“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” буюу ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ найзуудаа

Энэ үедээ бүтээж чадвал, шинэ үе биднээрээ бахдах болно...

Зарим хүнд энэ мөр бараг аялагдаж байж мэднэ. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэх гарчигтай энэ дуу 1998 онд Монголоор нэг цуурайтаж байв. Тэр жилийг Засгийн газраас Залуусын жил болгоод бүх одод энэ дууг дуулснаас хойш 23 жил өнгөрчээ. Гэвч ирээдүй чухам хэзээнээс эхэлсэн бэ гэдэг өөрөө маш том агуулгатай асуулт юм. Дууны логикоос харахад аль 1998 онд эхэлж таарах гээд байна. Гэвч гарчигласан үгнийх нь утга дууны логикоос ч том юм. Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт өчигдөр л гэж байдаг болохоос оршин буй цагийнхаа хувьд өнөөдөр, маргааш ч гэж байхгүй. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Маргааш гэдэг ойлголт бол угаас ч байгаагүй. Энэ дуу гарч байсан үед ч өнөөдрөөс өөр юу ч байгаагүй болж таарна, гэхдээ өчигдөр гэдэг зүйл байсан нь гарцаагүй. Гагцхүү бид өчигдөр гэдэг зүйл байсан гэдгээ мартчихсан л болохоос...

Өчигдөр эхэлчихсэн...

Бидний томьёолсноор ирээдүй гэдэг зүйл аль өчигдөр л эхэлчихсэн байж. Тухайн цаг үедээ өнөөдөр байсан өчигдөрт мандан бадарч, унаж босоод, хүний гарт нэг, өрөөлийн эрхэнд нэг орж үзээд нийгэм журам байгуулах гээд “моторын дуу” эгшиглүүлж байв. Нэгнийг хот, хөдөө гэж шошго хадаад байгаа тэр ойлголт ч нэгэн цагт өнөөдөр байсан өчигдөрт бий болсон юм. Ийнхүү монголчууд хүний гарт 300 жил, өрөөлийн эрхэнд 70 илүү жил болохдоо зах зээлийн жам ёсны харилцаа гэгчээс хол илүү хойно хоцорчээ. Зах зээлийн жамтайгаа нийлээд нэг голын урсгалаар явъя гэсэн заримыг нь нугалаа үүсгээд хороочихсон. Ингээд хувь заяаны эрхэнд социализм гэх нэгэн дээвэр доор хойд ахтайгаа амьдран суух болсон билээ. Социализм өнгөн талдаа гоё харагдах ч алсуураа ганхаж байсан нь тодорхой байв. Үүнийгээ ч хойд ах нар мэдэж байсан байх. Гэвч бидний бараадсан ах нар анхнаасаа сайн зүйл заасангүй. Нугалаа гаргаад нэгнийгээ буудаж хороосон, нийтийн өмчийг хураан авч төр захирах болсон, бүтээлч үйлдвэрлэл гэдэг зүйл үгүй болсон, нийтээрээ нэг зүйлийг дагаж сэтгэх болсон. Үүнээс хамгийн муу нэг зүйл байсан нь замын зохиосон систем байлаа. Аж үйлдвэрийн бүхий л салбар улсын мэдэлд байсан нь алсуураа ганхах үндсийг тавьжээ. Үйлдвэрийн баазууд, малын хашаа, тэр бүү хэл амьдралын хэвшлээ Зөвлөлтөөр зохицуулдаг байсан цаг. Зөвлөлтийн удирдагчид манайд айлчлах, эсвэл манай удирдагчид Зөвлөлтөд айлчлахдаа манайд үйлдвэр барьж өг, хороолол бүтээгээд өг гэж гуйдаг байсан цаг. Хэдийгээр аж үйлдвэрийн томоохон бааз байсан ч улсын норм биелүүлдэг байсан тул зах зээл дээр гаргаад илүү том өрсөлдөгчидтэй цэвэр үзэлцэх боломж байгаагүй. Нөгөө талаас капитализмыг түгээн дэлгэрүүлсэн панзчин гэдэг нэр хоч зүүгээд нийгмээсээ түлхэгдэх зориг хэнд ч байсангүй. Өөрийн гэсэн тэр бүү хэл улсын гэсэн өмч байгаагүй тул жам ёсны харилцаа үгүй болж, зах зээлд эргэлдэж байгаа мөнгө социалист лагерийн өмч байсан тул хүний дүрмээр тоглож байсан юм.

