“Pfizer”-ийн вакцин тариулсан хүмүүст герпесээр үүсгэгдсэн тууралт гарчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Израильд явуулсан судалгааны үр дүнгээс харахад суурь өвчтэй хүмүүс “Ковид-19”-ийн вакцин хийлгэснээр герпесээр үүсгэгдсэн тууралт гарах магадлал өндөр байгаа ажээ. Тухайлбал,  “Pfizer” вакцин хийлгэсний дараа герпес зостероор үүсгэгдсэн тууралт зургаан хүнд илэрсэн байна. Тав нь вакцины анхны тун хийлгэснийхээ дараа тууралт гарсан бол зургаа дахь нь хоёр дахь тунгийн дараа тууралт гарсан байна.

Герпес зостер нь арьсны улайлт, загатнах тууралтыг үүсгэж улмаар мэдрэлд нөлөөлж болзошгүй аж. Тель-Авив Соураскийн анагаах ухааны төв, Хайфа дахь Кармелийн эрүүл мэндийн төвийн судлаачид аутоиммун үрэвсэлт хэрх өвчтэй (AIIRD) өвчтнүүдийн хувьд герпес зостер үүсэх эрсдэл өндөр болохыг тогтоожээ. Герпес халдвар авсан зургаан хүн бүгд аутоиммун үрэвсэлт хэрх өвчний хөнгөн тохиолдолтой байсан ба 50 наснаас доош насныхан байжээ.

Судлаач Виктория Фурер “Иерусалим Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс вакцинд хамрагдах ёстой. Гэхдээ аутоиммун үрэвсэлт хэрх өвчтэй өвчтөнүүд вакцинд хамрагдахаасаа өмнө герпес зостерын вакцинд хамрагдах ёстой” гэжээ. Фурер герпес зостерын дэгдэлтийг “Pfizer” вакцинтай холбоотой эсэхийг тодорхойлохын тулд дахин  судалгаа хийх шаардлагатай хэмээгээд ижил төстэй шинж тэмдэг дэлхийн олон оронд илэрсэн талаар ярьжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top