Коронавируст цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт үүссэн хямралт нөхцөл байдлыг 1930 оны Их хямралаас хойших хамгийн том түүхэн хямрал болох нь гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас 2020 оны дөрөвдүгээр сард хийж байсан билээ. Харин дэлхийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн Дарон Ацемоглу 1918 оны испани ханиадны улмаас үүдсэн хямралаас хойш тохиогоогүй хямрал болохоор байна гэсэн дүгнэлтийг мөн тухайн үед хийж байсан. Тэгвэл “Дэлхийн эдийн засгийн форум” байгууллагаас цар тахлын улмаас дэлхий нийтэд тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд The Great Reset санаачилгыг эхлүүлсэн билээ.
Эдгээрийг сануулахын учир нь өнгөрсөн оны туршид цар тахлын эрсдэлтэй нүүр тулсан дэлхий нийт энэ 2021 оны эхний хагасыг ч олон сорилт дунд өнгөрүүлж байна. Цаашид ч амаргүй цаг хугацааг, хохирол багатайгаар даван туулахад, Great Reset буюу ИХ СЭРГЭЛТ санаачилгын агуулгууд чухал байгаа талаар эдийн засагчид, судлаач, шинжээчид бичиж байна.
Монгол Улсын тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн хүрээн дэх Ажлын байрыг хадгалах зээл эрэлт ихтэй байгаа тул санхүүжилтийг нь дахин нэг их наядаар нэмэгдүүлнэ гэж Сангийн яам мэдээлж буй ч зээлийн шалгуурыг давж чадахгүй болсон олон мянган аж ахуйн нэгж байгааг МҮХАҮТ-аас сануулж байна.
Коронавируст цар тахлын улмаас хоёр дахь жилдээ ойр ойрхон давтамжтайгаар хязгаарлалтад орсон мянга мянга аж ахуйн нэгжүүдэд өөрийн хүчээр эргэн сэргэх боломж байхгүй болсныг “Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага” судалгаа харуулж байна гэсэн мэдээллийг МҮХАҮТ-аас өгч буй юм.
Эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл нь ужиг асуудалтай манай улсын эдийн засаг ковидын дараа хэрхэх вэ гэдэг нь өнөөдрөөс хамаарна. Хэрэв аж ахуйн нэгжүүддээ эргэн сэргэх боломжийг бодлогоор олгохгүй бол нийгмийн ядуурал, ажилгүйдэл эргээд маш том системийн хямрал болно. Банкны системд ч гэсэн ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газраас эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч, ковидтой холбоотой хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, тогтворгүй байдалд орсон 25 мянга гаруй аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэж МҮХАҮТ үзэж байна.
Сүүлийн мэдээллээр Нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өр үүссэн бөгөөд 50 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна.
Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг танхимаас илэрхийлж буй юм.
2020 онд ТЕГ-т нийт 132 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн. 34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны аж ахуйн нэгж орлогогүй болсныг харуулж байна гэж судалгаанд дурдсан байгаа юм.
Дашрамд, ДЭЗФ-аас гаргасан The Great Reset буюу ИХ СЭРГЭЛТ санаачилгын талаарх мэдээллийг хүргэе.
Ковидын улмаас дэлхий нийтэд тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд Дэлхийн эдийн засгийн форум The Great Reset санаачилгыг эхлүүлсэн юм. Ковид-19 цар тахлаас үүдсэн улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал нь шийдвэр гаргах уламжлалт нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж байна. Эрүүл мэнд, санхүүгийн байдлаас эхлээд эрчим хүч, боловсролын салбар хүртэлх олон тогтолцооны үл нийцэл, дутагдал, зөрчилдөөн ковидын сөрөг нөлөөллийн улмаас улам бүр ил тод болсоор байна. Удирдагчид өөрсдийгөө түүхэн уулзвар дээр байгаагаа мэдэрч, дунд болон урт хугацааны тодорхойгүй байдлын эсрэг арга хэмжээ авч, хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирж байна. Энэхүү санаачилга нь дэлхийн харилцааны ирээдүйн төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, бизнесийн загварын мөн чанар, менежментийг тодорхойлдог бүх хүмүүст мэдээлэл өгөхөд туслах тухай ойлголтыг дэлхий нийтэд санал болгож буй. Хэрэв бид хурдан хамтарч ажиллаж чадвал энэ хямралаас гарч илүү сайн нөхцөл байдал руу шилжиж чадна. Өмнө нь ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн бидний арга хэмжээнүүд болон өөрчлөлтүүд нь эдийн засаг, нийгмийн суурийг дахин тохируулах боломжтойг нотолж байна. Энэ бол сонирхогч талуудын капитализмыг өдөөж хөшүүрэг болох хамгийн сайн боломж юм. Ковидын хөл хорио аажмаар буурч магадгүй ч дэлхийн нийгэм, эдийн засгийн хэтийн төлөвийн түгшүүр улам л нэмэгдэж байна.
Санаа зовох олон шалтгаан бий. Эдийн засгийн огцом уналт аль хэдийнэ эхэлж, бид 1930-аад оноос хойшхи хамгийн хүнд хямралтай нүүр тулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд дэлхий нийтээрээ нийгэм, эдийн засгийн бүх орчныг шинэчлэн сайжруулахаар хамтарч, шуурхай ажиллах шаардлагатай. Товчхондоо бидэнд капитализмын “Их Шинэчлэлт” хэрэгтэй байна.“ Financial Times” сонинд мэдээлэснээр дэлхийн засгийн газрын өр аль хэдийнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, олон оронд ажилгүйдэл ихээр нэмэгдэж байна.
Ковидын эсрэг шат дараалан авч буй арга хэмжээ, түр зуурын аргацаасан хувилбарууд нь эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй байгаа учраас бид эдийн засаг, нийгмийн тогтолцооны цоо шинэ суурийг тавих шаардлага үүслээ.
“The Great Reset” хөтөлбөр нь гурван үндсэн бүрэлдэхүүнтэй.
Сэтгэгдэл ( 0 )