О.Амартүвшин: ААН-үүдэд нэг удаа боломж олгох нь эдийн засагт эрүүл тусна

2021 оны 05 сарын 25

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй эдийн засгийн нөхцөл байдал, "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгын талаар ярилцлаа.


Өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж ирсэн уламжлалт аргуудаас татгалзаж, цоо шинэ хэм хэмжээг бий болгох нь зүйтэй юм байна гэдэгт дэлхий нийт анхаарал хандуулж байна. Дампуурч байгаа компаниуддаа төр бодлогын маш хүчтэй дэмжлэг үзүүлэхгүй бол ядуурал, нийгмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ гэж үзэж буй учраас улс орон бүр үүнд анхаарч ажиллаж байгаа.

-МҮХАҮТ-аас гаргасан санаачилгад, эдийн засгийг сэргээхийн тулд үйл ажиллагаа нь хүндэрсэн, үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг нэг удаа өршөөх, зээлийн хар жагсаалтаас гаргах зэрэг  арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж тусгасан байна. Засгийн газар чухам яагаад та бүхний санаачилгыг хүлээн авч, шийдвэртээ тусгах шаардлагатай болохыг та тодотгооч?

-Ковидоос улбаатайгаар Монголын эдийн засаг 2020 онд бууралттай гарсан. 2021 оны эхний улиралд 15.7 хувийн өсөлттэй гэж гарлаа. Энэ өсөлтийн бүтцийг задлаад харвал анхаарал татсан олон асуудал бий. Судалгаанд тулгуурласан, бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд хэвийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь бүрэн дампуурчихсан, өнгөрсөн онд Х тайлан шинээр нэмж өгсөн байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн бизнес эрхлэгчид гээд олон хүн үйл ажиллагаа нь зогсож, ажилгүй, орлогогүй болсон байна. Дампуурсан компаниудад ажиллаж байсан хүмүүс байна. Тавдугаар сарын 22-ноос хөл хориог сулрууллаа. Бид он гарснаас хойш энэ хүртэл үндсэндээ 140-өөд хоног хөл хорионы нөхцөлд ажиллаж, амьдарлаа. 50 хоног нь хатуу, 90-ээд хоног нь хэсэгчилсэн хөл хорионд байж, олон салбарын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Алтанбулаг, Замын-Үүд боомтуудын нэвтрэлт их саатаж, 30 хоногт ирдэг байсан бүтээгдэхүүн гурван сарын хугацаанд ирдэг болж байна. Аж ахуйн нэгжүүд амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа.

Ковидоос шалтгаалаад дэлхий даяар худалдаа, нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоонууд маш их алдагдаж байна. Тиймээс дэлхий нийтээрээ цаг үеийг ковидын өмнөх ба дараах гэж авч үзэхээс өөр арга замгүй болжээ. Ковидын сөрөг нөлөөлөл их байгаа энэ үед цөөн салбарын компаниудын  орлого нэмэгдэж байна. Ихэнх нь орлогогүй болж, дампуурч байна. Тиймээс өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж ирсэн уламжлалт аргуудаас татгалзаж, цоо шинэ хэм хэмжээг бий болгох нь зүйтэй юм байна гэдэгт дэлхий нийт анхаарал хандуулж байна. Дампуурч байгаа компаниуддаа төр бодлогын маш хүчтэй дэмжлэг үзүүлэхгүй бол ядуурал, нийгмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ гэж үзэж буй учраас улс орон бүр үүнд анхаарч ажиллаж байгаа.

