Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болов лаа асаа… Энэ бол инфлүүзрүүдийн хэлэх дуртай их ухаалаг үг.
Надад түнэр харанхуйг гэрэлтүүлэх лаа нь ч, лааг асаах эрх чөлөө нь ч алга. Гэтэл харанхуй ноёлоод байдаг. Уг нь тээр тэнд сүүмийсэн гэрэл харагдаад байгаа юм. Энэ гэрлийг улам наашилж, улам тод болохыг бид 20 жил хүлээсэн. 20 жилийн дотор тэртээх гэрэл ойртдоггүй юм аа гэхэд байрандаа баймаарсан. Даанч гэрэл тодрохыг хүсэх болгонд улам алсарсаар…
Ямар асуудлыг, аль байгууллага нь мэддэгийг үл мэдэх хоорондоо сүлжилдсэн 80 гаруй байгууллага, агентлагууд жирийн ардын хүслийг гүйцэлдэхийн тулд ажилладаггүй болсон. Эгэл ардад мөнгө байвал хэдэн өдөр хөөцөлдөөд бүтээгүй ажил, хэдхэн хормын дотор бүтнэ. Анагаах эмнэлэг, гэгээрүүлэх сургууль нь хүртэл “мөнгө” гэсэн ганцхан хэмжээсээр ажиллана. Сайд, дарга нар нь дархлагдсан мэт эрх мэдлийн сэнтийдээ гагнагдаж, улсын хүсэл биш, хувийн хүслээ гүйцэлдүүлнэ. Бизнес хийх ёстой байгууллага нь хүртэл эрх мэдлийн төлөө улайрч “гишүүн” болох гэж зүтгэнэ. Хэзээ ч чандлан мөрдөгдөх ёстой төрийн хууль ард иргэдэд хатуу, дарга, сайд нарт зөөлөн үйлчилнэ. Иргэдийн дуу хоолой болох ёстой төрийн бус байгууллагууд нь хүртэл иргэдээр бамбай хийн эрх мэдлийн төлөө улайрна. Чухам хэнд гайхуулах гээд байгаа нь мэдэгдэхгүй “нөлөөлөгчид” сошиал сувгуудаар зүг буруугүй ярина. Бүр сүүлдээ өвчин зовлонгоор хүртэл улс төр, энтертаймент хийдэг боллоо.
Эцэст нь ард түмний гүүр, дуу хоолой болсон сэтгүүл зүйг нь хүртэл боомилох хүсэлтэйгээ төр нь илэрхийлж, ард түмэндээ нээлттэйгээ зарласан ардчилсан төр улам л хаалттай байхыг хүсч “социализм” руугаа тэмүүлж эхлэв.
Ардчилалтай эн чацуу залуус уг нь ийм хар бараан зүйлсийг хүсээгүй. Сар бүр сургуультай амьтан мэт “21”-ээр тэжээлгэж, хэн нэгэнд долигонож, ажлаа бүтээлгэхийн тулд ямар нэгэн хүний гарыг “хүндрүүлж”, орой болгон түшээдийн төр болж тоглохыг харах гэж, африкын араас орохыг хүсээгүй. Бид зүгээр л иргэндээ нээлттэй төр, залууст боломжийг нь олгох засаглалыг хүссэн. Дөнгөж төгссөн залууст бүх боломж нь нээлттэй байж, гадаадын чанартай сургууль руу ардын хүүхдүүд явж, ажлын байр нь, цалин нь амьдралд хүрэх тийм л ирээдүйг хүссэн. Бид өөр юу ч хүсээгүй…
Амьдрал хар бараан байна гээд үглэж суухын оронд ганц ч болов лаа асаамаар байна. Даан ч лаа, түүнийг асаах эрх чөлөө нь надад, ерөөс бидэнд алга. Лаа асаасан хэн нэгнийг “мундагчуул” нь гадуурхаж, барьсан лааг нь хугачин, асаасан лааг нь унтраана. Уг нь лаа асаахыг хүсч байгаа залуус 20 жил хүлээгээд томорч, тодроогүй ёлтойх гэрлийг тодруулахын тулд шүү гэдгийг сануулъя. Бидэнд лаа асаах боломж, эрх чөлөө л хэрэгтэй.
Энэ тийм биелэгдэшгүй мөрөөдөл гэж үү…
Сэтгэгдэл ( 1 )
Сул уламжлалт агуулгатай бичлэг байна. Шинэлэг өнцгөөр дуугармаар байна.