III эмнэлэг ковидын эмчилгээнд ЭКМО аппарат ашиглах боломжтой болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Улсын гуравдугаар төв эмнэлэг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Тэгвэл энэ сарын 25-нд ЭМЯ-наас тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн уушги орлуулах ЭКМО аппаратыг дагалдах хэрэгслийн хамт өгчээ. Коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг бөгөөд ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ЭКМО технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангалаа.

Энэхүү аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусийн шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой тул хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад олон жил үр дүнтэй ашиглах боломжтой болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top