Монгол Улсын хувьд дампуурчихсан 27 мянган компани, түүний цаана байгаа ажлын байр, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрхийн бизнес эрхлэгчдийг хэрхэн яаж үйл ажиллагааг нь засаж залруулах юм бэ гэдэгтээ анхаарах шаардлагатай. Тэдгээр аж ахуйн нэгж, иргэдийн хувьд үйл ажиллагаагаа сэргээе гээд банкны зээл, хөнгөлөлттэй эх үүсвэр татах боломжгүй болчихсон. Бүгд ямар нэг байдлаар зээлтэй, зээлийнх нь хугацаа хэтэрчихсэн. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Зарим нь зээлийн ангиллын хар жагсаалтад орчихсон. Ийм нөхцөл байдалтай байгаа компаниудын хувьд өөрсдийнхөө хүчээр үйл ажиллагаагаа хэвийн болгох ямар ч боломжгүй юм байна. Манай эдийн засгийн өсөлт  уул уурхайн түүхий эдийн эрэлт, үнийн өсөлтийг дагаад богино хугацаанд эерэг байх хандлага гарч байна. БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй сэргэх хандлагатай байна. Бүх түвшинд “Их Сэргэлт”-ийн тухай ярьж байна. Тэгэхээр энэ үед гарааны ижил нөхцлийг олгох, бүгдээрээ адил шударга боломжоор хангагдахад төр засаг илүү анхаарах нь зүйтэй байна гэдгийг л бид тайлбарлаад, учирлаад байгаа юм. Хөл хорио, хязгаарлалтын улмаас энэ олон компани дампуурсан. Дэлхий дээр хамгийн хатуу хөл хориог авч хэрэгжүүлсэн улсуудын нэгдүгээрт  Монгол Улс 96.3 хувиар  эрэмбэлэгдэж байгаа шүү дээ. Oxford Martin”-аас нийтэлдэг Хатуу Хөл Хорионы Индекс /Stringency Index/-ийн үзүүлэлтээр одоо бол дэлхийн улс орнуудыг тэргүүлчихээд байна. Сөрөг үзүүлэлт шүү дээ. Нийгмийн эрүүл мэнддээ анхааралгүй яахав. Гэхдээ ийм утга учиргүй, уялдаагүй, хатуу хөл хорионы нөхцлийн улмаас энэ олон компани дампуурчихаж байна. Тэгэхээр бид одоо аж ахуйн нэгжүүддээ гарааны шинэ нөхцлийг олгоё оо.

 -Гарааны ижил нөхцөл гэдэг дээр тогтож асуухад, Монгол Улсад өнгөрсөн 30 жилд боломжийн тэгш бус байдал гаарсан шүү дээ. Ковидоос өмнө ч манай эдийн засаг ужиг асуудал ихтэй байсан?

-Өнгөрснийг бид маш олон талаас тайлбарлаж болно. ЗХУ-ын нөлөөнд байж байгаад шилжилт хийсэн улс орнууд өөр өөрийн зам мөрөөр урагшилж байна. Бид энэ дотроо хамгийн ардчилсан,  либерал эдийн засгийг бий болгоод явж байгаа гэж үзэж буй боловч сүүлийн үед төрийн нөлөөлөл оролцоо илүү нэмэгдэх хандлагатай байгаа. Эдийн засагт уул уурхайн эзлэх нөлөө их. Дээрээс нь төрд хамааралтай, төрийн өмчит компаниудын эзлэх нөлөө их. Энэ утгаараа бид дүгнэлтийг янз бүрээр хийж болно. Гарааны шударга нөхцөл байсан уу гэвэл мэдээлэлд, эрх мэдэлд, албан тушаалд ойр байсан хүмүүс л илүү боломжийг хүртчихсэн шүү дээ. Бид энэ бүгдийг мэдэж байгаа учраас эргэн харж, өөр хоорондоо харьцуулахаас илүүтэй, маргааш бидэнд илүү том боломж байна гэдгээ олж харж, гарааны ижил нөхцлөөс эхлэе ээ.

Ялангуяа 2020, 2021 он дамнаад, хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогсчихсон, дампуурчихсан аж ахуйн нэгжүүдийг, хүмүүсийг хэвийн үйл ажиллагаагаа яаж өөрсдөө бий болго гээд байгаа юм бэ гэдэгтээ төвлөрч анхааръя. Ажлын байрыг, ЖДҮ-ийг дэмжих 10 их наядын багц гээд яригдаад байна. Очоод авъя гэхээр бүгд шаардлага хангахгүй болчихоод байна. Гэтэл тэдгээр компаниудад дэмжлэг үзүүлэхгүйгээр орхих нь улс оронд улам л сөрөг үр нөлөө үзүүлнэ. Дахин ажлаа эхлэх боломж бололцоог  төр нэг удаагийн санхүүгийн тохируулга, өршөөлөөр олгочих ёстой юм.

