Zindaa.mn сайт “10 ИХ НАЯД & ХЭРЭГЖИЛТ” сэдвийн хүрээнд эдийн засагчид, судлаачдын байр суурийг цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Энэ удаа МУИС-ийн Дэд профессор, судлаач Б.Соёлмаатай уг төлөвлөгөө хийгээд нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хэрэглэгчдийн хүлээлт ямар байгаа талаар ярилцлаа.
-Өчигдрөөс зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 14 хоног хязгаарлалаа. Цаашид халдварын тоо буурахгүй бол хязгаарлалт хэсэгчилсэн байдлаар энэ янзаараа үргэлжлэх магадлал өндөр байна. Та төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй байна вэ?
-Мэдээж хязгаарлалт эдийн засагт муу нөлөөлнө. Эрсдэлтэй гэсэн үйлчилгээг хааж байгаа байх л даа. Өмнө нь үзвэр үйлчилгээг нээсэн хэрнээ сургуулийг жишээ нь нээгээгүй шүү дээ. Тэр их сонин. Гэтэл сургуулийн орчин үзвэр үйлчилгээг бодвол эрсдэл нь бага гээд судалгаанууд байна. “Brown”-ы Их сургуулийн эдийн засагч АНУ-ын 47 мужийн 200 мянган хүүхдийн дата дээр үндэслэн хийсэн судалгаагаар сургуульд халдвар тархах эрсдэл нэлээд бага байгаа гэж үнэлсэн байсан. 1000 хүүхэдтэй сургуульд хоёр долоо хоногт 1.3 халдварын тохиолдол гарах магадлалтай. Харин энэ тоо багш ажилчдын хувьд 2.2 гэж үнэлсэн нь маш бага гэсэн үг. Миний хэлэх гээд буй гол санаа манайд эрсдлийг хэр үндэслэлтэй тооцож, шийдвэрүүд гарч байгаа нь тодорхойгүй байна.
-10 их наядын төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлийг банкууд олгоод эхэлсэн. Та энэ төлөвлөгөөнөөс эдийн засагч, судлаачийн хувиар ямар хүлээлттэй байна вэ?
-ДНБ-ий нэрлэсэн дүн 2020 оны эцсийн байдлаар 37 их наяд төгрөг байна. ДНБ-ий 1/4 –ээс их хэмжээний мөнгөн дүнтэй, жилийн дүнгээр авч үзвэл 10 хувьтай нь тэнцэх мөнгийг эдийн засагт нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярьж байна.
Уг нь гадаад зах зээлийн нөхцөл байдал эерэг, зэсийн ханш өсөлттэй байна. Ерөнхийдөө төсвийн орлогын нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа ийм үед өндөр дүнтэй мөнгө эдийн засагт нийлүүлэхээ харзнах, судалгаа хийж, үндэслэлээ тодорхой болгох хэрэгтэй болов уу гэж харж байна. Эдийн засгийн судалгаа зардал, үр ашгийг тооцоолон гаргадаг. Энэ хөтөлбөрийн тухайд тийм судалгаанууд хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн ганц л босго тавьсан гэж байгаа. Тэгвэл энэ босгын дагуу дэмжлэг үзүүлснээр эдийн засгийн идэвхжилд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгээ тооцсон судалгаа, үндэслэл нь тодорхой байвал нийгэм ойлгож хүлээн авна шүү дээ.
Ажлын байрыг дэмжих зээл гээд аваад үзэхээр заавал НӨАТ төлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн. НӨАТ төлөгч байхын тулд жилийн орлого нь 50 сая төгрөгөөс доошгүй байх ёстой. Тэгэхээр ийм орлогод хүрдэггүй бол НӨАТ төлөгч болох шаардлагагүй гэсэн үг. Тийм аж ахуйн нэгжүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй болчих юм шиг. Гэтэл хөл хорионоос хамгийн их хохирч байгаа аж ахуйн нэгжүүд магадгүй 50 саяас бага орлоготой газрууд байх даа. 3 хувийн хүүтэй зээл авах гээд НӨАТ төлөгч болох уу, яах уу гэсэн асуудал үүсээд, тэдгээр бизнесүүдэд бол нэг л хүртээмж муу хөтөлбөр юм шиг. Ялангуяа шинэ эхэлж буй бизнесүүд шууд НӨАТ төлөгч болохгүй л болов уу даа. Нөгөө л нэгэнт хөл дээрээ босчихсон том аж ахуйн нэгжүүд л энэ зээлээс хүртэх юм шиг. Шинээр дөнгөж эхэлж байгаа жижиг бизнесийг л дэмжвэл хамгийн зүгээр гэж үзэж байна.
-Төрөөс тавьж буй ганц шалгуур гэгдэж буй НӨАТ төлөгч байх ёстой гэсэн шаардлага нь өөрөө жижиг бизнесүүдээ ялгаварласан шийдвэр болоод байна уу?
-Харин тэгэхээр ямар нэг шалгуур чинь л хөтөлбөрийн хүртээмж, зорилтот бүлгийг тодорхойлно. Банкууд юу шалгуур болгож байгааг бид хянаж чадахгүй учраас төр өөрөө ямар шалгуур тавьж байгаа нь л чухал.
