Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр олгож эхэлсэн. Ажлын байрыг хадгалах, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэхээр аж ахуйн нэгжид 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэнд 50 сая төгрөг хүртэлх нийт хоёр их наяд төгрөгийн зээлийг 2021 он дуустал олгох төлөвлөгөөтэй байна. Зээлийн энэхүү зорилт амжилттай хэрэгжих аваас 120 мянган ажлын байрыг хадгалж үлдэнэ гэж мэргэжилтнүүд тодорхойлсон. Ажлын байрыг дэмжих зээлд 589 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8491 зээлдэгчид олгож, 22.3 мянга гаруй ажлын байрыг хадгалсан хэмээн Сангийн яамнаас тодорхойлж буй.
Тэгвэл бизнес эрхлэгчдийн хувьд гурван хувийн хүүтэй зээлийн хүртээмж, үр дүнг ийнхүү дүгнэж байна.
Д.Тунгалаг: Зээлийн явц удаан, зорилтот хэрэглэгчдээ хүрэхгүй байна / “Урбан жинс” брэндийг үүсгэн байгуулагч “Денимон” ХХК-ийн Ерөнхий захирал/
-Танай компани ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдсан уу?
-Ажлын байрыг дэмжих хоёр их наядын төлөвлөгөөний хүрээнд гурван хувийн зээлийг олгож байгаа нь яг хэрэгцээт бизнесүүдэд хүрч байна уу гэвэл учир дутагдалтай. Манай компанийн хувьд урьд нь банкны зээлтэй байсан. Тиймээс репо санхүүжилтийг, гурван хувийн хүүтэй 500 сая төгрөг хүртэлх зээлийг тус тус авах хүсэлтээ харилцагч Хас банкинд гаргасан. Репо санхүүжилтийн зээлийн хүү 11 хувь руу орох ёстой, одоо бол 16.8 хувийн хүүтэй зээл төлж байгаа. Өмнөх зээлийнхээ хүүг бууруулж репо санхүүжилт рүү шилжүүлье гэхээр заавал экспортын чиглэлийн компаниудад зориулагдаж байгааг хэлж байна лээ. Манайх шиг оёдлын бизнес эрхэлдэг компани одоохондоо бүтээгдэхүүнээ экспортод гаргах болоогүй, нэлээд туршлага хуримтлуулсны дараа экспорт яригдана. Гурван хувийн зээлд хамрагдахаар хүсэлт гаргаад хүлээж байгаад ийнхүү хариу хэлдэг. Банкнаас “Зээл гаргах боломжгүй байна, танай өмнөх зээлийн хүүг бууруулж харин болох байх” гээд дорвитой шийдэгдсэн зүйлгүй байна. Бусад банкаар судлуулахаар хугацаа удаан, санхүүжилт зогссон, дуусаж байгаа учраас одоохондоо зээл гаргах боломжгүй гэж байсан. Гурван хувийн зээлийн явц удаан, зорилтот хэрэглэгчдээ хүрээгүй гэж бодож байна. Өмнөх авсан зээлийн үндсэн төлбөрийг долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан боловч хүүг төлсөөр байгаа. Үүнээс биш банкуудын зүгээс хөнгөлөлт гэх юмгүй үндсэн төлбөрийг л түр хойшлуусан асуудал. Манай компани олон улсын жишгээрээ жижиг үйлдвэрт ордог. Монгол Улсын хууль журмаар жижиг, дунд бус том үйлдвэрт харьяалагддаг учраас яг жижиг, дундын зээлд хамрагдах боломжгүй байдаг.