Шулуухан хэлэхэд, бид “Их Сэргэлт”-ийн өмнө байна, боломжоо ашиглая. Компаниуддаа нэг удаагийн том боломж, дэмжлэг, санхүүгийн тохируулга үзүүлье. Өршөөл үзүүлье. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг дагаад түүхий эдийн супер цикл эхэлчихлээ гээд яриад байна. Манай гол бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх нь байна. Энэ үед боловсруулах үйлдвэрлэл, томоохон төслүүдээ  хувийн хэвшлийн санаачилга, манлайлалд тулгуурлан, төрөөс илүү хялбар, түргэн шуурхай шийдэх замаар хамтдаа хэрэгжүүлж, “ Их Сэргэлт”-ийг бий болгоё оо л гэж бид хэлж, яриад байгаа юм.

Хүүхдийн мөнгө болон сүүлийн хөл хориогоор хүнсэнд зориулан олгосон 300 мянгаараа асуудлыг шийдэж байна гэж хараад байгаа юм уу. Энэ бол ажлын байр бий болгохоос асар илүү өртөгтэй, бүтээмж багатай зардал.

-Сангийн сайд төсөв, мөнгөний бодлого аль аль нь өнгөрсөн хугацаанд хангалттай ачаалал авсан учраас татвар, нийгмийн даатгалын өршөөл үзүүлэх боломжгүй гэсэн байсан. Та бүхний хувьд үүнийг шийдэх  ямар боломж байна гэж харж байгаа вэ?

-Төсвийн үргүй хөрөнгө оруулалт, үр дүнгүй халамжаасаа татгалзаж байгаад үүнийг шийдчих боломжтой. Шийдье гэвэл маш олон гарц гаргалгаа байж болно. Хойшлуулж болно, хариуцлагаас чөлөөлж болно. Өнгөрсөн долоо хоногт олон компанийн дансыг хаалаа шүү дээ. Компаниуд орлогогүй болоод л татвараа төлж чадахгүй байгаа. Хэдийгээр өнөөдөр  үйл ажиллагаа нь  эхэлсэн байгаа ч зах зээл дээр эрэлт байхгүй, борлуулалт буурчихсан, үндсэн өртгөө нөхөж чадахгүй байна. Түүхий эд, материалаа захиалаад 14-21 хоногийн хугацаанд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл хийчихдэг байсан бол өнөөдөр хил бүрэн хаасантай адилхан болчихоод байна. Нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед төрөөс аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг аль болох  дэмжих, санхүүгийн боломж олгоход  анхаарах ёстой. Дэмжихийн оронд татвар, нийгмийн даатгал төлөөгүй байна гээд үйл ажиллагааг нь зогсоох, хаах боож болохгүй. Энэ нөхцөл байдлаас гарах боломжийг нь олгохгүй байна гэдэг бол аж ахуйн нэгжүүдээ энэ чигт нь дампууруулж байгаатай л адил. Үүний цаана байгаа 500-гаад мянган хүнийг төр өөр яаж ажлын байртай болгож, орлоготой  болгох гээд байгаа юм бэ гэдэг чинь асуултын тэмдэг хэвээр үлдэнэ. Ядуурлын шугам асар нэмэгдэж байна. Нийгмийн хоёр туйл руу л явна гэсэн үг шүү дээ.

Хэрвээ төрөөс бодлогын зөв  арга  хэмжээ авахгүй бол эдийн засаг “К” маягийн өсөлт үзүүлнэ гэдгийг дэлхий нийтэд ярьж байна. Энэ юу вэ гэхээр нэг хэсэг салбар нь хэт баяжиж, мөнгөтэй болно. Манай улсын тухайд ч цөөн хэсгийн  хадгаламж асар их нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар, өрхийн орлого уначихсан байгаа. Статистик харахаар өрхийн орлого  50-иад мянган төгрөгөөр буурсан гэж байгаа ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэх юм бол хэдэн хувь нь хоолгүй байгаа вэ. Хүүхдийн мөнгө болон сүүлийн хөл хориогоор хүнсэнд зориулан олгосон 300 мянгаараа асуудлыг шийдэж байна гэж хараад байгаа юм уу. Энэ чинь ажлын байр бий болгохоос асар илүү өртөгтэй, бүтээмж багатай зардал. Ажлын байр, аж ахуй нэгжүүдийг дэмжсэн шийдвэрийг зоригтой гаргах ёстой.

