Ерөнхий сайд. Яг мэргэжлийн байгууллага нь Эрүүл мэндийн яам. Энэ бүтцээрээ ажиллаагүйгээс болоод өнөөдөр бид өдөр тутмын гал унтраасан, дандаа асуудлынхаа хойноос хөөсөн байдалтай байна. Тиймээс дахиад л хөл хорио тогтоох, хязгаарлах тухай ярьж байна шүү дээ.

 

Удаан хугацаанд сул зогссон аж ахуйн нэгжүүд дахиад үйл ажиллагаа эхлэхэд маш олон зүйл хэрэг болно. Тэгэхээр тэр бүх нөхцлүүдийг Засгийн газар араас нь бүрдүүлж чадах уу гэдгээ бодсон төлөвлөгөө  хэрэгтэй. Одоогийн тайлбарлаад байгаа Засгийн газрын төлөвлөгөөн дотор тийм юм байхгүй байна

-Эрүүл мэндээ хамгаалах, Эдийн засгаа сэргээх бодлогыг хамтад нь хэрэгжүүлнэ гэсэн зорилт яриад, зээлийн хөтөлбөрөө эхлүүлчихээд байдаг.  Өнгөрсөн хугацаанд сул зогссон аж ахуйн нэгжүүдийн хувьд эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох нь мэдээж чухал.  Гэвч нөхцөл байдлыг харахаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ нь эргээд эдийн засгаа чирдэг дүр зураг давтагдах вий гэсэн дүр  зураг харагдаж байна?

-Мөнгө бол бизнест тулгарч байгаа нэг л асуудал. Тухайн аж ахуйн үйл ажиллагаа зогссоны цаана олон шалтгаан байна шүү дээ. Бизнесийн үйл ажиллагаа доголдоод буй нь гадаад худалдаа явуулах боломжгүй байх, жуулчид авах боломжгүй байх, олон сар зогссоноос болоод ажилчдаа халсан байх, түрээслэж байсан байраа буцаагаад өгчихсөн байх зэрэг олон шалтгаантай. Удаан хугацаанд сул зогссон аж ахуйн нэгжүүд дахиад үйл ажиллагаа эхлэхэд маш олон зүйл хэрэг болно. Тэгэхээр тэр бүх нөхцлүүдийг Засгийн газар араас нь бүрдүүлж чадах уу гэдгээ бодсон төлөвлөгөө  хэрэгтэй. Одоогийн тайлбарлаад байгаа Засгийн газрын төлөвлөгөөн дотор тийм юм байхгүй байна. Мөнгөний талын дэмжлэг нь сайн байна, болж байна. Монголбанкны хувьд бол надад нэг их шүүмжлэх юм алга байна, эдийн засгаа дэмжих, сэргээх ёстой. Тэр мөнгө аж ахуйн нэгжид очсоны дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж байгаа юм уу гэдэг нь асуудал.

-Хязгаарлалт байгаа нөхцөлд эдийн засгийн идэвхжилт бүрэн хэмжээнд байх боломж хумигдмал байх л даа?

-Аж ахуйн нэгжүүдийн  хэмжээ нь том жижиг гэдгээс гадна салбар нь өөр өөр. Улаанбаатарт байрладаггүй, аялал жуулчлал, худалдааны чиглэлийн  гээд салбар болгоны асуудал өөр байна. Тухайн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах  боломж байна уу, хэвийн явуулахын тулд яах вэ гэсэн төлөвлөгөөнүүд салбарт бүрт хэрэгтэй. Жижиг дундын салбарыг жишээлээд хэлэхэд хамгийн олон хүн лангуун дээр худалдаа эрхэлж байгаа.  Тэдгээр худалдаа эрхлэгчдийн  нэлээд хэсгийн үйл ажиллагаа нь гадаад худалдаатай холбоотой. Аль өнгөрсөн намар гаднаас өвлийн хувцас татаж  авчраад худалдаж чадаагүй алдагдалд орчихсон хүмүүс одоо зуны хувцас худалдах ёстой.  Цаашлаад урдаас аль нэг боомтоор бараагаа татаж авах хэрэг гарна. Тэгэхээр бизнесийг хэвийн явуулах гэж буй юм бол  дор хаяж энэ асуудлыг нь бодоод худалдаа эрхлэгчид яаж Замын-Үүдийн боомт дээр очиж бараагаа худалдаж авах вэ гэдэг  нөхцлийг нь бий болгох ёстой. Ийм байдлаар салбар болгонд өөр өөрийн гэсэн онцлогтой үйл ажиллагаа хэвийн явуулах арга барилууд хэрэгтэй.

-Хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг  хязгаарлахдаа тухайн бизнесийн салбарын цикл, орлого ашиг нь илүү нэмэгддэг мөчлөгийг харж үзэж, шийдвэрээ гаргах ёстой болов уу?  

-Тийм. Жишээ нь, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах чиглэлээр  ХХААХҮЯ зэрэг байгууллагуудаас төлөвлөгөө танилцуулах ёстой. Эрсдэл өндөр байгаа тул үйл ажиллагаа нэг сарын хугацаанд  ч юм уу жигдрэхгүй байж магадгүй.  5-6 дугаар сард аль болох үйл ажиллагаа  хэвийн явуулах боломж үүснэ. Яагаад гэхээр вакцинжуулалт нэлээн амжилттай болох нь байна. Тэр үед хил дээрээс бараа татан авах нөхцөл боломжийг бүрдүүлье гэдэг ч юм уу. Бизнес эрхэлж байгаа хүнд хэзээ, хэрхэн татан авалтаа хийхэд асуудалгүй байх вэ гэсэн хугацаа, төлөвлөлт хэрэгтэй.   Яг өнөөдөр биш ч гэсэн тавдугаар сарын сүүл зургаадугаар сарын эхээр бараа татан авах нөхцлийг бүрдүүлж өгнөө, тэр үед бараагаа авах нөөц мөнгөтэй, барааны сонголтоо хийчихсэн байгаарай гэх мэтээр мэдээллээр хангах хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар  ч гэсэн нээх гээд байгаа юм уу, хаасан чигээрээ байх юм уу, тодорхойгүй байна. Дотоодын аялал жуулчлал захиалгаа авч байна гээд телевизээр сурталчилгаа гарч л байна. Тэгвэл захиалга одоо аваад буй аялал жуулчлалын үйлчилгээ явагдах нөхцөл бүрдэх юм уу гэдэг дээр БОАЖЯ-наас мэдээлэл өгөх ёстой.  Нээх бол хэддүгээр сард юм, зургаадугаар сард биш бол долоо, наймдугаар сард уу. Ядаж хугацааны баримжааг нь хэлэх ёстой. Хугацааны баримжааг хэлэх ёстой байгууллага нь ЭМЯ, ХӨСҮТ юм.

-Эрүүл мэндийн  байгууллагуудын зүгээс бол аль  болох л хязгаарлалт хийж байж тархалтыг хуминаа л гэсэн байр суурьтай байна. Ер нь тэгээд шийдвэр бол өнгөрсөн хугацаанд улс төрийн талд л гарч ирлээ?

-Манай удирдлагын функц дээрээсээ доошоо босоо шугамаар л ажиллаад байгаа. Байгууллага хоорондын хөндлөн шугамын үйл ажиллагаа байхгүй. Саяынх шиг гоё төлөвлөгөө танилцуулах гээд байгаа юм бол өмнө нь  салбар тус бүрээр нь нарийвчлан судлаад,  детальчлаад төлөвлөгөө болго гэсэн үүрэг өгөх ёстой. Ерөнхий гоё том төлөвлөгөө яриад, детальчилсан төлөвлөгөө нь байхгүй байна. Улаанбаатарт яах юм, худалдаа эрхлэгчид яах юм гэсэн нарийвчилсан төлөвлөгөө гарга гэдэг үүргийг Засгийн газар, Ерөнхий сайд ч юм уу, Хэрэг эрхлэх газраас өгөөд холбогдох яамдын хүмүүс, МҮХАҮТ хамт суугаад, ярилцаад, нарийвчилсан төлөвлөгөөг гаргаад, явцад нь тодотгол хийгээд явж байх ёстой. Энэ ажил хийгдэхгүй байна гэдэг нь  удирдлага “бай”-гаа онохгүй байна л гэсэн үг.