Гэтэл “маргааш” нь алхан орох чөлөөт нийгэм, зах зээлийн жам ёсны харилцаа ид цэцэглээд, дараагийн алхам руугаа шат ахих гээд зогсож байлаа. Бидэнтэй нэгэн цаг үед өөр газар оронд цэцэглэсэн энэ харилцаагаар хүн өөрийнхөө төлөө ажиллаж, энэ нь өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгоод үүнийхээ төлөө шат дамжлага бүхий дотоодын үйлдвэрлэл нь эрчимжээд, зах зээл нь ч тэдний үнэ цэнээр боссон байлаа. Үнэ цэн гээч зүйл нь нам төр бус хүндээ чиглэгдэн жам ёсны харилцаа нь хэн нэгэн гарны оролцоогүйгээр тогтоод сурчихсан байж. Гэтэл хүний гарт 300, өрөөлийн эрхэнд 70 илүү жил байсан Монгол Улс шинэ нийгэмд хуучин хүрэмтэйгээ орсон юм.

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэх дуу радиогоор хангинаж байх тэр цаг үед чөлөөт нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхан ороод найм дахь жилийнхээ нүүрийг үзсэн байлаа. Ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл гэж шошгийг нь сольсон болохоос хуучин нийгмийнхээ үндэс суурин дээр тарвалзаж байв. Чөлөөт зах зээлийн нийгмийг сонгохдоо хууль эрх зүйн хувьд Англо-Саксоны хэв маягийг сонгосон нь эх газрын системийн хууль дүрэмтэй сөргөлдөв. Одоо ч горыг нь амссаар байна. Намын байгууллын хувьд 70 жил хүний гараар бүтсэн Ардын /хувьсгалт/ намыг татан буулгалгүйгээр Ардчилсан гэх тодотголтой 10 илүү хүчнүүд нэгдэн өрсөлдөхөөр болов. Зүйрлэбээс хол гүйгээд одсон нэгнийхээ араас шороон дунд гүйцэх гэж оролдож байгаа гүйгчидтэй төстэй. Нийгмийн байгууллын хувьд азийн улсын онцлогоо умартаад либерал шинж чанартай Англи, хувь хүний эрхийг дээдэлсэн Америкийн шинж чанарыг хуулах гэж оролдов. Тэр нь бүтээгүй. Олон зүйлийг хольсон холимог хуурга шиг нийгэм дээрээ ОХУ-д 1990-ээд оны эхний таван жилд үргэлжилсэн өмч хувьчлалыны хуудуутай системийг даган дуурайсан нь нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх нэгэн шалтгаан болсон билээ. Буруу драматургтай өмч хувьчлалаар хөнгөн үйлдвэр, ноолуурын үйлдвэрээс бусад хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэр хаалгаа барисан. Хөрөнгө мөнгөгүйн улмаас хөдөө аж ахуйн салбарт ганхаж, тээврийн салбар ч давлагаанд цохигдсон юм. Тиймээс 1995 он гэхэд 1990 оны өмнөх үетэй харьцуулахад ДНБ 16, ҮНБ 13 хувиар тус тус буурсан билээ. 2000-аад оны дунд үед байгалийн баялгийн ачаар ДНБ огцом өсөх хүртэл манай эдийн засаг тийм ч дорвитой байгаагүй юм. Макро эдийн засгийн шинжээр нь аваад үзэхэд 2010 он хүртэл манай эдийн засаг аж үйлдвэр болон хөдөө аж ахуй гэсэн хоёр том үйлдвэр дээр тогтож байлаа. Уул уурхайн тэсрэлт болсон 2008 оноос хойш эдийн засаг уул уурхайгаас хараат болсоор 2020 он гэхэд уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг бүрдүүлэх болжээ.