Б.Жавхлан сайд өмнөх Ил тод байдлын тухай хуультай, өршөөлтэй уяад байх шиг байна лээ. Тэр  бол мэдүүлээгүй орлогыг мэдүүлэх, төлөх байсан татварын хариуцлагаас чөлөөлөх гээд өөр байсан. Бидний яриад буй асуудал бол нэгэнт тайлагначихсан хэрнээ төлж чадахгүй байгаа татвар, нийгмийн даатгалын өрийн үлдэгдэлтэй, Монголбанкны хар жагсаалтад орчихсон аж ахуйн нэгж, иргэдийн хувьд нэмж санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй байна. Эргэлтийн ямар ч хөрөнгөгүй болоод түүхий эд материалаа татан авч чадахгүй, цалин хөлсөө тавьж чадахгүй болсон аж ахуйн нэгжүүдэд банк шаардлага хангахгүй байна гээд зээл өгөхгүй буцааж байгаа. Тэд эрсдэл, хүү өндөртэй зээл аваад эргээд үйл ажиллагаа нь эрсдэлд орохоор байгааг төр засагт анхааруулж байгаа юм. 

-Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд   800-аад тэрбум төгрөгийн зээл олгосны 400-аад тэрбум төгрөгийг орон нутгийн зээлдэгчид авсан байна. Таван удаагийн хөл хорионд орсон нийслэл дэх аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт орон нутгийнхаас илүү байгаа болов уу?

-Энэ зээлийн дэмжлэгийн санаачилга цаг үеэ олсон хэрэгтэй зүйл мөн. Гэхдээ араасаа санал, гомдол маш их дагуулж байна. Зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч, иргэдийн гар дээр, аж ахуйн нэгжүүдийн эргэлтэд мөнгө алга. Зээл олголтын мэдээллийг харахаар талыг нь иргэд, талыг нь аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэ нь ажлын байрыг дэмжихэд чиглэнэ гэсэн агуулгатайгаа нийцэж байна уу. Зээлийн дүнг дахид жижиглээд байна. Банкууд  500 хүртэлх сая биш 100 хүртэлх сая төгрөг олгоно, илүү багаар илүү олон хүнд олгоно гээд байна.  Хэрвээ ингээд жижиглээд, иргэдэд түлхүү олгоё гэж байгаа бол сонгуулийн шоу байна аа. Үүний цаана ажлын байр нэмэгдэхгүй ээ. Иргэд зээл авлаа, хэрэглээндээ зарцуулаад дуусна. Эсвэл өмнөх өндөр хүүтэй банк санхүүгийн зээлүүдээ хаагаад, бодит утгаараа ажлын байрыг дэмжих, эдийн засгийг тэлэх зорилгоо алдаж байна л гэж үзнэ.

Ерөнхий сайд дахиад 1 их наядыг нэмэх тухай ярьж байна. Энэ оны есдүгээр сар хүртэл байдал маш хүнд байхаар байна. Ядаж байхад энэ жил дахиад сонгуультай жил. Есдүгээр сараас хойшоо бол дэлхий даяараа вакцинжуулалтад өндөр хувьтай хамрагдаад, нөхцөл байдал хэвийн болж, улс орнуудын худалдаа арай өөр зохион байгуулалтад ороод эхэлнэ. Бид эхлээд хамгийн гол нөлөө үзүүлэхүйц цэг дээрээ анхаармаар байгаа юм. Эхлээд аж ахуйн нэгж, компаниудаа дэмжиж, ажлын байруудыг сэргээх, улмаар ажлын байраар дамжиж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг зүй тогтол руу явах ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахаар хооронд нь хольж хутгаад байна. Нэр нь ажлын байрыг дэмжих гэх боловч хувь хүн рүү илүү чиглэсэн маягтай болоод явчихвал үр дүнгүй болно л доо.  Аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгийн зээл аваад,  түүгээр ямар үйл ажиллагаа эрхэл гээд байгаа юм бэ. Компани эргэлтийн хөрөнгөө шийдээд, цалин мөнгөө тавьж чадахгүй бол хоёрын хооронд  дутуу юм болчихоод байна шүү дээ. 

Хамгийн гол нөлөө үзүүлэхүйц цэг дээрээ түрүүлж анхаармаар байна. Эхлээд аж ахуйн нэгж, компаниудаа дэмжиж, ажлын байруудыг сэргээх, улмаар ажлын байраар дамжиж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг зүй тогтол руу явах ёстой.

