Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй нөхцөл биш ч, оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, зөв хөрөнгө оруулалт хийж чадвал тогтвортой өсөлт, хөгжлийг дагуулах хангалттай хүч юм.
Судалгаанаас харахад, Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгдээд байна.
Тэдгээрээс алт, мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибден, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү болохыг судалгаанд дурджээ. Энэ нь нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж.
НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭГ ТОДРУУЛБАЛ:
Ингээд аваад үзэхээр Монгол Улс газрын арвин их баялагтай ч, уул уурхайн салбар эрчимжсэн өнгөрсөн 20 жилд энэ салбараас олсон орлогоо зарцуулахдаа эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн ашиг сонирхолд тулгуурласан нь давуу талаа сул тал болгож хувиргажээ. Түүнчлэн эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, нэг л хувийг ирээдүйдээ үлдээж буйг Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан” тайланд онцолсон байсан.
Тодотгоход, Монгол Улсын уул уурхайн салбар 2000 оноос хойшхи хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Энэ орлогыг цалин, ашиг, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж ангилах бөгөөд сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас шууд хэлбэрээр төлсөн татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9 тэрбум ам.долларт хүрчээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалах замаар 8.7 тэрбум ам.долларын зээл авсан байна.
Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэвч 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна.
Товчхондоо, Монгол Улс уул уурхайн орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд онцолсон байдаг.
Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үеийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй. Өнгөрсөн 20 жилийн туршид Монгол Улс уул уурхайгаас олсон орлогын нэг ам.доллар бүрээс дөнгөж нэг центийг л хуримтлуулсан ерөнхий дүр зургийг судлаачид сануулж байгаа юм. Уул уурхайн орлогын өчүүхэн хэсгийг л хуримтлуулж байгаа учраас түүнийг хэрхэн зарцуулж байгаа тухай асуулт тавигдана.
Уул уурхайн орлого нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог ч мөнгө хэлбэрээ сольдог учраас төгрөг бүрийн зарцуулалтыг мөшгөх боломжгүй. Хэдий тийм ч уул уурхайн баялгийг ашиглаж эхлэхийн өмнөх үе (1998-2003) болон дараах үе (2004-2019)-ийн зарцуулалтуудыг дараах графикаас харьцуулвал нэгийг өгүүлнэ.
Уул уурхайн орлогын зарцуулалт 1998–2019 онуудад /ДНБ-ий хувиар/
Уул уурхайн баялгийг ашиглаж эхэлсэн эхний жилүүдэд төсвийн зарцуулалтын хандлага өөрчлөгдөөгүй байна. Энэ үе ДНБ-д эзлэх улсын өрийн хувь хэмжээ буурч байжээ.
Харин 2008, 2012, 2016 онуудын сонгуулийн жилүүдэд дараалан нийгмийн шилжүүлгийн зардал (ДНБ-ий 3.1 хувь), улсын хөрөнгө оруулалт (ДНБ-ий 6.3 хувь), төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зардал (ДНБ-ий 1.8 хувь) огцом өсжээ.
Энэ үеийн уул уурхайн орлого ДНБ-ий 6.7 хувьтай тэнцэж байгаа тул дээрх нэмэлт зардлыг шинэ зээллэгээр санхүүжүүлсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, зарлагын дээрх гурван зүйлд л уул уурхайн орлогыг зарцуулсан гэж үзвэл Дэлхийн банкны тооцоогоор уул уурхайн орлогын 56 хувийг улсын хөрөнгө оруулалт, 28 хувийг нийгмийн шилжүүлэг, 16 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг судалгаанд дурджээ.
Ирэх жилүүдэд ч Монгол Улс уул уурхайн салбартаа голлон түшиглэн хөгжих тухай энэ Засгийн газар ч ярьж байна.
Тэгвэл цаашид бид орлогоо буруу зарцуулдаг, эргээд өгөөж дагуулах зүйлсээ үл тоодог бруу туршлагаа халахын тулд ямар алхмуудыг, ямар ээлж дараатай хийх шаардлагатай вэ гэдгийг Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайгаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
“Уул уурхай ба Оюун ухаан” тайлангийн гол санаа бол Монголын эдийн засгийн одоогийн өнгө төрх, хөгжлийг уул уурхай тодорхойлж байна. Ирээдүйд хүн, институци, сайн засаглал үүнийг тодорхойлох ёстой гэсэн санаа юм. Мэдлэг чадвартай залуус, хүний нөөц байна. Эхний ээлжинд одоо байгаа энэ хүний нөөцөө, залуусаа бүрэн дүүрэн ашиглахад анхаармаар байна. Хоёрдугаарт, зах зээлийн эрэлттэй нийцтэй байдлаар боловсролын реформыг хиймээр байна. Институцын хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авлигаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна. Сангийн яаман дээр аваад үзэхэд төсвийн төлөвлөлт, түүн дотроо хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд сайтар анхаарах нь зүйтэй. Төсвийн сахилга бат талдаа харахаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгууллагын бие даасан байдлыг хангаж, төсвийн сахилга батыг хөндлөнгөөс нь сайжруулах шаардлагатай. Бусад улс орнуудад тийм жишгээр ажилладаг. Монгол Улсын хувьд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дор байгуулчихсан. Бие даасан байдал нь эргэлзээтэй, төсөв мөнгө нь хангалтгүй. Ажлын албанд нь хоёрхон хүн ажилладаг нь мэргэжлийн тооцоо, судалгаатай үйл ажиллагаа явуулахад хангалтгүй байгаа учраас төсвийн сахилга батыг хангах, олон нийтэд мэдээлэл өгөх, Засгийн газарт төсвийн тал дээр бодитой, мэргэжлийн зөвлөгөө өгөх тал дээр сайнгүй байна. Энэ байгууллагыг хүчирхэгжүүлэх, илүү бие даасан байдал руу шилжүүлэх, төсөв мөнгийг нь хангалттай тавьж өгөх, ажилтнуудыг нь нэмэх тал дээр анхаарвал, мэргэжлийн бодитой, ажил хэрэгч үнэлгээнүүд гарч ирнэ. Мөнгөний бодлого, санхүүгийн салбар талдаа хамгийн гол хүчин зүйл бол Төв банкны бие даасан байдал. Хуулийн хүрээнд бие даасан ч хэрэгжилт дээр үүнийгээ улам сайжруулах шаардлага байна. Валютын ханшийг илүү уян хатан тогтох чиглэлд Төв банканд ажиллах боломж олгомоор байна. Зөвхөн бодлого боловсруулагчид гэхгүй олон нийт, сэтгүүлчид ард иргэд бүгд Төв банкны бие даасан байдал чухал гэдгийг эерэг өнцгөөс харах нь мэргэжлийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Мөн Төв банкны хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхэд хянан шалгагчдын хууль зүйн дархлааг сайжруулах шаардлага байна. Энэ нь санхүүгийн салбар, банкуудын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
арчаагүй төр гэхээсээ арчаагүй ард түмэн гэж хэлбэл яг зохино.
Арчаагүй үхэр монголчуудын хийсэн нүгэлт үйлдэл ийм байдалд хүргэсэн.