Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 32,082 ажлын байрыг хадгалаад байна гэж Сангийн сайд өчигдөр /2021.04.21/ мэдэгдсэн.
Тодруулбал, өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаанд банкуудын эх үүсвэрээр нийт 8,092 зээлдэгчид 563.5 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгожээ.
Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгдсэн байна.
10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгож буй уг зээлийг Засгийн газрын зүгээс хүртээмжтэй, эдийн засагт өгөөжтэй байна гэх байр суурийг илэрхийлж буй. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа нь НӨАТ-ын үзүүлэлтээс харагдаж байна гэж мэдэгдсэн.
Засгийн газар хэрэгжүүлж буй хөтөлбөртөө ам сайтай байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс санал, гомдол ихтэй байна. Энэ сарын 20-ны байдлаар банкуудад нийт 37,430 зээлийн хүсэлт ирсэн байгаагаас 12,625 зээлийн хүсэлт банкуудын судалгааны шатанд байсан. Тэгэхээр хоёр өдрийн өмнөх тооноос үзэхэд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 16,713 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлтдээ ТАТГАЛЗСАН хариу авсан байна.
8,092 зээлдэгчид зээл олгосноор 32 мянган ажлын байр хадгалагдаж буй бол татгалзсан хариу авсан 16,713 зээлдэгчийн цаана хэчнээн ажлын байр байгаа бол гэсэн асуулт анхаарал татаж байна.
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж бүрд зээл олгох боломж хязгаарлагдмал, аливаа санхүүжилт хязгаартай гэдгийг хаа хаанаа мэдэж буй. Уг зээлийн эх үүсвэр нь арилжааны банкуудынх учраас мэдээж тэд өөрсдийн шалгуураа тавьж таарна. Цар тахлын хүндрэлтэй зэрэгцэн санхүүгийн салбараа эрсдэлд оруулан, зольж болохгүй нь үнэн. Гэхдээ энэ удаагийн Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон уг шалтгаанаа хаа хаанаа дахин нэг эргэн харах шаардлагатай болов уу.
Энэ бол тахлын үеийн зээлийн хөтөлбөр. Ковидын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хорио, хязгаарлалтын улмаас устсан 60 мянган ажлын байрны араас дахиад олон арван мянган ажлын байрыг алдчихгүй, хадгалж үлдэхийн төлөө хэрэгжүүлж буй ОНЦГОЙ хөтөлбөр гэж уг нь ойлгогдож байгаа.
Гэвч “Мордохын хазгай” гэгчээр төрөөс тавих ганц шалгуур гэгдэх НӨАТ төлөгч байх ёстой гэсэн хязгаар нь эхнээсээ л жижиг бизнес эрхлэгчдийг энэ хөтөлбөрийн гадаа үлдээж, ялгаварласан шийдвэр болсон уу гэдэг асуулт анхаарал татсан хэвээрээ байна.
Судлаач Б.Соёлмаа энэ талаар хэлэхдээ “Ямар нэг шалгуур чинь л хөтөлбөрийн хүртээмж, зорилтот бүлгийг тодорхойлно. Банкууд юу шалгуур болгож байгааг бид хянаж чадахгүй учраас төр өөрөө ямар шалгуур тавьж байгаа нь л чухал.
Жишээ нь, 2020 оны дөнгөж эхээр үйл ажиллагаа эхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг бодоод үзье. 2018-2019 он манай эдийн засаг нэлээд сэргэж ирж байсан шүү дээ. Тийм үед шинэ аж ахуйн нэгжүүд олноор нээгдэж байсан. Хөл дээрээ зогсож амжаагүй, бэхжээгүй тэдгээр аж ахуйн нэгжүүд ковидын хөл хорионд хамгийн их хохирсон байх. Гэтэл тэдгээрийн олонх нь НӨАТ төлөгч болж амжаагүй байсан байж болно. Уг нь энэ хөтөлбөр ярьж байгаа бол тэдгээр аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаад, хэн хамгийн их хохиров гэдэг хэмжсэн тоо байх ёстой байх. Зөв бүлэгтээ, зөв цагтаа хүрэх ёстой.Их хэмжээний мөнгөний хөтөлбөр байна. Маш нарийн тооцоо судалгаатай, нухацтай хандахгүй бол эрсдэлтэй л гэж үзэж байна” гэж байсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан эдийн засаг сэргэж буй талаар хэлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгүүлэгчдийн тоо өссөнийг онцолж байсан.