-Хэрэглэгчийн итгэлийн индексийн энэ оны эхний улирлын судалгаанаас харахад ковидын нөлөөлөл 1-9 ажилтантай аж ахуйн нэгжүүдэд илүү хүнд тусаж байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Цөөн ажилтантай аж ахуй нэгжүүдийн хувьд таны сая шүүмжлэлтэй хандсан дүнтэй санхүүжилт хэрэгтэй байх. Ер нь энэ зээлийг олгохдоо судалгаанд суурилах, бизнесүүдийн салбарын  идэвхжилийг харгалзан үзэх зэрэгт хэр анхаарч байгаа гэж та үзэж байна вэ?

-Хөл хорионы нөлөөллөөр бизнесийн салбарууд хэдий хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, зогссон бэ гэдгийг бид судалгаагаар гаргаад ирсэн. Банк, мэдээллийн технологи, хүнс, эм, уул уурхай гэсэн цөөн салбар учиртай байгаад байна. Аялал жуулчлал, түүнийг дагасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ,  хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэр, тээвэр зэрэг олон салбар маш их өртчихсөн байгаа. Ингэж ангилж байгаад магадгүй бид бодлогоороо алийг нь дэмжих ёстой байсан бэ гээд ярьж болох байсан байх л даа.

Өнгөрсөн онд бид зээлийн талаар нэлээн том судалгаа хийж үзсэн. Таны хэлж байгаачлан ихэнх нь буюу бичил, өрхийн бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэлтийн  түвшинд бараг 50 хувь нь 75 сая хүртэлх төгрөгийн зээл авдаг. Ер нь манай аж ахуйн нэгжүүд ихэнх нь 10 хүртэл ажилтантай. Тэгээд л 50 хүртэл болон түүнээс дээш ажиллагсадтай байдаг. Компаниуд үйл ажиллагаа нь хэвийн явж байх үед татвараа төлж, хэдэн хүн ажиллуулдаг талаараа нийгмийн даатгалд мэдээлэл ирүүлдэг байсан байгаа шүү дээ. Төрөөс дэмжлэг үзүүлэхдээ тухайн аж ахуйн нэгжийн өмнө нь төлж байсан татвар, борлуулалтын дата мэдээлэл дээр үндэслэх боломжтой. Бусад улс орон ямар нэг баталгаа шаардахгүйгээр өмнөх онд төлж байсан татвартай нь шууд уялдуулж байгаа шүү дээ.

-Түрүүн таны ярианд дурдагдсан эдийн засгийг сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа  уламжлалт бус арга хэмжээ юу?

-Дэлхийн улс орнууд бүгдийг шинээр эхлэе гэж яриад байгаа нь итгэлцлийн цоо шинэ хэмжүүрийг бий болгох тухай юм. Өнөөдөр манайх шиг байгаа хөрөнгөө банканд тавиад, 30-40 хувьтай нь  тэнцэх мөнгийг 20-иод хувийн хүүтэй зээлж аваад, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг улс орон байхгүй болчихоод байна. Төр нь, банкны систем нь  тухайн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн бүхий л мэдээллийг зөв үнэлж,  кредитэд  тулгуурлан итгэдэг байдал руу явах нь зүйтэй юм.  Ер нь бид нийтээрээ нийгмийн итгэлцлийн асуудлыг хөндөх ёстой байх. Нийгэм итгэлцэл дээр тогтоно. Төр нь аж ахуй нэгждээ, иргэддээ итгэдэг. Иргэд нь аж ахуйн нэгждээ, төрдөө итгэдэг байх хэрэгтэй.

БНХАУ-ын эдийн засгийн 1 хувийн өсөлт Монголын эдийн засагт 0.83 хувь болж нөлөөлдөг гэсэн судалгаа байна. Үүнийг зөв ашиглахын тулд бүгд  хөдөлмөрлөх, хамтрах,  хичээх,  хэрэгтэй. Төр нь бодлогоороо зөв дэмжих ёстой. Үүдээ барьсан 27 мянган компаниа тэрчигт нь хаяад, цөөн компанийн үйл ажиллагааг босгоод, нөхцөл байдал сайжирна гэж байхгүй. Дэлхийн том эдийн засгуудтай улс орнууд ажлын байр, ЖДҮ-ийг дэмжихэд асар их дэмжлэг үзүүлж байхад, бид энд ингэж  болдоггүй юм аа гэдэг зүйл яриад, уян хатан биш байж болохгүй. Халамжид зарцуулж байгаа маш их мөнгийг ажлын байрыг дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилийг өнгөрсөнд нь үлдээе” гэж хэлээд байгаа шүү дээ. Улаан шугам татаад, гарааны шинэ нөхцлийг бий болгоё гэж. Тэгвэл бидний санаачилгын агуулга тэр зорилгод  яг л нийцнэ гэж үзэж байгаа.

-Ажлын байрыг дэмжих тодотголоор олгогдож байгаа зээлийн эх үүсвэр нь арилжааны банкуудынх, тэрдундаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Банкууд эрсдэлээ үүрч байгаа учраас шаардлагаа тавьж таарна?

- Бид энд зээлийн асуудлыг банктай холбоотойгоор хөндөхгүй байгаа. Банкууд  мэдээж өөрсдийнхөө шаардлагыг тавина. Ер нь дан ганц арилжааны банкны чөлөөт эх үүсвэрт найдах нь буруу. Монголбанк үүн дээр бодлогын бодитой дэмжлэг үзүүлж, оролцох ёстой. Орчин үеийн мөнгөний онолоор боловсруулах үйлдвэр, экспортод чиглэсэн, ажлын байр бодитойгоор бий болгож байгаа анхдагч  эх үүсвэр дээр Төвбанк бодлогоор дэмжлэг үзүүлж, арилжааны банкуудыг мөнгөжүүлэх нь сөрөг нөлөөгүй гэдгийг нотлоод байгаа шүү дээ. Хэрэглээг дэмжих бол дараагийн асуудал. Хэрэглээг дэмжих нь эдийн засгийг тэлэх зорилготой байдаг боловч, инфляцыг өсгөчихдөг. Тэгэхээр бид үүнийг зөв тооцох хэрэгтэй.

Өнгөрсөн онд бидний гаргаж тавьсан санал бол төсвийн хөрөнгө оруулалтаар барих гээд байгаа сумын клуб гэх мэт хэрэгтэй, хэрэггүй баахан барилгаа зогсоож байгаад, 2 их наядыг тэндээс царцааж эдийн засгаа дэмжих тухай байсан. Үнэнийг хэлэхэд, тухайн тойргоос гарсан, мэдээлэлд ойр  УИХ-ын гишүүд нь тэр мөнгийг захиран зарцуулдаг болчихоод байна. Үүнийгээ болиод, үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа аж ахуйн нэгжүүд рүүгээ хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгчих өө гэдэг санал гаргасан. Тэртээ тэргүй 2021 оны сүүл 2022, 2023 онд салбаруудын үйл ажиллагаа сэргээд, хэвийн болоод, Монголын эдийн засаг хангалттай өсөөд ирэхийн хэрээр тэдгээр аж ахуйн нэгжүүд буцаагаад зээлээ төлчихнө өө. Тэр үед нь эдгээр ажлаа илүү зөв зохион байгуулалттай хийгээч ээ гэдэг санхүүгийн зөв менежмэнтийн тухай бид илүү хөндөөд байгаа юм.

Арилжааны банк дангаараа үүнийг чадахгүй. Төр хүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь зөв. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өшөө тэлж, олон аж ахуйн нэгжид хүртээмжтэй болгох  хэрэгтэй. Мөнгөжүүлэх асуудалд Монголбанк нэмж оролцох шаардлагатай. Банк мэдээж зээлийг буцаагаад найдвартай төлүүлэх ёстой, хадгаламж эзэмшигчиддээ өгөх ёстой. Эх үүсвэр нь 2 их наяд байгаа бол төр өөрөө 2 их наядыг нэмэх, Монголбанк 2 их наядыг нэмэх байдлаар өшөө тэлэх байдлаар арга хэмжээ авч, асуудлыг илүү зоригтой шийдэх хэрэгтэй юм.