-Гурван хувийн зээлийн хувьд өөр шүү дээ. Зөвхөн жижиг, дунд үйлдвэр гэлтгүй ажлын байрыг дэмжих зээл гээд зориулалт өргөн хүрээнд байгаа. Цар тахал хоёр жил орчим хугацаанд үргэлжилж байгаа учраас танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-“Ковид-19” цар тахлын улмаас бизнесүүд хэцүү байдалд ороод байна. Манай компани 100 гаруй ажилтантай, жилд 100-130 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Гол нэрийн бүтээгдэхүүн жинсэн хувцас болон үндэсний, чөлөөт хувцас урлаж байгаа. Хатуу хөл хорионы үед бизнесийн 30-40 хувь хумигдсан. Энэ хугацаанд зээлийн хүү, түрээсийн төлбөрөө төлж, ажлын байраа цомхотгохгүйн тулд ажилласан. Орлого зогссон учраас эргэлтийн хөрөнгө зарлага руу орж дутагдалд орж байгаа юм. Энэ үед хөнгөлөлттэй болон бага хүүтэй зээл авч чадвал маш их хэрэгцээтэй.
-Цаашдаа бизнесийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих хэрэгтэй байна. Эргэлтийн хөрөнгийн бага хүүтэй зээл эзэддээ хүрвэл ажлын байрыг хадгалахад үнэхээр хэрэгцээтэй. Гэсэн хэдий ч төдийлөн сайн хэрэгжихгүй байх шиг?
-Бизнесийн дэмжлэгүүд гарч байгаа боловч хэрэгжих шатандаа эргэлзээ үүсгэж байна. Тиймээс банкуудын зээл олгох үйл ажиллагаанд түлхүү хяналтыг бий болгож, төрийн байгууллагуудад судалгааг сайжруулах гэх мэтчилэн уялдаатай ажиллаж, хэрэгжилтийн шатыг л илүүтэй анхаармаар байна. Гурван хувийн зээлийн хувьд жижиг, дундын бизнесийг илүү санхүүжүүлж, илүү олон зээлдэгчдэд хүртээх бодлого барьж байна уу гэж харж байгаа. Компаниудад төрөл бүрийн татварын асуудлаас гадна нийгмийн даатгал нэмэгдэнэ гэж байгаа нь нэрмээс болно. Татварын дэмжлэг үзүүлэх, гурван хувийн зээл гэхчилэн дэмжлэгийг бизнесүүдэд хүргэх тал дээр анхаарч, бэлэн мөнгө тараахаас илүү бодит үр дүн гаргах дэмжлэг үзүүлмээр байна. Оёдолчид авъя гэхэд ажил хийх хүн олдохгүй байгаагаас бэлэнчлэх сэтгэлгээ ямар түвшинд байгааг харж болно.
Ж.Болд: Импортыг шүтсэн биш дотоодын үйлдвэрлэлийг хамгаалсан бодлого хэрэгтэй /“Түмэн Шувуут” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
-Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн талаар та ямар бодолтой байна вэ. Танай компани гурван хувийн зээлд хамрагдсан уу?
-Ажлыг байраа хадгалсан гэсэн үзүүлэлтээр 500 сая төгрөгийн зээлд хүсэлт өгсөн, Хас банкинд судлагдаж байгаа. Хоёр их наяд төгрөгийг гурван хувийн хүүтэй гаргаж байгаа нь маш бага хүүтэй. Ийм бага хүүтэй гаргаж байгаад бизнес хийдэг хүмүүстээ бага хүрээд, мөнгө хүүлдэг хүмүүст илүү хүрэх вий гэсэн болгоомжлол байна. Дунд болон дундаас дээш ангиллын бизнесүүдэд ажлын байрыг дэмжих зээл ач холбогдол шаардлага багатай. Харин энэ зээл маш их хэрэгцээтэй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бас бий. Зээлийн шалгуурын хувьд байх ёстой л үзүүлэлт. Шалгуурыг хангах ёстой.
-Хөл хорионы үед үйл ажиллагаа тасалдаагүй учраас хүнсний үйлдвэрлэлийн хувьд цар тахал харьцангуй гайгүй тусав уу?
