Дэлхий даяар дархлаа дэмждэг бүтээгдэхүүний эрэлт өсчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Дэлхийн улс орнууд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зарим салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа билээ. BBC агентлаг коронавирус дэлхийн хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж буйг онцолжээ.


Үр тарианы ханш тогтворгүй болов

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр хамгийн тогтворгүй байна. Тухайлбал, АНУ-аас сонгино импортлох орон байхгүй болсонтой холбоотойгоор олон сая тонн сонгиныг устгахаас өөр аргагүйд хүрчээ. Гэтэл зарим оронд сонгины нөөц дундарч, сонгины экспортоо зогсоож байна. Түүнчлэн Энэтхэгийн цайны экспорт буурч алдарт Даржээлин цайны ургац мөн л хог болохоор байгаа аж.

Ажиллах хүчний дутагдал

Зарим улсад хүнсний бүтээгдэхүүн, үр тариагаа экспортолж, чадахгүйд хүрч, олон сая тонноор нь устгаж байхад нэг хэсэг нь ажиллах хүчний дутагдалд орж, ард иргэдээ ч хүнсээр хангаж чадахгүйд хүрээд байна. ХБНГУ-д ажиллаж байсан олон мянган Польш, Румыны цагаач ажилчин нутаг буцсантай холбоотойгоор тус улсад хаврын ургац хураалт хүндхэн байдалд ороод байгаа аж. Түүнчлэн БНСУ энэ жил гадаадаас улиралын ажилчид авч чадаагүй улмаас газар тариаланд ажиллах хүчний дутагдалд оржээ.

Худалдан авалтын хандлага өөрчлөгдөв

Хүмүүсийн худалдан авч буй бүтээгдэхүүний сонголтод ихээхэн өөрчлөлт оржээ. Их Британид хүмүүс гурил их хэмжээгээр худалдаж авч байгаа бол, Францад органик бүтээгдэхүүний худалдан авалт өссөн байна.

Зарим бүтээгдэхүүний эрэлт өсчээ

АНУ-д жүржийн эрэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өсчээ. Жүржээс гадна дархлаа дэмждэг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, “Тропикана” тэргүүтэй жүүс, ундаа үйлдвэрлэгчид ашигтай ажиллаж, Бразил, Флорида жүржийн экспортоо нэмэхэд хүрсэн байна. Мөн махны эрэлт нэмэгдээд байгаа аж. Учир нь, АНУ-ын томоохон гахайн мах нийлүүлэгч “Smithfield” компанийн 240 гаруй ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээс тус компани тодорхойгүй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаад буй. АНУ-ын Өмнөд Дакота мужид байрлах, нийт 3700 орчим ажилтантай “Smithfield” компани нь АНУ-ын нийт махны эрэлтийн 4-5 хувийг дангаараа бүрдүүлдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top