Коронавирус хүүхдийн бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар бүртгэгдсэн коронавирусний нийт тохиолдлын 20 хувь буюу 4412 нь 0-17 насны хүүхдүүд байна гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал,0-4 насны хүүхэд 23.4 хувь, 5-9 насны хүүхэд 31.9 хувь, 10-14 насны хүүхэд 30.7 хувь, 15-18 насны хүүхэд  нийт өвчтөнүүдийн 14 хувийг эзэлж байгаа аж. 

Ковидоор өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол харьцангуй бага байгаа ч хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас дархлаа тогтоогүй, хүндрэх эрсдэлтэй гэлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг хүүхдүүд дангаараа эзэлж байна. 14-өөс доош насны хүүхдүүд уг өвчнөөр хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа хэдий ч эрсдэл нь маш өндөр хэвээр. Хэрвээ хүүхэд ковидын халдвар авбал зүрх, судас, амьсгалын зам, бөөр болон мэдрэлийн эд эс нь гэмтэх аюултай. Коронавирус маш олон эд, эрхтнийг гэмтээдэг тул эдгэрсний дараа ч удаан хугацаагаар ядрах, үс нь унах зэрэг шинж тэмдэг бүртгэгдэж байна. Коронавирус мэдрэлийн эсийг ч гэмтээх эрсдэлтэй тул томуу шиг бодож, тайвширч болохгүй” гэдгийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top