-Засгийн газраас хүнсний үйлдвэрлэлд хорио тавиагүй. Харин халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх тал дээр их анхаарч ажиллаж байна. Үйл ажиллагаа нь зогссон бусад компанийг бодоход хүнсний үйлдвэрлэл цар тахлын үед хүндрэл багатай ажиллаж байна. Тээврийн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд үйл ажиллагаа нь хүндрэлтэй байдалд орж, түүнээс болж тодорхой хэмжээнд зардал мөнгөний асуудлууд бол байгаа. Цар тахлын үед иймэрхүү хүндрэл бүх газарт тулгамдаж байгаа болов уу. Өнөөдөр дотоодын өндөгний хэрэглээ 330 сая ширхэг байдаг. Үүний 50 хувийг импортоор авдаг, 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа өндөгний 30-40 хувийг бид үйлдвэрлэдэг. Хөл хорионы үед өндөг эрэлттэй боловч хомсдолтой барааны нэг боллоо. Импортын өндөг багаслаа. Өндөг хомсдолтой байгаагийн шалтгаан гэвэл өмнө нь ОХУ-аас хямд өндөг орж ирээд дотоодын компаниудыг дампуурахад хүргэдэг байсан. Дотоодын аж ахуй эрхлэгчдээ бодлогоор дэмжиж байсан бол өдийд өндөг хомсдохгүй. ОХУ-аас хямд үнээр хуучирсан өндөг оруулж ирэх зэрэг далд үйл ажиллагаа хил хаалттай үед зогсож байгаагаас импортын өндөг үнэтэй тогтож байгаа. Үүнээс биш тээврийн зардал маш бага хувийг эзэлнэ. Бид өндгөө 390-400 төгрөгөөр харилцагчдаа худалдаж байгаа. Дамжуулан борлуулагч нарын хувьд үнийг хэрхэн тогтоож байгаад бид хяналт тавих боломжгүй.
-Цар тахлын үед үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Бид үйлдвэрлэгч улс байх уу, импортлогч улс байх уу гэдгээ тогтож шийдмээр байна. Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоонд тулгарч байгаа асуудал нь импортын өрсөлдөөнөөс тодорхой хугацаанд хамгаалсан бодлого хэрэгжүүлмээр байгаа юм. Импортын өндөгний тоог жил бүрээр бага багаар багасгаад, дотоодын өндөгний үйлдвэрлэлээ сэргээж, нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр өндөгний үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүйгээр чанартай дотоодын өндгөө хэрэглэх боломжтой. Шувууны аж ахуйд энэ мэтээр хөрөнгө мөнгөний дэмжлэг гэхээс илүү бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.
Т.Байгалмаа: Гурван хувийн зээлийг хааж байгаа, дахиж олгохгүй гэж хэлсэн /“Хаан” зөгийн бал брэндийг үүсгэн байгуулагч, тариалан эрхлэгч/
-Танайх ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлд хамрагдсан уу?
-Гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гээд дөрөвүгээр сарын эхээр Дархан аймагтаа Хас банкинд материал өгсөн. Хатуу хөл хорио цуцлагдаад өнгөрсөн нэг дэх өдөр материалаа өгсөн банкиндаа очиход “Нөөц нь байгаа боловч гурван хувийн зээлийг хааж байгаа, дахиж олгохгүй” гэсэн хариу өгсөн. Дараа нь дахин холбогдоход “Шийдгүй байна. Таны хүссэн 200 сая төгрөгийн зээлийн талыг нь бизнесийн зээлээр, талыг нь гурван хувийн хүүтэйгээр өгвөл боломж байж магадгүй” гэсэн.
-Гурван хувийн зээлийг хэр үр дүнтэй гэж бодож байна вэ. Хүртээмжтэй байна уу?
-Зөгийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд зээл авахад үнэхээр хүндрэлтэй байна. ХААН банкнаас зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч гэдгээрээ гурван хувийн хүүтэй зээлийг авах гэхэд бас бүтээгүй. Борлуулалтын орлого хангалттай, өр зээлгүй боловч зөвхөн эргэлтийн хөрөнгө хэлбэрээр зээл олгоно гэсэн. Ажлын байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх гэхэд зээл олгохгүй байна. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлээс гадна газар тариалангийн үйлдвэрлэлд зээл олгоно гэснийг судалсан. Гэтэл нэг жилийн хугацаатай, үүнээс зургаан сарыг нь хөнгөлж, зургаан сарыг нь төлөх нөхцөлтэй, ерөнхийдөө шалгуур өндөртэй юм билээ. Нэг га газарт 1.5 сая төгрөгийн зээл өгнө гэхээр манайх долоон га талбайтай учраас 10 сая төгрөгийн зээл авах юм байна. Өвлийн хүлэмж барихаар зээл авах гэтэл 10 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй. Мөн зөвхөн Хөдөө аж ахуйн газарт бүртгэлтэй тариаланчдад зээл олгоно гэсэн. Тиймээс зээл аваад ч өвлийн хүлэмж барьж чадахааргүй байна.