Үүдээ барьсан 27 мянган аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн  нийт 500 мянган ажлын байрыг энэ чигт нь орхиод урагшилъя гээд үзэхэд, эдийн засгийн циклээрээ өшөө хумигдаад явсаар байгаад хэцүү болно. Дан ганц уул уурхайн орлого өслөө гээд энэ  ажилгүй болсон иргэдийг нийгмийн халамжаар авч явж чадахгүй. Тэгэхээр үүн дээр тооцоолол хийгээд 27 мянган аж ахуйн нэгждээ нэг удаагийн том боломж олгох нь Монголын эдийн засагт хамаагүй бага зардалтай, эрүүл тусна. 500 мянган хүн тус бүрт хоолны мөнгө гээд сар болгон 200 мянган төгрөгтэй тэнцэх зардал гаргах уу. Эсвэл тэр гаргаж байгаа зардлаар шууд ажлын байрыг дэмжээд энэ хүмүүсийг шавраас гаргаж,  ажиллах боломжоор хангах уу гэдэг асуудал байна.

Ажлын байрыг дэмжих зээл олгохдоо дан ганц арилжааны банкны чөлөөт эх үүсвэрт найдах нь буруу

 -Төв банкнаас уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийг дэмжих чиглэлд улирал тутам репо арилжаагаар банкуудад 350 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа шүү дээ. Энэ зээл аж ахуйн нэгжүүдэд  тодорхой хэмжээнд боломж олгож байгаа байх?

-Ер нь экспортыг дэмжих зээлийн агуулга  маш зөв. Монголд байгаа түүхий эд, материалыг төгрөгөөр үнэлнэ. Аваад бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэмүү өртөг шингээгээд доллароор зарна. Буцаад доллар орж ирэх учраас улс оронд ашигтай. Үүнд зориулсан зээлийг Монголбанк бодлогоор их хэмжээгээр гаргах нь улс орны инфляцад  нөлөөлөхгүй. Харин ч ажлын байрыг илүү  дэмжинэ. Экспортын бүтээгдэхүүн борлогдоод мөнгө орж ирэх цикл урт байдаг. Одоо бол хил гаалийн нөхцөл байдлаас болоод бүр удчихлаа. Гадагшаа хийсэн борлуулалтын мөнгө хамгийн багадаа гурван сар, дээд тал нь зургаан сарын хугацаанд эргэж орж ирнэ. Экспортыг дэмжих нь  эдийн засгийг тэлэх хамгийн сайн суурь байдаг. Энд яагаад аж ахуйн нэгжүүд бүрэн дүүрэн хамрагдаж чадахгүй байна вэ гэхээр аж ахуйн нэгжүүд дан дангаараа экспорт хийх гэж маш их оролдож байгаа боловч, тэр бүр  амжилт олохгүй байгаа. Үүн дээр МҮХАҮТ анхаарч, зургаан кластер байгуулсан. Салбараа кластераар,  бодлогоор томоор нь харах хэрэгтэй байна. Гол нь гадаад зах зээлд, том худалдан авагч, борлуулалтын сүлжээ рүү хэрхэн яаж гэрээ хийж оруулах вэ. Дараа нь яаж  системээр нь  Монголбанкны дэмжлэгийг авах вэ гэдэг дээр бид одоо ажиллаж байна. Хоёр, гурван салбарт  модель хийгээд ажиллаж байгаа. Энэ чиглэлд маш тодорхой, ойлгомжтой ажлуудыг эхлүүлнэ. Яваандаа Монголбанк кластераар нь бодлогоор дэмжээд өгөх юм бол  маш сайн үр дүн үзүүлнэ гэсэн үг.

-Уул уурхайгаас гадна бусад бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааг ашигтай байлгахад үйл ажиллагаагаа хандуулан ажиллах Худалдааны яам Монгол Улсад хэрэгтэй талаар олон жил яригдаж байна. Танайхаас гаргасан санаачилгад ч үүнийг тусгасан байсан?  

-Дэлхийн улс орнуудын харилцаа худалдаан дээр л тулгуурлаж байгаа. Худалдааны бодлогын цаана ажлын байр шийдэх, илүү хямд эх үүсвэрээр түүхий эдийн  нөөцөө шийдэх зэрэг асуудлууд дагаж байдаг. Манай улс социалист нийгмээс зах зээлийн нийгэмд шилжихэд, худалдааны бодлого эзэнгүй орхигдсон. Дунд нь Худалдааны яам гэж байгуулаад, ач холбогдолгүй юм байна гээд орхисон байдаг. Дэлхийн улс орнуудыг харахаар худалдаа, эдийн засаг хариуцсан бие даасан яамгүй 10-аад улсын нэг нь Монгол. Худалдааны хуульгүй улсуудын нэг нь Монгол.