“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэх дуу гарсан 1998 оноос нийтийн аманд өөр дуу аялагдах болсон 2015 он хүртэлх тэр цаг үеийг шилжилтийн үе гэж тодорхойлж болно. Буруу хуваарилалтаас болж эдийн засаг бүхэлдээ дефолт зарласан, байгалийн баялгийн ачаар уул уурхай салбар цэцэглэсэн ч хэтэрхий нэг салбараас хараат болсон, боловсруулах болон хүнд үйлдвэрийн салбар хөгжиж чадаагүй, хөдөө аж ахуйн салбарт мал сүргийн тоо 1990 оноос хойш огцом нэмэгдсэн ч менежменттэй хөгжүүлээгүй, шилжилтийн сүүлийн арван жилд буюу 2001 оноос хойш дэд бүтцийн салбар сэргэсэн ч үр дүнд хүрээгүй, уул уурхайн салбарын тэсрэлтээс шалтгаалж нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэж, эдийн засаг тодорхой хэмжээнд тэлсэн ч бодит орлого нэмэгдээгүй. Дээр дурдсан зүйлс бол өчигдөр эхэлсэн өнөөдрийн товч зураглал юм.

Өнөөгийн Монгол

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж нийтийн аманд аялуулж чадсан шигээ өнөөдрийн улстөрчид “Япон лугаа адил хөгжье” гэж уриалж байна. Сонгон аваад, даган замнах гэж Японы байгуулсан гайхамшиг өнөөдөр сарниж, нийгэмд гүйцэтгэх бодит үүргээ алдсан цагт бид Япон лугаа адил хөгжих гэж байна. Гэвч хүчтэй дундаж давхарга, юм бүрд оролцоод байдаггүй төрийг хүссэн хэвээр л. Нам дагаж эрх мэдэлд хүрэх гэсэн бүхэл бүтэн армийн цуваа тасарсангүй. Хөгжлийн бодлогоор бус хувь хүний бодлоор уралдаад саарал ордонд суух гэсэн улс төрчдийн цуваа тасраагүй байна.

Гэхдээ “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” дуу гарч байх үеийнхээс илүү итгэж болох “өнөөдрүүд” бойжиж байгаа. Нийгмийн давлагаанд шидэгдсэн ажиллах хүчний дийлэнх нь гадныг зорьсон тэр цаг үеийн үр хүүхдүүд гарч ирээд өнөөгийн нийгмийг арай өөрөөр харж байна. Тэд энэ нийгэмд төрийн ухаалаг оролцоог чухалчилж, зүгээр л дэмжээд өг гэж хүсэж байгаа. Азийн хөгжлийн банкны судлаачид Монголын бизнес эрхлэгчдээс “Төрөөс юу хүсэж байна вэ” гэж асуухад тэд юу гэж хариулсан гээч “Бүү саад болооч” гэсэн гэдэг. Энэ нь эдийн засгийн ухаанд үлдсэн “Laissez nous faire” гэдэг үгтэй утга ижил. Өнөөдөр бидний хариулаад байгаа энэ ойлголт тэртээ XVII зууны Францад ч байжээ. Францын Сангийн сайд Жан-Батист Колбер худалдаа эрхлэгчидтэй уулзаж, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг нь асуухад “Laissez nous faire” буюу “Биднийг зүгээр л орхичих” гэж байсан юм. Төр эдийн засгийн амьдралд оролцож, компанийн бодлогыг хүчээр дарж байхын оронд чөлөөт худалдаа, татварын зохицуулалт, татвараар дарамтлахгүй байхыг гурван зууны өмнөх францын худалдаа эрхлэгчид мэдчихсэн байж. Харин одоо XXI зууны Монгол Улсын бодлого боловсруулагчид үүнийг ухаарах цаг нэгэнт иржээ. Татварын бодлогоор гийгүүлж сүйд болдоггүй юм гэхэд адаглаад нэрмээс болохгүй байх хэрэгтэй. Төр л бүгдэд оролцох больчих тэгвэл “Ирээдүй өнөөдрөөс эхлэх” гээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.80.45) 2021 оны 03 сарын 20

Лай болохгүй\nЗай болж өг!!

0  |  0
Top