Жишээ нь, 2020 оны дөнгөж эхээр үйл ажиллагаа эхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг бодоод үзье. 2018-2019 он манай эдийн засаг нэлээд сэргэж ирж байсан шүү дээ. Тийм үед шинэ аж ахуйн нэгжүүд олноор нээгдэж байсан. Хөл дээрээ зогсож амжаагүй, бэхжээгүй тэдгээр аж ахуйн нэгжүүд ковидын хөл хорионд хамгийн их хохирсон байх. Гэтэл тэдгээрийн олонх нь НӨАТ төлөгч болж амжаагүй байсан байж болно. Уг нь энэ хөтөлбөр ярьж байгаа бол тэдгээр аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаад, хэн хамгийн их хохиров гэдэг хэмжсэн тоо байх ёстой байх. Зөв бүлэгтээ, зөв цагтаа хүрэх ёстой.
Их хэмжээний мөнгөний хөтөлбөр байна. Маш нарийн тооцоо судалгаатай, нухацтай хандахгүй бол эрсдэлтэй л гэж үзэж байна.
ШИГТГЭЭ: Хэрэглэгчийн итгэлийн индекс нь эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээл, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлт, томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг судалгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс болон үүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украин, Хонконг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг. Эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг гэж судлаачид тодотгодог.
-Хэрэглэгчийн итгэлийн индексийн сүүлийн судалгааны талаар тодруулж асууя. Эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчдийн хүлээлт ирэх саруудад ямар байх төлөвтэй байна вэ?
-Сүүлийн буюу 2020 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 65.1 байгаа нь жилийн өмнөхөөс 28.8 пунктээр доогуур байна. Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс 49.7-гоос 23.6 болж огцом буурсан. Харин хэрэглэгчдийн бизнес, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаарх ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг хүлээлтийн индекс 123.4-гоос 92.8 болж буурсан байна. Ковид-19 халдварын тархалттай холбоотой Монгол Улсад хэрэгжүүлж буй хөл хорио үргэлжилж, ажлын олдоц, бизнесийн нөхцөл муудаж байгаагаас хэрэглэгчдийн өнөөгийн байдлын талаарх үнэлэмж эрс буурчээ. Цар тахлын улмаас ойрын ирээдүйд тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас бизнесийн нөхцөл, ажлын олдоц болон орлогын талаарх хэрэглэгчдийн итгэл буурсан байна.
ХИИ ба түүний бүрэлдэхүүн индексүүд
Дөрөвдүгээр улирлын байдлаар хэрэглэгчид ирэх зургаан сарын хугацаанд инфляц 6.2 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Хүлээгдэж буй инфляц өмнөх оны мөн үеэсээ 2.2 пунктээр, өмнөх улирлаасаа 2.5 пунктээр өслөө. Нэг жилийн дараах хүлээгдэж буй инфляц 10 хувь байна. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ 3 пунктээр өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний хагаст том худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад нэлээд буурахаар байна. Судалгаагаар ковид-19 цар тахлын хэрэглэгчдэд үзүүлж буй зарим нөлөөг хэмжих зорилготой нэмэлт судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон иргэдийн 47 хувь нь халдвар авах эрсдлийг өндөр гэж үнэлж байна. Улаанбаатарын иргэдийн 56.8 хувь нь эрсдэл өндөр гэж үзсэн бол хөдөөгийн иргэдийн 36.9 хувь эрсдэл өндөр гэж үзсэн байна.
Иргэдийн талаас илүүгийн хувьд өнөөгийн орлого ковид-19 цар тахлын өмнөх үе буюу жилийн өмнөхөөс буурчээ. Орлогын бууралт иргэдийн дунд харилцан адилгүй байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлоготой ядуу иргэдийн 60.7 хувийн санхүүгийн байдал муудсан байхад баталгаажих түвшингээс өндөр орлоготой иргэдийн 42.7 хувийн санхүүгийн байдал мууджээ. Орлогын бууралт хот, хөдөөгөөр адилгүй байна. Улаанбаатарын иргэдийн 55 хувийн орлого буурсан бол хөдөөгийн иргэдийн 41.8 хувийн орлого буурчээ.
Ирэх саруудад иргэд гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх болон орлого буурах зэрэгт хамгийн их санаа зовж байна. Цар тахлыг даван туулахтай холбоотой хэрэгжүүлж буй дэмжлэгүүд нь иргэдэд харилцан адилгүй хүрч байна. Цахилгаан, дулаан, усны зардлыг төрөөс дааснаар нийт хэмнэх сарын зардал нь Улаанбаатар хотод амьдардаг өрхийн хувьд хөдөө амьдардаг өрхөөс дунджаар 41 хувиар илүү, орон сууцанд амьдардаг өрхийн хувьд гэрт амьдардаг өрхөөс 44 хувиар илүү, харин, өндөр орлоготой өрхийн хувьд бага орлоготой өрхөөс 33 хувиар илүү байна дүн судалгаагаар гарсан.
Сэтгэгдэл ( 3 )
Өдөрт зуу зуугаараа халдвар илэрч эмнэлэгүүд орны нөөцгүй болж байна. Эдийн засаг судлаач юм уу, вирус судлаач юм уу. Худлаа их мэдэхээ боль. Сургуулиуд дээр халдвар тархах нь бага ч гэх шиг.
Нөат төлдөггүй бол зайл
МАН-ынхан иргэдээ яаж ядуу байлгахав гэж бодсоор ядуу жижиг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн хаалт тавьж 3 хувийн зээл гэдгээ өгөхөө болив. Томчууд нь, баячууд нь л хүртэх эрхтэй гэсэн бодлого