Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2021.05.25) хуралдав. Тус түр хорооны долоо дахь удаагийн хуралдаан 11 цаг 34 минутад эхэлж, Улсын Онцгой Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Монголбанкнаас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжилтийн талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн дараах мэдээллийг өглөө. Монголбанкнаас Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан арга хэмжээг үндсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа гэв.
Цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүссэн эрсдэлийг бууруулахад иргэд, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлж байгаа аж. Макро эдийн засгийн ирээдүйн төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан мөнгөний бодлогын цогц арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсэн байна.
Мөнгөний бодлогын хороо 2020 онд долоон удаа хуралдсан бол 2021 онд ээлжит нэг удаа хуралдаж, бодлогын хүүг таван нэгж хувиар бууруулан жилийн зургаан хувь болгосон нь түүхэн доод хэмжээ юм байна. Төгрөгийн заавал байлгах нөөцийг 4.5 нэгж хувиар бууруулж зургаан хувь болгосон. Эдгээр арга хэмжээний үр дүнд банкны салбарын эх үүсвэрийн зардал буурч, улмаар зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдсэн гэж үзжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар зээлийн дундаж жилийн хүү 15.3 хувьд хүрсэн бол өнгөрсөн оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурчээ. Макро зохистой бодлогын хүрээнд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлийг бүрдүүлж, хугацааг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан байна. Төв банкны зүгээс энэхүү арга хэмжээн нь цар тахлын үед хэрэглээний зээлтэй өрхийн санхүүд бодит дэмжлэг болсон хэмээн үзэж байгааг Г.Дөлгөөн захирал онцолж байв. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж, тус хэрэгслийн хүрээнд нийт 755 тэрбум төгрөгийн санхүүжилтийг есөн банканд олгосон байна. Энэ оны эхний улирлаас эхлэн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбар болон 200-с доошгүй ажилчидтай бөөний болон жижиглэн худалдааны салбарыг хамруулан хүртээмжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэв. Түүнчлэн репо арилжааны эх үүсвэрээс олгосон зээлийн хүүг жилийн 10 хувиар тогтоож, 0.5 нэгж хувиар бууруулсан байна.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, банкны зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд хяналт тавьж ажиллажээ. Банкны хадгаламж, албан журмын даатгалын нөхцөл, иргэн, хуулийн этгээдийн төлбөрийн үүргийг гадаад валютаар гүйцэтгэхгүй байх талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэх талаар банк, холбогдох байгууллагуудад чиглэл, зөвлөмж хүргүүлснээс гадна цар тахлын үед “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг батлан мөрдүүлж байгаа гэв. Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэсэн бөгөөд нийт 55,806 хүсэлт хүлээн авснаас 55,728 хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Энэхүү эргэн төлөлт хойшлуулсан зээлийн үлдэгдэл нь 2.9 их наяд төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 80 хувийг бүрдүүлж байгаа юм байна. Энэ оны эхнээс тавдугаар сарын 24-ний өдрийг хооронд 290.7 тэрбум төгрөгийн 6 хувийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ.
Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлбөрийн хугацааг хойшлуулсан байна. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны зургадугаар сараас эхлэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгож эхэлснээ үргэлжлүүлж, өнөөдрийн байдлаар алт олбоглогч таван аж ахуйн нэгжийн 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байгаа аж.
Цар тахлын гамшгийн үед бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших хугацаанд төлбөр тооцоог бэлэн бусаар хийхэд аливаа хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй байна. Монгол Улсын нийт төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ, бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт хэвийн үргэлжилж байгааг дуулгасан. 2021 оны I улирлын байдлаар өдөрт дунджаар 629 мянган ширхэг, 18.2 тэрбум төгрөгийн дүнтэй картын гүйлгээ банк хооронд хийгдэж байсан бол банк хоорондын бага дүнтэй 211.2 мянган ширхэг, 47.2 тэрбум төгрөгийн гүйлгээ, их дүнтэй 4.2 мянган ширхэг, 1.2 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж байсан гэв. Мөн 2021 онд хатуу хөл хорионы үед дэмжлэг болгож иргэн бүрд 300,000 төгрөг олгох хүрээнд 3.3 сая ширхэг, 1 их наяд төгрөгийн гүйлгээ, дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50,000 төгрөг олгох хүрээнд 1.8 сая ширхэг, 88.7 тэрбум төгрөгийн гүйлгээ, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая хүртэл төгрөг олгох хүрээнд 220.1 мянган ширхэг, 199.1 тэрбум төгрөгийн гүйлгээг тус тус дамжуулсан байна.
Монголбанк Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг банкны эх үүсвэрээр, Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй олгох арга хэмжээнд Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн чиг үүргийг гүйцэтгэж, дэмжин оролцож байгаа юм.
Энэ хүрээнд банкуудын санхүүгийн байдалтай уялдуулан эх үүсвэрийн хэмжээг тогтоох, тайлан мэдээ хүлээн авч нэгтгэх, холбогдох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хүлээж байгаа гэлээ. “Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл”-ийн талаар банкуудаас ирүүлсэн мэдээг 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нэгтгэхэд банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд 1 их наяд төгрөг олгосон байна. Ингэснээр нийт 47.885 ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн дүн мэдээг танилцуулсан. Үүний 60 хувь буюу 2.529 аж ахуйн нэгжид 604.7 тэрбум төгрөгийн зээл, 40 хувь буюу 11.5 мянган иргэнд 404 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Эдгээр бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх, санхүүгийн зуучлал хэвийн горимд шилжих эерэг өөрчлөлт гарч эхэлснийг тоон мэдээлэл, баримтууд илэрхийлж байгааг мэдээллийн төгсгөлд тэмдэглэлээ. Төв банк цаашид Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна. Ингэхдээ Монголбанкны үндсэн зорилтуудад харшлахгүй байхад анхаарч, бодлогын тохиргоог тухай бүр авч ажиллана гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
UURSDUU HEDEN ZUUN TERBUMAAR NI SAYA SAYA DOLLAROOR HULGAILAAD YUUCH BOLOOGUI YUM SHIG SHOROND 6 SAR SUUGAAD GARAAD IRDEG YUM BILEE,HARIN YADARSAN MONGOL KOMPANIUDAA YOSTOI UT HORHOI MET HARJ UZEHIIMAA...
Ямар хүмүүс аваад байгаа юм бэ? Манай байгууллагад өгөхгүй байсан. Ямар аймар ялгавартай юм бээ. НӨАТ төлөгч биш гээл өгөхгүй байсан.