Тэгвэл энэ өсөлт үнэхээр чанарынх уу, эсвэл төрөөс тавьсан шалгуурыг биелүүлчихвэл, зээлд хамрагдчихна гэсэн хүлээлттэй холбоотой өсөлт үү гэдгийг ч бодох л ёстой.
НӨАТ төлөгчийн тоо нэмэгдлээ гээд тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй, ажлын байраа хадгалахгүй юм бол татвар хураамж төлөх чадамжгүй байх болно.
Зүй нь Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөрийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ бизнесийг хадгалахын хэрээр татвар, хураамжаа тогтвортой төлөх чадамжийг нь ч бэхжүүлэхэд чиглэх ёстой л гэдгийг энд тодотгоё.
Зээлийн хүсэлт гаргасан ч хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүдын зүгээс тулгамдсан асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж байна.
“Ажлын байрыг ДЭМЖИХ бас НЭМЭГДҮҮЛЭХ гэсэн бол ЖДҮ-чин бидэнд олдож магадгүй л зээл байсан”
Хувиараа бизнес эрхлэгч нэгэн иргэн “Дансны орлого хангалттай сайн. Хийж байгаа үйл ажиллагаа минь нь ч энэ 3%д тохирохоор байхад банкууд үнэн хүнд сурталтай байна. Банкаар яваад энэ хөнгөлөлттэй зээлийг чинь жирийн нэгэн иргэн олж авч чадахгүй юм байна” гэсэн бол “Өнөд гутал” компанийн зүгээс “Ажлын байрыг дэмжих гэдэг үгээр л банкныханд аман дээрээ алгадуулчихаад байгаа юм. Ажлын байрыг дэмжих бас нэмэгдүүлэх гэсэн бол ЖДҮ-чин бидэнд олдож магадгүй л зээл байсан байна билээ. Дэмжих, хадгалах гээд хоёр үгэн дээр нээнтэглүүлчихсэн. ЖДҮ-чид бид болохоор ажлын байраа нэмэгдүүлье. Тоног төхөөрөмж авъя. Ингэж байж илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Чанар загвар төрлөө сайжруулъя. Гадаад зах зээлд гаргая. Илүү олон хүний амь амьдралыг авч явъя гээд учраа хэлдэг. Гэтэл энэ заалтууд нь 3 хувийн хүүтэй зээлийн тавьсан нөхцөлд нь нэг нь ч таардаггүй ээ. Банкныхан ч энэ зөрчлийг чадамгай ашигласан. Үл хөдлөхийн барьцаа сайтай Эрээнээс бараа татдаг эргэлт нь хурдан тийм л хүмүүст олгочихсон. Баялаг бүтээдэг мөнгө нь Монгол дотроо эргэлддэг ЖДҮ эрхлэгчдэд олдсонгүй. Ямар тэнэгүүд нь ийм нөхцөл баталдаг байна аа. Зүгээр шулуухан та нар ЖДҮ эрхлээд хэрэггүй ээ. Хятадын зах зээл байхад Монгол газардахгүй ээ гэж байгаа бол эртхэн зарлаарай. Тэгвэл бас өөр өнцөг хаймаар байна шүү. Нөгөө шаардлага хангасан наймаачид нь болохоор dайрны урьдчилгаанд өгчихье. Үнэтэй унаа авчихъя. Тэртэй тэргүй хятад эзэн бараагаа тасралтгүй явуулж л байна гээд л. Эд нар шалгасан ч бараа нь хогоороо байж л байна гээд л. Энэ нээрээ сонин зээл шүү . Миний ухаан хүрэхгүй юм даа. Дэмжээд байгаа наймаачдын чинь хэдэн хувь нь Хятад эздээс харьяат бус байдаг юм. Ийм судалгаа байна уу. Энэ наймаачид чинь улсад хэдэн хувь нь татвар төлж цалин олгож хэдэн хүний НДШ төлдөг юм бэ. Батлан даалтын сангийнхан та нар ЖДҮ эрхлэгчдийн төлөө дуугарч болдоггүй юм уу. Банк та нар руу батлан даалтын хүсэлт явуулах дургүй байна. Төрийн банкнаас бусад нь бүгд хувь хүний зөвхөн ашгийн байгууллага гэдгийг мэддэггүй юм уу. Тэд өөрийнхөө арьсаа л хамгаалж байна. Бүр эсрэгээрээ Та ажлын байр нэмэгдүүлж тоног төхөөрөмж авах юм бол дараа нь та энгийн зээлд шилжээд та л хохирно. Тэгснээс манай банкны ийм нөхцөлтэй зээл байна, үүнийг ав гээд өөрийн банкны бүтээгдэхүүнээ түлхүү санал болгоод. Тэдэнд төрийн алдаатай ч гэсэн бодлого түй ч хамаа алга байна. Хоорондын уялдаа холбоо нэгдсэн бодлого байхгүй байна” гэсэн байна.
Таны тухайн жилийн орлого болон банкны зүгээс тавьж буй шалгуур үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд батлан даалтын санд ирэлгүйгээр таны зээл буцаагдаж байгаа.
Тэгвэл Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэлэхдээ “Батлан даалтын сан банкнаас ирүүлж байгаа хүсэлтэд тулгуурлаж батлан даалт гаргадаг. Банк яагаад зээл судлахаас татгалзаж байна. Яагаад батлан даалтын санд хүсэлт ирэхгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт, таны барьцаа хөрөнгө хангалттай байвал банк тэндээ өөрийнхөө эх үүсвэрээр шийдэж байгаа. Хоёрдугаарт, таны тухайн жилийн орлого болон банкны зүгээс тавьж буй шалгуур үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд манай батлан даалтын санд ирэлгүйгээр таны зээл буцаагдаж байгаа. Зээлдэгчид зээлийн хэрэгцээ шаардлага, эргэн төлөх чадвараа маш сайн тооцоолж, зээл авах ёстой. Энэ удаагийн зээл түрээс, цалин болон эргэлтийн хөрөнгийг татахад зориулсан санхүүжилт хийгдэж байгаа. ААН-ээс тоног төхөөрөмж, машин, байр худалдаж авах гэсэн юмаа гэсэн хүсэлтүүд маш их ирж байна. Эдгээр зүйл боломжгүй. 20-ны өдрийн байдлаар 48 зээлд 6.2 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах хүсэлт ирснээс дөрвөн зээлийг судлахаас татгалзаж буцаасан. Буцаагдсан дөрвөн зээлийн тухайд зориулалт бусаар ашиглах байсан. Өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагаанаас гадуур шинээр салбар нээх, дэлгүүр нээх, тоног, төхөөрөмж, машин, байр авах гэсэн зээлүүдийг бид судлахаас татгалзаж буцаасан. Батлан даалтын санд ирж байгаа нийт зээлийн 92 хувийг дэмжиж шийдвэрлэж байгаа. Ажлын 2-5 хоногт олгохоор зээлийн хороог шуурхайлан ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 2 )
Байнга зээл аваад сурчихсан нарантуулын наймаачдад л амархан олдож байгаа зээл гэсэн банкнуудад өөрт нь амар байгаа биз.
Ergeltiin hurungiig demjih gedeg teneg buguud luivariin shinjtei uguulber chine zuvhun naimaachdiig l demjine, ereeniig demjine l gesen ug bainashtee,ali hediin uragshaa ilgeegdeed duusaj baigaa biz dee, yamar horon sanaatai etgeed ni iim um bodoj oldog bainaa