10 их наядын хөтөлбөр ЗОРИЛГООСОО ХАЗАЙГААД явчихлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Засгийн газар, Төв банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн загсаа сэргээх 10 наядын цогц төлөвлөгөө” гурав дахь сарынхаа нүүрийг үзэж байна.

Энэ хугацаанд цар тахлаар 50 гаруй хүн хорвоог орхиж, өвчлөл өдөр бүр мянгаар тоологдох болов. Эдийн засаг сэргэнэ гэдэг найдлага үндсэндээ тасарч, шил дараалсан хөл хорионд хүнд цохилт авснаар энэ оны хоёрдугаар хагасаас төр, хувийн хэвшилгүй элгээрээ хэвтэж мэдэх суурь нөхцөл бүрдлээ.

Нөхцөл байдал хоёр сарын өмнөхөөс үндсээрээ өөрчлөгдөж, 10 их наядын хөтөлбөр зорилгоосоо хазайгаад явчихлаа. Ингэж дүгнэх үндсэн шалтгаан бол арилжааны банкуудын Төв банкны үнэт цаасанд байршуулсан мөнгө өссөн явдал юм.

10 их наядын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар арилжааны банкуудын  Төв банкинд байршуулсан чөлөөт  мөнгөн үлдэгдлийг эдийн засаг руу оруулна гэдгийг ээлжлэн хэлсэн. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөнгө хэвлэхгүй, Монголбанканд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг тэмдэглэсэн байдаг. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “ДНБ зургаан хувиар буурсан, өнгөрсөн оны төсөв 12 хувийн алдагдалтай гарлаа. Банкуудын зээлийн чанар муудаж, зээлийн өсөлт сүүлийн жилд 10 хувиар буурсан. Хүнээр бол цусны эргэлт зогсчээ. Үүнийг илтгэх өөр нэг тоо гэвэл Төв банкин дээр банкуудын байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хэмжээ найман их наяд төгрөг болсон. Арилжааны банкуудын эх үүсвэрийн дундаж зардал 9-10 байна. Ийм байхад алдагдалтай хэдий ч зургаан хувийн хүүтэйгээр Төв банкин дээр ийм хэмжээний мөнгө байршиж байна гэдэг нь эдийн засаг ямар хэмжээний зогсолт хийснийг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг өөрөө хөл хорионд орчихсон. Тэгэхээр бидний 10 их наядын төлөвлөгөөний эхлэл буюу эдийн засгийн эргэлтийг сайжруулах цөм хэсэг нь ерөөсөө Төв банкин дээр байгаа энэ найман их наяд төгрөгийг эдийн засгийг эргэлтэд оруулах хөшүүрэг бий болгох явдал” гэсэн нь  бий. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нөөцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хөшүүрэгт голлон тулгуурлаж байгаа” гэжээ.

Эднээс 10 их наядын гол санхүүжилтийг арилжааны банкуудын Төв банкны үнэт цаас буюу ТБҮЦ-нд зургаан хувийн хүүтэй байршуулсан мөнгийг арилжааны зээл хэлбэрээр гаргах зорилт тавьсан нь ойлгогдоно.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд сул байгаа мөнгийг аж ахуй нэгжид ес, иргэнд арван хувийн хүүтэй олгуулах, улмаар төрөөс 6-7 хувийн хүүгийн зөрүүг нь арилжааны банкуудад татаас хэлбэрээр олгож, ТБҮЦ-нд байршаад байсан мөнгийг эдийн засаг руу оруулах зорилготой байсан юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал өөрөө ийм боломж олгосонгүй. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд мөнгөний нийлүүлэлт 600 гаруй тэрбумаар өссөн байхад, ТБҮЦ-ны үлдэгдэл  үүнээс хоёр дахин их буюу 1.5 их наяд орчмоор нэмэгджээ.

Нөгөө онцлоод байсан найман их наяд төгрөг нь буурах бус эсрэгээрээ нэмэгдчихэж.