-Тавдугаар сарын 1 гэхэд Монгол Улс хилээ нээх чиглэл барьж байгаа гэж Шадар сайд өнгөрсөн долоо хоногт хэлж байсан. Гэтэл ингээд халдварын тоо өдөрт 100-аас буухгүй байгаад байна?

-Эмч нар хэлэх байх л даа. Миний бодлоор одоогийн тархаад байгаа халдварын тоонд нэг их итгэлгүй, оношилгоонд эргэлзэж  байгаа. Оношилгоо их төвөгтэй шүү дээ. Ковидтой маш ижил шинж тэмдэгтэй улирлын томуу гээд хэд хэдэн төрлийн томуу байдаг. ДЭМБ-ын ангиллаар A, B, C, D, гээд дөрвөн бүлэг ангиллын томуугийн вирус байна. Манайд өвөл, хавар болгон тархдаг A, B хүрээний томуу өргөн тархдаг. Тэгэхээр тэр томуунаасаа ковидыг ялгаж байна уу гэдгийг маш сайн ялгахгүй бол гэв гэнэт ийм олон зуу болоод байгаад миний хувьд бол эргэлзэж, оношилгоонд асуудал байна уу гэж бодож байгаа. Үүнийг  мэргэжлийн хүмүүс  л хэлэх байх.

Хил нээх бол болоогүй ээ. Хил нээх хугацааг  сонгууль угтсан байдлаар л хэлээд байна гэж үзэж байна. Өнгөрсөн намар миний  танилцуулсан санал дотор хилтэй холбоотой асуудлууд  байсан. Хилийн боомт болгон ялгаатай. Тэр тусмаа хойд хил бол эрс ялгаатай. Хойд хилийг нээх яагаа ч үгүй. ОХУ-д вакцинжуулалт удаан явагдаж байгаа. 7-8 сараас нааш дуусахгүй. Тэр тусмаа манайтай хил залгаа Буриад, Эрхүү мужийн вакцинжуулалт их удаан, халдварын тархалт нь өндөр байгаа. Ийм нөхцөлдг харж байж хойд хилийг нээх хугацаа ярина уу гэхээс ямар ч тоо баримжаагүй, судалгаагүй,  улстөрчийн мэдэгдэл хийгээд байна шүү дээ.

Урд хилийн тухайд одоогоор Гашуунсухайт, Шивээ-Хүрэн боомт ажиллаж байна. Түрүүн миний хэлдэг Замын-Үүд боомт дээр худалдааг ямар нөхцлөөр явуулах вэ гэдгийг судалж байгаад нарийн төлөвлөгөөтэй л арга хэмжээ танилцуулах ёстой. Чөлөөтэй нээгээд хүмүүсийг зорчуулна гэдэг утгаар биш, контакт үүсгэхгүйгээр худалдааг яаж явуулах вэ гэдэг байдлаар хил нээх ёстой. Хил бүрэн нээнэ гэдэг бол вакцинжуулалтын дараах асуудал. Ер нь гарч байгаа бүх шийдвэр долоодугаар сарын 1 гэдэг нь  сонгуультай л холбогдож байна. Долоодугаар сарын 1-нээс хойш юу болох гээд байгаа юм, бүү мэд.

Хилийг хэдэн сарын хэднээс нээх вэ гэдэг хугацааг мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллага хэлэх ёстой болохоос улстөрчийн хэлдэг хугацаа байх ёсгүй.

-Ажлын байрыг дэмжих зээлийн   зорилтот бүлэг нь аль болох жижиг аж ахуйн нэгжүүд байх  ёстой гэдэг дээр та юу хэлэх вэ?

-Энэ чиглэлээр хийгдсэн хоёр л судалгаа гэх юм уу, мэдээлэл харлаа шүү дээ. Нэгдүгээрт, Монголбанкны  эдийн засагчдын хийсэн судалгаанд эдийн засгаа  зээлээр дэмжих ёстой гээд тайлбарлаж байна. Тэр бол макро түвшний, нийт эдийн засаг гэдэг утгаар харсан судалгаа. Мөн МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэ зээл бол хэрэгтэй, бизнесийг дэмжиж байна” гээд хэлчихсэн байна. Нарийвчилсан судалгаа хийснийг мэдэхгүй.  Одоо юу дутуу байна вэ гэхээр түрүүний хэлдэг шиг микро түвшний судалгаа дахиад хэрэгтэй.