Хил гаалийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, Тяньжин дээр ачаа маш их саатчихсан байж байна.  Манай улс Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орны хувьд гомдол саналаа тавих боломж, гарц байдаг. Гэвч үүнийг хэн хариуцах вэ гэхээр эзэнгүйдчихдэг. Улс орон эдийн засгаа тэлэх нь суурь зорилго. Бусад улс оронтой чөлөөт худалдааг хамгийн сайн нөхцлөөр хийх нь туйлын зорилго. Улс орнуудтай хийх худалдаа бүх талдаа нэмэгдэж байж эдийн засаг тэлдэг. Үүний суурь оршил нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Өнөөдөр үүнийг хариуцсан бие даасан яам байхгүй учраас бид төсвийн багахан орлогоо л  хэрхэн зарцуулах вэ гэдэг уралдаан руу орчихоод байгаа. Энэ янзаараа улс орны эдийн засаг хэзээ ч тэлэхгүй. Яам болгон худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал яриад, нэгдсэн бодлогогүй, хоорондын уялдаа холбоогүй байх нь сөрөг үр дагавар маш ихтэй. Монголын худалдааны бодлого өнөөдөр ГХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ гэсэн  гурван газар хуваагдчихаад байна. Сүүлдээ 500 гаруй төрийн өмчит компаниудаа яамдууд руугаа тарааж байна шүү дээ. Яам болгон аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг, бодлогын биш байгууллага болж хувирах гээд байна. Ингээд задарчих юм бол бүр аюултай.

Тиймээс бид Худалдаа, эдийн засгийн яамыг яаралтай байгуулаач ээ. Худалдааны бодлогоо бие даасан яам дээр татаж авчраач ээ гэдгийг хэлж, яриад байгаа юм.

-Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдээд, үүрэг амлалтууд авсан байдаг. Гэвч гол суурь асуудлуудаа  шийдэхгүй, хэрэгжилт тааруу байгаа нь гадаад худалдааны нөхцөл байдлаас харагдаж байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2016 онд нэгдэж ороод,  амлалт авчихсан. Өрсөлдөх чадварын судалгааны индекс, Бизнес эрхлэхүйн индексийг харахаар хил давах худалдааны нөхцөл байдал сул оноотой байдаг. Сүүлийн үед худалдааны бодлого маш либеральчлагдаж байна. ОХУ, БНХАУ-ын дунд байдаг манай улсын хувьд гаалийн  интеграцичлалд орох зэрэг, шийдэх олон асуудал байдаг. Дахиад хэлэхэд энэ бүх асуудлыг бодитой хариуцдаг нэгж хэсэг байхгүй учраас орхигдчихоод байгаа юм. Нөхцөл байдлыг харахад уг асуудал дээр Гадаад харилцааны яам илүү анхаарч ажилладаг. Гэтэл Гадаад харилцааны яам худалдаа гэхээсээ илүү уламжлалаар дипломат харилцаагаа илүү анхаардаг шүү дээ. Энэ утгаараа Худалдаа, эдийн засгийн яам үнэхээр чухал. Манай улс Япон улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Гэтэл худалдааны балансаа харахаар манайх илүү алдагдал хүлээгээд эхэлчихсэн, өгөөжгүй байгаа. Хэлэлцээрээ зөв байгуулж чадаагүй гэсэн үг. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11111(150.129.143.112) 2021 оны 05 сарын 25

Та наад санаачлагаа толгойноосоо авч хая. Энэ эдийн засгийг сэргээх гарц биш шүү. Өөрөөс чинь ичиж байна. Наад ажлаа хийж чадахыг хичээ.

0  |  0
зочин(64.119.16.162) 2021 оны 05 сарын 26

энэ нохойн гөлөгийг зайлуулах өдөр Монгол төрд ирэх байх.Начин Энхбаттай бүгд хамт архи уучихаад бүгд байхгүй байсан гэж худлаа ярина. Тэр.өдөр яаж явсан яаж архидсан зурагнууд чинь хүртэл хэн нэгэнд бгаа гэдэгт итгэлтэй байна.Удахгүй бүх юм ил болно

2  |  1
Top