-Танайх шиг аж ахуй эрхлэгчдэд цар тахал яаж нөлөөлж байна вэ?
-Хатуу хөл хорионы үед борлуулалт зогссон. Үүнээс яван явсаар нөхцөл байдал ихээр хүндэрч байна. Намар хураасан ногоогоо өвөл зарж чадаагүй л явна. Хөл хорио тогтоосон үед борлуулалтын хүнсний машиныг явуулж байгаа боловч “Барс” дээр очоод ногоогоо зарах гэхээр авах хүн байхгүй. Цайны газрууд ажиллахгүй учраас борлуулалт эрс багассан. Тиймээс 30-40 тонн ногоо зарагдахгүй хадгалагдсаар бараг муудчихлаа.
-Та өмнө нь зөгийн аж ахуй, газар тариалангийн чиглэлээрээ хөнгөлөлттэй зээл авч байсан уу?
-2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөгийн аж ахуйн төслөөрөө зээл авахаар материал өгсөн боловч зээлээс хасагдсан. 2020 онд хүлэмжийн аж ахуй эрхлэхээр төсөл өгсөн боловч бас авч чадаагүй. Манай компани 2008 оноос хойш зөгийн аж ахуй, газар тариалан эрхэлсэн. Гэсэн хэдий ч энэ хугацаанд хөнгөлөлттэй зээл авч байгаагүй. Яамнаас “Төсөл тэнцээгүй” гэсэн мэдээллийг мессежээр утсанд мэдэгдсэн. Яагаад тэнцээгүй шалтгааныг сайн мэддэггүй. Борлуулалтын орлого, тогтвортой үйл ажиллагаа явуулдгийн хувьд асуудалгүй л баймаар юм.
Б.Баяндэлгэр: Гурван хувийн зээл авч барахгүй шинжтэй /“Бумм” төмөр, модон хийцийн үйлдвэрийн захирал/
-Гурван хувийн хүүтэй зээлд хамрагдсан уу. Танай компанийн одоогийн үйл ажиллагаа, нөхцөл байдал ямар байна вэ?
-Гурван хувийн зээлийг хөөцөлдөөд хоёр сар болж байгаа боловч бүтэхгүй тал руугаа байна. Тиймээс ядаж урд нь авсан зээлийн хүүгээ гурван хувь руу шилжүүлж болохгүй юу. Манай компани 800 гаруй сая төгрөгийн зээлтэй. Зээлдээ сарын 1.8 хувийн хүү төлдөг. Сарын зээлийн хүүнд 16 орчим сая төгрөгийг төлж байна. Зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан ч хатуу хөл хорионы үед энэ их хүүг төлсөөр байна. Нөхцөл байдал хүнд байгаа учраас нийт 30 гаруй ажилтнаа цомхотгохоос аргагүйд хүрсэн. Борлуулалт хаалттай. Түүхий эдийн үнэ өссөн. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр төмөр, мод, шавраар бүтээгдэхүүн хийдэг олон талт үйл ажиллагаатай боловч цар тахал хүнд туссаар байна. Гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй юм бол өмнөх авсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Zugeer materialaa burduuleed orlogoo notlood av l da minii huvid bankind yamarch tanil talgui uuruuruu huutsulduyd l 150sayg 3 honogt avsan shde gol ni baritsaa
дээгүүрээ хуваагаад иднэ. Иргэдэд бол зүгээр л өгөөш
Авилга авахаар банкинд ажилд орсон этгээдүүд 3% ийн зээлийг авилга авах том боломж гэж үзээд жижиг аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлж байгаа нь ойлгомжтой. Урагшгүй төрийн увайгүй банк.