Засгийн газар, Монголбанкны эдийн засгаа сэргээх арга хэмжээ үндсэн агуулгаараа байгаа оноогүй гэсэн үг. Үүний өмнө ч Монголбанк бодлогын хүүгээ бууруулах замаар ТБҮЦ-нд байршсан олон их наядын хөрөнгийг зах зээл рүү оруулах оролдлого хийж байлаа. Бодлогын хүү өөрөө Төв банкны үнэт цаасны хүү байдаг. Өнөөдөр бодлогын хүү зургаан хувь байгаа бол 10 их наяд хөтөлбөрийн зээл гурван хувиар олгогдож буй. Үүнээс ашигтай зөрүүг Засгийн газар арилжааны банкуудад амласан. Гэвч арилжааны банкуудын хувьд ТБҮЦ хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хэвээр байна. Энэ нь хорио цээрийн нөхцөлд нэг талаасаа аж ахуйн нэгжүүдэд зээл нэмж авах боломж нөхцөл тааруу, нөгөө талаасаа арилжааны банкууд чанаргүй зээл үйлдвэрлэх сонирхолгүй байгаатай холбоотой. Товчхондоо, зах зээл өөрөө эдийн засаг сэргэнэ гэдэгт итгэхгүй байна.
 

Ерөнхийдөө Засгийн газарт ч дээрх үүсвэрийг чөлөөлөх санхүүгийн чадавхи байгаа гэдэгт итгэхэд бэрх цаг үе тохиож байгаа нь үнэн.  Сангийн сайд Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг ажиллагаанд 4.1 их наяд төгрөг зарцуулчихаад байгаа. Одоо л эдийн засгаа хамгаалахгүй бол эрүүл мэндээ ч хамгаалах санхүүгийн чадваргүй болохыг сануулсан. Энэ нь төсвийн алдагдлаар илэрч байгаа. Өнгөрсөн жил цар тахлын улмаас улсын төсөв 4.8 их наядын алдагдал хүлээсэн. Мөн энэ онд хоёр их наядын алдагдал хүлээх урьдчилсан тооцоо бий. Эхний улирлын байдлаар 100 тэрбумын алдагдалтай гарсан төсөв олон удаагийн хөл хорио, түүхий эдийн экспортын тасалдалтай холбоотойгоор жилийн эцэст бүр муу гарах төлөв бараг батлагдаад эхэллээ. Дээр нь Засгийн газар 2022 онд төсвийн орлогын 20, 2023 онд 35 хувьтай тэнцэх хэмжээний бондын төлбөр төлөх ёстой. Тэгвэл 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар арилжааны банкуудад их хэмжээний хүүгийн татаас өгнө. Дээр дурдсанчлан Засгийн газар Төв банкинд зургаан хувийн хүүтэй байршсан найман их наяд төгрөгийг зах зээл рүү хийлгэхийн тулд  арилжааны банкуудад олдог ашгийнх нь чинээнд хүртэл татаас амлах ёстой. Зөрүү нь их наядаар яригдаж эхэлсэн. Хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаснаар аж ахуйн нэгжийн төлөх зээлийн хүүгийн зургаан хувийг, иргэдийн төлөх зээлийн хүүгийн долоон  хувийг, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн хүүгийн 7.65 хувийг, малчдыг дэмжих зээлийн хүүгийн  долоон хувийг Засгийн газраас хариуцан төлөхөд энэ онд шаардагдах зардлын эх үүсвэрийг төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ гэсэн байгаа. Гэтэл үүнд шаардагдахаас ч бага мөнгө шаардсан вакцинжуулалтын асуудлаа шийдвэрлэж чадаагүй Засгийн газарт хэн ч итгэхгүй байгаа юм. Банкууд санхүүгийн эрсдэл, улс төрийн нөхцөл байдал зэргээ тооцож үзээд, бүр илүү баталгаа шаардаж таарна. Тиймээс зээл олголт санасан хэмжээнд хүртэл өсөхгүй байгаа хэрэг. Өчигдрийн байдлаар 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 560 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон мэдээлэл байна. ТБҮЦ-ны үлдэгдлийг чөлөөлөөгүй цагт цаашид дорвитой өснө гэдэг юу л бол. Мөн эрүүл мэндийн салбарын эрдэмтэд цар тахал намжих үеийг ирэх гуравдугаар улирлын төгсгөлд ирнэ гэж тооцоолсон байна. Ямартай ч 10 наядын төлөвлөгөөний дагуу энэ оны эцэст эдийн засгаа тогтворжуулж, макро үзүүлэлтүүдийг 2019 оны түвшинд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа. 2019 оны хэмжээнд гэдэг нь эдийн засгийн өсөлтийг 5.1 хувь хүртэл сэргээнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.179) 2021 оны 04 сарын 23

Энэ бол зүгээр л өгөөш. Ард иргэдээр даажигнан тохуурхаж байна

0  |  0
Top