Жижиг худалдааны салбарт очсон зээл, үйлдвэрлэлийн салбарт очсон зээл, үйлчилгээний салбарт очсон зээл яаж цаашаа бизнесийн эргэлт болох юм бэ, яг хаана нь хэрэг болох юм бэ гэдгийг харуулсан  судалгаа хэрэгтэй. Монголбанкны макро түвшинд хийсэн судалгаатай адилхан микро түвшний судалгааг салбарын яам болгон өөрийн түвшинд хийх ёстой. ХААХҮЯ  гэхэд Жижиг, дунд үйлдвэрлэл, худалдааны салбарт гэхчлэн зээл очоод байгаа салбарууддаа хийх ёстой. Тэгж байж үр ашигтай байх уу, үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах вэ гэдэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайх чинь Засгийн газрын тогтоол юм уу, нэг юм гаргаад мартчихдаг. Яг л тэр байдлаараа явах гээд байна. Ковидын нөхцөлд тэгж болохгүй. Нэг шийдвэр гарсан бол араас нь байнга сайжруулаад, дутуу юмыг нь засаад,  дэмжээд явдаг тогтолцоогоор л үр дүнд хүрнэ. Тэр ажил араас нь ер хийгдэхгүй байна.

Одоогийн бодоод  байгаа макро түвшний гоё зорилт бодит байдал дээр хөрсөн дээр буугаад үр дүнд хүрэхийн тулд маш олон нөхцөл шаардлагатай байна. Тэдгээр нөхцлүүдийг хэн, хэзээ бүрдүүлэх юм бэ гэдэг нь огт танилцуулагдахгүй, хийгдэхгүй байна. Үр дүн нь цаг хугацааны хувьд  магадгүй хойшоо сунаж л таарах байх. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө. Гэхдээ ойрын лав 2-3 сарын дотор  үр дүнгээ өгөх ажил биш. Ер нь  вакцинжуулалтын хугацааг бодсон ч гэсэн манай эдийн засагт  гуравдугаар улирлаас нааш сэргэлт гарахгүй.  Тэгэхээр 8-9 сараас л үр дүн нь гарна гэж бодох хэрэгтэй.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D(192.82.78.169) 2021 оны 03 сарын 15

2=3 SAR BAITUGAI XUDAL LOOZON TUL YAMAR CH UR DUN GARAXGUI SHUUDEE

0  |  0
Иргэн(59.153.115.91) 2021 оны 03 сарын 15

Эдийн засаг гэхээс илүү сонгуулийн шоу биз

0  |  0
Зочин(66.181.190.193) 2021 оны 03 сарын 15

Хуулиа мэдэдгүй ерөнхий сайд л Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хийх ажлыг Улсын онцгой комисс руу цар тахалтай тэмцэх ажлыг удирдахыг үүрэгдэж, өөрөө ”бултаж” дээ.

0  |  0
зочин(192.82.69.152) 2021 оны 03 сарын 15

Хойт хил болохгүй байна гэсэн месец олон удаа ирсэн. Содбаатар очоод арга хэмжээ шуурхай аваагүй худалдаа яриад 7 хоносон ингээд алдсан даа. Их хохирол шүү. Хариуцлага хатуу тооцох хэрэгтэй. Алба бол өөр.

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 15

УоК зов ажилласан Харин Сарангэрэл Хятадыг дуурайж хэт эрт хол хорио тогтоож эдийн засаг хохирсон Одоо ч ганц ЭМЯ ны угээр явж болохгуй Тэд дахиад л 28 хоногийн хол хорио тавь гэж байгаа биз дээ Тэд гол нь эмэлгийн ачааллыг л бодож байгаа Тэхээс хонгон хумуус гэрээр эмчлуулж болно Цаашдаа ч тэхээс оор арга байхгуй болно ЭМЯ шинэ нохцолд маш бэлтгэлгуй байна Гэрээр эмчлэх болвол хумуус ядаж юунд анхаарах ямар эм уух тэр эм нь хурэлцээтэй байгаа эсэх талаар нийгэмд ямар ч мэдээлэл огохгуй байна Шинжилгээ судалгаа ч их хоцорч. Байна Эдгэсэн хумуусийн бие ямар байна гэх мэт

0  |  0
Top